Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/1037

 

 

 

 

 

   2022           10             27                                      2022/ДШМ/1037                                                                                              

 

 

С.М-, Г.С- нарт холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Н.Ганчимэг,

шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1231 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.М-, Г.С- нарт холбогдох 2106040000160 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ү овгийн С-ын М-, Улаанбаатар хотод 1982 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 000 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /РД:0000000/

Б овгийн Г-ын С-, Улаанбаатар хотод 1982 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүрэг 00 дугаар хороо, 00-ийн 00 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /РД:00000000/

Г.С- нь 2021 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 000000000000 тоот С.М-ийн гэрт согтуугаар хамт байсан Н.Н-ыг архи хэтрүүлэн хэрэглэж бие хамгаалах чадваргүй байдалд орсныг мэдсээр байж “Босч явсангүй” гэж нүүр, хэвлийн тус газарт нь өшиглөж эрүүл мэндийн хөнгөн хохирол санаатай учруулсан,

С.М- нь 2021 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0000 тоот хашаанд хамт архидан согтуурсан Н.Н-ыг архи хэтрүүлэн хэрэглэж бие хамгаалах чадваргүй байдал орсныг нь мэдсээр байж нүүр, хэвлийн тус газарт олон удаа цохиж зодон санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар, Г.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч С.М-ийг хүнийг алах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн, шүүгдэгч Г.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, С.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, Г.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.М-т шүүхээс оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт С.М-ийн цагдан хоригдсон нийт 206 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Г.С-ын цагдан хоригдсон 43 хоногийн нэг хоногийг найман цагаар тооцож 344 цагийг эдлэх ялаас хасаж, эдэлбэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 376 цагийн хугацаагаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.М-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т-д 4,700,000 төгрөг төлснийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу С.М-аас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч С.М-ийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдал гэдгийг авч үзэхдээ зөвхөн хүнд зэргийн согтолттой холбон дүгнэлт хийжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч бага насны, эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгодог. Энэ хэргийн тухайд дээрх шинжүүд тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч С.М-, Г.С-, амь хохирогч Н.Н- нар нь 0,75 литрийн 2 шил архийг хувааж уусан, адилхан хэмжээнд ууж хэрэглэсэн, С.М-, амь хохирогч Н.Н- нар тасарсан, Г.С- гайгүй байсан, гэрээс гарахдаа амь хохирогч, шүүгдэгч нар давхаралдаж унаад, үүдний амбаарын гадна дахин давхаралдаж унасан, амь хохирогчид куртик нөмрүүлсэн, дараа харахад куртикээ өмссөн байсан. Гэрч С.М, М.Х болон шүүгдэгч Г.С- нарыг явснаас хойш шүүгдэгч С.М- шөнийн цагаар бие засахаар гарсан гэх тодорхой цаг хугацааны дараа амь хохирогч нь биеэ хамгаалах чадвартай болсон эсэх, сэргэсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Түүнчлэн цаг хугацааны хувьд амь хохирогчийг 17 цаг 50 минутын үед гэрээс гаргаж гадаа орхисон, 21 цаг 30 минутын үед талийгаач толгой нь урагшаа харсан, куртикээ өмссөн байдалтай байсан, шөнө шүүгдэгчийг бие засахаар гарахад урдаас нь босч ирсэн зэрэг байдлуудаас үзэхэд тодорхой цаг хугацааны дараа согтууруулах ундааны согтох нөлөө буурах, багасах, биеэ хамгаалах чадвар, хянах, орчиндоо харьцах байдал сэргэсэн байхыг үгүйсгэхгүй. Хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч согтуурсан шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгох боловч согтууруулах ундааны нөлөө согтолтын байдал хүн болгонд харилцан адилгүй бөгөөд тухайн хүний биеийн онцлогоос хамаарч өөр өөр байна. Хүнд зэргийн согтолттой, эсвэл согтуурсан хүн бүр биеэ хамгаалах чадваргүй гэж авч үзвэл өрөөсгөл юм.  Энэ хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд хамгийн гол нь хэдийгээр хохирогч согтуурсан шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсан үүнийг гэмт этгээд ухамсарлан мэдсэн, мэдээд зориуд ашигласан байх нөхцөл байдлыг заавал шаарддаг. С.М-т энэ нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянах тул шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэснийг анхаарч үзнэ үү. Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2304 тоот дүгнэлт, нэмэлт шинжилгээ хийсэн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 279 тоот дүгнэлт гарсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2304 тоот дүгнэлтэд талийгаачийн биед учирсан шинэ болон хуучин гэмтлүүд, үхэлд хүргэсэн гэмтлүүд зэргийг тогтоосон бол 279 тоот дүгнэлтээр амь хохирогчийн биед учирсан олон тооны жижиг гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн. Олон тооны хуучин, шинэ, жижиг гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм бол аль нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох, тэр нь шинэ болон хуучин аль нь болох, шүүгдэгч Г.С-ын үйлдлийн улмаас учирсан талаар шинжээчийн дүгнэлт огт байхгүй. Анхан шатны шүүх хэрэгт байхгүй, тогтоогдоогүй үйл баримтаар, зөвхөн шинжээч эмчийн мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцсон” гэв.

Шүүгдэгч С.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдааны үед мэтгэлцсэн асуудлуудын талаар хэргийн материалаас үзэж, танилцсан байх гэж найдаж байна. Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн “...миний үйлчлүүлэгч С.М-т холбогдох Эрүүгийн хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх гомдлыг дараах үндэслэлээр няцаана. Нэгдүгээрт: шинжээчийн дүгнэлтээр хохирогч согтолтын хүнд зэрэгтэй гарсан. Шүүгдэгч С.М- “Амь хохирогч гэнэт босоод ирэхээр нь цочсондоо цохьсон” гэдэг боловч хашаанд усны тэрэг хөдөлсөн, амь хохирогчийн өрөөсөн оймс, гутал, тайлагдсан, нүхэнд унасан байдал зэргээс үзвэл харилцан зодолдсон, эсхүл амь хохирогчийн биед халдсан үйл явдал болсон гэх дүгнэлтийг хийх боломжтой. Шүүх хуралдааны явцад хохирогч биеэ хамгаалах чадваргүй байсан гэх асуудал дээр тухайн үйл явдал болоход айлд байсан гэрчүүд “Амь хохирогч нь айлд байхдаа согтууруулах ундааны зүйлийг нэмж хэрэглээгүй атлаа биеэ авч явах чадваргүй байсан. Хоёр хүн хажуугаас нь дамжлаад босгоод гаргаж байхад унаж байсан” гэж мэдүүлдэг. Гэрээс гарахдаа амь хохирогч, шүүгдэгч хоёр давхарлаж унасан ба хэн нь хэнийхээ дээр унасан нь тогтоогдсон. Гэрчүүдийн харснаар амь хохирогч доор нь орж унасан гэдэг. Гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд хохирогч биеэ авч явах чадваргүй хэмжээний согтолттой байсан гэж үзэх үндэслэлтэй. Тухайн хашаанд ирж, очсон цаг хугацаагаар тооцоход хамгийн сүүлд насанд хүрээгүй гэрч “Ээжтэй хамт дүрэмт хувцсаа авахаар тухайн хашаанд ирэхэд гадуур хувцсаа өмссөн, яг байсан газраа байсан” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн нь “...байсан газраа сольсон ба амь хохирогч шөнө босоод зогсчихсон байсан...” гэж тайлбарласан. Хэрвээ амь хохирогч тухайн хашаанд шөнөжин согтолттой хэвтсэн бол осголт гэсэн дүгнэлт гарах байсан. Хэрэгт Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын байдлыг тодруулсан албан бичиг авагдсан. Уг албан бичигт тухайн хэрэг болдог шөнө амь хохирогч гадаа хоносон бол өндөр зэргийн нам хэмийн улмаас осгох байдалтай байсан. Иймд дээрх үндэслэлүүдээс дүгнэвэл шүүгдэгч С.М- нь амь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдэх боломжтой байжээ. Мөн гэрчийн мэдүүлэгт “С.М-ийг усанд явсан” гэж мэдүүлснээс үзвэл тухайн хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан С.М-, Г.С-, амь хохирогч нарыг ижилхэн байдлаар хүлээж авах чадвартай гэсэн дүгнэлт хийх үндэслэлгүй. Шүүгдэгч С.М-ийн хувьд усанд явж ирээд унтсан. Уг гэмт хэрэг гадаа байгаа амь хохирогчид ямар нэгэн туслалцаа үзүүлээгүйгээс үйлдэгдсэн. Мөн амь хохирогчид тусламж үзүүлэх ёстой талаар ухамсарлах боломжтой атал “цочсондоо цохисон” гэж тайлбар гаргасан нь амь хохирогчийг биеэ авч явах чадваргүй байсныг мэдсэн ба мэдэх боломжтой байсан гэх дүгнэлт үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээнэ үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч С.М-, Г.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд Г.С- нь 2021 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 00000 тоот С.М-ийн гэрт согтуугаар хамт байсан Н.Н-ыг архи хэтрүүлэн хэрэглэж бие хамгаалах чадваргүй байдалд орсныг мэдсээр байж “Босч явсангүй” гэж нүүр, хэвлийн тус газарт нь өшиглөж эрүүл мэндийн хөнгөн хохирол санаатай учруулсан,

С.М- нь 2021 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0000 тоот хашаанд хамт байсан Н.Н-ыг архи хэтрүүлэн хэрэглэж бие хамгаалах чадваргүй байдал орсныг нь мэдсээр байж хэвлий тус газарт цохин тонгойход нь нүүрэнд цохисны улмаас хохирогч савж унаж гавал тархины битүү гэмтэл авч нас барсан болох нь:

гэрч М.М-ийн “... 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг өнгөрч байхад хувцсаа угаахаар С.М- ахын гэрт ирсэн. Гэрт нь М-, С-, Н- нар архи ууж байсан. Дүү Халиуныг хувцас угаахад туслуулах зорилгоор очиж аваад 16 цагийн үед буцаж ирсэн. Хувцсаа угааж байхад тэдний архи дууссан. Би ах М-т “Гэрт хүн авчирж архи уулаа” гэж уурлахад М- “Дүү ирсэн байна, та нар явцгаа” гэсэн. Н- тасраад унтаж байсан ба С-, М- нар босгох гээд өргөхөд сэргэхгүй байсан тул С- нүүрэн тус газар нь өшиглөсөн. Н-ын хамарнаас цус гарсан. Удалгүй Н-ын гутлыг өмсгөөд С-, М- нар хоёр талаас нь дамжлаад аваад гарсан. Удалгүй М- ах орж ирээд унтсан. Би гарч Н-ыг босгож явуулах гэтэл сэрэхгүй унтаад байсан. Тэгэхэд гэрийн ертөнцийн зүгээр урд талд дээшээ хараад хэвтэж байсан. 21 цагийн үед угаалга хийж дуусаад гэрээс гарахад Н- ах өмнөх байрандаа хөрвөөгөөд байсан... намайг гэрт ирэхэд тэр гурвын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй... гудамжны гэрэл хашаа руу сайн тусдаг. Н-ын царайг харахад хамар нь хавдсан байсан ... Мөнхтуяа эгч Халиунаагийн дүрэмт хувцсыг авах гэж ирэхдээ “Гадаа согтуу хүн хэвтэж байна” гэхээр нь “Харин тийм, М- ахтай хамт архи уусан хүн гадаа хэвтэж байгаа, босгох гээд дийлэхгүй байна” гэхэд тэр хоёр бас гарахдаа босгох гээд дийлээгүй гэсэн... гэрт М- ах Н-ыг нүүрэнд нь алгадаж, хөл рүү нь өшиглөсөн. Харин гэрийн гадаа цохиж зодсон асуудлыг хараагүй... 12 цагт очиход М-, Н- ахыг нас барсан байна гэсэн. Хашааны баруун урд талын дутуу ухсан нүхэнд очиж харахад тэр ах нас барсан байдалтай хэвтэж байсан.../1-р хх 76-77, 79-80/,

насанд хүрээгүй гэрч М.Х-ы “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 тоотод М- ахын гэрт очиход гэрийн хойд хэсэгт газар 1 найзтайгаа архи уусан байдалтай унтаж байсан. Баруун талын орон дээр бас нэг ах согтуу, утсаа оролдоод хэвтэж байсан. Тэгэхээр нь би М- ахыг сэрээгээд энэ хүсүүсээ явуул гэсэн. Ах тэр хоёр хүнийг яваарай гэж хэлсэн. Би 10 гаруй минут сууж байгаад дэлгүүр яваад 5 минут орчмын дараа ирэхэд газар хэвтэж байсан Н- ахын хамар, амнаас цус гарсан байхаар нь үеэл М-ээс юу болсныг асуухад С ах Н ахын нүүрэнд өшиглөсөн талаар хэлсэн. Удалгүй С ах Н ахын цээж хэсэгт 1 удаа өшиглөсөн. М-, С нар Н ахыг сугадаж өргөөд гэрийн үүд хэсэгт унаад Н ахын дээрээс М- ах давхарлаж унасан. Би куртикийг нь аваад араас нь гартал гэрийн гадаа үүд хэсэгт шороон дээр тэр 2 дахиад давхарлаж унасан. Тэгэхээр нь үүдний хэсэгт куртикийг нь тавьсан. С ах яваад өгсөн. Тэгээд би гэрт орсон. М- ах араас орж ирээд усанд явах гарсан ба би бас гэртээ харих гээд гарахад Н ах гэрийн үүдэнд куртикээ нөмрөөд унтаж байсан. 20 цагийн үед ээж М-гийн хамт буцаад ирэхэд Н ах намайг гарахад хэвтэж байсан газраа куртикээ өмсчихсөн хэвтэж байсан. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байтал М- ах манайд орж ирээд би өглөө бие засах гээд гартал Н ухсан нойл дотор нас барчихсан байна гэж хэлсэн...” /1-р хх 81-85, 87-88/,

шүүгдэгч С.М-ийн яллагдагчаар өгсөн “... хашаан дотор Н- согтуу хэвтэж байсныг сэрээгээд гэртээ оруулсан. Гэрт М хувцас угааж байсан тул бид гурав гэрээс гараад 79 дүгээр сургуулийн орчимд 0,75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уугаад ирсэн. Замдаа дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн архи авсан. Тэр архинаас хашаан дотор талыг нь уугаад, Н- хоол идсэний дараа миний орон дээр гуталтайгаа очоод хэвтсэн. Би Н-ыг татаж босгоод чирч гаргаад гэрийн зүүн талд Н-ын хэвлий хэсэгт баруун гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. Эхний удаад Н- доошоо атираад бөхийсэн, дахиж баруун гараа атгаж байгаад хэвлий рүү цохиход Н- сонин авиа хойшоо дагзаараа дээшээ хараад унасан. Унахаар нь би гэртээ орсон. Унтаж байгаад гарч бие засах зогсож байтал урдаас гэнэт Н- босоод ирэхээр нь цочсондоо баруун гараараа гэдэс хэсэгт нь цохиход урагшаа бөхийхөөр нь зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиход хойшоо тархиараа дутуу ухсан жорлонгийн нүх рүү дээшээ хараад унасан...” /1-р хх 192/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Н.Н-д дагзны ясны шугаман хугарал, тархины баруун чамархай, дагз болон духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн суурин хэсгийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дагзны хуйханд цус хуралт, дух, хамар, баруун нүдний дээд, доод зовхины зулгаралт, баруун дээд зовхины цус хуралт, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт, баруун шуу, бугалга, баруун өвдөгний цус хуралт гэмтэл учирсан ба цусанд 2,6 хувь, ходоодны шингэнд 2,4 хувь, шээсэнд 2,7 хувь промилли спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна, бөгөөд амь хохирогч нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун чамархай, дагз, 2 тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан болохыг тогтоосон шинжээчийн 2304 тоот дүгнэлт /1-р хх 127-132/,

шинжээч эмч Г.Энхбаатарын “... Нүүрэнд учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, талийгаач нь толгойн ар дагз хэсгээр унасны улмаас тархинд цус хуралт дагзны ясны хугарлаас болж нас барсан...” /1-р хх 92-93/ гэсэн мэдүүлэг,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 9-11, 17-23/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 25-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирогч Н.Н- нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсны улмаас шүүгдэгч С.М-, Г.С-ын нарын үйлдэлд эсэргүүцэл үзүүлээгүйгээр барахгүй өөрийгөө удирдан жолоодож идэвхтэй үйл хөдлөл хийх чадваргүй байжээ. Тухайбал шүүгдэгч Г.С- хохирогчийн нүүр, гэдсэнд өшиглөхөд хохирогч сэрээгүй талаар гэрч М.М, М.Х нарын өгсөн мэдүүлэг, нүүр, гэдсэнд нь удаа дараа цохиход хохирогч ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй талаар шүүгдэгч С.М-ийн өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хохирогч хүнд зэргийн согтолттой байсныг тогтоосон шинжээчийг дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд хохирогч нас барах хүртлээ биеэ хамгаалах чадваргүй байсныг дээрх нотлох баримтууд илтгэх ба  хохирогчийн энэ байдлыг шүүгдэгч нар мэдсэн бөгөөд мэдэх бүрэн боломжтой байжээ.

Шүүгдэгч С.М- нь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсныг нь мэдсээр байж гэдэс, толгойн тус газар нь цохисны улмаас хохирогч газар савж унан гавал тархины битүү гэмтэл авч нас барсан байна. Шүүгдэгч С.М- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг урьдчилан мэдэх, дүгнэлт хийх бүрэн боломжтой нөхцөл байдалд, дээрх үйлдлийг хүсч үйлдсэнээс гадна үйлдлийнх нь улмаас хүний амь нас хохироход зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хохирогч цохиулан савж унасан газартаа нас барсан байдалтай олдсон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.С- нь хохирогчийг согтуурсан байдалтай унтаж байхад нь нүүрэн тус газар нь өшиглөсөн, шинжээчийн дүгнэлтээр нүүрэнд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон болно.

Шүүгдэгч С.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, шүүгдэгч Г.С- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 12 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч С.М-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1231 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М- нь 2022 оны 08 дугаар сарын 19ий өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ        

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН