| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00348/И |
| Дугаар | 133/ШШ2024/00515 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 133/ШШ2024/00515
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***********-д холбогдох,
ажлын хөлс 11,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Есөнбулаг сумын Индэрт багийн 3-27 тоотод оршин суугч *********** миний бие *********** ХХК-ийн захирал ***********-тай аман хэлцэл гэрээгээр Төгрөг сумд баригдсан сум дундын эмнэлгийн барилга дээр нийт салхивч, агааржуулалтын ажлыг зургийн дагуу чанартай хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Уг хэлцэл хийхдээ дараахи ажлыг нийт 14,450,000 төгрөгөөр тооцож хийхээр болсон. 1. Барилгын нийт сахивч агааржуулалтын хоолой иж бүрнээр 106 ширхэг хоолой, холбох хэрэгсэл, 2. Цонхны усны хаялбар хөмсөг төмрийг бэлдэж угсрах 58 ширхэг цонх, 3. Дээврийн хөндийд салхивчийн хоолой нэгтгэж дээврээс дээш гаргаж хийх 11 ширхэг хайрцаг. Аман хэлцлээр тохиролцсон салхивчны ажлыг 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2023 оны 11 дүгээр сарын 27-нд дуусгаж цонхны ус зайлуулах хөмсөг төмрийг 2024 оны 04 дүгээр сарын 27-нд бүрэн дуусгаж хийсэн. Өөрийн дүү *********** хамтаар хийж гүйцэтгэсэн. Дээрхи ажлыг хийж эхлээд урьдчилгаа болгон 2023 оны 11 дүгээр сарын 14-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 22-нд 1,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлж 2024 оны 05 дугаар сарын 27-нд 340,000 төгрөгийн барааг дэлгүүрээс нь авч 160,000 төгрөгийг бэлэн авч тооцсон болно. Ингээд авах ажлын хөлс 14,450,000 төгрөгөөс миний бие 2,500,000 төгрөгийг хасаж одоо 11,950,000 төгрөгийн нэхэмжлэх болоод байна. Уг дутуу авсан 11,950,000 төгрөгийг нэхэмжлэх болоод байна. Мөнгөө авъя гэхээр удахгүй өгнө гээд байдаг. Сүүлдээ утсаа авахаа болиод байгаа. Иймд дээрхи байдлыг нягтлан үзэж уг мөнгийг *********** ХХК-ийн захирал ***********-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *********** ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Оргил баг 16-7-1 тоотод оршин суугч *********** миний бие 2023 оны 10 сард ***********-тай уулзаж Төгрөг суманд баригдсан Эрүүл мэндийн төвийн барилгын салхивч агааржуулалтын ажлыгхийлгэхээр ярилцсан. Үүний дагуу 2023 оны 11 сарын 14-нд 1,000,000 төгрөгний урьдчилгаа аваад ажлаа эхэлсэн. Дараа нь 1,500,000 төгрөг авсан. өөр барилгын ажил хийх ёстой эргэж ирээд гүйцээж хийнэ гээд явсан.11 сарын 27-нд агааржуулалтын дээврийн холбоос, цонхны усны хаялга, гал тогооны уур сорогч зэргийг угсраагүй өөр барилгын ажил хийх ёстой эргэж ирээд гүйцээж хийнэ гээд явсан. Мөн очсон хугацаандаа олон удаа архидан согтуурч ажил алдуулсан байх хугацаандаа хоолны зардалыг бүгдийг нь компаний зүгээс гаргасан. Одоог хүртэл агааржуулалтын сэнс холбоогүй өрөөнүүдийн агааржуулалтыг дутуу холбосон зэрэг хохирол гаргасан зэргийг тооцож уг хохирлоо үлдсэн мөнгөнөөс нь суутгаж тооцох хүсэлтэй байгаа. Нийт ажлын зардал 4,907,000 болсоноос үлдэгдэл ажлыг 500,000, хоолны зардалд 2 хүний 12 хоног*50,000=600,000 төгрөг хасаад одоо үлдэгдэл 1,307,000 төгрөг өгөхөөр байгаа. /Хийсэн ажил нь 15см*15см харьцаатай 63м хоолой, цонхны усны хаялга төмөр- 58ш хийсэн/Өнөөдрийн монгол улсад мөрдөж байгаа агааржуулаптын ажил гүйцэтгэгч компаниудын ханшаар тооцож үзэхэд 63м хоолойны бэлдэц хийхэд 472,500, Цонхны усны хаялага 58ш*7500=435,000 нийлээд 907,500 болж байна. Угсарч тогтоох ажлын хөлсөнд 4,000,000 төгрөг, Нийт-4,907,500/ Жич: Салхивчны бэлдэц болон ажлын хөлсний талаар албан ёсны аль ч агааржуулалтын ажил гүйцэтгэдэг компани болон хувь хүнээс тодруулах гэжээ.
3. Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Ажлын хөлс 11,950,000 төгрөг гаргуулахаас 7,950,000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг ********-аас гаргуулж өгнө үү. 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 11-нд өгч, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны дотор тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******** нэхэмжлэлтэй, ******** ХХК-д холбогдох, ажлын хөлс 11,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Дээрх иргэний хэрэгт нэхэмжлэгч ******** нь: ажлын хөлс 11,950,000 төгрөг гаргуулахаас 7,950,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж,
үлдэгдэл 4,000,000 төгрөгийг хариуцагч ******** ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,000,000 ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг хариуцагч ******** ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ******** олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******** нэхэмжлэлтэй, ******** ХХК-д холбогдох, ажлын хөлс 11,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 7,950,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг хариуцагч ******** ХХК нь 2,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 2,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,000,000 ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг хариуцагч ******** ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч ******** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ