| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2106037582438 |
| Дугаар | 2022/ДШМ/1038 |
| Огноо | 2022-10-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2022/ДШМ/1038
2022 10 27 2022/ДШМ/1038
Б.Б-, О.У- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мөнх-Амгалан,
хохирогч Н.Э-, түүний өмгөөлөгч В.Ганболд,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ц.Мандал,
шүүгдэгч О.У-, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1202 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, шүүгдэгч О.У-, хохирогч Н.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-, О.У- нарт холбогдох 2106037582438 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ы Б-, Увс аймагт 1989 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн - тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 0/
2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан, эдлээгүй үлдсэн 1 жил 27 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,
2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 7 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.
Бн овгийн О-ийн У-, Улаанбаатар хотод 1976 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 0000/;
2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 2,160,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Б.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 0 тоот Н.Э-ын орон сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч зочны өрөөнөөс хөөрөг 1 ширхэг, унтлагын өрөөнөөс 41 төрлийн үнэт эдлэл агуулж байсан төмөр сейф авч 12,994,280 төгрөгийн хохирол учруулсан,
О.У- нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Б-ын дээрх хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон үнэт эдлэл, хөөрөг зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж худалдан авч ашиглан, зарсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, О.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.У-ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-ийг 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 8 сар 7 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 16 хоногийн хорих ялын нэг хоногоор тооцож, 6 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 6 жил 4 сар 16 хоногоор тогтоож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-т “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон хоногийн эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-ээс 80,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод тооцож, шүүгдэгч Б.Б-аас хураагдсан 525,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хохирлын данснаас гаргуулж хохирогч Н.Э-од олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 6,055,980 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э-од олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-, Б.Б- нараас тус бүр 1,000,000 төгрөгийг гаргуулж нийт 2,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон “-” ХХК-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флашийг хэрэгт хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэргийн учир шүүгдэгч О.У- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.У-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Б.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хулгайд алдсан гэх 51 нэр төрлийн эд зүйлс төрөл шинжээрээ, тоо хэмжээгээрээ гэмт хэргийн халдлагын зүйлстэй тохирч байгаа талаар нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр алдагдсан эд зүйлийн шинж тоо, хэмжээг тогтоосон. Хохирлын үнэлгээ нь эргэлзээтэй. /1-р хх 239-240/ Миний анхны өгсөн мэдүүлэгт мөнгөн дэвсгэрт нь 16 ам.доллар, 200 юань, 50,000 төгрөг байсан. Мөн цаг нэг ширхэг байсныг нь буцаан өгсөн. Хохирогч 5 цаг байсан гэж мэдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. “-” ХХК нь хохирогчийн эд зүйлст дахин үнэлгээ хийхдээ өндөр тогтоосон. Дахин шинжээч томилох талаар хохирогч санал гаргасан. Хохирогчийн саналыг талууд хүлээн зөвшөөрөөгүй. Эрх зүйн байдал нь тодорхойгүй “Лэндс” ХХК-ийн үнэлгээний хөлс болох 2,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.
Мөн /1-р хх 118-127/ мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн хүсэлтээр хохирогчид 31 нэр төрлийн эд зүйл, бэлнээр 525,000 төгрөг өгсөн. Үлдсэн хохирол болох 6,055,980 төгрөгийг яаралтай төлж барагдуулахаа амлаж байна. Өр төлбөрийг төлөөгүй тохиолдолд цаашдаа гарах үр дагавар нь надад ямар хор хөнөөлтэй гэдгийг бүрэн ухамсарлаж байна. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцэж 51,290,206 буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж 5 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус хэргийг дахин хэлэлцэж бусдад учруулсан бодит хохирол 11,792,771 төгрөг, төлөгдөх хохирол 6,055,980 төгрөг гэж хохирлын хэмжээ илт буурсан. Би гэм буруугаа анх хэрэг хийсэн цагаасаа ухамсарлаж үнэн зөвөөр хүлээж нийгэмд учруулсан хор уршиг, өр төлбөрөө арилгахыг шүүх хуралдаан болгонд илэрхийлж байсан. Хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна. Анх хэрэг хийсэн цагаас тухайн хэрэгт ач холбогдол өгөн хохирол болон гэм хороо арилгах эрүүгийн хариуцлага бүрэн ухамсарлаж хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгааг минь харгалзан авч үзэлгүй эрх зүйн байдлыг минь дордуулж хэт яллах талыг баримталж байгаад гомдолтой байна.
Анхан шатны шүүхээс миний хувийн байдлын талаар хийсэн дүгнэлттэй санал нэг байна. Зорчих эрхийг хязгаарлах ялтай байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж төр засгаас өгсөн боломж, хайр энэрлийг даагаад явж чадахгүй, нийгэмших гэсэн ямар ч идэвхи, зорилгогүй, ухамсар дорой явж байгаа минь үнэн. 2000 оны эхээр нийгэм, цаг үе хэцүү байсан учраас ар гэрийн гачигдлаар (13-17 нас) хүүхэд насаа асрамжийн төвд өнгөрүүлж, тухайн үед бидний гаргасан шийдвэр, хийсэн сонголтуудаас шалтгаалан хувь тавилан маань өөрчлөгддөг гэдгийг ойлгож, эргэцүүлэх ухаан надад байгаагүй юм. Ганц олдох залуу насаа дэнчин тавьж нийгэмд ямар аюултай зүйл хийж байгаагаа ойлголгүй хүүхэд насныхаа гэнэн томоогүй зангаас болж хамгийн чухал сонголт дээрээ хүн болох эхлэлээ буруу тавьсан юм. Дурсамж гэхээр зүйлгүй (18-32 нас) залуу нас минь хорих ангид өнгөрч, цаанаас өгөгдсөн өгөгдөл юм шиг эндүүрэн ганц олдох амьдралаа ямар ч утга учиргүй бусдад зовлон өгч амьдарч байна. Нас нэмэх тусам өнгөрсөндөө дүгнэлт хийж өдийг хүртэл өөрийгөө олоогүй явсандаа гутарч заримдаа би гэдэг хүн төрөөгүй байсан бол надгүйгээр хорвоогийн зовлон нимгэрэх байсандаа гэж боддог. Залуу нас минь хорих ангид өнгөрсөн ч надад хожсон зүйл бий. Хорих ангид хүмүүжсэн он жилүүдэд надад 2 төрлийн мэргэжил эзэмшүүлж, нийгэмшиж, өөрөө өөрийгөө бүтээх бүх талын боломж, бололцоогоор хангаж өгсөн байдаг. Хорихын удирдлагууд, албан хаагчдынхаа бидний төлөө гэсэн сэтгэлийг үгүйсгээд шүүхийн өмнө дахин зогсож байгаадаа үнэхээр их гэмшиж байна. Одоо надад зөв амьдрах утга учир болж буй ээж минь байгаа. Хорих ангид хүмүүжиж байхдаа золгүй тохиолдлоор аавыгаа алдсан болохоор муу ээжийгээ хэд наслана гэж буруу замаар явах билээ. Ээжийгээ амьд сэрүүн байгаа дээр хажууд нь хамт байж, энэ олон жилийн ганцаардал, өөрийгөө буруутган явсан он жилүүдийг эцэс болгож үртэй хүний жаргалыг ээждээ мэдрүүлэхийг маш их хүсэж байна. Буруу замаар яваа бидний сэтгэл дотор золиос байдаг, түүнийг үгүй хийх юм бол зөв хүн болно гэж боддог байсан. Миний хувьд энэ золиос бол хүнд хэцүү нийгэм байсан. Харин одоо нийгэм сайхан болсон. Хүн өөрөө л хичээвэл бүх зүйл боломжтой. Эрхэм шүүгч нарт чин сэтгэлээсээ бичиж буй үнэнийг минь харгалзан үзэж хорих ялыг минь хөнгөрүүлж, нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирлын үнэлгээ зөрүүтэй гарсан. “-” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хөлсөлж авсан “-” ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч байна. Мөн түүнд төлсөн 2,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тухайд маргаангүй талаараа Б.Б- гомдолдоо тодорхой дурдсан. Дээрх нөхцөл байдлуудыг бодитой шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Миний эрүүл мэндийн байдал хүнд, бамбайн хавдартай, элэгний B, C вирустэй, хатуурал өвчтэй. Эмчилгээ, шинжилгээнд 2021 оны 12 сараас эхэлж өнөөг хүртэл тасралтгүй явж байна. “-” эмнэлэгт 2022 оноос эхлэн давтамжтайгаар дотоод шүүрлийн булчирхай эд эсийн шинжилгээ өгч байгаа. Шинжилгээний хариугаар бамбайн гүн хордлоготой, хорт хавдар байх магадлал өндөр гэсэн учир Баянгол дүүрэгт байрлах “-” эмнэлэгт хавдар ямар шалтгаанаар хурдацтай явагдаж байгааг тодруулах шинжилгээ өгөх, эмчлүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн. Мөн элэгний B, C вирус, хатууралтай гэж оношлогдсон учир Нэгдсэн 1 дүгээр эмнэлгээс гадна өөр бусад элэгний дотоод шүүрлийн төрөлжсөн эмнэлгүүдэд очиж шинжилгээ оношилгоо хийлгэх, эмчлүүлэх зэрэг эрүүл мэндийн шалтгаанаас болж эмнэлэг хооронд байнга явах хэрэг гардаг. Иймд давж заалдах шатны шүүх миний эрүүл мэндийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялын хүрээг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд хязгаарлахаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.У-ийн өмгөөлөгч У.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.У-ийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн хүсэлтээр хийгдсэн “-” ХХК-ийн үнэлгээ нь тухайн хулгайд алдагдсан эд зүйлс буюу объектод хийгдээгүй. Зөвхөн хохирогчийн өгсөн мэдүүлэг, мэдээллээр хохирлын үнэлгээг гаргасан нь үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Миний үйлчлүүлэгч бамбайн булчирхайн хавдартай байх магадлалтай гэж эмч нар хэлсэн. Одоогийн байдлаар бамбайн хавдрын зүүн талын дэлбээ нь зүрх тал руугаа ургацагтай гэж оношлогдсон. Иймд О.У-ийн эрүүл мэндийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын нутаг дэвсгэрийг 6 дүүргээр тогтоож өгнө үү. Гэм буруугийн талаар маргахгүй, хохирлоо төлж барагдуулсан” гэв.
Хохирогч Н.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрт хулгай орсныг мэдсэн. Насаараа цуглуулсан үнэт эдлэл, үүн дотор алт, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч, своровский эдлэл, хөөрөг, Алдарт эхийн одон гэх мэт үнэт зүйлс, мөн юань, бэлэн мөнгө гэх мэт олон зүйл алдсан ба хамгийн багадаа 100,000,000 гаруй төгрөгөөр үнэлэгдэнэ. Гэтэл прокурор хохирлыг 12,994,280 төгрөг гэж үзсэн нь илт хууль бус учраас дахин шинжилгээ хийлгэж, 51,290,206 төгрөгийн хохирол тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх хохирлын 51,290,206 төгрөгөөр тогтоовол хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэх, хохирол бодитой эсэхийг шалгах гэсэн шийдвэр гаргасан гэж ойлгосон боловч анхан шатны шүүх прокурорын заасан хууль бус 12 сая төгрөгөөр хохирогч намайг хохирсон гэж үзсэн нь илт хууль бус байна. Миний худалдаж авсан нэг л алтан хослолын үнэ өөрөө одоогийн ханшаар 15,000,000 төгрөг хол давсан байхад тэнд байгаа насаараа хураасан үнэт эдлэлүүд хэд болох вэ? Энэ хэрэгт хохирогч би болон ар гэр минь хүнд шархалж байгаа. Шүүх яаж шийдэх бол гэж харсаар хохирогч 1 жил боллоо. Хулгайлан авч ашиг олсон шүүгдэгч нар миний насаараа хураасан эд хөрөнгийг мэддэг юм уу. Хууль мэдэхгүй намайг илт дээрэлхэж 1 хослолын ч үнэ хүрэхгүй хохирлоор хэргийг шийдсэн. Хэргийг прокурорт буцааж зүйлчлэлийг зөвтгүүлэн, хохирлыг бодитой тооцож өгнө үү. Маш их гомдолтой байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч В.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч “-” ХХК-ийн үнэлгээг үндэслэл болгосонд гомдолтой байгаа тул “-” ХХК-ийн үнэлгээгээр хохирлыг тооцож өгнө үү, мөн 100,000,000 гаруй төгрөгөөр хохирсон атал 10,000,000 гаруй төгрөгөөр хохирсон гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй байна...” гэж гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаах эрх хэмжээ байхгүй хэдий ч хэргийг бүхэлд нь хянаж, бодитой дүгнэлт хийхийг хүсч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал бодит байдалд нийцээгүй гэж үздэг. Бодит байдалд нийцээгүй гэдэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй үндэслэл хамаарна. Анхан шатны шүүх “-” ХХК-ийн 51,000,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрсан. Давж заалдах шатны шүүхээс “-” ХХК-ийн үнэлгээг дүгнээгүй гэж хэргийг буцаасан. Дараагийн анхан шатны шүүх хуралдаанд “-” ХХК-ийн үнэлгээг дүгнээгүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх рүү хэргийг буцаах эрх хэмжээ хуулийн байхгүй боловч энэ асуудлыг орхигдуулж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн гэм хорын хохирлыг шийдсэн шийдвэрийг хүчингүй болгож, 41 нэр төрлийн эд зүйлийн хохирлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх заалт оруулж өгнө үү” гэв.
Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг шинжээчийн дүгнэлт, шүүхийн шатанд дахин нэг шинжээчийн дүгнэлт гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “-” ХХК-аас хохирлын үнэлгээг 12,000,000 төгрөгөөр гаргасан. Шүүхийн шатанд дахин шинжээч томилоход хохирлын үнэлгээ 51,000,000 төгрөг болсон. Уг шүүхийн шатанд томилсон дахин шинжээчийн дүгнэлт гаргахдаа гэмт хэрэг гарсан хугацаагаар бус 2022 оны 3 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээг гаргасан. Гэмт хэрэг гарсан хугацаанд тухайн эд хөрөнгө ямар үнэ ханштай байсан талаар тодруулах шаардлагатай. Шинжээчийн дүгнэлтээр эд хөрөнгийг үнэлэхдээ зөвхөн хохирогчоос асуулт асуух байдлаар үнэлсэн. Анхан шатны шүүх 2 шинжээчийн дүгнэлтийн аль дүгнэлтийг үндэслэн эд хөрөнгийг үнэлсэн талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдсан. Хохирогчийн зүгээс “Эд хөрөнгө нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэжээ. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу хохирлын хэмжээг заавал тогтоосон байх шаардлагатай. Хохирлыг тогтоогоогүй гэж нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан асуудлыг тогтоохгүйгээр шийдвэрлэсэн мэт харагдахаар байна. Анхан шатны шүүх хохирлыг 12,000,000 төгрөг гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч О.У- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гагцхүү зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Шүүгдэгч Б.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул ялыг нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгоно уу” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-, О.У- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нар болон хохирогчийн давж заалдсан гомдлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 0 тоот Н.Э-ын орон сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч зочны өрөөнөөс хөөрөг 1 ширхэг, унтлагын өрөөнөөс 41 ширхэг үнэт эдлэл агуулж байсан төмөр сейфийг авч 12,994,280 төгрөгийн хохирол учруулсан,
О.У- нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Б-ын дээрх хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон үнэт эдлэл, хөөрөг зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж худалдан авч бусдад борлуулсан болох нь:
хохирогч Н.Э-ын “... 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр найзын лагер дээр байхад гэрт хулгай орсон талаар мэдсэн. Гэрийн унтлагын өрөөний толины доор байсан сейф хулгайд алдагдсан. Мөн зочны өрөөны бурханы шүүгээнд байсан өвөөгөөс өв залгамжилж ирсэн “Чүнчигноров” их гарын хөөрөг 1 ширхэг. Сейфэн дотор 3,000 юань, 130 ам.доллар, гурван байр, нэг грашийн ордер, 3 газрын гэрчилгээ, өв уламжилж ирсэн гэрэл зургийн аппарат, Sony гэрэл зургийн аппарат, миний болон эхнэрийн алт, мөнгөн, монет, хар сувд, цагаан сувд, сваровский зэрэг 40 гаруй төрлийн ээмэг бөгж зүүлтүүд алдсан...” /1-р хх 13-14/,
гэрч М.Б-ын “... “-” цайны газрын урд нэг эрэгтэй зам дагуу зогсож байхаар унаа авах эсэхийг асуухад орны бүтээлэгт ороосон дөрвөлжин зүйлийг автомашины багаж руу хийгээд суусан. “Саппора орно” гэж чигээрээ яваад Сансарын ШТС-аар буцаж эргээд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансарын тунелын ТҮЦ-ээс жижиг ууттай зүйл аваад төв замаар явсаар Саппорогийн орчимд “-” зочид буудлын гадна буусан...” /1-р хх 21-22/,
гэрч Ө.Б-ын “... Мөнгөнгүүр эмнэлгийн замаар явж байтал нэг залуу гар өргөхөөр тухайн залууг авахад “Байрны гаднаас нэг зүйл авна” гээд баруун эргээд байрны гадаа зогссон. Орцны үүдэнд нэг залуу хажуудаа дөрвөлжин хайрцагтай, нэг тортой зүйл тавьчихсан хүлээж байсан. 34 дүгээр байрны арын гүүрээр баруун эргээд 50 метр орчим яваад баруун гар талын шороон замаар салаад 10-20 метр яваад хоёр залуу буусан...” /1-р хх 24-25/,
гэрч Н.Б-ийн “... 2021 оны 10 дугаар сарын 30-ны 18 цагийн орчимд Б- залгаад “Сансарт хүрээд ир” гэснээ тэгж байгаад ярья гээд утсаа тасалсан. 30 орчим минутын дараа яасан, юу болсон гэж залгахад “Саппорогийн Өгөөмөр алтай зочид буудлын баруун талд хүлээж бай” гэхээр нь зааж өгсөн газарт нь очсон. Намайг очиход Б- ирчихсэн байсан. Хажууд нь жижиг дөрвөлжин зүйлийг хар цэнхэр бүтээлгээр боогоод тавьсан байсан. Б-аас энэ юу болохыг асуухад хөргөгч гэсэн. Тэндээс Б-ын амьдардаг нийтийн байранд очиход багцаагаар 20 цаг болж байсан. Б- гэртээ орж хувцсаа солиод бид хоёр хамт Бат-Өлзий гэж асрах газарт хамт байсан найзтайгаа уулзахаар хороолол явсан...” /1-р хх 45-46/,
гэрч С.А-ийн “... У- “Баялаг-Ундраа” төвийн цаана хүнтэй уулзах гээд бид хамт алхсан. У- утсаар яриад “Уулзах хүн маань Шөнийн захын ойролцоо байна” гээд бид хоёр Шөнийн захын ойролцоо очиход үүргэвчтэй, туранхай залуу хүрч ирээд цүнхнээсээ ууттай ээмэг, бөгж, мөнгөн товч гаргаж ирээд У-т өгөөд мөнгийг нь 2 цагийн дараа авна гэж байсан. Би “Наадах чинь хулгайн эд зүйл биш биз” гэхэд “Үгүй ээ, би тоглоомын газар ажиллуулдаг, хүмүүс хожигдохоороо эд зүйлээ барьцаанд тавьдаг” гэж хэлэхээр нь юм бодоогүй. Бид хоёр буцаад алхаж байтал У- утсаар яриад “Баялаг-Ундраа” төвийн нэг давхарын эхэнд нөгөө залуугаас авсан ээмэг, бөгжөө өгөхдөө намайг “Энэ хүн нөгөө залуугийн эгч нь байгаа юм” гэхээр нь надад эвгүй санагдсан...” /1-р хх 45-46/,
гэрч Х.О-ийн “... У- “Нэг таньдаг хүн алт, монет зарах гээд байна, чи авчих” гэхээр нь ямар учиртай эд зүйл болохыг асуухад “Мөрийтэй тоглоомоос хураагдсан эд зүйл” гэж хэлсэн санагдаж байна. Тухайн эд зүйлс асуудалгүй бол авна гэж хэлсэн. Үдээс хойш нэг эмэгтэй дагуулж ирээд “Энэ эмэгтэйн эд зүйлс” гээд алт, монет авчирч ирээд үнэ тохирч 4,950,000 төгрөгөөр авсан...” /1-р хх 50/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 5-10/, алдагдсан эд зүйлийн жагсаалт /1-р хх 107-108/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 77-86/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 118-128/, “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх 109-112/, шүүгдэгч Б.Б-, О.У- нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Б-ыг бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч О.У-ийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдан авч, бусдад борлуулан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгч нарын үйлдэлд зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Б.Б-, О.У- нарын гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх ба шүүгдэгч Б.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуулийн дагуу эрх чөлөөний хязгаарлалт тогтоох замаар цээрлэл үзүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг ба шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын боломж, бололцоонд таарсан байх албагүй юм. Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.У-, Б.Б- нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тэдний гэм буруу хэлбэр, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэж ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор хоёр удаа шинжилгээ хийхэд хоорондоо эрс зөрүүтэй дүгнэлтүүд гарчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус зааснаас үзвэл гэмт хэргийн хохирлыг гэмт хэрэг төгссөн цаг хугацааны зах зээлийн ханшаар тогтоохоор байна.
Анхан шатны шүүхээс “Лэндс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ хохирогч Н.Э-ын хулгайд алдсан эд зүйлийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн ханшаар, шинээр худалдаж авах үнэт эдлэлийн үнээр, мөн ойролцоо үнэт эдлэлийн үнийг ашигласан зэрэг нь хохирол тооцох талаар дээрх хуулийн зохицуулалтын агуулга, мөн чанартай зөрчилдсөн гэж дүгнэн, “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 12,994,280 төгрөгөөр тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Иймд ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Б.Б-, О.У- нарын, хохирлын хэмжээг зөв тооцоогүй талаар хохирогч Н.Э-ын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин хохирогчийн өмгөөлөгч В.Ганболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэлэлцэлгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн агуулга бүхий тайлбарын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэжээ. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөлөөллөөр зах зээлд бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ огцом өсч буй нь хэн бүхэнд илт тодорхой, нотолгоо шаардахгүй үнэн тул хулгайлах гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийн ханшийн зөрүүг гэмт хэргийн хор уршигт тооцох үндэслэл бүрджээ. Гэхдээ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг бэлэн мөнгө, валют оролцуулахгүйгээр 11,792,771 гэж хоёр шатны шүүхээс тогтоосон учраас гэм хорын нэхэмжлэлийг бүхэлд нь иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй. Иймд шийтгэх тогтоолд хохирогч Н.Э- нь алдагдсан эд зүйлийн үнийн ханшийн зөрүүг хор уршигт тооцон иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх талаар нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад зүйл, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1202 дугаар шийтгэх тогтоолд “Хохирогч Н.Э- нь гэмт хэргийн хор уршгийг шүүгдэгч Б.Б-, О.У- нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад зүйл, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Б-, О.У-, хохирогч Н.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН