Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0615

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж*******ад холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* дүгнэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж******* 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар З.У*******т Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 1,600,000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* нь Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж******* 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр илэрхийлж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байна.

Шүүх Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж******* 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж******* 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж******* хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ