Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 38

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-д холбогдох эрүүгийн 1721000000170 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг, “Жараахайн булаг” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хуацай овогт Т.Т.   

 

Шүүгдэгч  нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Гандангийн 0-1 тоотод хохирогч Ж.Г-ийг зодож, биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн нүдний салстын доторх хамрын нуруу, зүүн хацар, шанааны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ганзориг ах бид хоёр нэг айлын базууд бөгөөд Наташагийн гэрт нь ороод байж байтал Ганзориг ах 1 шил архи авч өг, ууя гээд байсан. Би эхнэр хүндрэлтэй төрөх гээд ажилтай байна, уухгүй гэснээс болж муудсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна   ... гэв.

 

Хохирогч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг өнгөрч байхад би хажуу айл болох Наташа гэх хүүхний гэрт ороход Наташа бага насны хүүхэдтэйгээ хамт, мөн Төрмөнх эхнэр Долгормаагийн хамт байж байсан. Ингээд би Наташа, Долгормаа нартай юм яриад сууж байхад Төрмөнх нь надад хандаж чи аяархан яриач, би утсаар ярьж байна гээд ууртайдуу хэлсэн. Тэгэхээр нь би бид 3 ч гэсэн юм ярьж байна, чи утсаар ярих гээд байгаа юм бол гадаа гараад ярихгүй юу гэж хэлсэн чинь Төрмөнх над руу хандаж, чи намайг ингэж хэлдэг хэн юм бэ гээд барьж байсан гар утсаа над руу шидсэн, гар утас нь намайг оноогүй, тэгээд дараа нь Төрмөнх ирээд миний нүүр толгой хэсэг рүү нилээн олон удаа цохисон. Тэр үед Төрмөнхийн эхнэр Долгормаа ирээд салгасан. ...Надад нэхэмжлэх мөнгөний баримт, гомдол байхгүй ...” гэжээ.  /хх-ийн 5-6 тал/

 

Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд гэртээ байж байхад Төрмөнх нь эхнэр Долгормаагийн хамтаар орж ирээд байж байхад Ганзориг ах орж ирээд бид нар юм яриад сууж байхад Төрмөнх нь утсаар яриад сууж байснаа Ганзориг ахад хандаж чимээгүй бай гэж хэлсэн чинь Ганзориг ах бид нар юм ярьж байна, чи утсаар ярих гээд байгаа бол гараад ярь гэж  хэлсэн. Тэгсэн чинь Төрмөнх уурлаад Ганзориг ахын толгой хэсэг рүү гараараа нилээд хэдэн удаа цохиод авсан  ...” гэжээ. /хх-ийн 12 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07 тоот актын дүгнэлтэд

            1. Ж.Г-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салстын доорхи, хамрын нуруу, зүүн хацар, шанааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.  

     3. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ. /хх-ийн 14 тал/

     - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29 тал/

            - Гэрч А.Ганчулууны мэдүүлэг /хх-ийн 9 тал/

- Гэрч Ц.Цэдэнжавын мэдүүлэг /хх-ийн 11 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч  нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Гандангийн 0-1 тоотод хохирогч Ж.Г-ийг зодож, биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн нүдний салстын доторх хамрын нуруу, зүүн хацар, шанааны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Т.Т-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Т.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Шүүгдэгч Т.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Хохирогч Ж.Г нь шүүгдэгч Т.Т-өөс хохирол, төлбөр нэхэмжлээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т.Т-ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ