Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2024/0427/З |
Дугаар | 128/ШШ2024/0618 |
Огноо | 2024-08-13 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2024/0618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М
Хариуцагч: Нийслэл дэх Төрийн аудитын газар, тус аудитын газрын Санхүү-Нийцлийн хэлтсийн дарга, аудитын менежер З.М, С.Г, аудитор Э.У
Маргааны төрөл: Төлбөр барагдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Төлбөр барагдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох
Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: нэхэмжлэл гаргагч нь хууль заасан хугацаанд тус захиргаан хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул миний бие Монгол Улсын Ерөнхий аудиторт "Төлбөр барагдуулах тухай" 2023 оны 02 сарын 24-ний өдрийн 8/A0270182, 12/A0270182, ******* дугаартай актуудыг хингүй болгуулах талаар гомдол гаргасан. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 09/651 дугаар албан бичгээр ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах талаар сургалт зохион байгуулсан, хууль бус мод бэлтгэлийн 1000 ширхэг тараах хуудас хэвлүүлэхтэй холбоотой 8/40270182, 12/A0270182 дугаартай актуудыг хүчингүй болгож, 11/40270182 актыг хэвээр үлдээсэн хариу ирүүлсэн. Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудитын баг нь холбогдох хууль, тогтоомж, журмыг зөрчиж гаргасан захиргааны актаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул би энэхүү 1/A0270182 дугаартай захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1. "Төлбөр барагдуулах тухай" 2023 оны 02 сарын 24-ний өдрийн 11/40270182 дугаартай актад газрын даргын 2022 оны А/101, А/154 дүгээр тушаалаар албан хаагчдад хагас бүтэн жилийн үр дүнгийн урамшууллыг олгохдоо мөнгөн урамшууллын дээд хэмжээг хэтрүүлэн 5,818,229 (таван сая найман зуун арван найман мянга хоёр зуун хорин есөн) төгрөгийг олгосон гэж үзсэн. Нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн "2022 оны эхний хагас жилийн ажил дүгнэж, урамшуулал олгох тухай" А/101 дүгээр тушаал батлагдан гарахад миний бие тухайн байгууллагад ажилд ороогүй байсан. Харин 2022 оны 12 сарын 21-ний өдрийн "2022 оны жилийн эцсийн ажил дугнэж, уг урамшуулал олгох тухай" А/154 дүгээр тушаал батлагдан гарахад миний бие Нийслэлийн Байгаль орчны газрын даргыг томилогдох хүртэлх хугацаанд даргын үүргийг үр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан болно. Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудитын баг аудитын алдаа, зөрчлийг үнэлж төлбөрийн акт тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. "Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй 27.1. "Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно" заалтын дагуу намайг тодорхойлоогүй, 27.5. "Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна", 27.6. "Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн та. зар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж танилцуулна", 27.7. "Сонсох ажиллагааны үед гарсан санал захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй б: товч ту гаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй" хуулийн заалтуудыг тус тус зөрчих эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа надтай уулзалт, ярилцлага хийж тэмдэглэл хөтлөөгүй, захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагаа болон тайлбар: санал гаргах боломжийг нэг ч удаа хангаагүй мөн төлбөрийг барагдуулах этгээдийг тод тодорхойлоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1. "утга агуулгын илэрхий а даатай", 47.1.4. "захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус", 47.1.6. "захиргааны кт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй", 47.1.7."түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх (Боломжгүй" акт гарах нөхцөл болсон. 2. Аудитын баг даргын үүрэг гүйцэтгэгч, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны А/101, А/154 дүгээр тушаалууд) таар албан хаагчдад хагас, бүтэн жилийн үр дүнгийн урамшууллыг олгохдоо За гийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.2. "Төрийн албан хаагчид улирлын амралтын үр, дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын арын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна." заалттай нийцэхгүй байна гэж үзсэн. Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд Засгийн газраас "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-ыг 2019 оны 38 дугаар тогтоол, 2019 оны 218 дугаар тогтоолоор шинэчлэн баталж мөрдүүлсэн. Дээрх журмын хүрээнд байгууллагын албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлж, мөнгөн урамшууллыг олгосон болно. Гэтэл аудитын баг нь Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.4. "Төрийн жинхэнэ албан хаагчид үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоход Засгийн газраас баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журамд заасан нөхцөл шалгуурыг баримтлана" заалтыг буруу хэрэглэн, 2019 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-ын өөрчлөлт, журмын зохицуулалт харгалзан үзэлгүй мэргэжлийн шийдэл гаргахдаа алдаа гаргасан. Иймд "Төлбөр барагдуулах тухай" 2023 оны 02 сарын 24-ны өдрийн 11/40270182 дугаартай актын улмаас "иргэн би ажилгүй болж, мөн төлбөр төлөх үүрэг хүлээж" эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул дээрх актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгч миний бие С овогтой Б******* М Баянгол дүүргийн 26 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс, дунд гол гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суудаг. Б.М миний бие Нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар тус газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Байгаль орчны даргын Б/66 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд газрын дарга томилогдох хүртэл даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2766 дугаартай албан бичгээр Нийслэл дэх Төрийн аудитын газраас Байгаль орчны газрын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар тавигдсан дугаартай актын төлбөр 2,640,000, ******* дугаартай актын төлбөр 2,500,000 төгрөг, ******* дугаарт актын төлбөр 2,534,220 төгрөг, нийт одоо 7,674,220 төгрөгийн актын төлбөрийг төлүүлэх мэдэгдэл ирүүлсэн. Дээрх дугаар бүхий актуудыг хүчингүй болгуулах, илт хууль бус хурал болохыг тогтоолгохоор Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан гомдол гаргасан. Ерөнхий аудиторын шийдвэрээр хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, ойн даралт, баялгийг хамгаалах, ашиглах талаар сургалт зохион байгуулсан, хууль бус мод бэлтгэл нь мянган ширхэг тараах хуудас хэвлүүлэхтэй холбоотой , ******* дугаартай актуудыг хүчингүй болгосон. Нийслэл дэх Төрийн аудитын газрын менежер З.М, С.Г, аудитор Э.У нар төлбөр барагдуулах тухай акт тогтоохдоо Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2022 оны А/154 дүгээр тушаалаар албан хаагчдад хагас, бүтэн жилийн үр дүнгийн урамшууллыг олгохдоо мөнгөн урамшууллын дээд хэмжээг хэтрүүлэн 5,818,229 төгрөгийг олгосон гэж үзсэн. Байгаль орчны газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн "2022 оны эхний хагас жилийн ажил дүгнэж, урамшуулал олгох тухай" А/101 дүгээр тушаал батлагдан гарахад миний бие тухайн байгууллагад ажилд ороогүй байсан. Гэтэл Нийслэл дэх Төрийн аудитын газар нэхэмжлэл гаргагчийн буруу шийдвэрээр 56 албан хаагчдад 2,534,200 төгрөгийн төсөвт хэтрүүлэн олгосон гэж үзсэн. Гэвч төлбөр барагдуулах акт нь 5,818,000 мянган төгрөг байдаг. Хоёр өөр тохиолдлыг одоо нэгтгэж нэг захиргааны акт гаргасан нь захиргааны актыг гүйцэтгэхэд тодорхой бус гэж үзэж байгаа. Аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, Ерөнхий аудиторын 2020 оны А/106 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журмын 7-12-т заасан заасан аудитын баг эсхүл аудитор нь санхүүгийн тайлангийн аудитын явцад шалгалт, ажиглалт, асуулга, ярилцлага, тулган баталгаажуулалт гүйцэтгэх замаар нотлох зүйлс болох ажлын баримтыг цуглуулна гэж заасныг хангаж ажиллаагүй. Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журмын 18.7-д заасан аудитын тайлан дүгнэлтийг хамаарал бүхий хэсэгтэй танилцах боломжийг тухайн аудитад хамрагдагч этгээдэд олгоогүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй. Ямар нэгэн тайлбар санал гаргах боломж олгоогүй. Шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/5674 тоот албан бичгээр 5 төрлийн шаардлага бүхий Нийслэлийн Байгаль орчны газрын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит, хяналт шалгалтын төлөвлөгөөг танилцуулсан тэмдэглэл, акт тогтоох шийдлийг гаргахдаа шалгагдагч байгууллага нь тухайн асуудлыг хариуцсан иргэдийн бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалт ярилцлагын тэмдэглэл, акт тогтоох шийдлийг гаргахад шалгагдагч байгууллагаас ирүүлсэн тайлбар, санал, акт тогтоох шийдэл гаргахад олж авсан нотолгоо, шат шатны чанарын хяналтаар баталгаажуулсан баримт, шалгагдагч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд мэдэгдсэн мэдэгдэл, сонсох ажиллагааны тэмдэглэл гэх мэт нотлох баримтуудыг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч байгууллага нотлох баримтуудыг дутуу ирүүлсэн. Нэхэмжлэгч миний зүгээс Төрийн аудитын тухай хууль, ерөнхий аудитораас баталж гаргасан 2022 оны 95, 106 дугаар тушаал, журмуудаа зөрчсөн гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад аудитыг гүйцэтгэж эхлэхийн өмнө шалгагдагч этгээдийн эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулан аудитын нээлтийн хурал хийж аудитын төлөвлөгөөг танилцуулах ёстой байсан. Хариуцагчаас 2023 онд баталсан удирдамж, төлөвлөгөөг ирүүлсэн байсан. Тухайн аудит нь 2022 оны 10 сард эхэлсэн байдаг. Үүнээс үзэхэд төлөвлөгөөг нөхөн хийсэн гэж ойлгогдож байна. Эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагааг хийгээгүй. Хэрэгт тайлан дүгнэлтийг гардуулж өгөхдөө танай байгууллагад танилцуулсан гэсэн дарга, нягтлангийн гарын үсэгтэй сонсох ажиллагааны материалыг өгсөн байсан. Гэхдээ Нийслэлийн Байгаль орчны газрын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 260 тоот албан бичиг, дүгнэлтийг 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 261 тоот алба албан бичгээр тус тус гардуулсан байдаг. Үүний дараа 02 дугаар сарын 24-ний өдөр тухайн актуудыг гаргасан бөгөөд 25-ны өдөр сонсох ажиллагааг явуулсан тэмдэглэл байгаа. Ерөнхий аудитын тайлан дүгнэлтийг гардуулахад дээрх ажиллагаа бүрэн хийгдэж тайлангийн нэг хэсэг болох зохицуулалттай. Иймд ажиллагаа бүрэн хийгдээгүй журам зөрчсөн гэж үзэж байна. Шалгагдагч этгээдээс яагаад тайлбар, ярилцлага аваагүй. Ерөнхий аудиторын баталсан 106 дугаар тушаалд тайлбар ярилцлага авах, тэмдэглэл хөтлөх талаар хавсралтаар баталсан. Уг ажиллагаатай холбоотой баримтуудыг нотлох баримтаар ирүүлээгүй байна. Бид байгууллагынхаа албан хаагчдын үр дүнг тооцохдоо Засгийн газрын 2020 оны 18 дугаар тогтоолыг даган мөрддөг. Уг тогтоолд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хагас, бүтэн жилээр дүгнэнэ гэж заасан. Гэтэл аудитын газраас хүчингүй болсон 2019 оны 38 дугаар тогтоолд заасны дагуу улирлаар нь дүгнэсэн. Энэ нь агуулгын алдаатай байна гэж үзэж байгаа. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй тул маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна. гэв.
Хариуцагч Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудитын менежер С.Г, аудитор Э.У нараас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн С овогтой Б******* М*******ы гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Нийслэл дэх Төрийн аудитын газар (НТАГ)-ын Санхүү-нийцлийн аудитын хэлтсийн Аудитын менежер С.Г, Аудитор Э. У нар нь дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: "Төлбөр барагдуулах тухай" 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн "11/40270182..." дугаар бүхий төлбөрийн актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газрын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитыг гүйцэтгэж аудитаар "Хязгаарлалттай" санал дүгнэлт өгсөн НБОГ-ын 2023 оны 01/2766 дугаартай албан бичгээр НТАГ-аас тогтоосон 3 төлбөрийн актыг барагдуулах мэдэгдэл авсан гэж нэхэмжлэлдээ бичжээ. НБОГ-ын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар илэрсэн 10,944,138.3 мянган төгрөгийн нийт 11 зөрчлийн асуудлын бүртгэлийг НБОГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Э******* болон ахлах нягтлан бодогч Х.Б******* нар танилцаж, зөвшөөрсөн. Нэхэмжлэл гаргагч нь Үндэсний аудитын газар (ҮАГ)-т гомдлууд гаргасны дагуу ҮАГ-ын Чанарын баталгаажуулалтын газраас хяналт шалгалт явуулсан. Тус шалгалтаар "8/40270182...". 11/A0270182...", "12/A0270182..." дугаар бүхий 3 төлбөрийн актыг хянаад "8/40270182. 12/40270182..." дугаар бүхий 2 төлбөрийн актыг зөрчил мөн, гэхдээ төлбөр тогтоох хэмжээний биш албан шаардлагаар зөрчил арилах боломжтой гэж үзээд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны А/11 дүгээр тушаалаар хүчингүй болгож, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 116/A0270182...", "117/A0270182...", дугаар бүхий 2 албан шаардлага болгон өөрчилсөн. 11/40270182..." дугаар бүхий төлбөрийн актыг ҮАГ-аас хууль ёсны үндэслэлтэй байна гэж үзээд төлбөрийн актыг хэвээр нь үлдээхээр шийдсэн. 2024 оны "116/40270182...", "117/A0270182...". дугаар бүхий 2 албан шаардлагыг нэхэмжлэл гаргагч хүлээн зөвшөөрч, маргаагүй болно. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ болох Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох" журмын 2.2."Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна." гэж тогтоож өгсөн зохицуулалтыг зөрчиж, НБОГ-ын даргын 2022 оны А/101, А/154 дүгээр тушаалаар албан хаагчдад хагас, бүтэн жилийн үр дүнгийн урамшууллыг олгохдоо мөнгөн урамшууллын дээд хэмжээг хэтрүүлэн 5,818.2 мянган төгрөгийг олгосон. Үүнээс, нэхэмжлэл гаргагчийн буруу шийдвэрээр 56 албан хаагчдад 2,534.2 мянган төгрөгийг төсвийг хэтрүүлэн олгосон. НБОГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Э******* болон ахлах нягтлан бодогч Х.Б******* нарт сонсох ажиллагааг хийсэн, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг хэтрүүлэн урамшуулал олгосноо хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед төлбөрийн актыг ямар албан тушаалтан, хэн төлөх нь тодорхойгүй байсан тул шалгагдагч байгууллагад зөрчлийг хариуцуулж, холбогдох албан тушаалтнаар нь төлүүлэх чиглэл өгсөн. Иймд нэхэмжлэл гаргагч Б.М нь тус төлбөрийн актыг төлөх нь тодорхойгүй байсан тул сонсох ажиллагааг явуулаагүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1. "утга агуулгын илэрхий алдаатай;" биш нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг хэтрүүлэн урамшуулал олгосон зөрчил илэрсэн, 47.1.4. "захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус" тодорхой байгаа, тус төлбөрийн актыг шалгаад холбогдох албан тушаалтнаар төлүүлэх үүргийг НБОГ-ын дарга, нягтлан бодогч нарт хариуцуулсан. Тус төлбөрийн акт биелэгдэх боломжтой тул гул тодорхой бус гэдгийг үгүйсгэж байна. Шалгагдагч байгууллага яаж барагдуулах нь нээлттэй байгаа, мөн 47.1.6. "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4. "улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох заалт болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ болох Засгийн газрын тогтоолоор сарын үндсэн цалингийн 40 хувь /тухайн үед/-иас хэтрэхгүй олгох гэж заасныг НБОГ зөрчиж урамшууллыг хэтрүүлэн олгосон нь зөрчил болсон, 47.1.7. "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй яагаад бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзээд байгаа юм бэ? Илүү олгосон урамшууллыг буцааж төсөвт төвлөрүүлэх нь НБОГ-ын үүргээ, 5,818.2 мянган төгрөгөөр улс хохироод байгаа тул төлбөрийн актыг барагдуулах, улсын төсвийг хохиролгүй болгох үүрэгтэй. Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн жинхэнэ В албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэжлийн түвшинг үнэлэх журам" нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг журам. Тус журмын дагуу мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төрийн жинхэнэ албан хаагчдад урамшуулал олгох дээд хэмжээг Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох" журмын 2.2."Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна." гэж тогтоож өгсөн байдаг /тухайн үед 40 хувь байсан/ Тус нэхэмжлэл гаргагч нь 2 журмыг андуурч буруу ойлгож шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь бидний ажилд хүндрэл учруулж байна. Нэхэмжлэгч тал Нийслэлийн Байгаль орчны газар (НБОГ)-ын даргын Б/66 дугаар тушаалаар ажлаас халагдсан гэж нэхэмжлэлдээ дурджээ. Тус шалгагдагч байгууллагын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар "Хязгаарлалттай" санал дүгнэлт өгсөн бөгөөд тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй болно. Манай байгууллага нь аудитын дүгнэлт, акт, албан шаардлагаар энэ хүнийг ажлаас чөлөөл гэсэн чиглэл өгөөгүй бөгөөд ажлаас халагдсан шийдвэр нь төрийн аудитын байгууллагатай хамааралгүй болно. Гэжээ.
Хариуцагч Э.Угаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Байгаль орчны газрын 2022 оны санхүүгийн тайланд төсвийн гүйцэтгэлийн аудитын гүйцэтгэлд хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн. Нийт 10,9 тэрбум төгрөгийн зөрчил тус байгууллагаас илэрсэн, санхүүгийн сахилга бат муу дүгнэлттэй байсан. Мөн нэхэмжлэгч , *******, ******* дугаартай гурван төлбөрийн актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Үндэсний аудитын газарт гомдол гаргасан ба , ******* дугаартай хоёр төлбөрийн актыг зөрчил мөн, харин зөрчил арилгах боломжтой байна гэж үзэж албан шаардлага болгон өөрчилсөн. Харин ******* дугаартай төлбөрийн актыг үндэслэлтэй гэж үзэж хэвээр үлдээсэн. Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч нь зөвхөн ******* дугаартай төлбөрийн акттай маргаж байгаа. Хоёр төлбөрийн акт албан шаардлага болсон талаар сонсох ажиллагаа хийе, актууд хүчингүй болж албан шаардлага болж өөрчлөгдсөн талаар нэхэмжлэгчид утсаар мэдэгдэхэд "гомдолгүй, би мэдэж байгаа" гэж хариу хэлсэн. Анхан шатны баримт хангалтгүй, анхан шатны баримтаа өгөөгүй. Бид 2022 оны аудитыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хийсэн. Хуулийн хугацаанд аудитын шалгалтаа хийхийн тулд бид 2023 оны 01 дүгээр сард төлөвлөгөөгөө гаргадаг. Төлөвлөгөөгөө хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Тухайн санхүүгийн үйл ажиллагаа дууссаны дараа өмнөх жилийн аудитыг хийдэг учраас 2022 оны санхүүгийн зарцуулалтад хийх аудитын төлөвлөгөөг 2023 онд гаргасан юм. ******* дугаар төлбөрийн актын хувьд албан хаагчдын үр дүнгийн урамшуулал гэж улирал бүр 40 хувийн нэмэгдэл авдаг. 218 дугаар тогтоолын дагуу албан хаагчдаа 100 хүртэл хувиар улирал болгон хагас, бүтэн жилээр дүгнэж болно. Тухайн байгууллагын онцлогоос шалтгаалж хагас, бүтэн жилээр дүгнэхдээ 40 хувийн үр дүнгийн урамшууллаа 80 хувь болгож болно. Дээд хэмжээгээр буюу 100 хувь үнэлэх ёстой. Тухайн байгууллагын нэгдүгээр гарын үсэг зурж байгаа албан тушаалтны шийдвэрээр тухайн коэффициент нь өөрчлөгдөж, урамшууллын дээд хэмжээ нь өөрчлөгдөж болдог. Жишээ нь улирлаар дүгнэхдээ нэг албан хаагчийг 86 хувьтай дүгнэх юм бол 30 хувийн урамшуулал авах ёстой. Харин хагас, бүтэн жилээр дүгнэх юм бол 35 хувь гэж үзэхэд 70 хувийн үр дүнгийн урамшуулал авах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь албан хаагчдаа хагас, бүтэн жилээр 86 хувиар дүгнэн 86 хувийн үр дүнгийн урамшуулал олгосон. 218 дугаар тогтоолоор 100 хувь хүртэл дүгнэж үүнийхээ дагуу 05 дугаар тогтоолд зааснаар дээд хэмжээ 40 хувиар үр дүнгийн урамшуулал олгож болно. Нэхэмжлэгч ганцаараа хохирсон мэт тайлбарлаж байна. Би бас хохирсон. Учир нь 11 дүгээр сараас хойш Үндэсний аудитын газарт 5 удаа шалгуулаад 18 удаа тайлбар бичсэн байна. Миний чихний хэнгэрэг хагарсан. Би ханиадтай байхдаа шалгуулаад л явж байсан. Надад маш хэцүү, дарамттай байсан. Би ахлах аудитор болох хүсэлтээ өгсөн байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл би аудитороор ажиллаж байгаа. Энэ асуудлаас болж миний асуудал хойшлогдсон, мөн эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон байна. 2022 оны 218 дугаар тогтоолын дагуу албан хаагчдаа үнэлж, 2019 оны 05 дугаар тогтоолын дагуу үнэлсэн үнэлгээний дагуу үр дүнгийн урамшуулал олгодог зохицуулалттай. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч Б.Мыг ажлаас чөлөөлөгдөхөд би оролцоогүй. Энэ асуудал надтай болон маргаан бүхий акттай огт холбоогүй юм. Мөн тус актыг Б.М гэдэг хүнд холбогдуулан нэр дурдаж гаргаагүй. Актад холбогдогч этгээд нь Б.М мөн эсэхийг тогтоох эрх бүхий этгээд нь биш. Нэг, хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй этгээдүүдийг дуудаж актаа гаргасан. Холбогдох албан тушаалтнуудыг илүү олгосон үр дүнгийн урамшууллыг буцаан төлөх үүргийг өгсөн. Нэхэмжлэгчид чиглэсэн үр дагавар үүсгэсэн акт биш шүү дээ. Илүү үр дүнгийн мөнгийг төсөв буцааж татсан. Сонсох ажиллагаатай холбоотой тайлбар хэлэхэд Хуульд заасан хугацааны дагуу 02 дугаар сарын 25-ны өдөр манай аудит гарах ёстой байсан. Гэтэл тус өдөр хагас сайн өдөр байсан тул 02 дугаар сарын 24-ний өдөр гарсан. Би н.Э*******, н.Б******* нартай холбогдож чадахгүй байсан. Би асуудлын бүртгэлээ 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан ба 02 дугаар сарын 20-ны өдөр надад нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан хүмүүсийг баталгаажуулж, асуудлын бүртгэлийг хүлээн зөвшөөрсөн. Би ганцхан Нийслэлийн Байгаль орчны газарт аудит хийдэггүй. Надад 42 байгууллага байдаг, түүнээс 6 байгууллага нь дүгнэлт гаргадаг байгууллага байгаа. Надад Нийслэлийн байгаль орчны газрын хэлтсийн даргыг дуудах эрх байхгүй. Би нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан албан тушаалтнуудад сонсох ажиллагаа хийж, хүлээн зөвшөөрсөн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тайлбар байхгүй. Гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудитын менежер З.М, С.Г, аудитор Э.У нарын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай ******* дугаар актаар Газрын даргын 2022 оны А/101, А/154 дүгээр тушаалаар албан хаагчдад хагас, бүтэн жилийн үр дүнгийн урамшууллыг олгохдоо мөнгөн урамшууллын дээд хэмжээг хэтрүүлэн 5,181,229 төгрөгийг олгосон нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д Хариуцлагатай байх, 6 дугаар зүйлийн 6.4.1-д Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.2 Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна. заалттай нийцэхгүй, нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлийг хангахгүй байна... гэж үзэж, Нийслэлийн Байгаль орчны газрын зөрүүтэй олгосон урамшуулал 5,818,229 төгрөгийг холбогдох албан тушаалтнаар нь төлүүлж, Нийслэлийн Төрийн сангийн төсвийн орлогын Нийслэлийн Төрийн сан дахь ... тоот дансанд төвлөрүүлэх, уг актын биелэлтийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор Нийслэл дэх Төрийн аудитын газарт ирүүлэхийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга болон нягтлан бодогч нарт хариуцуулж шийдвэрлэсэн байна.
Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан илт, илэрхий алдаатай захиргааны актыг ойлгоно.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлүүд нотлох баримтаар тогтоогдохгүй бол шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, маргаан бүхий 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай ******* дугаар актад илт хууль бус захиргааны актын шинжүүд тогтоогдохгүй байна.
Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай ******* дугаар актыг гаргахдаа Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно. гэж заасныг үндэслэсэн байна.
Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 6.3.1-д шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх;, 6.3.3-д төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд хуульд заасан болон шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийх; гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, хариуцагч нь хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд буюу эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий Төлбөр барагдуулах тухай ******* тоот актыг гаргасан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай гэж заасан үндэслэлээр маргаж байх боловч маргаан бүхий захиргааны актаас үзэхэд, утга агуулгын илэрхий алдаатай үндэслэл тогтоогдсонгүй.
Мөн нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. гэж тус тус заасан үндэслэлүүдээр маргаж байх боловч маргаан бүхий Төлбөр барагдуулах тухай ******* тоот актад ... төгрөгийг холбогдох албан тушаалтнаар төлүүлж, актын биелэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт ирүүлэхийг Байгаль орчны газрын дарга болон нягтлан бодогч нарт хариуцуулав гэж хэн хариуцах, хэрхэн биелүүлэхийг тодорхой заасан байх тул нэхэмжлэгч эдгээр үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2022 оны эхний хагас жилийн ажил дүгнэж, урамшуулал олгох тухай А/101 дүгээр тушаалыг даргын үүрэг гүйцэтгэгч М.Нямбаяр гаргасан, харин тус газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2022 оны жилийн эцсийн ажил дүгнэж, урамшуулал олгох тухай А/154 дүгээр тушаалыг даргын үүрэг гүйцэтгэгч Б.М гаргасан байх тул маргаан бүхий Төлбөр барагдуулах тухай ******* тоот актын Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/101 дүгээр тушаалтай холбоотой хэсэг нь нэхэмжлэгч Б.Мд хамааралгүй болох нь тодорхой тогтоогдож байх тул нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй.
Нийслэл дэх Төрийн аудитын газрын Төлбөр барагдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот актыг гаргах үед үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2 дугаар зүйлийн 2.2-д төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна. гэж заасан байна.
Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/154 дүгээр тушаалаар дээрх журмын 2.2-д заасан 40 хувиас хэтрэхгүй байх хязгаарлалтыг зөрчиж мөнгөн урамшуулал олгосон болох нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Үр дүнгийн урамшууллыг тулган баталгаажуулсан ажлын баримт-аар[1] болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар тодорхой тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоол, 2020 оны 218 дугаар тогтоолуудаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын дагуу байгууллагын албан хаагчдад мөнгөн урамшуулал олгосон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь дээрх Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмаар төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох дээд хэмжээ, хязгаарыг зохицуулаагүй, тус журам нь энэ харилцаанд хамааралгүй, харин уг журам нь Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг ямар үнэлгээгээр, хэдэн оноогоор хэрхэн дүгнэх талаарх тусдаа харилцааг зохицуулсан журам байх тул нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй.
Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь маргаан бүхий Нийслэл дэх Төрийн аудитын газрын ******* тоот акт нь зөвхөн Б.Мд хаяглагдсан, чиглэгдсэн акт биш, тухайн байгууллагад хамааралтай акт байх ба сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга, нягтлан бодогчид хандаж явуулсан, сонсох ажиллагаанд тус газрын дарга, нягтлан бодогч болон бусад төлөөллийг оролцуулсан байна.
Мөн түүнчлэн сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэл нь захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцох хэмжээний үндэслэл болохгүй юм.
Иймд шүүх дээр тайлбарласан үндэслэлүүдээр буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актын шинжүүд тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин энд тэмдэглэхэд,
Хэргийн оролцогчид нь шүүх хуралдаанд Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/154 дүгээр тушаалаар олгосон мөнгөн урамшууллын илүү олгосон урамшууллыг Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчдын цалингаас буцаан суутгаж улсыг хохиролгүй болгосон, энэхүү буцаан суутгасан мөнгийг оны эцэст Төрийн сангаас буцаан татаж авсан, Байгаль орчны газраас төсөвтөө тодотгол хийлгэх хүсэлтийг холбогдох байгууллагад явуулсны үндсэн дээр Төрийн сангийн буцаан татаж авсан санхүүжилтийг байгууллагадаа буцаан авч, уг мөнгийг нийслэлийн төрийн сангийн дансанд байршуулах замаар Төлбөр барагдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот актыг биелүүлэх боломжтой гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
Дээрх хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, илүү олгосон урамшууллыг Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчдын цалингаас буцаан суутгаж авсан байх тул улсыг хохироосон зүйл байхгүй, улсыг хохиролгүй болгосон гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Нийслэлийн Байгаль орчны газраас иргэний хэргийн шүүхэд хандан Нийслэл дэх Төрийн аудитын газрын ******* тоот актаар тогтоосон хохирлыг Б.М надаас гаргуулах нэхэмжлэлийг гаргаж иргэний хэргийн шүүхэд хянагдаж байгаа гэж тайлбарлаж байх ба хэргийн оролцогчдын дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь улсыг хохиролгүй болгосныг нотлох баримтуудыг иргэний хэргийн шүүхэд гаргаж өгөх эрх нь нээлттэй байгааг энд тэмдэглэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 6.3.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Мы Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай ******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ