| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04589/и |
| Дугаар | 184/ШШ2024/02805 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/02805
2024 05 21 184/ШШ2024/02805
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, төгөлдөр 12 байр, 201 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Зүүнбаян уул 9 гудамж, 50 тоотод оршин суух, Боржигон овогт Даваасүрэнгийн Олзбаяр /рд:*******/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 13,230,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Даваасүрэн овогтой Олзбаяр нь ******* Экспресс ББСБ ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр FX/2021/479 дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулан 9,500,000 төгрөгийн зээлийг сарын 2,7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч Даваасүрэн овогтой Олзбаяр нь зээл авснаас хойш зээлийн хуваарийн дагуу төлбөр төлж байгаад 2022 оны 06 дугаар сараас төлбөрөө төлөхгүй байгаа мөн зээлийн эргэн төлөлтөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
2023 оны 06 сарын 27-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тус хаягтай оршин суудаггүй тул шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 09 сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/02697 дугаар шүүхийн шийдвэрээр Д.Олзбаярыг эрэн сурвалжилж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтсийн 1116 дугаар тоотоор хариуцагчийн оршин суух хаягийг тодорхойлж дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нь анх зээл авснаасаа хойш ББСБ-д үндсэн зээлд 1,885,065 төгрөг, зээлийн хүүнд 3,714,121 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 295,814 төгрөг нийт 5,490,012 төгрөг төлсөн.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7,614,935 төгрөг, зээлийн хүү 4,619,033 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 908,534 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг, нотариатын зардал 17,500 нийт 13,230,201 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Олзбаяр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр автомашин авах гэрээ хийсэн. 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний хуваарийн дагуу төлж барагдуулж байсан. 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ганболдын Сүхболдоос Ирээдүйд хөрөнгө өмчлөлдөө шилжүүлэн авах болзол гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ББСБ ХХК нь Д.Олзбаярт холбогдуулан 13,230,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл сар бүр 1,470,022 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Олзбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,230,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 13,230,201 төгрөгийг хариуцагч Д.Олзбаяр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл сар бүр 1,470,022 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан боловч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* экпресс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Олзбаярт холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 13,230,201 төгрөгийг хариуцагч Д.Олзбаяр нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл сар бүр 1,470,022 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 224,101 төгрөгөөс 112,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 112,050 төгрөгийг, хариуцагчаас 112,050 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН