Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/02810

 

2024 05 21 184/ШШ2024/02810

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, 14 дүгээр гудамж, 418 тоотод оршин суух, Зэлмэн овогт Батсайханы Мягмарсүрэн /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 31 дүгээр байр, 46 тоотод оршин суух, Боржигон овогт Жаргалсайханы Золбаяр /рд:УХ90020987/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Ж.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мягмарсүрэн миний бие 2006 онд Ж.Золбаяртай танилцаж 2008 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүү Анхбаяр 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр охин Тэргэлсаран нар мэндэлж 2 хүүхэдтэй болсон билээ. Улмаар бид 2 хоорондоо таарамжгүй болж 2019 оноос тус тусдаа амьдарч байгаа цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн асрамжид бид хоорондоо ярьж тохиролцсон, ерөнхийдөө ээж дээрээ байгаа, 2 хүүхэд маань бид хоёр дээр ээлжлээд ирж очоод асуудал үүсэхгүй. Үр хүүхдээ бодоод эвлэрч амьдрах гэж их хичээсэн ч бүтээгүй гэв.

 

Хариуцагч Ж.Золбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тусдаа амьдраад 5-6 жил болж болно. Одоо эргэж хамтдаа амьдрах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа боловч хүү маань эцэг дээрээ ирэн очин байдаг. Ерөнхийдөө миний асрамжид байдаг. Хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн тал дээр маргаан байхгүй. 13 жилийн турш хамт амьдарсан тул ингэмээр байна, тэгмээр байна гэж зовоохыг хүсэхгүй байна. Хүүхдүүд маань том болсон.

Миний хувьд үр хүүхдээ бодоод эвлэрч амьдрах талаар маш олон удаа оролдож үзсэн боловч болоогүй учир цаашид эвлэрэх хүсэлгүй байна. Хамт амьдарч байх хугацаанд нөхөр маань надад гар хүрдэг байсан учир би дахин өмнөх амьдрал руугаа эргэж очиж хүсэл байхгүй. Хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Цаашид хамт амьдрахгүйгээс хойш гэр бүлийн баталгаатай байх шаардлаггүй, 2 хүүхдээ бодоод гэрлэлтээ цуцлуулж байгаа. Өөр ямар нэгэн хүсэлт санал байхгүй. Эвлэрүүлэн зуучлалд өмнө жил орсон боловч ажил болохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Эцэг нь хүүхдүүдээ бодоод тус дэм болоод явах байх гэж бодож байгаа. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мягмарсүрэн нь Ж.Золбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Б.Мягмарсүрэн, Ж.Золбаяр нар нь 2006 онд танилцан, 2008 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1149 дугаарт бүртгэгдэн гэрлэлтийн гэрчилгээ авчээ. /хх-ийн 5-р хуудас/

 

Улмаар тэдний дундаас 2008 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүү Мягмарсүрэнгийн Анхбаяр, 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин Мягмарсүрэнгийн Тэргэлсаран нар төрсөн болох нь тэдний төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдал болон тусдаа гэр бүлтэй болсон тул цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргасан байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж тус тус заасан ба гэрлэгчдийн дунд хүчирхийлэлтэй, гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд хохирч болзошгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх боловч гэрлэгчид хэн аль нь гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас 2019 оноос тусдаа амьдрах болсон гэх тайлбарыг гарган эвлэрэх хугацаа авахаас татгалзан, эвлэрч амьдрах хүсэлгүй байгаа болохоо илэрхийлж байна.

Иймд гэрлэгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн гэрлэгчид эвлэрэх бодит боломжгүй гэж үзэн тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар хүүхдийн асрамж, тэтгэлэг буюу асран хамгаалалтын болон тэжээн тэтгэх харилцааг үүсгэдэг. Гэрлэгчид хамтран амьдрах боломжгүй болсон ба хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар гэрлэгчдийн дундаас төрсөн хүү М.Анхбаяр, М.Тэргэлсаран нар нь эх Ж.Золбаярын асрамжид байгаа нь тогтоогдож байна. Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргахгүй, харилцан тохиролцсон байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчид дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар маргаангүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар эцэг Д.Мягмарсүрэн болон эх Ж.Золбаяр нар нь хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр байх төдийгүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг эх Ж.Золбаяр энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Д.Мягмарсүрэн нарт тус тус даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Золбаяраас 70,200 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнд олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д заасныг баримтлан Зэлмэн овогт Батсайханы Мягмарсүрэн /рд:*******/, Боржигон овогт Жаргалсайханы Золбаяр /РД:УХ90020987/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Мягмарсүрэнгийн Анхбаяр, 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Мягмарсүрэнгийн Тэргэлсаран нарыг эх Ж.Золбаярын асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Золбаяраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнд олгосугай.

 

4.Гэрлэгчид дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН