Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/02813

 

2024 05 21 184/ШШ2024/02813

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 22а 200 тоотод байрлах, ******* ББСБ ХХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо хустайн 7 дугаар гудамж, 10б тоотод оршин суух, Боржигон овогт *******гийн ******* /рд: *******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,609,189.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК болон хариуцагч П.******* нарын хооронд 2022 оны 01 сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас S20FE маркийн гар утас худалдан авах зориулалтаар 1,999,900 төгрөгийг, 1 сарын 3.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан.

Тухайн зээлийг П.******* нь S20FE маркийн rap утас худалдан авах зориулалтаар авсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2 дах хэсэгт зааснаар зээлийн зориулалтын дагуу П.******* худалдан авсан S20FE маркийн гар утасны төлбөр болох 1 999 900 төгрөгийг Сайн интернэшнл ХХК-нд шилжүүлсэн. Мөн П.******* нь тус S20FE маркийн rap утсыг эрхийн болон аливаа доголдолгүйгээр хүлээн авсан болно.

Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт заасан ...Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах... гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Манай компанийн зүгээс хариуцагч П.*******ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч П.******* нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,482,920.95 төгрөг, зээлийн хүү 957,520.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 159,747.26 төгрөг байх бөгөөд нийт 2,600,189.19 төгрөг төлөхөөр байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2,600 189.19 төгрөг, мөн нотариатын зардал 9 000 төгрөг, нийт 2,609,189,19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 2,609,189.19 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй П.******* миний бие ажил албан байгууллагын алдаанаас болоод цалингаа 3,4 сарын хугацаанд аваагүй шалтгаанаас болоод төлөлтөө хийж чадаагүй. Доо би уг төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг 2,609,189.19 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 2 хуваан төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч П.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,609,189.19 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,609,189.19 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 2 хуваан төлж барагдуулахаар зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн уг тайлбартай танилцаад түүний тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,609,189.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,609,189.19 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 2 хуваан төлж барагдуулахаар зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 56,697 төгрөгөөс 28,348.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 28,348.5 төгрөгийг, хариуцагчаас 28,348.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН