| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0040/э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 39
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатар овогт О.Т-д холбогдох 1821000000018 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кадастрын инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, “Хаан хүнс” ХХК-ийн хажууд байрлах нийтийн байрны 3 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баатар овогт О.Т.
Шүүгдэгч ... нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг Шүр захын хойно байрлах “Найнги” дэлгүүрийн үүдэнд хохирогч С.Ө-ийн нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч .... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос санал болгож байгаа 500.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна... гэв.
Хохирогч С.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн орчим өөрийн эзэмшлийн Тоёота Королла маркийн 59-62 УБУ дугаарын тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад Хэрлэн сумын 6 дугаар баг Шүр захын хажуугаар өнгөрөх гэхэд зогсоол дээрх машинууд 4 эгнээ болж зогсож байсан ба Приус 10 маркийн 80-83 ДОР дугаартай тээврийн хэрэгсэл зам хааж зогсчихоод хөдлөхгүй түгжрээ үүсгээд байсан ба хөдлөөд “Талын унага” төвийн хажууд зогсож байхаар нь би араас нь очиж машинаасаа буугаад Приус 10 маркийн 80-83 ДОР дугаарын тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талыг хаалгыг онгойлгож жолооч залууд хандаж “Чи түгжрээ үүсгээд байх юм, хөдлөөч” гэж би уурлан харааж загнасан. Тэгтэл тэр залуу машинаасаа бууж ирээд “Чамд ямар хамаатай юм бэ” гээд бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдахад нөгөө залуу гудамжинд хэрэлдээд яахав ийшээ хөдлөе гээд машиндаа суухаар нь би түрүүлж машинаа асааж хөдлөөд Шүр захын хойд талд байрлах Найнги дэлгүүрийн үүдэнд очиж зогсоход нөгөө залуу араас ирж зогссон. Би машинаасаа буухад нөгөө залуу машинаасаа буугаад ирэхээр нь би заамдаад зогсож байхад нөгөө залуу намайг тонгорч газар унагаад миний нүүр рүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Намайг өшиглөхөд миний хамраас болон баруун хөмсөгнөөс цус гарсан.Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэжээ. /хх-ийн 05-06 тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 75 тоот актын дүгнэлтэд
1. С.Ө-ийн биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал, алимны доргилт, дээд зовхинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 15 тал/
- Гэрч Ө.Санчирын мэдүүлэг /хх-ийн 09 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ... нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг Шүр захын хойно байрлах “Найнги” дэлгүүрийн үүдэнд хохирогч С.Ө-ийн нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 75 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Т-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч О.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч О.Т нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хохирогч С.Ө нь шүүгдэгч О.Т-ээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч О.Т тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ