| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04580/и |
| Дугаар | 184/ШШ2024/02814 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2024/02814
2024 05 21 184/ШШ2024/02814
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, 13 давхар, 1301А тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Оёдлын 1 гудамж, 12 тоотод оршин суух, Зузаанууд овогт Мөнхцэцэгийн Оролмаа /рд:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,699,828.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч М.Оролмаа нь манай компанитай 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр L24402788 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай, богино болон урт хугацаат Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.3 дахь хэсэгт заасан Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглах, зээл авах эрх нээгдсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно хэмээн заасны дагуу зээлдэгч М.Оролмаагийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас:
1. 2023 оны 5 дугаар сарын 19-ний-ны өдөр 7100047734 дугаартай зээлийн дансны дугаартай 2,300,000 /хоёр сая гурван зуун мянган төгрөг/ -ийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй, зээлдэгчийн 2905170852 банкны тоот дансанд хүлээн авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т зааснаар Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй тул 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2,3000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл, үндсэн зээл 1,991,034 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 652,758 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,536 төгрөг, нийт 2,692,328.40 төгрөг мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан зардал 7,500 төгрөг нийт 2,699,828.40 төгрөгийг хариуцагч М.Оролмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Оролмаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 2,699,824.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй М.Оролмаа миний бие танилцлаа. Миний бие М.Оролмаа 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус банк бусаас хэрэглээний зориулалтаар богино болон урт хугацаат зээлийг авч цахим зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлээ эхний хэдэн сар төлөөд сурах шалтгааны улмаас ажлаасаа гарч зээлээ төлөлтөө хийгээгүй орхисон. Миний бие М.Оролмаа нь 2,699,824 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 3 хуваан сар бүр 899,942.7 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.Оролмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,699,824.4 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч М.Оролмаа нь нэхэмжлэлийн шаардлага 2,699,824.4 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн уг тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Оролмаад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,699,824.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Оролмаа нь 2,699,824.4 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 3 хуваан сар бүр 899,942.7 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 58,147.25 төгрөгөөс 29,073 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 29,073 төгрөгийг, хариуцагчаас 29,073 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН