| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0031/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
шүүгдэгч Б.С /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706012340399 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.С, 1997 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Монелийн 11 дүгээр гудамж 194 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.С 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Билгүүнжаргалтай маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу болон 450 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Г.Билгүүнжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2017 оны 8 дугаар сарын 12-ны орой эхнэр хүүхэдтэйгээ цэцэрлэгт хүрээлэн ороод гэр лүүгээ өөрийн 69-97 УБЭ улсын дугаартай Тоёота спасио маркийн авто машинтай явж байтал Дүнжингаравын баруун тал хойд зүг чиглэлтэй замын гарам хүрэх гээд явж байхад миний машины урдуур гэнэт цэнхэр өнгийн портер орж ирж би тормоз гишгэж зогссон. Тэр машин цааш явсан, би тэгээд уулзвараар баруун эргэж тэр машины урдуур орсон...учир нь хүний машины урдуур гэнэт орвол ийм байдаг гэж сануулах гэж тэгсэн...Цааш чулуун овооны тойргоор явж байтал портер миний урдуур орж хөдөлгөөнөө удаашруулахаар нь би тэр машины урд нь гараад зогссон. Миний машинд тэр үед эхнэр, хойд суудалд эхнэрийн дүү Сүхбат явж байсан ба Сүхбат бид хоёр машинаас буусан. Тэгтэл хойд талын машины баруун хаалгаар 2 залуу бууж ирсэн ба нэг залуу нь манай дүүг цохих гэхээр нь би татаад хойшлуулсан, тэгэхэд тэр залуу нь миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохьсон, тэр үед хажууд байсан хүмүүс салгасан...” гэсэн мэдүүлэг. /хх-14-15/,
Гэрч Г.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Билгүүнжаргал гэх залуу Санчиртай муудсан. Тэгээд нэг нэгнийхээ нүүр рүү цохьсон. Санчир тэр залууг цохих үед Билгүүнжаргал гэх залуугийн хөмсөг орчмоос нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-21/,
Гэрч Б.Баасанжав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Санчир жолоочтой уулзахаар буусан чинь нөгөө машинаас буусан 2 залуугийн жолооч залуу нь буюу өндөр залуу нь Санчирыг хүзүү орчмоод нь цохьсон. Тэгтэл Санчир зөрүүлээд жолооч залууг нүүрээд цохьсон. Тэр үед тэр залуугийн хөмсөг орчмоос нь цус гарсан өөр зодоон болоогүй...” гэсэн мэдүүлэг. /хх-22/,
Яллагдагч Б.С мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчимд машинаар шахлаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хохирогч Билгүүнжаргалтай маргаж нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-39/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №453 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.С 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Билгүүнжаргалтай маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Г.Билгүүнжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирлын талаарх баримтаа гаргаж өгөөгүй ба хохиролд 200.000 төгрөгийг хүлээн авсан, гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт /хх-36х/-дээ дурьдсан ба прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.С-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С-т оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР