Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/1073

 

 

 

 

 

 2022             11             10                                       2022/ДШМ/1073                                                                                             

Н.Г-, Ц.Ж- нарт                                                                                           холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,  

шүүгдэгч Н.Г-, түүний өмгөөлөгч Ц.Амар,

шүүгдэгч Ц.Ж-, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28ы өдрийн 2022/ШЦТ/642 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ж-ы өмгөөлөгч Ш.Сарангэрэл, шүүгдэгч Н.Г-ын өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Г-, Ц.Ж- нарт холбогдох 2002000650122 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Н-ийн Г-, Улаанбаатар хотод 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, инженер, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн мэргэжлийн хяналт газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000/

Б овгийн Ц-ын Ж-, Улаанбаатар хотод 1963 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, 0 ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/;

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 4,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.  

Н.Г- нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Ж-ы хилээр гаргах малын гаралтай түүхий эдэд хяналт шалгалт хийлгэх, байцаагч томилуулж дүгнэлт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 800,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт, Ц.Ж- нь хяналт шалгалт хийлгэх, байцаагч томилуулж дүгнэлт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс давуу байдал олж авах зорилгоор Н.Г-од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ц.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Г-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Ж-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Н.Г-, Ц.Ж- нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-оос 800,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CD-г хэрэгт хавсарган үлдээхээр зааж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Ж-ы өмгөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч яллах дүгнэлтийн үндэслэл болсон зарим нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх байр суурьтай оролцож мэтгэлцсэн бөгөөд өмгөөлөгчийн хувьд хэрэгт оролцсон үеэс эхлэн зүйлчлэлээр маргаж байсан нь прокурорт гаргасан хүсэлт, гомдлоос харагдана. Ц.Ж-ы гэрчээр 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжтэй болох нь гэрч Г-, Мөнгөнсүх, Мажигсүрэн, Бямбасүрэн нарын мэдүүлгээр нотлогдсон. Харин хахууль өгөх гэмт хэрэгт гэм буруугүй гэдэг байр сууринаас давж заалдах гомдлын шаардлагаа тодорхойлж дараах үндэслэлийг гаргаж байна.

Шүүх Ц.Ж-ыг хилээр гаргах малын түүхий эдэд хяналт шалгалт хийлгэж, байцаагч томилуулж, дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс цаашид өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хэлтсийн дарга Н.Г-од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800,000 төгрөгийн хахууль өгсөн гэм буруутайд тооцсон.

Гэрч Т.Э шүүгдэгч Г-ын удирдлагад ажиллаж байгаад албан тушаал буурсандаа өш санадаг. Шүүгдэгч Ж-тай олон жилийн ажил хэргийн харилцаа хамаарлаас танилууд болсон ба түүнээс өөрөөс нь 800,000 төгрөг авсан тухай сонсож мэдсэн. Хэрэв Ж- хахууль өгч өөртөө давуу байдал олж авсан бол энэ тухай таарамжгүй харилцаатай хүнд нь зориуд мэдэгдэх хэрэгцээ шаардлага байхгүй. 800,000 төгрөг өгсөн учир шалтгааныг тайлбарлаж мэдэгдээгүй, эх сурвалжаар дамжуулан гомдол гаргасныг нь шууд нотлох баримт гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрч Ж.А нь Ж- 800,000 төгрөгийг өгсөнийг гэрчилж байгаа ч учир шалтгаан, санаа зорилгыг нотлохгүй. Энэ хоёр гэрч шүүгдэгч нарыг албаны харилцаатай болохоос өмнө хувийн харилцаатай байсныг үгүйсгэж чадаагүй. Гэрч П.М-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний мэдүүлэг хууль журмын дагуу авагдаагүй бөгөөд дахин мэдүүлэгтээ яагаад үнэн зөв мэдүүлээгүй тухайгаа тайлбарласан. Хоёр адуу 2018 оны хавар 3, 4 сард ачуулсан, үүнийгээ өмнө санаагүй, адуу ачуулах үедээ халамцуу байсан, малын хулгайн хэрэгт холбогдох гэж байна гэдгээ мэдүүлснийг няцаах баримт хэрэгт байхгүй. Гэрч Э, С, Ш, Г нарын мэдүүлэг хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлэх журам зөрчсөн учир нотлох баримтаар тооцох үндэслэлгүй. Гэрч С.А-гийн мэдүүлгээр Ж-ы “-” ХХК зөрчил гаргаж байгаагүй, дарга нөлөөлж байгаагүй гэдгийг нотолж байгаа. Гэрч Б нь Ж- Гачууртаас 2018 оны хавар 4, 5 сард адуу авсан талаар, гэрч М 2018 оны хавар Г- М-ээс адуу авчируулсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ цаг хугацаанд шүүгдэгч нар хувийн харилцаатай, адууны наймаа хийсэн болох нь нотлогдоно. Г- наймаа хийх цаг хугацаанд хэлтсийн даргаар ажиллаж байгаагүй, мөнгө авах хугацаанд ажил хэргийн хамааралтай байжээ гэдгийг нотлох ч тэдгээрийн хооронд ажил хэргийн холбоотой болохоос өмнө худалдах-худалдан авах харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна. Эдгээрээс авч үзвэл Ж- нь Г-оос 1 тооны адуу авсан, дарга болохоос өмнө нь урьдын харилцаатай байсан, харин 2020 оны 03 дугаар сарын 24-нд өгсөн мэдүүлэг нь зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхэд хүрч байгаа тул түүнийг ялласан 22.5 дугаар зүйлийн 1 дэх зүйл хэсгийг 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм. Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг нотлох баримтаас хасах үндэслэлтэй гэж шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан. Үүнд:

1-р хавтас 49 дүгээр хуудаст байгаа 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн даалгавар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт болохгүй бөгөөд мөрдөгчид 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.14 дэх заалтад зааснаар “өөр нутаг дэвсгэрт тодорхой ажиллагаа явуулах шаардлага гарвал энэ тухай даалгаврыг бичгээр хүргүүлэх ба түүнийг хүлээн авсан мөрдөн шалгах байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамтаар ирүүлэх” эрх олгохдоо даалгаврыг бичгээр, мөрдөн шалгах байгууллагад, тодорхой хугацаа зааж хүргүүлэх хэлбэрийн шаардлагыг хуульчилсан. Гэтэл мөрдөгч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрт тодорхой ажиллагаа явуулахдаа хугацаа заагаагүй, хэн нэг байгууллага, албан тушаалтанд даалгаагүй, даалгаврын дагуу албаны даргын томилсон бүрэлдэхүүнд ороогүй М.Б, Т.Б нар гэрчүүдийг асууж мэдүүлэг авч байгааг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл болох тул энэ даалгаврыг үндэслэн хийгдсэн дараах нотлох баримтуудыг бүхэлд нь нотлох баримтаас хасах нь зүйтэй.

1. 1 дүгээр хавтас 49 дүгээр хуудаст байгаа 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн даалгавар,

2. 1 дүгээр хавтас 50-52 дугаар хуудаст байгаа 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрч П.М-ээс М.Б-ийн авсан мэдүүлэг,

3. 1 дүгээр хавтас 53-54 дүгээр хуудаст байгаа 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрч Х.Э-аас М.Б-ийн авсан мэдүүлэг,

4. 1 дүгээр  хавтас 61-62 дугаар хуудаст байгаа 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрч О.Ш-аас М.Б-ийн авсан мэдүүлэг,

5. 1 дүгээр  хавтас 63 дугаар хуудаст байгаа 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрч Ч.Г-оос Т.Б-ийн авсан мэдүүлгийг,

Дараах нотлох баримтын зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх нь зүйтэй. Үүнд:

1. 1 дүгээр хавтас 55-56 дугаар хуудаст байгаа 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрч П.М-ээс И.М-ын авсан мэдүүлгийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний мэдүүлэгтэй холбогдуулж асуусан асуултын хариулт хэсэг,

2. 1 дүгээр  хавтас 57-58 дугаар хуудаст байгаа 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрч А.С-аас И.М-ын авсан мэдүүлгийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үйл баримт болох П.М-тэй холбогдуулж асуусан асуултын хариулт хэсэг,

3. 1 дүгээр хавтас 59-60 дугаар  хуудаст байгаа 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрч Б.Н-аас И.М-ын авсан мэдүүлгийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үйл баримт болох П.М-тэй холбогдуулж асуусан асуултын хариулт хэсгийг тус тус нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүлээн аваагүйг мөн давж заалдах шатанд анхаарч үзэж дүгнэлт хийж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай үйл ажиллагаа олон жил хэвийн үргэлжилж байгаад 2015 оноос хойш доголдож эхэлсэн. Н.Г-ыг хүүхэд байхаас нь мэднэ. Н.Г-ынх хурдан удмын адуутай, надад даага өгнө гэж байсны дагуу бид 1,000,000 төгрөгийн наймаа ярилцаад, сүүлд даагаа авсан. Үүнээс хойш Н.Г- ажилд орсон хойно надтай тааралдсан. Бидний дунд албан тушаалын холбогдол, харилцаа байхгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага механик үйл ажиллагаа явуулдаг байсан. Байцаагчийг тойргоор томилж, томилогдсон байцаагч нь дээж авч лабораторт хүргүүлдэг. Надад өөртөө давуу байдал бий болгох зорилго байхгүй. Энэ төрлийн үйл ажиллагааг олон жил явуулж байгаа. Н.Г-той хувийн ашиг сонирхол байхгүй” гэв.

Шүүгдэгч Н.Г-ын өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд миний үйлчлүүлэгч Н.Г- нь шүүгдэгч Ц.Ж-аас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 800,000 төгрөгийг Ж.А-гаар дамжуулан авч, тухайн мөнгөөр 40 хүүхдийн бэлэг бэлдүүлж, байцаагч нарын хүүхдүүдэд тараасан болох нь гэрч Ж.А, шүүгдэгч Н.Г- нарын мэдүүлгээр тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолно гэж заасан. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан...” гэж, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор ...эд зүйл өгсөн...” гэж хуульчлсан. Дээрх гэмт хэргүүд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй, хахууль өгөгчийн хүсэл зорилгоор түүний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх, давуу байдал бий болгох зорилготой үйлдэгддэг. Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар тогтоолд Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж юм. Мөн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь дээр дурдсан нийтлэг шинжээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрх, төлбөрийн хөнгөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт шүүгдэгч Н.Г- нь хахууль өгөгч Ц.Ж-ы “Хилээр гаргах малын түүхий эдэд хяналт шалгалт хийлгэж, байцаагч томилуулж, дүгнэлт гаргуулах” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн цаашид хэрэгжүүлэхийн тулд 800,000 төгрөгийн хахууль авсан буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд 800,000 төгрөгийн хахууль авсан гэх нэг ширхэг ч нотлох баримт байхгүй болно.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 254 дугаартай магадлалд “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт “Албан тушаалтан бэлэг авахаас өмнөх хоёр жилийн хугацаанд бэлэг өгөгч этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр, удирдлага, хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн бэлэг өгөгч этгээдээс албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг авсанд тооцно” гэж нийтийн албан тушаалтанд өгсөн мөнгийг ямар тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбоотой гэж үзэхийг тодорхойлсон хэм хэмжээг Эрүүгийн хууль тайлбарлахдаа анхаарч үзээгүй байна...” гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараах захиргааны хариуцлага хүлээлгэнэ” гэсний 29.1.2-т “энэ хуулийн 16 дугаар зүйл, 22.3 дугаар зүйлд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээдээр хууль бусаар хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг төлүүлж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар орсон албан тушаалаас чөлөөлөх” гэж заасан байна. Хуулийн зохицуулалтаас үзэхэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан зөрчил Эрүүгийн хуульд заасан гэмт хэргээс ямар нөхцөлд ялгагдах, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь ямар шинжээрээ ялгагдах талаар аль ч шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Өмгөөлөгчийн хувьд дээрх зөрчил, гэмт хэрэг нь сэдэлт, зорилгоороо ялгаатай гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үздэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3, 2.4 дэх заалтад шийтгэх тогтоолын агуулгыг тодорхой заасан байхад шүүх шийтгэх тогтоолдоо өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл заагаагүй байна.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгч Н.Г- нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Ж-ы “Хилээр гаргах малын түүхий эдэд хяналт шалгалт хийлгэж, байцаагч томилуулж, дүгнэлт гаргуулах” гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн цаашид хэрэгжүүлэхийн тулд 800,000 төгрөгийн хахууль авсан ... болох нь гэрч Т.Э, Ж.А, П.М, Э. С.Аү, Д.Б, Э.М нарын мэдүүлэг, Н.Г-ын хөрөнгө орлогын мэдүүлэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, Засгийн газрын 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан журам, үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Н.Г-, Ц.Ж- нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэснээс өөр дүгнэлт хийгээгүй. Гэрч Т.Эрдэнэсайханы мэдүүлэг нь Н.Г- нь Ц.Ж-аас 800,000 авсан гэснээс өөр зүйлгүй. Тэрээр анхан шатны шүүх хуралдаанд уг 800,000 төгрөгийг ямар зорилгоор өгсөн болохыг мэдэхгүй, хүүхдийн бэлэг тарааж өгөх үед Ц.Ж- бэлэг авч өгсөн гэж Н.Г- хэлээгүй, Н.Г-ыг хувийн зүгээс бэлэг өгч байна гэж ойлгосон талаараа тодорхой мэдүүлсэн. Мөн тус хэрэгт хувийн сонирхлоор хандаж Н.Г- дарамталж байна гэх худал хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт гаргаж байсан нь тогтоогдсон. Гэрч Ж.А мөн адил 800,000 төгрөгийг Ц.Ж-аас авсан талаараа мэдүүлдэг боловч ямар учиртай, ямар зорилгоор 800,000 төгрөг өгсөн талаар гэрчлээгүй, энэ талаар мэдэхгүй гэдгээ хэлсэн. Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүтэй мэдүүлэг өгсөн боловч шүүх аль мэдүүлгийг үнэлж байгаа талаараа тогтоол дурдаагүй. 2 мэдүүлгийн аль алинийг нь тогтоолд заасан. Гэрч Х.Э-ын мэдүүлэг хэрэгт хамааралгүй. Гэрч С.А-гийн мэдүүлэг нь Ц.Ж-д буюу-” ХХК-д ямар нэгэн давуу байдал олгож байгаагүй, байгууллагын үйл ажиллагаа хууль, дүрмийн дагуу явагдсан, Н.Г-оос ямар нэгэн үүрэг даалгавар, чиглэл авч байгаагүй талаар тодорхой мэдүүлсэн. Уг мэдүүлгийг ямар үндэслэлээр яллах талын нотлох баримтаар үнэлж байгаа нь ойлгомжгүй. Гэрч Э.М-гийн мэдүүлэг нь Н.Г-ын удаа дараа тогтвортой өгч байгаа мэдүүлгийн эх сурвалж болно. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн Н.Г-ын хөрөнгө орлогын мэдүүлэг нь түүний мэдүүлгийг эх сурвалж буюу хурдан удмын адуутай байсныг нотолно. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичиг, түүний хавсралтад “-” ХХК-аас гаргаж байсан хүсэлтүүд болон шийдвэрлэсэн байдлыг нотлох ба хүсэлтүүдийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч С.Н, Б.Б, С.А, Ц.Ж, Д.П нар хянан шалгаж шийдвэрлэж байсан болохыг дурдсанаас үзэхэд шүүгдэгч Н.Г- шийдвэрлэж байгаагүй болохыг нотолно. “-” ХХК-ийн үйл ажиллагаа Засгийн газрын 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журамд зааснаар явагдаж байсан. Уг журмыг ямар нэгэн байдлаар зөрчиж, “-” ХХК буюу Ц.Ж-д давуу байдал олгоогүй.

Шүүгдэгч Ц.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15.06 минутад /1хх 28/, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15.07 минутад /1хх 30/, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 18.32 минутад /1хх 32/, 2020 оны 04 дугаар сарын 15-ны өдөр 15.23 минутад /1хх 104-108/, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 14:43 минутад /1хх 110-113/ тус тус мэдүүлэг өгсөн байна.

Шүүгдэгч Ц.Ж-ы 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 18:32 минутад /1хх 32/ өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, эх сурвалжгүй, шүүгдэгч тус мэдүүлгийг худал мэдүүлсэн, худал мэдүүлэг өгсөндөө хариуцлага хүлээх хүсэлтээ илэрхийлсэн, ямар шалтгааны улмаас худал мэдүүлэг өгөх болсон талаараа тодорхой ярьсан. Түүнчлэн Ц.Ж-аас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 18:32 минутад /1хх 32/ мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт заасан “Дууны, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх бол мэдүүлэг өгч байгаа хүнд урьдчилан мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн. Ц.Ж-д мэдүүлэг авахаас өмнө бичлэгээр бэхжүүлж байгаа талаар урьдчилан мэдэгдээгүй нь хууль зөрчиж байхад анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлсэн.

Миний үйлчлүүлэгч Н.Г- нь шүүгдэгч Ц.Ж-аас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр авсан гэх 800,000 төгрөг нь тэдгээрийн хооронд 2018 оны эхээр хийгдсэн хурдан удмын даага худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох талаар анхнаасаа тогтвортой мэдүүлж ирсэн. Ийнхүү мэдүүлж байгаа нь Ц.Ж-ы гэрчээр өгсөн мэдүүлгүүд /1хх 27, 29/, гэрч П.М-ийн дахин өгсөн мэдүүлэг /1хх 55/, гэрч Д.Б-гийн мэдүүлгүүд /1хх 74, 78/, гэрч Э.М-гийн мэдүүлэг /1хх 79/, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 44 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.Г-ын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлэг /1хх 149-159/, гэрч П.М-ийн хүсэлт /3хх 132, 138/, зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа, хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Г-од холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч маань дэлгэрэнгүй тайлбарлалаа. Миний хувьд хоёр ч удаа цагаадаж, давж заалдах шатны шүүхээс удаа дараа буцааж байгаад хувь хүнийхээ хувьд харамсаж байна. Авлига өгсөн, авсан асуудал огт байхгүй. Би өөрийнхөө мөнгөөр өөрийн ажлынхаа хүмүүсийн хүүхдүүдэд бэлэг авч өгсөн” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлуудтай танилцсан. Өмгөөлөгч Ш.Сарангэрэл нотлох баримтаар тооцохгүй байх талаар гомдолдоо дурдсан байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид Сүхбаатар аймагт ажилласан. Үүнтэй зэрэгцэн тодорхой ажиллагаа хийлгэхээр Авлигатай тэмцэх газраас Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт мөрдөгчийн даалгавар явуулсан. Энэ даалгавар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн. Хэрэгт хэд хэдэн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай Мөрдөн шалгах албаны даргын тогтоол авагдсан. Энэ тогтоолд нэр заагдсан мөрдөгч нар Сүхбаатар аймагт ажиллаж байх үедээ тухайн даалгаварт заагдсан ажиллагааг хийсэн нь хууль зөрчөөгүй. Өмгөөлөгч Ц.Амарын дааганы талаар дурдсан асуудалд тайлбар хэлэхэд энэ асуудал 3 удаагийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Өмнөх хоёр цагаатгах тогтоолд дааганы талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгсөн. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод даага авчирсан гэх үйл баримт тогтоогдоогүй, гарал үүслийн бичиг авагдаагүй. Мөн дааганы өнгө зүсний талаар гэрч, яллагдагч нар зөрүүтэй мэдүүлдэг. Тухайн даагыг хариуцаж байсан этгээд анхны мэдүүлэгтээ “Надаас даага аваагүй, манайхаас ирж даага авсан зүйл байхгүй” гэдэг. Энэ мэдүүлгийг авдаг өдөр хоорондоо утсаар ярьсан болох нь гар утасны лавлагаагаар тогтоогдсон. Үүний дараа мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Эдгээр баримтаас дүгнэхэд даага худалдан авсан болох нь тогтоогдохгүй байна. Мөн өмгөөлөгч Ц.Амар бэлэг өгсөн нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үү, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан зөрчил үү гэдгийг ялгаж салгаж, өрсөлдөх хэм хэмжээг анхаарах нь зүйтэй гэж тайлбарлаж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт “Албан тушаалтан бэлэг авахаас өмнөх хоёр жилийн хугацаанд бэлэг өгөгч этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр, удирдлага, хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн бэлэг өгөгч этгээдээс албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг авсанд тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргаснаас хойш 2 жилийн хугацаанд бэлэг авахыг хориглосон агуулгатай. Үүнийг зөрчиж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөнгө өгч, авалцсан. Гэтэл “-” ХХК болон Н.Г-ын ажилладаг төрийн байгууллагын хооронд 2017 оноос 2020 оны хооронд үргэлжилсэн шинжтэй тогтмол харилцаа үүссэн. Тодруулбал 2017 онд 16, 2018 онд 20 удаа, 2019 онд 10 удаа, 2020 онд 1 удаа гэх мэтээр шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулж байсан. Гэмт хэрэг гарахаас өмнөх нэг жил болон түүнээс хойших хугацаанд тогтвортой харилцаатай байсан. Гэмт хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “-” ХХК-аас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Н.Г-ын хариуцсан тасагт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан ба үүнтэй зэрэгцэн Ц.Ж- “Ажилчдын чинь хүүхдүүдийн бэлэгний мөнгийг би гаргаж өгье” гэсэн санал тавьж мөнгө өгсөн үйл баримт тогтоогдсон. Энэ үйл баримтыг Ц.Ж- анхны мэдүүлгээрээ хүлээсэн. Үүнээс хойш оролцогчдын мэдүүлэг өөрчлөгдөж, нийлж эхэлсэн. Энэ дээр ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй, давуу байдал бий болоогүй гэж тайлбарлаж байна. Төрийн байгууллагад хүсэлт гаргаж малын түүхий эдэд дүгнэлт гаргуулан, экспортлон ашиг олдог компанид түүхий эдэд дүгнэлт гаргуулах ашиг сонирхол байгаа. 4 жилийн хугацаанд тогтвортой энэ үйлдлийг хийсээр ирсэн бөгөөд цаашид хэвээр үргэлжлүүлэх зорилгоор төрийн албаны шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд мөнгө өгч байгаа нь Эрүүгийн хуульд заасан хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Прокурор Сүхбат эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд гэмт хэргийн шинж, үйлдлийг маш тодорхой бичсэн. Өмгөөлөгч Ц.Амар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж тайлбарлаж байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэлбэрийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Прокурорын яллах дүгнэлтэд бичсэн хэргийн утгыг дурдаж, дүгнэлтээ маш тодорхой хийсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Ж-, Н.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Г- нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Ж-ы улсын хилээр гаргах малын гаралтай түүхий эдэд хяналт шалгалт хийлгэх, байцаагч томилуулж дүгнэлт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хэлтсийн ажилчдын хүүхдүүдэд өгөх бэлгэнд зориулж 800,000 төгрөг авсан, шүүгдэгч Ц.Ж- нь хяналт шалгалт хийлгэх, байцаагч томилуулж дүгнэлт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс Н.Г-од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хэлтсийн ажилчдын хүүхдүүдэд өгөх бэлэгний мөнгө 800,000 төгрөгийг өгсөн болох нь:

гэрч Т.Э-ы “... Н.Г- 2018 оны 12 дугаар сарын сүүлээр жилийн эцсийн тайлангийн хурлын дараа хэлтсийн байцаагчдыг “Тэнгис” кино театрын урд байдаг “Tom and Toms” нэртэй кафед оруулаад өөрийн зүгээс шинэ жилийн бэлэг өгч байна гээд бэлэг өгсөн. Энэ бэлэг ямар учиртай болохыг тухайн үед мэдээгүй. Дарга өөрөөсөө өгсөн гэж бодоод авсан. Гэтэл хожим нь “-” ХХК-ийн захирал Ж-тай уулзахад “Би танай дарга Н.Г-од 800,000 төгрөг өгсөн” гэж хэлсэн...” /1-р хх 23-24/,

гэрч Ж.А-ийн “... дарга Н.Г- ажилчдад бэлэг өгсөн. Тухайн үед Ж- манай өрөөнд орж ирээд “Дарга чинь чамд мөнгө үлдээчих гэж байна” гээд мөнгө өгсөн. Би Н.Г- дарга руу залгаж асуухад “Аваад үлдчих, 800,000 төгрөг байх ёстой” гэхээр нь би тоолж аваад үлдсэн. Даргад мөнгийг өгсөн чинь “Та энэ мөнгөөр ажилчдад өгөх бэлэг цуглуулчих” гэсэн тул тэр мөнгөөр 40 хүүхдийн бэлэг авсан... Ц.Ж- нь малын түүхий эд экспортод гаргадаг аж ахуй нэгжийн хүн байгаа юм. Манай хэлтсээр хяналт хийлгэдэг болохоор мэдэж байна...” /1-р хх 45-46, 47-48/,

гэрч С.А-гийн “... Аж ахуй нэгж нь манай байгууллагад улсын байцаагч томилуулах хүсэлт гаргадаг. Хэлтсийн дарга уг хүсэлтийг хүлээн авч хэлтсийн 8 байцаагчаас тойргын журмаар цохолт хийж, цохогдсон байцаагч тэр байгууллагын экспортлох гэж байгаа бараа бүтээгдэхүүнээс дээж авч, Нийслэлийн мал эмнэлгийн газар болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн аль тохироход нь шинжилгээнд хүргүүлнэ. Хүсэлт гаргасан аж ахуй нэгж нь шинжилгээнийхээ дүнг авч, гэрчилгээ авах бусад материалыг бүрдүүлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлдэг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гэрчилгээ олгосон тохиолдолд гэрчилгээгээ аваад бараа бүтээгдэхүүний ачилт хийхдээ, манай байцаагчид ханддаг. Манай байцаагч ачилт хийх талбайд нь очиж бараа, бүтээгдэхүүнийг гэрчилгээтэй тохирч байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж, зөрчилгүй тохиолдолд лацдаж, гэрчилгээн дээр гарын үсэг зурж, тэмдэг, лацны дугаараа тавьдаг. Тэгээд аж ахуй нэгж бараагаа ачуулж улсын хилээр гаргана ... Бид ачилт хийхэд анхнаас нь оролцож гэрчилгээтэй нь бараа бүтээгдэхүүнийг тулгаж хянаж шалгах ёстой. Тэгэхэд зарим аж ахуй нэгжүүд бараагаа ачилт хийснийхээ дараа дууддаг. Энэ тохиолдолд ямар бараа ачигдсаныг хянах боломжгүй учир гэрчилгээн дээр гарын үсэг зурж баталгаажуулдаггүй. Дахин буулгаж эхнээс нь ачихад хяналт тавиад гэрчилгээн дээр баталгаажуулаад явуулдаг. Манай улсын байцаагч нар зөрчилтэй байгаа тохиолдолд гэрчилгээн дээр баталгаажуулалт хийдэггүй, гэрчилгээг манай улсын байцаагч нараас баталгаажуулаагүй тохиолдолд хилээр бараа бүтээгдэхүүн гарахгүй...” /1-р хх 65-66/,

шүүгдэгч Ц.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “... Яг үнэндээ миний хувьд Г-оос даага авсан зүйл огт байхгүй. Түүнд өгсөн 800,000 төгрөг даагатай ямар нэгэн холбоо байхгүй. Бид хоёрын дунд дааганы наймаа хийх яриа гарч байсан нь үнэн. Гэхдээ энэ мөнгөтэй холбоо байхгүй. Би Г-од 800,000 төгрөгийг өөрийн хүсэл сонирхлоор “Бэлэг сэлт аваарай” гэдэг байдлаар өгсөн болохоос даага худалдан авсан зүйл байхгүй. Даага худалдаж авах талаар ярьж байсан болохоор өмнө нь өгсөн мэдүүлэгтээ 800,000 төгрөгийг даагатай холбоод ярьчихсан юм...

 2022 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Н.Г-ын өрөөнд байцаагч томилуулахаар хүсэлт өгөх гээд сууж байхдаа “Танай шинэ жил хэзээ болох вэ” гэж асуухад “Удахгүй болно, хүүхдүүдийн бэлэг сэлт авах хэрэгтэй байна” гэсэн. “Хэдэн хүүхдэд бэлэг өгдөг юм” гэхэд “40 хүүхэд” гэсэн. “Тэгвэл ах нь хүүхдүүдийн чинь бэлгийг даая” гэж хэлчихээд гарсан. Дараа нь нэг өрөөнд орохдоо “Бэлэгний мөнгийг хэнд өгөх вэ” гэхэд “Ариунаа ахлахад өгчих” гэсэн. Ингээд 800,000 төгрөгөө өгөх гэтэл өрөөндөө байхгүй болохоор нь А ахлах ажилтанд өгчихөөд явсан. Би өөрөө л “Хүүхдүүдийн чинь бэлгийг даая, ах нь хандив өгье” гэж хэлсэн юм...” /1-р хх 31-33/ гэсэн мэдүүлгүүд,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн “Зэмүүн” ХХК-ийн байцаагч томилуулах тухай хүсэлтүүд, бүртгэлийн хуудсууд /2-р хх 51-148/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Н.Г-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Ж-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Н.Г-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.Г-од хахууль авах гэмт хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Ж-д хахууль өгөх гэмт хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь тэдний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Давж заалдсан гомдлуудад дурьдсан үндэслэлүүдээр хэргийг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдов.

Шүүгдэгч Н.Г- нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/451 дүгээр тушаалаар Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байжээ. /1-р хх 154/

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дүгээр хэсгийн 12.1.6 дахь заалтын дагуу төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарч байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэсэн субъектын шаардлагыг хангаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Ж-ы өөрийнх нь  зөвшөөрлийн үндсэн дээр гэрчийн мэдүүлэг авахад “... Н.Г-ын өрөөнд байцаагч томилуулах хүсэлт өгөх гэж байх үедээ хүүхдүүдийн бэлэгний мөнгийг өгөх, авах талаар харилцан ярилцаж тохиролцсон ...” талаар мэдүүлсэн ба Ц.Ж-аас Н.Г-од өгсөн 800,000 төгрөгөөр хэлтсийн байцаагчдад зориулж бэлэг авсан тухай гэрч Ж.А-гийн мэдүүлэг, хэлтсийн даргын зүгээс ажилчдад бэлэг гардуулсан талаар хяналтын улсын байцаагч Т.Э-ы өгсөн мэдүүлэг, “-” ХХК-аас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаар албан бичгээр адууны дэл, сүүл экспортлоход хяналт тавих байцаагч томилуулахаар хүсэлт гаргасныг тус газар мөн өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Г-оос хяналтын улсын байцаагч Д.П-г томилсон талаарх бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Н.Г-ыг Ц.Ж-ы хилээр гаргах малын гаралтай түүхий эдэд байцаагч томилуулж, дүгнэлт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан, шүүгдэгч Ц.Ж-ыг өөрийн ашиг сонирхлын үүднээс шүүгдэгч Н.Г-од албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго хүний оюун санаанд бүрэлдэн тогтож, үйлдлээр илрэн гардаг тул хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн гэмт санаа зорилгын талаар дүгнэлт хийх боломжтой. Шүүгдэгч Ц.Ж- өөрийн эрхэлдэг ажил хэргийг гүйцэлдүүлэхээр төрийн байгууллагад хандахдаа шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд бэлэг, хандив нэрээр мөнгө санал болгосон, шүүгдэгч Н.Г- нь албаны чиг үүргийн хувьд харилцдаг хувийн аж ахуй нэгжийн албан тушаалтнаас хяналт, шалгалт хийх шийдвэр гаргах явцдаа мөнгө авсан байх тул тэдний үйлдэлд хахууль өгөх, авах гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, гэмт үйлдлийн шинж бүрэн хангагдсан гэж үзэв. Шүүгдэгч Н.Г- тухайн мөнгийг өөрийн удирдлагад ажилладаг мэргэжлийн хяналтын байцаагчдад хувиасаа гарын бэлэг өгөхөд зориулсан нь албан тушаалтан өөрт ашигтай нөхцөл байдал бий болгох гэсэн шунахай сэдэлтийг харуулж байна.

Давж заалдсан гомдлуудад дурьдсанчлан шүүгдэгч Н.Г-, Ц.Ж- нарын хооронд өгч, авалцсан 800,000 төгрөг нь хурдан удмын даага худалдсан үнэ байсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч Ц.Ж- гэрчийн мэдүүлэгтээ хурдан удмын даага авсан асуудал байхгүй, 800,000 төгрөг даагатай ямар ч холбоогүй талаар тодорхой мэдүүлсэн ба түүний энэ мэдүүлэг нь гэрч П.М /1-р хх 51-52, 56/, гэрч Х.Э /1-р хх 54/, гэрч О.Ш-ын /1-р хх 62/, гэрч Ч.Ганболд /1-р хх 63/ нарын мэдүүлгээр давхар нотлогдов.

Харин эдгээр гэрчүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ өөрчилсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхээс тухайн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль ёсны шаардлагыг хангасан байх тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлаар шүүхээс дүгнэлт хийхэд ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тодруулсны зэрэгцээ оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан зарим гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцохгүй байх талаар өмгөөлөгч нар гомдолдоо дурьджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд мэдүүлэг авах нийтлэг журмыг хуульчилсан бөгөөд энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна”, 15 дахь хэсэгт “Дууны, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх бол мэдүүлэг өгч байгаа хүнд урьдчилан мэдэгдэнэ” гэж заасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шүүгдэгч Ц.Ж-ы 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлгийг авахдаа дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж байгаа тухайгаа мөрдөгч урьдчилан мэдэгдээгүй нь дээрх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх боловч энэ тохиолдолд зөвхөн мэдүүлэг авах ажиллагааг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг нотлох баримтаар тооцогдох учиргүй. Харин гэрчийн хэлсэн, ярьсан зүйлийг тусгаж бэхжүүлсэн гэрчийн мэдүүлэг авах ажиллагааны тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэхэд дээр дурьдсан зөрчил нөлөөлөхгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад Эрүүгийн хуулийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан хахууль авах, өгөх гэмт хэргүүдийг Авлигатай тэмцэх газар харьялан мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Шаардлагатай бол мэдүүлгийг тухайн хүний байгаа газарт очиж авч болно” гэж заасан тул Авлигатай тэмцэх газрын мөрдөгч М.Батмөнх, Т.Баттөр нар Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гэрч П.М, Х.Э, О.Ш, Ч.Г нараас гэрчийн мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй байна.   

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Ж-ы өмгөөлөгч Ш.Сарангэрэл, шүүгдэгч Н.Г-ын өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28ы өдрийн 2022/ШЦТ/642 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г-ын өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Ц.Ж-ы өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР         

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН