| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0033/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч М.М /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706021320433 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн М.М, 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туул ферм 2/15-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч М.М нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаш” нэртэй зочид буудалд хохирогч Б.Лэгсоог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу болон 450 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Лэгсоо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Манай нөхөр Мэнд-Амар босож ирснээ чи цүнхээ аваад хаачих гэж байгаа юм гэснээ босож ирээд намайг зодсон. Тэгснээ аяга аваад миний толгой руу цохиод толгой хагалчихсан. Тэгснээ дахиад миний гар утсаар толгой түрүүгүй зөндөө цохьсон. Тэгээд газар унагаад үснээс зулгаагаад дээрээс дэвсээд намайг зөндөө зодсон. Би бүр бие салгалаад унах гээд байхаар нь хайраа болиоч ээ битгий зод л доо гэж зөндөө гуйсан...дахиад аяга аваад над руу дайрсан чинь Болдоо Мэнд-Амарыг чи ядаж наад аягаа больчихооч гээд байсан. Тэгсэн чи муу гөлөг минь дуугүй бай гээд намайг дахиад үснээс татаад дээрээс дэвсээд байсан. Миний бас баруун гуянаас хазсан. Тэгээд аяганыхаа хагархайгаар миний чих рүү цохиод чих сэтэлчихсэн…гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг. /хх9-12/,
Яллагдагч М.М мэдүүлэхдээ: “...Лэгсоо бид хоёр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаш нэртэй зочид буудалд орсон бөгөөд тухайн өдөр би Хаш зочид буудлын ойролцоо байрлах автомат тоглоомын газарт Болдоотой таарч хамт Хаш зочид буудал руу орсон. Болдоо бид 2 зочид буудалд орохдоо 0.5 литрийн хэмжээтэй 2 шил архи авч орсон ба зочид буудалд ороод Лэгсоо, Болдоо бид гурав архи ууж эхлээд 1 шил архиа ууж дуусаад дараагийн архиа ууж байхад би согтоод хэсэг унтсан байсан бөгөөд сэрээд харсан чинь Лэгсоо цүнхээ үүрээд явах гэж байсан...Би Лэгсоод хандаж хоёулаа хамт хүүхэд дээрээ очъё мөн хэд хоногийн дараа самранд явж мөнгө олж амьдралдаа зарцуулъя гэж хэлэхэд Б.Лэгсоо хүнтэй уулзана гээд гарах гэхээр нь миний уур хүрээд цохьсон. Мөн архи ууж байсан аягаар Лэгсоогийн толгой руу цохиход толгой нь хагарсан...” гэсэн мэдүүлэг. /хх 49-51/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №12273 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.М нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаш” нэртэй зочид буудалд хохирогч Б.Лэгсоог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Лэгсоо нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд
прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.М-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М-т оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, М.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР