Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/1074

 

 

 

 

 

   2022          11          10                                        2022/ДШМ/1074                                                                                                            

 

 

Б.А-, Б.М- нарт                                                                                            холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Э.Булганчимэг,

шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Г.Алтанчимэг,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,

хохирогч П.О,

хохирогч Г.Т,

хохирогч Д.Б-ын өмгөөлөгч О.Цолмон,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/809 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А-, Б.М- нарт холбогдох 2009000000705 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ийн А, Улаанбаатар хотод 1991 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “-” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Орхон аймгийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар:0 /

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял шийтгүүлсэн.

Б овгийн Б-ийн М-, Орхон аймагт 1992 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 1, Чингэлтэй  дүүргийн 0 тоотод оршин суух  бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар:000000 /

Шүүгдэгч Б.А- нь:

2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 0 ХХК-ийн 0 улсын дугаартай “Тоёота приус 41” загварын авто машиныг бусдад шилжүүлэх эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, уг баримт бичиг дээр гүйцэтгэх захирал Д.Б-ын гарын үсгийг дуурайлган зурж улмаар хуурамч бичиг баримтыг ашиглаж Авто тээврийн үндэсний төвд - ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний харилцааны явцад бий болсон автомашины биет байдлаар эзэмших эрхийг урвуулан ашиглаж, өөрт бий болоогүй автомашиныг өмчлөх, захиран зарцуулах, бусдад шилжүүлэх эрхийг хэрэгжүүлж - ХХК-ийн 7811УНА улсын дугаартай “Тоёота приус 41” загварын автомашиныг Д.Г гэгчид шилжүүлж компанид 17,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр П.О, Г.Т нарт “-” ХК-тай хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул хамтарч ажиллана” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Д.О-гаас 10,300,000 төгрөг, Г.Т-аас 21,200,000 төгрөг шилжүүлэн авсан,

2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр О.Г-ийн эзэмшлийн 4,500,000 төгрөгийн үнэ бүхий “Minelab GPX5000” загварын металл хайгчийг Б.М-эс 2 хоногийн хугацаатай ашиглаад өгье гэж хуурч авсан,

Шүүгдэгч Б.А-, Б.М- нар бүлэглэн:

2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 тоотод Ц.Ч-ыг Хүүтэй мөнгө зээлж, хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнөгэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 7,550,000 төгрөг авсан,

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б.Х-ын “Nissan рatrol” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг 18,000,000 төгрөгөөр худалдаж авна, үнийг удахгүй төлнө гэж хуурч, Б.М-ийн нэр дээр шилжүүлэн авч, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Г.Е-д 9,000,000 төгрөгөөр зарж борлуулан 18,897,384 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-г эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.М-ийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.А-г 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.А-гийн цагдан хоригдсон 161 хоногийн торгох ялд шилжүүлэн 2,415,000 төгрөгийг хасаж эдлэх ялын хэмжээг 12,585,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан 12,585,000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А- нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд төлөөгүй бол, шүүгдэгч Б.М- нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.А-гаас нийт 25,300,000 төгрөгийг гаргуулан, 900,000 төгрөгийг хохирогч П.О-д, 13,200,000 төгрөгийг хохирогч Г.Тд, 11,200,000 төгрөгийг “-”  ХХК-д тус тус олгож, шүүгдэгч Н.А- нь энэ хэрэгт 161 хоног цагдан хоригдсоныг,  шүүгдэгч Б.М- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Б.М-ийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэнд гомдолтой байна.

Нэг:

... Б.А- нь Б.Хүрэлбаатараас 18,000,000 төгрөгөөр автомашиныг нь худалдан авна, үнийг ажил эхлээд олсон ашгаас төлнө гэж тохиролцсон. Тухайн үед “-” ХХК-д хөрс хуулалтын ажил эхлүүлэхийг зорьж эхний ээлжинд дээрх компанийн 4 дүгээр амны урд байрлах кэмпүүдийн дэргэд 19 гэр /10 шинэ, 9 хуучин/ барьж, техникүүд /ковш, усны болон түлшний автомашин/, контейнер, каунти автобус /ажилчид зөөх/, инженер техникийн ажилчдаа зөөх Ланд круйзер 80 автомашин зэргийг барьж, байршуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын Линфен Шин Шөнли уул уурхайн тоног төхөөрөмжийн компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураад 2019 оны 12 дугаар сардаа олон улсын гэрээ байгуулсан хэдий ч ковид өвчний улмаас үр дүнд хүрээгүй. 2020 оны хавар гэрээгээр тохиролцсоноор 13 техник нь орж ирлээ гэхэд ажиллуулахад шаардлагатай 2 хятад инженер нь хил хаагдсан учир ирэх боломжгүй болсон. Энэ нь зохиомол байдлыг зориудаар бий болгосон зүйл биш юм.

Харин Б.А- уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэх итгэмжлэл хийлгэж аваад, Б.М-д шилжүүлэх болсон шалтгаан нь хотын харьяалалгүй учир зээл авч болохгүй байна гэхээр нь Б.М- тусалсан. Мөн автомашин нь механик кроптой тул Б.М-эр жолоодуулж байсан. Зээл өгөх Г.Е-тай Б.А- холбогдсон. Г.Е ч хотын харьяалалтай хүнд зээл олгоно гэснээр зээлийн гэрээг Б.М-тэй байгуулж, 9,000,000 төгрөг зээлэхэд Б.М-ийг ашигласан. Тухайн зээлүүлсэн 9,000,000 төгрөгийг Г.Е-аас Б.А- гардаж авсан. Энэ хэрэгт иргэний хариуцагчаар Г.Е-ыг татан оролцуулаагүй. Б.А- хохирлын мөнгө болох 18,897,384 төгрөгийг Б.Х-т төлж барагдуулсан. Шүүхэд Б.Х нь “Б.А-тай хийсэн хэлцэл дуусгавар болсон, төлбөр мөнгөө Б.А-гаас авсан, энэ хэрэгт Б.М- хамааралгүй, түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж хүсэл зоригоо илэрхийлж байгааг /шүүхэд өгсөн түүний гар бичмэл/ шүүх харгалзан үзсэнгүй.

Б.А- нь Ц.Ч-тай хийсэн гэрээтэй. /4-р хх 16/ Ц.Ч-ын  “Цагаан сараар хэрэглэх гэсэн юм гээд надаас бэлнээр аваад явсан. Б.А-тай О гэж хүн хамт байсан” гэх мэдүүлэг /4-р хх 18/, “Шар царайтай өндөр залуу ирсэн” /4-р хх 23/ /М- нь намхан, бор/, гэрчээр Д-гийн “Байрны урьдчилгаанд өгөх гэсэн юм гэж байсан” гэсэн мэдүүлэг /4-р хх 39/, хохирогч Ц.Ч  “Б.М- надаас ямар нэгэн мөнгө зээлсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /4-р хх 99/, хавтаст хэргийн материалтай танилцуулахад “Б.А-гаас хохирлоо авмаар байна” гэж тэмдэглэсэн /5-р хх 191/ зэрэг нотлох баримтуудаар Б.М- энэ үйлдэлд оролцоогүй. Харин Б.М- 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “-” ББСБ-аас 20,000,000 төгрөг зээл авч үйл ажиллагаандаа зарцуулахаар Тт шилжүүлсэн. Т-с  Б.А- руу шилжүүлсэн. Маргааш нь Б.А-тай ярихад “Дамп түрээслэх асуудал бүтээгүй, 6,000,000 төгрөг үлдсэн” гэхээр нь уурлаж уг мөнгийг шилжүүлж авсан. Юунд зарцуулсныг асуухад “Гэрийн тооцоог хийсэн” гэж хэлсэн байдаг. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн банкны депозит дансны хуулгаас харагдана. Хэрэв Ц.Ч-аас 7,500,000 төгрөгийг Б.А- зээлэхэд Б.М- оролцсон бол тухайн үед Б.М- мөнгөтэй байхдаа төлчих боломж байсан. Тэрээр гэрийн тооцоо 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дууссан гэсэн ойлголттой явж байсан. Энэ хэрэгт 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Гэтэл үүнээс өмнө буюу 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б.А- нь Ц.Ч-д 1,500,000 төгрөгийг өгсөн байдаг. Түүнчлэн шүүхэд шилжихээс өмнө Б.А- хохирогч Ц.Ч-ын хохирлыг бүрэн барагдуулсан нь Б.М- энэ үйлдэлд оролцоогүй болохыг үйлдлээрээ нотолж байна.

Хоёр: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа иргэний эрх зүйн маргаанаас ялгаатай. Б.М- нь дээрх 2 үйлдлийн хувьд ямар нэг ашиг хараагүй, нэг ч төгрөг аваагүй, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго огт байгаагүй гэдгийг онцлон хэлмээр байна.

Иймд Б.М-д холбогдох 2 удаагийн үйлдэл нь эргэлзээтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэж, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Гэм буруугийн талаар маргадаггүй, хэргээ хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үлдэгдэл хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа миний үйлчлүүлэгч хохирлоо төлнө. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.А-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Б-ын өмгөөлөгч О.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гарснаас хойш 11,000,000 төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа. Хохирлыг өнөөдрийн шүүх хуралдаан болох хүртэл шаардсан ч төлөөгүй” гэв.

Хохирогч П.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэртэй маргах зүйлгүй. 08 дугаар сарын 12-ны өдөр Б.А- үлдэгдэл 900,000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй” гэв.

Хохирогч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гарснаас хойш Б.А- хохирол төлбөр төлөөгүй. Тухайн үедээ эхнэрийнх нь цалингийн зээл гарахаар шууд өгнө гэж байсан ч өгөөгүй, утас нь холбогдохгүй байгаа тул холбоо барих боломжгүй байгаа” гэв.

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М- нь Б.А-тай хамт шалгагдаж байсан. Прокурорын зүгээс Б.М-ийг хоёр үйлдэлд хамтран оролцсон гэж дүгнэсэн. Шүүгдэгч Б.М- нь Б.А-тай хамтран хохирогч Б.Хүрэлбаатарын автомашиныг бусдад худалдан борлуулж, хохирогч Ц.Ч-аас 7,500,000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий хүний дансаар шилжүүлэн авсан үйлдэл зэргээр залилах гэмт хэрэг үйлдсэн. Б.Х, Г.Е, Б.М- нарын хооронд байгуулсан гэрээ, Ц.Ч, Х нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Б.М- нь Б.А-гийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж гэмт хэрэгт үйлдэхэд нь дэмжлэг үзүүлэх байдлаар хамтран оролцсон болох нь хангалттай тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.А-, Б.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Болортуяагийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянав.

Шүүгдэгч Б.А- нь:

2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “-” ХХК-ийн эзэмшлийн - улсын дугаартай “Тоёота приус 41” загварын авто машиныг бусдад шилжүүлэх эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж Д.Г-д шилжүүлэн 17,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр П.О, Г.Т нарт “-” ХК-тай хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул хамтарч ажиллана” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Д.О-гаас 10,300,000 төгрөг, Г.Т-с 21,200,000 төгрөг шилжүүлэн авсан,

2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр О.Г-ийн эзэмшлийн 4,500,000 төгрөгийн үнэ бүхий “Minelab GPX5000” загварын металл хайгчийг Б.М-эс “2 хоногийн хугацаатай ашиглаад өгье” гэж хуурч авсан,

Шүүгдэгч Б.А-, Б.М- нар бүлэглэн:

2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 тоотод Ц.Ч-ыг “Хүүтэй мөнгө зээлж, хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 7,550,000 төгрөг авсан,

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б.Хүрэлбаатарын “Nissan рatrol” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг 18,000,000 төгрөгөөр худалдаж авна, үнийг удахгүй төлнө гэж хуурч, Б.М-ийн нэр дээр шилжүүлэн авч, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Г.Е-д 9,000,000 төгрөгөөр зарж борлуулан 18,897,384 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Б-ын “... Б.А- манай байгууллагад менежерээр ажилд орсон. - улсын дугаартай “Toyota prius 41” загварын улаан өнгийн автомашиныг албаны хэрэгцээнд унахаар гэрээ байгуулж өгсөн. 2 сар ажиллаад хүсэлтээрээ ажлаас гарсан боловч автомашиныг хүлээлгэж өгөөгүй. Манай байгууллагын автомашиныг 16,000,000 төгрөгөөр зарсан байсан. Зарахдаа миний гарын үсгийг худлаа зураад, манай байгууллагын тамгыг хуурамчаар дарж бичиг баримт үйлдээд нэрийг нь шилжүүлсэн байсан...” /1- хх 13/,

хохирогч Б.Х-ын “... Б.А- миний - улсын дугаартай “Patrol загварын автомашиныг 18,000,000 төгрөгөөр авахаар болж зээлийн гэрээг “-” ХХК-ийн байранд хийсэн. “-” ХХК-ийн уурхай руу миний автомашиныг оруулна гэж зээлийн гэрээтэй хамт итгэмжлэл хийсэн. Маргааш нь залгаад “Энэ гэрээ болохгүй байна, дахин гэрээ хийх хэрэгтэй” гээд нотариатаар итгэмжлэл хийлгэсэн. 18,000,000 төгрөгийг 31 хоногийн дотор буюу 03 дугаар сарын 05-ны өдөр төлөхөөр болсон боловч одоог хүртэл сураггүй байгаа. Миний автомашиныг Б.М- гэх хүний нэр дээр шилжүүлсэн...” /2-р хх 97-98/

“... Уг итгэмжлэлд автомашиныг зарж болохгүй гэсэн байгаа. Тэгтэл маргааш нь Б.А-, найз Б.М-ийн хамт ирээд “Би энэ автомашинтай уурхай руу Б.М-эр жолоодуулан орох гэхээр итгэмжлэл болохгүй байна” гээд дахин итгэмжлэл хийлгэсэн. Тэгтэл зарж үрж болно гэсэн итгэмжлэл байсан юм билээ. Ийм учир Б.А-, Б.М- нар зарах сонирхолтой авсан гэж харагдаж байна. Нэмж хэлэхэд 1 дүгээр хороолод түрээсэлж байсан оффис дээр энэ хоёр байнга хамт байдаг учир хамтарч ажилладаг гэж ойлгодог байсан...” /5-р хх 3/,

хохирогч Г.Т-ын “... Б.А- 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Би Өмнөговь аймагт, “-” ХК-д хөрс хуулалтын ажил хийх гэж байгаа, хамтарч ажиллах хүн хэрэгтэй байна, эхний ээлжинд 30,000,000 төгрөг хэрэгтэй байна, гэрээгээ хийхээр явах гэж байгаа” гэж хэлсэн. Үүнийг би сонирхож судлаад найз П.О-тай нийлж 30,000,000 төгрөг Б.А-д өгч хамтран ажиллахаар болсон. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж хэлсэн. Б.А- “2019 оны 12 дугаар сард хамтарч ажиллах Хятадууд ирж үзэх гэж байгаа” гээд яаралтай гэр кемп барьсан. Гэтэл Хятадууд нь техникээ оруулж ирэхгүй байхаар учрыг лавлахад Б.А- техникийн мөнгийг байршуулаагүй юм билээ. Б.А- 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэсэн огноотой, “-” ХК-ийн ТУЗ-ийн дарга В.М гэдэг хүнтэй хийсэн ажил гүйцэтгэх гэрээг үзүүлсэн. Сүүлд хийсэн гэрээн дээрх - дугаар руу залгаад асуухад “-” ХК нь “-” ХХК-тай ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй байна гэж хэлсэн. Ингээд залилуулснаа мэдсэн. Энэ талаар Б.А-д хэлэхэд “Зүгээрээ, ажил эхэлнэ, мөнгөө байршуулна, Хятадууд техник өгнө” гэж хэлсээр байгаад сүүлдээ алга болсон...” /2-р хх 180-181, 176, 5-р хх 4/,

хохирогч П.О-гийн “...найз Г.Т-ай хамт Таван толгойн хөрс хуулалтын ажилд хамтрахаар Б.А-тай гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 14-ний үеэр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын орон нутгийн таван толгойн газар Б.А-гийн хамт очиж ажилчдын байр барьсан... Үүнээс хойш техник орж ирэхгүй байхаар нь асуухад Б.А- техникийн барьцаа 100,000,000 төгрөгийг байршуулаагүй байсан. Б.А- сүүлд гэрээ шинэчлэгдсэн гээд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэсэн огноотой ажил гүйцэтгэх гэрээг “-” ХК-ийн ТУЗ-ийн дарга М гэгч хүнтэй гэрээ хийсэн байсан. Үүнээс хойш Б.А- гэгч сураггүй болсон...” /2-р хх 182-183, 173, 5-р хх 7/,

хохирогч О.Г-ийн “... металл хайгч зарах зарын дагуу Б.М- холбогдоод “14 хоногийн хугацаатай, өдрийн 50,000 төгрөгөөр түрээслэе” гэхээр нь зөвшөөрсөн. 14 хоногийн дараа холбогдоход “Найздаа өгсөн, ирэхээр нь өгье” гэсэн. Гэтэл фэйсбүүкт миний металл илрүүлэгчийг зарахаар зар байршуулан тавьсан байсан. Би хаягаар нь очиж уулзахад “-” гэсэн фэйсбүүк хаягтай 50 орчим насны хүн “4,000,000 төгрөгөөр зарна, 7 сард хүнээс худалдаж авсан” гэж хэлсэн...” /3-р хх 25-26, 43-44/,

хохирогч Ц.Ч-ын “... Б.А- 10 ширхэг гэр 18,000,000 төгрөгөөр худалдан авсан. Урьдчилгаа 1,000,000 төгрөгийг өгсөн. 2019 оны 02 дугаар сард миний дансанд 17,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр дороо Б.А- 7,000,000 төгрөгийг цагаан сараар хэрэглэх гэсэн юм, хүүтэй буцааж өгнө гэж хэлж аваад сураггүй алга болсон...” /4-р хх 19-20/,

“... Б.А- анх уулзахад, барьцаанд тавьсан автомашины бичиг баримтыг эмнэлэгт хүргэж ирэхэд, зээлээ төлөхөөр гэрт ирэхэд, мөнгөний хэрэг байна гэж 7,500,000 төгрөг буцааж авахад Б.М- байж л байсан. Б.М- нь Б.А-г ирэх болгонд хамт явж байдаг ба хамтран ажиллаж байгаа гэж байсан...” /5-р хх 9/,

гэрч Д.Т-ын “... 2019 оны 07 дугаар сард Б.А-д компаниас албаны хэрэгцээнд - улсын дугаартай улаан өнгийн “Toyota Prius-41 загварын тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн. 2019 оны 09 дүгээр сард ямар ч шалтгаан хэлэлгүй ажлаасаа гарсан. Захирал машин авчир гэж удаа дараа хэлсэн боловч өгөлгүй өдий хүрсэн. Авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа авахад уг тээврийн хэрэгсэл бусдын нэр дээр шилжсэн байсан. Авто тээврийн үндэсний төвд хуурамч албан бичиг өгсөн байсан...” 1-р хх 14/,

гэрч Д.Г-гийн “... Б.М- 2020 оны 09 дүгээр сарын дундуур ирээд “Таны мөнгийг өгөх гэтэл мөнгөгүй байна. Манай найз Б.А- - улсын дугаартай prius-41 загварын автомашинаа банк бус санхүүгийн байгууллагад таны нэр дээр тавиад таны мөнгийг өгөөд удахгүй машинаа авна” гэсэн. Ингээд Нисдэг машин худалдааны төвийн 4 давхарт байрлах банк санхүүгийн байгууллагад 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Удалгүй зээл төлөх хугацаа нь болж Б.А-тай холбогдоход маргааш нь Б.М- ирээд машинаа зарахаар болсон гэж хэлээд би банк бус санхүүгийн байгууллагад хамт очиж зээлнээс нь чөлөөлж, нэрийг нь шилжүүлж өгсөн...” /1-р хх 18, 4-р хх 121/,

гэрч С.Н-ийн “... автомашиныг 2019 оны 10 дугаар сард зарын дагуу холбогдож 16,500,000 төгрөгөөр авсан ... Нисдэг машин гэх нэртэй газар очоод шууд нэрээ шилжүүлж авсан. Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан машин байсан...” /1-р хх 175/,

гэрч Г.Е-ын “... Б.А-, Б.М- нарыг сайн танихгүй. Тэд мөнгөний хэрэг боллоо гээд л холбогдсон... 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б.А-, Б.М- нар ирж уулзаад “Бензин, тосны мөнгө хэрэгтэй байна. 7 хоноод авна” гэсэн. Ингээд Б.М- нь нотариатаар батлуулан гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс хойш төлбөр төлөөгүй удсан. 2020 оны 05-06 сард аргаа бараад уг автомашиныг зарсан... Гэрээ байгуулсан Б.М- нь “Миний машин” гэж хэлсэн. Б.М-ийн нэр дээр уг автомашин бүртгэлтэй байсан...” /4-р хх 214/,

гэрч Ч.У-ийн “... нөхөр Г.Т 2019 оны 10 дугаар сард Б.А- гэгчтэй “-” ХК-д хөрс хуулалтын ажил хийнэ гээд надаар 19,520,000 төгрөгийн цалингийн зээл авахуулсан... 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 0 нотариатаар орж Б.А-д өгсөн...” /2-р хх 189/,

гэрч О.Д-гийн “... Б.А- нь тухайн үед надад нэг гэрээний загвар үзүүлээд энийг шив гэхээр нь би шивж өгсөн юм...” /4-р хх 129/,

гэрч Р.С-ийн “... Би энэ онуудад орон нутгийн өмчийн оролцоотой “-” ХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Б.А- гэх хүнийг танихгүй, уулзаж байгаагүй. Энэ гэрээг байгуулснаа санахгүй байна. Шаардлагатай бол архиваас тодруулж болох байх...” /5-р хх 30/,

гэрч Д.Б-ы “... 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүкээс металл хайгч зарна гэсэн зар олж хараад 1,400,000 төгрөгийг нь 0 дугаарын данс руу шилжүүлж 1,300,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” /3-р хх 29-30, 5-р хх 13/,

гэрч Б.Т-ын “... Б.М- металл хайгчийг хүнээс түрээсэлж авсан... Б.М- металл хайгчийг эзэнд нь буцааж өгөхөөр арчиж цэвэрлэж байтал Б.А- ирээд авч явсан...” /3-р хх 56-57/,

гэрч Г.Х-ын “... Б-ийн А- гэх хүнийг танихгүй. Харин Б-гийн М- бол манай нөхрийн эгч Н-гийн О-гийн хүүхэд, Г-ы П нь миний хүүхэд байгаа юм. 0тоот дансыг би эзэмшдэг. 2019 оны 02 дугаар сарын 01-нээс одоог хүртэл миний хүү Г-ы П хэрэглэж байгаа...” /5-р хх 19-20/,

гэрч Г.П “... Б-гийн М- нь манай аавын эгчийн хүүхэд бөгөөд бид эгч, дүүсийн хүүхдүүд байгаа юм. Б.А-тай Б.М-эр дамжуулан танилцсан. Ээж Р.Х-н 0 дугаартай дансыг би ашигладаг. 2019 оны эхээр Б.М- нь намайг Таван толгой руу ажилд явах үөд миний ашиглаж байсан 0 дугаартай данстай картыг авч үлдсэн...” /5-р хх 26/ гэсэн мэдүүлгүүд,

Д.Б-ын гарын үсгийг дуурайлгаж зурсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2355 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх 25-30/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 47/, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /1-р хх 77-97/, санхүүгийн түрээсийн гэрээ /1-р хх 106-108/, “-” ХХК нь Б.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, автомашин хүлээлцсэн баримт /5-р хх 170-84/, “-” ББСБ-ын зээлийн гэрээ /1-р хх 184-192/, нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хх 132-134/, Б.Х-тай байгуулсан зээлийн гэрээ /2-р хх 16-17/, 0 улсын дугаартай “Nissan Patrol” загварын авто машины түүхчилсэн лавлагаа /2-р хх 129-130/, үнэлгээний тайлан /2-р хх 132-136/, Г.Е, Б.М- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, фидукцийн гэрээ /4-р хх 242-243/, Г.Т, Б.А- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /2-р хх 169-170/, “-” ХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 402 дугаартай албан бичиг /2-р хх 233/, Худалдах худалдан авах гэрээний дагуу компаний хувьцааг 100 хувь Г.Т-д шилжүүлэн өгсөн баримтууд /4-р хх 169-175/, металл хайгчийн үнэлгээний тайлан /3-р хх 58-59/, Ц.Ч-ын дансны хуулга /4-р хх 71/, Р.Х-ын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх 46, 47-48, 83/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.А-гийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж өөрт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж худалдан борлуулсан, “-” ХК-тай ямар ч гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй атлаа хөрс хуулалтын ажил гүйцэтгэхээр болсон мэтээр хохирогчдыг хуурч бэлэн мөнгө авсан 3 удаагийн үйлдэл, шүүгдэгч Б.А-, Б.М- нарын “Уул уурхай ажиллуулдаг, уг ажилдаа зориулан худалдан авна” гэж хохирогчийг хуурч автомашиныг нь итгэмжлэл хийлгэн нэр дээрээ шилжүүлэн авч зээлийн барьцаанд тавьж орхисон, “Хүүтэй мөнгө зээлнэ” гэж хохирогчийг хуурч бэлэн мөнгө авсан 2 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.А-г эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ганцаараа болон бүлэглэн хохирогчдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял, шүүгдэгч Б.М-ийг бүлэглэн хохирогчдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь тэдний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл, оролцооны шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Болортуяа нь “Б.М-ийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрж байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын дагуу хэргийг судалж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Орон нутгийн өмчит “-” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэрч Р.С-йн мэдүүлэг, “-” ХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Манай компани нь 2019, 2020 онуудад иргэн Б.А- болон “-” ХХК-тай ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байгаагүй болно. Компанийн 2019, 2020 оны гэрээг нэг бүрчлэн нягталж үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 179 тоот гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ХГ/2020/014 тоот гэрээ тус тус байгуулагдаагүй байна” гэсэн 402 дугаартай албан бичиг зэргээр Б.А-гийн хохирогч нарт итгэл үнэмшил төрүүлсэн ажил гүйцэтгэх гэрээ нь бодит байдалтай нийцээгүй хуурамч гэрээ болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А-, Б.М- нар нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Уул уурхайн ажил эрхэлдэг бөгөөд зарах гэж байгаа - улсын дугаартай “Nissan Patrol” загварын автомашиныг уурхайн ажилд хэрэглэх зорилгоор зээлээр худалдаж авна” гэж хохирогч Б.Х-ыг хуурч, автомашин ашиглах итгэмжлэлийг Б.М-ийн нэр дээр хийлгэсэн болох нь хохирогч Б.Х мэдүүлэг, зээлийн гэрээгээр, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу хохирогч Б.Х-аас автомашиныг шилжүүлэн авсан өдрөө Б.М-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь автомашины түүхчилсэн лавлагаагаар, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу автомашины нэр шилжмэгц Б.М- өөрийн өмч мэтээр Г.Е-д танилцуулан Б.А-, Б.М- нар 9,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан боловч авсан зээлээ төлөөгүйн улмаас автомашин 2020 оны 06 сард бусдад зарагдсан болох нь гэрч Г.Е-ын мэдүүлэг, Б.М-тэй байгуулсан гэрээгээр тус тус нотлогдсон болно.

Дээрх хэргийн нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд автомашиныг зээлээр худалдаж авсан, нэр шилжүүлсэн, бусдад зээлийн барьцаанд тавьсан үйл явдлууд хоёр өдрийн дотор болсон бөгөөд энэ цаг хугацаанд автомашины үнэ төлөгдөөгүй гэдгийг шүүгдэгч Б.М- мэдэж байсан, нөгөө талаар Б.А-тай хамтран уул уурхайн ажил эрхэлдэггүй атал түүнийг хохирогч Б.Х-т итгэл үнэмшил төрүүлэн ярихад уурхайн ажилтан гэсэн ойлголт төрүүлж, автомашиныг өөрөө уурхайн орчинд жолоодох зорилгоор итгэмжлэлийг дахин хийлгэж байгаа мэтээр зохиомол зүйлийг зориуд бий болгосон байх тул шүүгдэгч нарыг залилах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн шүүгдэгч Б.А- нь хохирогч Ц.Ч-аас хүүтэй зээлнэ гэж 7,500,000 төгрөг залилан авахад шүүгдэгч Б.М- хамт байж, өөрийн хамаарал бүхий хүний дансаар мөнгийг шилжүүлэн авсан болох нь хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга, гэрч Г.Х, Г.П нарын мэдүүлгээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Б.М-ийн үйлдэл, оролцоотой болохыг нотолсон дээрх гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга, гэрээ зэргийг няцаан, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйг дурьдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.М-ийг залилах гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн оролцсон гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Болортуяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12ы өдрийн 2022/ШЦТ/809 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                          ШҮҮГЧ                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ                       

                          ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН