Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0617

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “**********” ХХК /РД: ********** /                        

Хариуцагч: ********** дүүргийн Засаг дарга нарын хооронд үүссэн ********** дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ********* дугаартай захирамжийг хүчингүй болгуулахтай холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. **********ХХК нь ********** дүүргийн Засаг даргад холбогдуулан “********** дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ***** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Нэхэмжлэгч “**********” ХХК нь анх ********** дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжийн[1] дагуу ********** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын зүүн талд байрлах агуулах аж ахуйн зориулалттай **** м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ.

2.2 ********** дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжаар[2] талбайн хэмжээг өөрчилж **** м.кв болгожээ.

2.3 **** оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай ******** дүүргийн Засаг даргын захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгажээ.

2.4. ********** дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаар захирамжийн[3] дагуу ********** нэгж талбарын дугаар бүхий ********** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын  зүүн талд байрлах аж ахуйн зориулалттай **** м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ.

2.5 Үүний дараа дээрх захирамжийн талбайн хэмжээг өөрчилж, ********** дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаар захирамжийн[4] дагуу ********** нэгж талбарын дугаар бүхий ********** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  **** м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

2.6 Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01-07/5661 тоот[5] “Мэдээлэл ирүүлэх тухай” албан бичгийг ********** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн байх бөгөөд утга нь “… Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаар тогтоолоор ... **********... дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийн *** га талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Тус тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан хамгаалалтын бүсийн горим, дэглэмийн дагуу холбогдох үйл ажиллагааг мөрдөж ажиллахыг мэдэгдэн танай албанаас ирүүлсэн судалгааны дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгосон 17 нэгж талбарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл болон холбогдох дүрэм журмын дагуу газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах арга хэмжээг авч, эргэн хариу мэдэгдэнэ үү.” гэжээ.

2.7 ********** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15/948 тоот[6] “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг ********** ХХК-д хүргүүлсэн бөгөөд утга нь “…Танай компанид ********** дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаар захирамжийг үндэслэн ********** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт **** м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн  газар эзэмших эрхийн гэрээ  байгуулж, гэрчилгээ олгосон бөгөөд тухайн байршил нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Газрыг орон нутгийн  тусгай хэрэгцээнд авах тухай” 112 дугаар тогтоолд “Байгалийн нөөц” газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт орсон тул “Сэлбэ, дунд голын байгалийн нөөц газар”-ын хамгаалалтын горим, дэглэмийг дагаж мөрдөхийг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.

2.8. Маргаан бүхий ********** дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ***** дугаартай захирамжаар[7] нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

2.9. Тус захирамжийн эрх зүйн голлох үндэслэлүүд нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28.1.3, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалт,  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн 2.3.2, 2.3.6 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаар тогтоол байна.

2.10. Нэхэмжлэгчийн зүгээс захирамжийг эс зөвшөөрч, “... 2022 оны А/326 дугаар захирамж гарсан үеэс эхлэн ********** ХХК тухайн газарт 5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, одоо хөнгөн блокны үйлдвэр ажиллуулж байна. Тухайн газар дээр 1,500 м.кв орчим үйлдвэрийн барилга, 300 м.кв цайны газар ариун цэврийн өрөө бүхий оффисын барилгыг барьж ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байна. И******* ХХК нь ********** дүүргийн Засаг дарга ********** ХХК-ийн газар эзэмшилтийн байдлыг газар дээр нь очиж үзэлгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь бодит байдалд болон холбогдох хуульд нийцэхгүй гэж үзэж байна." гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.11. Хариуцагчаас “...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дах хэсэг, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг, 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4, 24, 25, 26, 47 дугаар зүйл, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/217 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, 2.3.2 дахь хэсэг, 2.3.6 дахь заалтыг тус тус үндэслэн маргаан бүхий захирамжаар ********** ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 112 дугаар тогтоолоор баталсан “Сэлбэ, Дунд голын байгалийн нөөц газар”-ын бүсэд маргаан бүхий газар нь багтсан. ********** ХХК-ийн маргаан бүхий газар нь Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Үерийн далангийн хамгаалалтын бүс, Цахилгаан шугамын хамгаалалтын бүсэд орсон, орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд багтсан байх тул дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаар захирамжаар ********** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-4 цахилгаан станцын зүүн талд үйлдвэрлэлийн баруун бүс-4 /16103/ хаягт байрлах, нэгж талбарын ********** дугаартай, аж ахуйн зориулалттай, **** м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй...“ гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**********” ХХК 25-30 ажилтантай. Барилгын дүүргэлтийн хөнгөн блок үйлдвэрлэдэг. Манайх 2 компанитай бөгөөд ********** ХХК-ийг газартай нь 3 үеэлийн хамт 2022 оны 04 дүгээр сард худалдаж авсан. Өмнө н.С********** эзэмшиж байсан. Худалдаж авахаас өмнөх асуудлыг би сайн мэдэхгүй ч ерөнхий мэдээллийг өөрсдөөс нь сонсож байсан. Үүнээс хойш бид үйлдвэрийг засаж сайжруулаад, нэмэлт хөрөнгө оруулалт хийж 2022 оны 08 дугаар сард хашаалсан хэр нь албан ёсоор аваагүй байсан ***** м2 газрыг нэмэгдүүлж талбайн хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргаж авсан. Дуудлага худалдааны анхны үнийг төлж аваад одоог хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Жилдээ ойролцоогоор ********** төгрөгийн татвар төлдөг, байнгын үйл ажиллагаатай компани юм.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “********** ХХК нь ********** дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн **** дугаар захирамжаар агуулах, аж ахуйн зориулалтаар **** м2 газрыг 5 жилийн хугацаанд эзэмшсэн. 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр **** дугаар захирамжаар газрын байршлыг өөрчилж, хэмжээг **** м2 болгосон. Харин зориулалт, хугацаа хэвээр үлдсэн. 2018 онд ********** дүүргийн Засаг даргын **** дугаар захирамжаар **** м2 газрын эзэмших эрхийг 5 жилээр сунгуулж, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр газрыг аж ахуйн зориулалттай болгон, хугацааг 15 жилээр сунгуулсан. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаар захирамжаар **** м2 болгон талбайн хэмжээг өөрчилж, уг өдрөөс хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж, аж ахуйн зориулалттайгаар олгосон. 2022 оны **** дугаар захирамж гарсан үеэс эхлэн И******* ХХК тухайн газарт 5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, одоо хөнгөн блокны үйлдвэр ажиллуулж байна. Гэтэл ********** дүүргийн Засаг дарга 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр **** дугаар захирамжаар нийт 8 үндэслэл дурдан 2 захирамжийн ********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмын 2.3, 2.2.3.6, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаар тогтоолыг үндэслэсэн байсан. Үүнтэй нь холбогдуулаад холбогдох хууль, журмуудыг зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан. ********** дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Захиргааны ерөнхий хуульд заасан зорилгодоо нийцээгүй захиргааны акт. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн газрыг тусгай хэрэгцээнд ав гэдэг ийм агуулгатайгаар тогтоол гаргасан гэж бодож байгаа. Байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хэрэгцээнд авах ёстой газар. Тусгай хэрэгцээнд авахаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасны дагуу нөхөн төлбөрийн асуудал яригдана. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д зааснаар нөхөн төлбөрийн асуудал яригдана. ********** дүүргийн Засаг дарга байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах үүрэгтэй байсан. Гэвч нөхөн төлбөр төлөхгүйн тулд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг дурдсан. А/255 дугаар захирамж болон **** дугаар захирамжуудад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийг дурдсан байсан. Тус заалт 2019 онд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр орсон заалт буюу 2009 онд газар олгосонтой холбоогүй заалт. Өөрөөр 2009 онд газар олгож байх үед уг заалт байгаагүй. Усны тухай хууль мөн 2012 оноос үйлчилж эхэлсэн, Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Усны тухай хуульд 22 дугаар зүйл буюу онцгой дэглэмийн агуулгатай зохицуулалт орж ирсэн. Тиймээс Газрын тухай хууль болон Усны тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал байхгүй. Үйл явцын хувьд захиргааны акт гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох ёстой. Сонсох ажиллагаа хийх ёстой. Хэдийгээр сонсох ажиллагаа хийсэн байгаа ч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөлийг дурдсан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нөхцөл байдлыг тогтоогоогүй. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу “**********” барилгын зүүн тал “**********” дэлгүүр хавиар гол үерлэсэн, энэ бол нийтэд илэрхий үйл баримт. Гэхдээ ********** дүүргийн 1 дүгээр хороонд Дунд гол үерлэж байна гэдэг агуулга нь ********** дүүргийн 20 дугаар хороонд гол үерлэж байна гэдэг агуулгатай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл Дунд гол, Сэлбэ голын далан, урсац “**********” ХХК-ийн урд талын голынхоос өөр. Уг гол 50 метр орчим өргөн, 20 метр орчим өндөр далантай. Энэ нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй. Усны газраас онцгой хамгаалалтын бүсэд орсон гэж байгаа ч тухайн гол 1966 оноос хойш үерлэж байгаагүй. Захиргааны акт хууль зүйн үндэслэлийн хувьд хуульд нийцэхгүй байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны тогтоолыг дурдсан.  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг Засаг дарга Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, өөрийнхөө шийдвэрийг хүчингүй болгох эрх олгосон заалт. Тэгэхээр Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 буюу усны сан бүхий газарт газар эзэмшүүлж, ашиглуулахгүй гэснийг зөрчсөн. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж заасан. Байгаль орчны сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журамд 2023 онд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө энгийнээр хэлэхэд “далантай газар байшин барьж, газар олгож болно” гэдэг агуулгатай зохицуулалт байсан. Тодруулбал онцгой хамгаалалтын бүсэд газар олгож болдоггүй юм байна, далантай газар онцгой хамгаалалтын бүс тогтоодоггүй юм байна, тэгэхээр байшин барьж болно гэсэн агуулгатай байсан буюу ********** дүүргийн Засаг даргын 2022 оны ****, ***** дугаар захирамжууд Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байсан. 2023 онд Байгаль орчны сайд, Барилга, хот байгуулалтын сайд 2023 онд тухайн журамд нэмэлт өөрчлөлт оруулсан үеэс эхэлж Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж эхэлсэн гэсэн үг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим яригдана. Хуульчилсан тайлбарт “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаа, захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байхыг ойлгоно” гэсэн байдаг.  М.Г********** нар 2022 оны 04 дүгээр сараас “**********” ХХК-ийн хувьцааг худалдаж авахаар ярилцаад 2022 оны 06 дугаар сард худалдаж авсан. Худалдаж авмагцаа “**********” ХХК-ийн хашаалсан байсан газрыг нэмж эзэмшихээр хүсэлт гаргахад ********** дүүргийн Засаг дарга олгож шийдвэрлэсэн. ********** дүүргийн Засаг дарга тухайн газрыг эзэмшүүлээд, газар эзэмших эрхийн хугацааг хэд хэдэн удаа сунгаж байсан. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч компанийнхны хууль ёсны итгэл үүсэж байна гэсэн үг. Тиймээс ********** дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаар захирамж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтуудыг зөрчсөн. Иймд хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анх 2009 онд газар эзэмших эрх олгосон, түүнээс хойш 2011, 2016, 2022 онуудад газар эзэмших эрхийн хугацааг сунгаж байсан. 2022 оны 08 дугаар сард газрын хэмжээг өөрчилж 2238 м2 байсныг 8038 м2 болгосон. ********** дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу Газрын газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмын 2.3.2, 2.3.6, мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Маргаан бүхий газар нь иргэн, хуулийн этгээд ашиглах боломжгүй газар буюу усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, цахилгаан, эрчим хүчний хамгаалалтын бүсэд хамаардаг учраас тухайн хэсэгт газар эзэмших эрх олгосон шийдвэр холбогдох хууль тогтоомжийг зөрчиж гарсан хууль бус шийдвэр байсан. Тиймээс хүчингүй болгосон. 2023 оны 08 дугаар сарын эхэн үед үерийн ус гамшгийн байдалд хүрч, иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсонтой холбогдуулаад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үерийн хамгаалалтын бүсийг байгалийн нөөц газарт авч, давхар ундны усны эх үүсвэрийг хамгаалах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь зүйтэй байна гэж үзэж 112 дугаар тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор маргаан бүхий газар хамгаалалтын зурваст багтсан. Мөн ундны эх үүсвэрийн нөөцөд байгаа газрыг ашиглуулж байгаа нь хууль зөрчсөн, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал. Ундны эх үүсвэр, нөөцийг хомсдох, бохирдохоос урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байсан. Түүнчлэн үерийн гамшгаас үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гарсан тухайн захирамж холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа тул үндэслэл бүхий байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчаас маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай захирамжийг гаргахдаа хоёр өөр агуулга бүхий харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтуудыг хэрэглэсэн, түүнтэй нь нэхэмжлэгч маргасан тул шүүх тухайн үндэслэлүүдийг ялгаж эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Нэг. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтыг үндэслэсэн тухайд:

1.1. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.” гэж, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус заажээ.

1.2. Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.”, 22.2.1 дэх заалтад “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.”, 22.4 дэх хэсэгт “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно.” гэж тус тус зохицуулсан байна.

1.3. Захиргааны эрх зүйн онолд, захиргааны эрх зүйн эх сурвалжуудын бүхэллэг системт байдлын тухай ойлголт нэг мөр тогтсон байдаг бөгөөд энэхүү зарчим Газрын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтуудад бэхэжсэн.

1.4. Тодруулбал, Газрын тухай хууль нь хууль тогтоомжийн системт байдлынхаа хувьд Усны тухай хуулиас салшгүй хамааралтай байна.

1.5. Харин хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдийг хэрэглэхдээ, тухайн газар эзэмшигч, ашиглагч этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газар нь усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн аль нэгэнд хамаарч байгаа эсэхийг тогтоосон байх учиртай.

1.6. Мөн энэ эрх зүйн харилцаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот, байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

1.7. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.3.2 дахь заалтад “гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж;”, 2.3.6 дахь заалтад “үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд” онцгой хамгаалалтын бүсийг тогтоохоор заажээ.

1.8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас судлан үзэхэд, нэхэмжлэгч компанийн эзэмших эрхтэй газар нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужтай давхцалтай, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай болох нь Усны газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/826 тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн зургаар[8] нотлогдож байна.

1.9. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгч компанид анх газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтыг тус тус зөрчиж олгосон болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар газрын тухай хууль тогтоомжийн зөрчлийг арилгах зорилгоор нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн байна.

1.10. Тодруулбал, энэ үндэслэл, зорилгоор хариуцагчаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан газар ашиглах эрхийн харилцааг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй.

Хоёр. Газрыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаартай тогтоолоор орон нутгийн хэрэгцээнд авсан үндэслэлийн тухайд:

2.1. Маргаж буй 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/123 дугаартай захирамжид Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаартай тогтоолыг[9] үндэслэжээ.

2.2. Тус тогтоолын дагуу нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй байсан маргаан бүхий газрыг “байгалийн нөөц” газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хамааруулсан байна.

2.3. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх хэмжээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд байгаа эсэх нь эргэлзээтэй” гэх агуулгаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “энэ тогтоол нь нийслэл хотод үерийн гамшгаас сэргийлэх, хамгаалах зорилгын хүрээнд гарсан” гэх агуулгаар маргасан.

2.4. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, 20.1.3 дахь заалтад “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох;” гэж заажээ.

2.5. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, тус хэсгийн 3 дахь заалтад “байгаль орчны улсын тусгай хамгаалалтад ороогүй объектыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргаж, түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоож, биелэлтэд нь хяналт тавих;” гэж зохицуулсан байна.

2.6. Хуулийн дээрх хэм хэмжээнүүдээс үзвэл, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүнийг хэмжээ, хилийн зааг, дэглэмийг тогтоох бүрэн эрхийг олгожээ.

2.7. Иймээс энэ тохиолдолд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх хэмжээг олгоогүй гэж үзэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

2.8. Иймд хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны актад газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаартай тогтоолыг үндэслэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гурав. Нөхөх олговор шаардах эрх хэрэгжих боломжтой тухайд:

3.1. Шүүхээс маргаан бүхий ********** дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай захирамжийг хүчингүй болгоогүй хэдий боловч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад бэхэжсэн “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг хангах үүднээс нэхэмжлэгчийн нөхөх олговор шаардах эрхийг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзлээ.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд, 4.2.8 дахь заалтад “хууль ёсны итгэлийг хамгаалах.

Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.” гэж заасан.

3.3. Хуулийн дээрх зарчмыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь, нийтийн эрх зүйн аливаа харилцаанд, тухайлбал энэ тохиолдолд газар эзэмших эрхийн харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байх явдал юм.

3.4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар зэргээс үзэхэд, хариуцагчийн зүгээс газрын тухай хууль тогтоомж зөрчиж олгосон газар эзэмших эрхийн улмаас нэхэмжлэгч компанид эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн болох нь тогтоогдож байна.

3.5. Тухайлбал, нэхэмжлэгч компани нь тухайн газартаа зориулалтын дагуу барьсан үйлдвэрийн барилгатай, мөн 2023 онд барьсан гэх 1 давхар 280 орчим м.кв оффисын барилгатай[10] зэргээс үзвэл тус компанид эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсэхээр байна.

3.6. Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна.”, мөн зүйлийн 104.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно.” гэж заасан.

3.7. Түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтад “бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах;” гэж заасны дагуу газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд энэ талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх нэхэмжлэгчид хадгалагдана гэж шүүх үзлээ.

3.8. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас нөхөх олговор шаардах эрхтэй байх бөгөөд тухайн эрхийг энэ шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3.9. Харин энэхүү маргааны хүрээнд нөхөх олговрыг нэхэмжлэгч шаардаагүй, тэр агуулгаар маргаагүй тул нэхэмжлэгчид ямар хэмжээний зардал гарсан буюу нөхөх олговрын зүйлийн хэмжээний талаар шүүх дүгнэлт хийгээгүй, хийх үндэслэлгүй болохыг дурдаж байна.

Дөрөв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:

4.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалын анх батлагдсан хувийг гаргуулах” хүсэлтийг гаргасан.

4.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн тушаалаар баталсан журмын анхдагч хувийг гаргуулах тухай хүсэлтийн үндэслэлдээ “Уг тушаал хэрэгт нотлох баримтаар ирсэн байгаа боловч 2.4 дэх заалтад 2023 онд өөрчлөлт орсон. Өөрчлөлт орохоос өмнө үерийн хамгаалалт, тохируулгын далан, боомт бүхий газар онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй байх зохицуулалт байсан” гэдгийг нотлох зорилготой гэж тайлбарлажээ.

4.3. Шүүх “маргаж буй ********* дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай захирамжид дээрх тушаалаар баталсан журмын 2.4 дэх заалтыг үндэслээгүй” тул энэ нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “**********” ХХК-аас гаргасан “********** дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 46 дахь тал

[2] Хх 34 дэх тал

[3] Хх 9 дэх тал

[4] Хх 24 дэх тал

[5] Хх 116 дахь тал

[6] Хх 111 дахь тал

[7] Хх 80 дахь тал

[8] Хх 88-89 дэх тал

[9] Хх 66-80 дахь тал

[10] Хх 121-128 дахь тал