Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02832

 

2023 05 22 184/ШШ2024/02832

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,21 дүгээр хороо, Ар гүнт Цагаан өргөө задгай гэх газар байрлах Дархан овогт Ойдовын Цэрэннадмид /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнт Цагаан өргөө задгай гэх газар оршин суух, А.Алтангэрэл /рд:*******/-д холбогдох

 

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Цэрэннадмид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.Алтангэрэл нь 2021 оноос манай газар дээр хамтран амьдарч байгаад зан ааш нь өөрчлөгдөж дарамтлах, зодож нүдэх болсон учир аргагүйн эрхэнд цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. А.Алтангэрэл нь надаас уучлалт гуйж, газар чөлөөлөн нүүхээ амлан эвлэрлийн гэрээ байгуулан, сэтгэл санааны хохирлоо төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй газар чөлөөлж өгөхгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо Ар гүнт задгай хаягтай нэгж талбайн 1802628845 дугаартай 699м.кв газрыг А.Алтангэрэлээс чөлөөлж албадан нүүлгэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Цэрэннадмид шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие О.Цэрэннадмид тус шүүхэд А.Алтангэрэлд холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А.Алтангэрэл нь Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнт задгай гэх хаягт байрлах газрыг чөлөөлж өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Цэрэннадмид нь А.Алтангэрэлд холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ ...Хариуцагч А.Алтангэрэл нь Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнт задгай гэх хаягт байрлах газрыг чөлөөлсөн... гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Шүүх нэхэмжлэгч О.Цэрэннадмид нь газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба улмаар нэхэмжлэгч нь дээр дурдсан үндэслэл зааж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.

Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч О.Цэрэннадмид нь А.Алтангэрэлд холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН