Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/03088

 

2024 06 03 184/ШШ2024/03088

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, НҮБ-ын гудамж, Монре импекс оффис 306а тоотод байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 26 байр, 164 тоотод оршин суух, Боржигин овогт Бат-Эрдэнийн Хатанбаатар /рд:*******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,676,722.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК болон хариуцагч Б.Хатанбаатар нарын хооронд 2021 оны 08-р сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас гар утас худалдан авах зориулалтаар 3,113,910 төгрөгийг, 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан.

Тухайн зээлийг Б.Хатанбаатар нь I phone 12 маркийн гар утас худалдан авах зориулалтаар авсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2 дах хэсэгт зааснаар зээлийн зориулалтын дагуу Б.Хатанбаатарын худалдан авсан I phone 12 маркийн гар утас төлбөр болох 3,113,910 /гурван сая нэг зуун арван гурван мянга есэн зуун арван/ төгрөгийг Сайн интернэшнл ХХК-нд шилжүүлсэн. Мөн Б.Хатанбаатар нь гар утсаа эрхийн болон аливаа доголдолгүйгээр хүлээн авсан болно.

Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт заасан "...Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах.... гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Манай компанийн зүгээс хариуцагч Б.Хатанбаатарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч Б.Хатанбаатар нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,984,791.77 төгрөг, зээлийн хүү нь 1,408,412.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 276,517.66 төгрөг байх бөгөөд нийт 3,669,722.18 төгрөг төлөхөөр байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3,669,722.18 төгрөг, мөн нотариатын зардал 7000 төгрөг, нийт 3,676,722.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 3,696,722.18 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Б.Хатанбаатар тус компаниас гар утас зээлээр авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл болох 3,676,722.18 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 919,180 төгрөгөөр 4 хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Хатанбаатарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,676,722.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 3,676,722.18 төгрөгийг хариуцагч Б.Хатанбаатар нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 919,180 төгрөгөөр 4 хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.

 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Хатанбаатарт холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,676,722.18 төгрөгийг хариуцагч Б.Хатанбаатар нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 919,180 төгрөгөөр 4 хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 73,778 төгрөгөөс 36,889 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 36,889 төгрөгийг, хариуцагчаас 36,889 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН