| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0035/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч С.Солонго,
хохирогч Т.Ананд,
шүүгдэгч П.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж П.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706035060396 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн П.Ц, 1981 оны 10 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, өндөр даралтын шугам хоолойн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 90г байрны 89 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч П.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Скай таун” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Хур” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн Т.Анандын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч П.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 450 нэгжийн торгуулын ялыг хүлээн зөвшөөрч байна. 3 сарын хугацаанд торгуулын ялыг төлөх боломжтой” гэв.
Хохирогч Т.Ананд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хур” нэртэй дэлгүүрт найзтайгаа орж ундаа авахаар ороод ундаагаа авчихаад юм яриад зогсож байхад энэ хүн ирээд шууд намайг цохисон. Миний 4 шүд гэмтсэн. 3 шүдэндээ эмчилгээ хийлгэж надаас 300.000 төгрөгийн зардал гарсан. Одоо нэг шүд маань хугархай байгаа. Энэ шүдэндээ имплант шүд хийлгэнэ. Би гадуур үнийг нь судлаж үзэхэд 1.000.000 төгрөгнөөс 2.000.000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна лээ. 3 шүдээ янзлуулсан эмчээсээ асуухад 1 шүдийг чинь 600.000 төгрөгөөр янзалж өгье гэсэн. Надад шүдээ янзлуулчихвал хохирол гомдол байхгүй. 3 шүд янзлуулахад гарсан зардал 300.000 төгрөг болон имплант шүд хийлгэх эмчилгээний мөнгө нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Т.Ананд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...17-18 цагийн орчим 90в байрны доод талд байрлах Хур дэлгүүрт үйлчлүүлээд авсан зүйлээ кассанд бичүүлээд найз Мөнхөөтэй хамт авсан ундаагаа уугаад юм яриад байж байтал нэг согтуу ах над руу ирээд олон юм хэлээд байхыг би ойлгоогүй. Гэтэл гэнэт намайг ундаагаа уугаад байж байтал нэг удаа цохихоор нь би амаа бариад доошоо суутал нөгөө намайг цохьсон ах над руу дахин дайртал хам явж байсан эхнэр нь бололтой нэг эмэгтэй хүн цаашаагаа аваад явсан...миний үүдэн дээд, доод 4 шүд хөдөлж цус гарч дээд буйл сэтэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-11/,
Гэрч О.Бадамчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цогтпүрэв ах ирэхээр нь би архи авах гэж байна гэж бодоод байж байтал гэнэт Ананд гэх хүүг нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж авах үед нь Ананд гэх хүү шилтэй ундаагаа ууж байхад таараад Ананд доошоо болсон. “...Эхнэрийнх нь өмсөж явсан өмсөж явсан гутлыг Ананд харчихаад манай найз Мартаад таны гуталтай адилхан юм байна. Гэхдээ танд ийм цагаан өнгийн шуба нь байхгүй юм байна гэж шоолсноос болж Долгоржав эгчийг өмөөрч цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх14-15/,
Гэрч А.Долгоржав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2 залуу миний хувцсыг хараад булгыг хосоор нь өмсчих юм байна л даа гэх мэтчилэн хэл амаар өдөөд байсан. Энэ үед супермаркетийн хүүхэн та нар дуугүй бай, хүн юугаар өмсөх нь та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлээд зогсож байтал манай нөхөр Цогтпүрэв ундаа ууж байсан залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх-32/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №14505 дугаартай дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Скай таун” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Хур” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн Т.Анандын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хохирогч Т.Анандад баримтаар учирсан хохирол болох 282.600 төгрөгийг гэм буруутай этгээд болох П.Ц-с гаргуулж олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд шүүх шүүгдэгч П.Ц-н будсад учруулсан хохирлоо 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.
Мөн шүүх хохирогч Т.Ананд нь цаашид гарах эмчилгээний зардал буюу имплант шүд хийлгэсэн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс /П.Ц/ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Ц нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. П.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Ц-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Ц-т оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар П.Ц-с нийт 282.600 /хоёр зуун наян хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Анандад олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар П.Ц-н хохирол барагдуулах ажиллагааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.
8. Хохирогч Т.Ананд нь гэмт буруутай этгээдээс /П.Ц/ өөрт учирсан хохирол болон эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц-т хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР