Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0596

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******************” ХХК /РД: ****************** /,

Хариуцагч Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч С.Т************, У.О************ нарт холбогдох нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б************, хариуцагч С.Т************, У.О************ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “************” ХХК нь тус шүүхэд хандан “Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн НА-************ тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “************” ХХК нь гадаад худалдаа, барилгын засал чимэглэл, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Нийслэлийн татварын газартай харилцаж ирсэн.[1]

2.2. Нийслэлийн татварын газраас “**************” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд тус татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон ************** тоот томилолт[2], хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн хяналт шалгалт хийсэн байна.

2.3. "**************" ХХК-ийн 2018-2021 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч С.Т**************, У.О************** нар хяналт шалгалт хийж, 12,480,034,695.18 төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж 785,443,415.52 төгрөгийн нөхөн татвар, 314,155,887.63 төгрөгийн торгууль, 23,882,252.21 төгрөгийн алданги, нийт 1,123,481,555.36 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр НА-************** тоот нөхөн ногдуулалтыг тавьжээ.[3]

2.4. Хариуцагч татварын улсын байцаагч нар маргаж буй нөхөн ногдуулалтын актыг тавихдаа Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг удирдлага болгож, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 дахь заалтыг үндэслэсэн байна.

2.5. Нэхэмжлэгчээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд маргаж буй нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар хандсан байх бөгөөд тус зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай тогтоолоор[4] НА-************** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2.6. Нэхэмжлэгчийн зүгээс “... Ерөнхий гүйцэтгэгч “**************” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 19/04/11-14 тоот гэрээний болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний төлбөрт 183.17 м2 талбай бүхий 2 орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээний болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдэд заагдсан зарим ажил, тухайлбал 26А барилгын цонх, гадна фасадны ажлууд чанарын шаардлага хангаагүйгээс оршин суугчдаас гомдол гарч уг ажлыг дахин чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд дээрх 2 орон сууцыг “**************” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгөх боломжгүй болохыг татварын байцаагч нар анхаараагүй, тус компани 2014 оноос уг төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж хөрөнгө оруулалт идэвхтэй хайж эхэлсэн бөгөөд 2015-2018 онуудад 4 иргэнтэй хөрөнгө оруулалтын гэрээ хийж төсөлд анхны хөрөнгө оруулалт оруулсных нь хувьд уг төслийн орон сууцуудаас хөрөнгө оруулсан дүнд дотор засалгүйгээр 1 м2-ыг 1 сая төгрөгөөр үнэлж шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу төслийн эхний байрнаас (ямар нэгэн засалгүйгээр) 2020 онд нийт 38 орон сууцыг эдгээр 4 иргэнд дээрх үнэлгээгээр тооцон шилжүүлэн өгсөн, ... 2020 онд 536,674,500.09 төгрөг, 2021 онд 437,604,927.27 төгрөг, нийт 974,279,427.36 төгрөгийн баталгаат засварын нөөцийг борлуулалтын орлогын 5 хувиар байгуулж, борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулж тооцон албан татвар ногдох орлогыг бууруулсан  зөрчил гаргаагүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.7. Хариуцагч нарын зүгээс “...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан ажилласан "**************” ХХК нь гэрээт ажлыг 100 хувь хийж гүйцэтгэн ажлын төлбөрт гэрээний төлбөрийн нөхцөлийн дагуу 26 А блок орон сууцны 702 тоот 183.17 м2 талбайтай 512,876,000.00 төгрөгийн дүнтэй 1 ш орон сууц, 1602 тоот 457,925,000.00 төгрөгийн дүнтэй 1 ш орон сууц, нийт 970,801,000.00 төгрөгийн НӨАТ-гүй дүнгээр 882,546,363.63 төгрөгийн дүнтэй 2 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгсөн нь 22/08/08-01 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдан улсын комисс хүлээн авсан тул ажлын хөлсөнд шилжүүлэн авсан байдаг. Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1- д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэль сууриар хөтөлнө” гэж заасан ба санхүүгийн тайлан нь олон улсын стандартын дагуу хийгдсэн байна гэж заасан байдаг. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. "нягтлан бодох бүртгэлийн аккруэль суурь” гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг заасан байх ба Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй татвар төлөгч нар зөвхөн аккруэль суурийг хэрэглэнэ. Барилгын ажлын явц, гүйцэтгэлийн хувийн жинд үндэслэн орлогыг хүлээн зөвшөөрнө иймд гэрээний дагуу ажлыг 100 хувь хийж гүйцэтгэн хүлээн авсан байх тул орлогыг хүлээн зөвшөөрнө, ... компанийн үүсгэн байгуулагч, харилцан хамаарал бүхий этгээдүүдэд зах зээлийн үнээс хямд үнэ тарифаар борлуулсан 38 орон сууцны борлуулалтын үнэлгээнд Татварын ерөнхий хуулийн 28.3 "Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна." гэж заасны дагуу үнэ шилжилтийн тохируулга хийсэн. Үнэ шилжилтийн тохируулга хийхдээ харьцуулагдах бие даасан үнийн аргыг ашигласан. Үүний тулд харьцуулагдах байдлын шинжилгээг хийсэн. Энэхүү шинжилгээгээр 2020 онд буюу тухайн 38 байртай ойролцоо хугацаанд, уг 26А байранд, харилцан хамааралгүй этгээдүүдэд борлуулсан 86 байрны м2-ын борлуулалтын үнэлгээг харилцан хамааралтай этгээдэд борлуулсан байрнуудын м2-ын борлуулалтын үнэлгээтэй харьцуулах нь харьцуулалтын түвшин хамгийн өндөр гэж үзсэн. Үүний үр дүнд интерквартилын аргаар тооцоход дээд квартил 3,000,000.00 төгрөг, доод квартил 2,830,699.93 төгрөг, медиан 2,900,000.00 төгрөг, дундаж үнэ 2,840,303.92 төгрөг гарсан. Харилцан хамааралтай этгээдэд борлуулсан 1,000,000.00 төгрөгийн үнэлгээнд цаг хугацааны тохируулга хийж 2020 оны үнэ цэнийг тооцсон. Үүний тулд хөрөнгө оруулалт гээд байгаа зээлийн дүнгийн баланс, журналд бүртгэсэн цаг хугацаагаар нь тооцож 2018, 2019 онуудын инфляцийн түвшинг ашигласан, ... Татвар төлөгчийн гомдолд дурдсан Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 410 тоот тушаалаар баталсан "Барилгын гэрээний орлого ба зардлын нягтлан бодох бүртгэлийн стандарт"-ын 1 дүгээр хэсгийн 1.4-т “Энэхүү стандартаар барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн татварын тооцоолол, бүртгэл, тайлагналын асуудлыг зохицуулахгүй.” гэж заасан байна. Мөн 2 дугаар хэсэг буюу нэр томьёоны тодорхойлолт хэсэгт "Барилгын ажил гүйцэтгэгч” гэж Барилгын тухай хуулийн 4.1.12-д заасан хуулийн этгээдийг хэлнэ. Барилгын тухай хуулийн 4.1.12-д "барилгын ажил гүйцэтгэгч" гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхой заажээ. “**************” ХХК нь захиалагч бөгөөд туслан гүйцэтгэгч авч ажиллуулдаг хуулийн этгээд бөгөөд гомдолдоо барилгын ажил гүйцэтгэгчид хамаарах стандартуудын заалтуудыг дагаж мөрддөгөө бичжээ. "**************” ХХК-ийн туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнүүдийг харахад гүйцэтгэлтэй холбоотой үүссэн асуудлыг гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр засварлана гэж заасан байх тул "**************” ХХК-д баталгаат засварын нөөц бүртгэх шаардлага байхгүй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий актын 1 дүгээрт ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг үндэслээд энэ 2 байрыг төслийн ерөнхий гүйцэтгэгчид шилжүүлэх, борлуулсан байх ёстой борлуулалт гэж үзээд акт тавьсан байдаг. Энэ дээр нэмэлт тайлбар хэлэхэд ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнээс гадна байцаагч нар акт тавихдаа тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэл болгосон байдаг. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн байдаг. Анх үндсэн гэрээн дээр энэ 2 байрыг өгөх тухай ерөөсөө дурдагдсан зүйл байхгүй. Сая гэрээний дагуу шилжүүлсэн гээд ярьчих шиг боллоо. Гэрээн дээр тийм зүйл байхгүй. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэж нэг хуудас бичгийг хяналт шалгалтаар өгсөн, энийг үндэслээд актаа тавьсан. Яагаад акт тавьсан гэхээр тооцооны үлдэгдлийн баталгаа дээр эдгээр ажлыг хийж гүйцэтгэх юм бол нэг блок буюу нэг бүтэн орон сууцны барилгыг м.кв-ыг нь 1,390,000 төгрөгөөр өгнө гэдгийг дурдсан байдаг. Дээрээс нь ийм агуулахуудыг өгнө гээд мөн дурдсан байдаг. Энэ дотор 702 тоот, 1602 тоот орон сууцыг сая барьж ашиглалтад оруулсан анхны орон сууцнаас өгнө гэж дурдсан байдаг. Мөн тооцооны үлдэгдлийн баталгаа дээр ************** ХХК-ийн нийт гэрээний дагуу 11,000,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Иймээс төлөгч тал нь нэхэмжлэгч талд 147,000,000 төгрөг төлөхөөр батлав гээд ************** компани нь 26А, 26Б, 26В, 26Г байрнуудын доголдолтой ажлуудыг тохиролцсон хугацаанд засаж сайжруулах ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд гүйцэтгээгүй тохиолдолд нийт 1,085,651,000 төгрөгийн үнэ бүхий ************** дүүргийн 18 дугаар хороо, стадион оргил 17013, Нийслэл хүрээ өргөн чөлөө, гудамжны Б4 блокны 26А байрны 702 тоот, 1602 тоот орон сууц, дээр нь 108, 109 тоот 2 ширхэг авто зогсоол, нэг ширхэг агуулахыг ************** ХХК үл маргах журмаар буцаан шилжүүлэх болно гэсэн байна. Тэгэхээр энэ тооцооны үлдэгдлийн баталгаа дээр байгаа өгнө гэчхээд доор нь хэрвээ танайх ажлаа хийж гүйцэтгээгүй доголдлын тухай яриад байна. 26А байрыг Улсын комисс хүлээж аваад ашиглалтад орчихсон ч гэсэн байранд эхлээд оршин суугчид орж эхэлснээс хойш маш их гомдол санал гарсан учраас 26А байр дээр ерөнхий гүйцэтгэгч нэмэлт ажлууд маш ихээр хийсэн. Тэгэхээр энэ тооцооны хуудаснаас өгнө гэснийг нь аваад хэрвээ ажлаа гүйцэт хийж гүйцэтгэж, энэ доголдлоо арилгаагүй тохиолдолд буцаах буюу үл маргах журмаар шилжүүлнэ гэснийг байцаагч нар огт үнэлэхгүй байна. Зүгээр татвар, төлбөр ноогдуулах зорилгоор тавьсан байна. Өнөөдрийг хүртэл энэ байрыг шилжүүлээд Улсын комиссын акт гараад ************** ХХК энэ байрыг эзэмшээд зарж борлуулаад, ашиглаад өөрийнхөө нэр дээр шилжүүлээд эсвэл өөрийнхөө нэр дээрээс бусдад шилжүүлээд борлуулсан зүйл байхгүй. Шүүх хуралдаан 05 дугаар сарын 07-ны өдрөөс хойшлогдсоор байгаад өнөөдөр хуралдаж байна. Шүүх хуралдааны танхимд орж ирэхээс өмнө ************** ХХК-ийн нягтлан бодогч ээлжийн амралт, баяр наадмын амралттай байж байгаад ирсэн. 07 дугаар сарын эхээр ************** ХХК, ************** ХХК 2 компани өмнө хэлсэн 11,000,000,000 төгрөгийн нийт борлуулалтыг хоорондоо яг ижил дүнгээр шивэлцсэн гэдэг баримтыг нь ирүүлсэн. Гэхдээ би энийг шүүх хуралдаанд нотлох баримтын хэмжээнд гаргаж өгөх тийм боломж гарсангүй. Тэгэхээр яг ижилхэн дүнгээр 2 талаас борлуулалтаа шивсэн, ажлаа дууссан, төсөл дууссан. Энэ төсөл 2017 оноос хойш эхлээд 2023 оныг дуустал нь үргэлжлээд 2024 оны хагас жилээр төслөө дуусгаад бүх юмаа дүгнээд 2 талаасаа шивэх ёстой бартерын борлуулалтыг шивээд, бусад айлуудаа оруулаад борлуулаад дуусаж байна. Тэгэхээр энэ 2 байрыг ************** ХХК хийсэн ажлынхаа дүнд 11,000,000,000 төгрөгийн нь 1,085,000,000 төгрөг буюу энэ тооцооны үлдэгдлийн баталгаа гэдэгт орчихсон дүнгээр шивчихсэн байна. Буцаагаад манайх байрнуудаа тус бүрд нь 26Б, 26Г блок гээд бүхэлд нь засалгүйгээр өгсөн орон сууцыг бүхэлд нь, авто зогсоолуудаа тус тусад нь шивээд энэ 2 орон сууцыг тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдагдсан 2 ширхэг авто зогсоолтой цуг нийлүүлээд нэрийг нь дурдаад шивчихсэн байна. Тэгэхээр нэг ёсондоо манайх борлуулалтаа хийгээд дууссан, айл манайд ажлаа хийгээд дуусчихсан. Манайх бартерынхаа гэрээний дагуу борлуулалтаа шивчихсэн. Гэтэл дахиад актаар бид энэ борлуулалт дээр дахиад нөхөн татвар, торгууль алданги тооцогдоод 2 байрны борлуулалт давхцаад ийм нөхцөл байдалтай явж байна. Энэ асуудлыг өмнөх шүүх хуралдаан дээр бид хэлсэн, гомдол гаргасан. Манай компани айлд 11,000,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг шивэхээр бид буцаагаад шивэхдээ энэ 2 байрыг шивэх боломжгүй боллоо. Яагаад гэвэл актаар татвар нь ноогдчихсон. Бид дахиад шивбэл манайд илүү болох гээд байна гэдгийг өмнөх шүүх хуралдаан дээр ярьж байсан. Гэтэл энэ нөхцөл байдал жинхэнэ хэрэгжээд ерөнхий гүйцэтгэгч маань манайд шивчихсэн. Манайх буцаагаад энэ 2 байраа оруулаад гэрээний дагуу гэрээгээр тохиролцсон ёсоор айл ажлын доголдлыг засаад дуусчихсан учраас шивнэ гэсний дагуу шивчихсэн байна. Тэгэхээр энэ борлуулалт манайд давхцаж байна. Дээрээс нь торгууль, алдангитай татвар төлөгчийн эрх, ашгийг хөндөж байна. Яагаад гэвэл манай борлуулалт 2 байран дээр тэрбум төгрөгийн борлуулалт давхцаад дээрээс нь торгууль, алдангитай гээд явж байна. Тэгэхээр шүүгч энэ асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрээ гаргана гэж найдаж байна.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1 дүгээр үндэслэл борлуулагдаагүй орон сууцыг борлуулсанд тооцож нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлгүй. Татварын хяналтын Улсын байцаагчийн хяналт шалгалтад хамаарах хугацаанд 2017 оноос ************** дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 блок орон сууцыг бол “**********” нэртэйгээр ************** ХХК барьж гүйцэтгэсэн. Энэ барилгын төсөлдөө ерөнхий гүйцэтгэгчээр ************** ХХК-ийг авч ажиллуулсан. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 19/04/11-14 дугаартай төлбөрийн зөрүү төлбөрт энэ гэрээг байгуулсан. “**************” хотхоны 26А байрны 702, 1602 тоот орон сууц нийлээд 183 м.кв орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байдаг. Гэвч ************** ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын 26А байрны барилгын цонх, нийт 4 блокийн гадна фасад ажлууд чанарын шаардлага хангаагүйгээс оршин суугчдаас гомдол ирсний улмаас дээрх 702, 1602 тоот орон сууцуудыг ************** ХХК-д шилжүүлэн өгөөгүй байсан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ ************** ХХК болон ************** ХХК аль аль дээр нь гаргаагүй. Үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй ийм нөхцөл байдалтай байсан. ************** ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан тохиолдолд ************** ХХК дээрх орон сууцуудыг шилжүүлж өгөх ийм нөхцөлтэйгөөр талууд тохиролцсон байсан. Хяналт шалгалтын ажиллагааны явцад ************** ХХК өөрсдийнхөө доголдол, бусад дутуу хийгдсэн зүйлийг хийгээгүй байсан учраас бид 702, 1602 тоотуудыг шилжүүлж өгөхгүй. Хэрвээ ************** ерөнхий гүйцэтгэгч нь ажлаа бүрэн хийгээгүй тохиолдолд бид 2 орон сууцыг бүрэн хүлээлгэж өгөхөөргүй ийм тохиролцоог талууд хийсэн. Үүнээс гадна гэрээ хэрэгжсэн тохиолдолд нэг талаас ажлын гүйцэтгэл, нөгөө талаас бартерт өгсөн байрны нийт дүнгээр харилцан нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг бичилцэхээр гэрээний 4 дүгээр зүйл дээр тохирсон. Төлбөр хийгдэх нөхцөл буюу 4 дүгээр зүйл дээр тохирсны дагуу талууд энэ шивэлтийг хийгээгүй байсан. Бартерын бусад борлуулалтын байрнуудаас мөн энэ зарчмаар өнөөдрийг хүртэл татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээд явж байна. Борлуулалтын орлогын дүнгээс 80%-аар өртөг тооцож аж ахуйн нэгж орлогын албан татвар ноогдуулах орлогыг тодорхойлсон. Ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан уг гэрээний зөвхөн нэг тал буюу бартерын байрны борлуулалтад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан боловч нөгөө тал тэнцүү дүнтэй, ажлын гүйцэтгэлийн худалдан авалт байгааг тооцож хасалт хийгээгүй. Ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дээрх заалтууд нэмэгдсэн нэмэлт өөрчлөлт, уг гэрээг явцын дунд дүгнэхтэй холбоотойгоор тооцоо нийлсэн акт, ерөнхий гүйцэтгэгчээс гаргасан баталгаа зэрэг нотлох баримтыг бүрэн үнэлэлгүйгээр зөвхөн Улсын комисс барилгыг хүлээн авсан нь ерөнхий гүйцэтгэгчийг ажлаа бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Энэ дээр ямар процесс болж байна гэхээр манайх ерөнхий гүйцэтгэгчээр ажлаа бүрэн хүлээлгэж дуусаагүй байхад “…1602, 702 тоот гэдэг энэ 2 тоотыг та нар борлуулчихсан байна, тийм учраас эндээс татвараа төл, танайх энэ барилгыг барихад 80%-ийн өртөг гарсан гэж тооцоод үлдэгдэл 20%-ийг ашиг хийсэн гэж үзээд манай дээр одоо борлуулчихсан байна…” гэж үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргасан. Хүсэлт нь “…Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ орон сууцуудыг хэний нэр дээр, хэний өмчлөл дээр байгаа гэдгийг тодорхойлж өгөөч…” гэдэг хүсэлт гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас “…хэн нэгэн этгээдийн өмчлөлд биш байна...” гэдэг хариу ирсэн. Өөрөөр хэлбэл бизнесийн зарчмаар нэг этгээд нь ажлаа бүрэн гүйцэт дуусгаж байж нөгөө тал тэрийг нь хүлээж авч байж “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үндсэн зарчим хэрэгжиж талууд бие биедээ авсан өгснөө НӨАТ-ын баримтаа шивээд ингээд харилцаа дуусна. Гэтэл төрийн байгууллага хяналт шалгалт хийгээд та нар борлуулчихсан байж яагаад энэ татварыг төлдөггүй юм бэ гээд манай компани дээр нөхөн татвар тавьж байгаа хэсэг нь өөрөө хамгийн үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

2 дугаарт хөрөнгө оруулалтын гэрээний үр дагаврыг буруу тооцож, үнэ шилжилтийн тохируулга хийж байгаа үйлдэл нь үндэслэлгүй юм. Тус компани нь 2014 оноос уг төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж, хөрөнгө оруулалт идэвхтэй хайж эхэлсэн. 2015 оноос 2018 онуудад 4 иргэнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, төсөлд анхны хөрөнгө оруулалт оруулсных нь хувьд уг төслийн орон сууцуудаас хөрөнгө оруулсан дүнд дотор засалгүйгээр м.кв-ыг 1,000,000 төгрөгөөр үнэлж шилжүүлэхээр харилцан тооцсон. М.кв-ыг нь 1,000,000 төгрөгөөр тооцох үндэслэл нь тухайн үеийн орон сууцны зах зээлийн үнэ, инфляц, орон сууц төлөвлөсөн хугацаандаа орох зэрэг бүхий л нөхцөл байдлыг тооцож Иргэний хуульд заасны дагуу чөлөөт хуулийн зарчмыг үндэслэж харилцан тохиролцсон. Уг гэрээний төслийн эхний байрнаас ямар нэгэн засалгүйгээр 2020 онд 38 орон сууцыг эдгээр 4 хөрөнгө оруулагчдад дээрх үнэлгээгээр тооцон шилжүүлж өгсөн. Гэтэл татварын Улсын байцаагч нар нь “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу шилжүүлэн борлуулсан байрны үнэлгээнд татвар ноогдуулах орлогыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн. Албан татварын ногдлыг “Үнэ шилжилтийн тохируулга хийх” аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна гэж заасны дагуу үнэ шилжилтийн тохируулга хийж дутуу тайлагнасан 4,869,000,000 төгрөгийн үнийн дүнгээс 3,900,000,000 төгрөгийг хасаж, нийтдээ 953,000,000 төгрөгийн татвар ногдох болон албан татвар ногдох орлогыг тодорхойлон ААНОАТ болон НӨАТ-ын нөхөн татвар ноогдуулж, торгууль, алданги зэргийг тооцсон. Нийслэлийн Татварын газрын татварын Улсын байцаагч нь акт болон Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдол тайлбартаа “...4 иргэнээс 3-тай нь тус компанид харилцан хамааралтай болохыг дурдсан…” байсан. Эдгээр 3 иргэн нь 2017 онд 1,700,000,000 төгрөг, 2018 онд нийт 4,300,000,000 төгрөгийг тус компанид зээлүүлсэн нь урт хугацаанд өр төлбөр дансанд бүртгэгдсэн бөгөөд зах зээлийн үнээс хямд үнэ тарифаар борлуулсан 38 орон сууцны борлуулалтын үнэлгээнд үнэ шилжилтийн тохируулга хийхдээ харьцуулагдах бие даасан үнийн аргыг ашигласан. Харьцуулагдах байдлын шинжилгээг хийж гүйцэтгэхдээ Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаар тушаалаар батлагдсан үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгон хэрэглэх журмыг мөрдлөг болгосон гэсэн. Татварын Улсын байцаагч нар нь уг журамд дурдсан харьцуулагдах бие даасан үнийн аргыг хэрэглэн харьцуулагдах байдлын шинжилгээг хийж гүйцэтгэхдээ 2015 оноос 2018 онд хийгдсэн гэрээний нөхцөлөөр 2020 онд хүлээлгэн өгч борлуулалтын орлогод тусгасан 36 орон сууцыг 2020 онд хийгдсэн “Орон сууцны захиалгын гэрээ”-ний үнийн дүнтэй харьцуулж байгаагаас гадна журмын 2.1.4, 3.5, 3.6.3, 4.7.1, 5.5.3-д заасан нөхцөл шаардлагуудыг үнэлж үзээгүйгээр шийдсэн байна. Цаг хугацааны хувьд бол 2015 оноос 2018 онуудад хийгдсэн засалгүй байрны гэрээний үнэ, 2019 онд харилцан хамааралгүй ************** ХХК-д хийгдсэн засалгүй байрны гэрээний үнэ, 2020 оны 01 дүгээр сараас захиалагчтай байгуулсан гэрээний үнэ зэрэг нь харьцуулагдах боломжгүй зүйл. Энэ хугацаанд ковид-19 цар тахалт халдварт өвчин зэрэг олон давагдашгүй хүчин зүйлүүд гарч, барилгын салбарт бол үнийн хөөрөлт бий болсон байдаг. Өөрөөр хэлбэл гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу хөрөнгө оруулагч нар нь 2015 оноос 2018 онуудад хийсэн хөрөнгө оруулалтын үр ашгийг 2020 онд хүртэхээр тооцож, байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байхад үндэслэлгүйгээр буруутгаж, үнэ шилжилтийн тохируулга хийсэн нь хуульд нийцэхгүй байна. Энэ дээр зөвхөн нэхэмжлэл дээр дурдсан зүйлээс гадна татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журам гэж Татварын ерөнхий газрын дарга баталдаг юм байна. Татварын Улсын 2 байцаагч **************  ХХК-д хяналт шалгалтыг нэг жил гаруй хугацаанд хийсэн. Энэ нэг жил гаруй хугацаанд Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам 3 удаа өөрчлөгдсөн байдаг. 3 удаа өөрчлөгдөхөд нийтлэг байгаа нэг зүйл нь үнэ тохируулгын журмыг нарийн төвөгтэй хяналт шалгалтын төрлөөр хийнэ. Хяналт шалгалт хийж байгаа нөхцөлд л хийдэг. Өөрөөр хэлбэл энгийн хяналт шалгалт хялбаршуулсан хяналт шалгалт хийж байгаа тохиолдолд энэ хяналт шалгалтыг хийдэггүй юм байна. Хэргийн материалд авагдсан 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын А/39 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалт, үйл ажиллагааны журмын 2.3.8-д энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалтын явцад дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтын журмын 2.9.3-д заасан төрлөөр өөрчлүүлэх саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын нэгжид танилцуулгын хамт хүргүүлнэ. 3.8.1-д нь харилцан хамаарал бүхий этгээд хооронд хийгдсэн ажил, гүйлгээний үнэ, нөхцөл нь ижил төрлийн бие даасан ажил үйлчилгээний үнэ нөхцөлөөс ялгаатай байгаагаас татварын суурь буурсан байж болзошгүй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл энэ журмыг нэг бүрчлэн уншаад үзвэл татварын Улсын байцаагч нар нь Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмаа бүр ноцтойгоор хэд хэдэн удаа зөрчсөн байдаг. Энэ асуудлын талаар төгсгөлд нь нэмэлт тайлбар байдлаар хэлье. Нэхэмжлэлийн шаардлагын 2 дугаар зүйл дээр ямар ч байсан энэ шалгалтаар үнэ тохируулгын аргыг огт хэрэглэх ёсгүй байсан.

3 дугаар үндэслэл нь Монгол Улсын Сангийн сайдын баталсан стандартын дагуу хийсэн бүртгэлийг хууль бус хэмээн дүгнэсэн гэж байна. 2020 онд 536,000,000 төгрөг, 2021 онд 437,000,000 төгрөг, нийтдээ 974,000,000 төгрөгийн баталгаат засварын нөөцийг борлуулалтын орлогын 5%-аар байгуулсан. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг борлуулж тооцон албан татвар ногдох орлогыг бууруулсан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг зөрчсөн гэж хариуцлага тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Барилгын гэрээний орлого ба зарлагын нягтлан бодох бүртгэлийн стандарт” гэж байна. Энэ стандартыг нь нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаад Сангийн сайдын баталсан стандарт хэрэгт авагдсан. Энэ стандартын 6.4.1-д нь “барилгын ажил гүйцэтгэгч нь гэрээт ажилтай холбоотой, ирээдүйн тодорхой хугацаанд баталгааны үүрэг гүйцэтгэхээр бол ирээдүйд үүсэж болох үүрэг хариуцлагыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 37 нөөц, болзошгүй өр төлбөр, болзошгүй хөрөнгийг нийлүүлэн бүртгэнэ. 6.4.5-д нь аж ахуйн нэгжийн удирдлага нягтлан бодох бүртгэлийн бодлогоороо нөөцийг ямар сууриар хэмжихийг тодорхойлж, тогтвортой мөрдөнө. 6.4.7-д үүрэг хариуцлагын төлбөрийг барагдуулахад шаардагдах эдийн засгийн өгөөж бүхий нөөцийн урсгал гадагшлах магадлал байхгүй бол нөөцийн дүнг буцаан шивнэ гэж заасан. ************** ХХК нь үйл ажиллагаандаа уг стандартыг мөрдөж, борлуулалтын орлогын сууриар нөөц төлбөрийг 5%-ийг бүрдүүлж өртөг зардалд бүртгэдэг. Энэ хугацаанд засварын зардал гаргахгүй тохиолдолд дээрх стандартын заалтын дагуу уг нөөцийг буцааж борлуулалтын аргаар бүртгэнэ гэж заасны дагуу 5%-ийн бүртгэлийн нөөцийг бий болгосон. Гэтэл батлагдсан стандартын дагуу болзошгүй өр төлбөрийн нөөц үүсгэж өртөг зардал бүртгэснийг хууль бус, хууль зөрчсөн хэмээн үзэж төлбөр ногдуулж байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй байна гэж үзэж байна. ************** ХХК нь хөрөнгө оруулагчаас хөрөнгө босгож дээрх төслийг хэрэгжүүлсэн бөгөөд төслийг амжилттай дуусгаснаар Улсад их хэмжээний татварыг төлсөн тухайгаа мөн нэхэмжлэлдээ дурдсан байна. Иймд Нийслэлийн Татварын газрын Улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийг бол хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна.

Би өмнө дурдсанаар Улсын байцаагч нар нэг жил гаруй хугацаанд энэ хяналт шалгалтыг хийсэн. Манайх тийм учиргүй том компани биш гэтэл 1 жил гаруй хугацаанд хяналт шалгалт хийсэн. Тэгээд хяналт шалгалт хийсэн хугацаагаа сунгах тухай хүсэлтийг Нийслэлийн Татварын газрын даргад өгч батлуулсан байдаг. Журмаар бол бүх хугацаа сунгаж байгаа шалтгаан нөхцөл тодорхой байх ёстой. Хүндэтгэн үзэх шалтгаан болон түүнийг нотлох баримт байх ёстой. Гэтэл нэг ширхэг ч хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон ийм нотлох баримт байхгүй. Нэг гарын үсгээр нэг төрлийн балаар бүх сунгасан гэж байгаа албан бичиг дээр гарын үсэг зурсан байдаг. Хяналт шалгалтын төгсгөлд тэр бичиг баримтыг үйлдсэн болох нь харагддаг. Энүүгээр юу хэлэх гээд байна гэхээр татварын Улсын байцаагч гэдэг бол төрийн нэрийн өмнөөс хяналт шалгалтыг хийх явцдаа 1 дүгээрт дээд байгууллагаас тогтоосон журмын дагуу хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл өмнө хэлсэн 2 дугаар үндэслэл дээр дурдсан өөрсдийн хийх ёсгүй буюу энэ нарийн төвөгтэй хяналт шалгалтын төрөлд хамаарах Сангийн сайдын баталсан “Үнэ тохируулгын журам”-ыг хэрэглэх ёсгүй байсан. 2 дугаарт энэ хяналт шалгалтыг хийх явцдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр маш удаан хугацаанд хийж байгаа нь өөрөө ашиг хонжоо олох, хайх, гар харах гэх мэтчилэн ийм нөхцөлийг бүрдүүлдэг гэж үзэж байгаа учраас энэ хяналт шалгалтыг сунгасан бүх тэр баримтууд үндэслэлгүй байсан. 3 дугаарт өмнө хэлсэн энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалтаас нарийн төвөгтэй хяналт шалгалтад шилжихэд хүсэлт тавиад танилцуулга бэлдээд тэрийг нь эрх бүхий дээд албан тушаалтан баталдаг. Гэтэл ямар ч баталсан журам, дүрэмгүйгээр энэ хяналт шалгалтыг хийсэн. Дээрх үндэслэлүүд байгаа учраас татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3.3. Хариуцагч С.Т************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагч С.Т**************, У.О************** бид 2-ыг ************** тоот томилолтоор эрсдэлд зориулсан төлөвлөгөөт бус иж бүрэн хяналт шалгалтыг ************** ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн. Татварын хяналт шалгалтад хамаарагдах 2018 оноос 2021 оны хооронд ************** ХХК-д татварын хяналт шалгалт хийх явцад тус компани нь ******** дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 16 давхар “*********” цогцолбор хотхон, хотхоны 26А, 26Б, 26В, 26Г гээд 4 цогц блок орон сууцыг барьсан байсан. Бид 2018 оноос 2021 онд хамаарах нь 26А блок орон сууц байсан. Тэгэхээр энэ татварын хяналт шалгалт зөвхөн 26А блок орон сууцтай холбоотой. Энэ нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн БА-043/2020 дугаартай барилга байгууламжийг 2020 онд Улсын комисс хүлээж авсан байсан учраас хяналт шалгалтын хугацаанд 26А блок байрны зөрчил хамаарч байна. Нэхэмжлэгч ************** ХХК нь “**************” цогцолборын ерөнхийдөө захиалагч компани. Дандаа туслан гүйцэтгэгч компаниудаа оролцуулж энэ хотхоны ажлыг гүйцэтгэсэн байдаг. Ерөнхий гүйцэтгэгч нь ************** ХХК бөгөөд эхний зөрчилтэй холбоотой ************** ХХК-тай байгуулсан энэ гэрээний ажлын хөлсөнд шилжүүлж борлуулсан гэж үзэж байгаа 1702 тоот, 602 тоот орон сууцны 882,546,363 төгрөгийн орлоготой холбоотой зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Яагаад зөрчилд тооцсон үндэслэлийг нь тайлбарлачихъя. 26А блок орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгч ************** ХХК-тай захиалагч ************** ХХК 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 19/04/11-14 дугаартай гэрээгээр 26А орон сууцны гадна цонх, шалны тэгшилгээний ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Тухайн гэрээг байгуулахдаа ажлын хөлсийг хийж гүйцэтгэнэ гэж гэрээндээ дурдсан байдаг. Ажлаа хийж дуусгасан тохиолдолд ажлын хөлсийг 100% бартераар төлөх нөхцөлтэйгөөр 2 тал харилцан гэрээ хийсэн байдаг. Гэрээний дагуу ************** ХХК нь гэрээнд дурдагдсан ажлуудаа хугацаандаа хийж гүйцэтгээд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улсын комисс хүлээж авч дүгнэлт гаргана гэдэг нь 26А блок байрыг ашиглалтад оруулаад бүх чанарын шаардлагыг хангасан учраас Улсын комисс хүлээж аваад Улсын комиссын дүгнэлт гараад 26А блок 132 айлтай байр ашиглалтад ороод борлуулагдаж эхэлсэн байна. Улсын комисс хүлээж авна гэдэг нь ************** ерөнхий гүйцэтгэгч компани нь ажлаа чанартай гүйцэтгэчихсэн гэж Улсын комисс дүгнээд тухайн 26А блокийг ашиглалтад оруулаад оршин суугчид нь орон сууцаа худалдаж аваад борлуулалт хийгдсэн байна. Тэгэхээр ************** ХХК-ийн хувьд ажлаа гүйцэтгэсэн учраас ажлын гүйцэтгэлдээ гэрээнд дурдагдсаны дагуу бартерт өгсөн орон сууцыг хүлээлгэж өгсөн байна. Хүлээлгэж өгсөн тооцоо нийлсэн акт, гэрээний биелэлтээр 1702 тоот болон 602 тоотыг хүлээлгэж өгсөн болох нь нотлогдож харагдаж байна. Тийм учраас энэ хянан шалгалтын актын 1 дүгээр зөрчилд авсан 2020 оны тайлангийн албан татвар ногдуулалтын зөрчилд авсан дүнгээр ************** ХХК холбоотой энэ гэрээний бартерын ажлын хөлс нь 1702 тоот, 602 тоот орон сууцны Нэмэгдсэн өртгийн албан татварын хассан цэвэр дүнгээр 882,546,363  төгрөгийг орлогод аваад үүнээс 709,000,000 төгрөгийн өртгийг хасаж өгөөд зөрүү 172,802,578 төгрөгөөр зөрчил ноогдуулаад төлбөр ноогдуулсан. Энэ дээр нэмж хэлэхэд Татварын Улсын байцаагч бид хуулийн хэрэгжилт үүргийнхээ хүрээнд үндсэндээ Татварын тухай хуулийн хэрэгжилт, татвар төлөгч нь Татварын тухай хуулийн дагуу татвар ноогдуулах, төлөлтөө өөрөө үнэн зөв тодорхойлж тайлагнах үүрэгтэй байдаг. Бидний хийсэн татварын хяналт шалгалтаар бидний чиг үүрэг энэ татвар төлөгч татвараа хуулийн хугацаанд үнэн зөв тайлагнасан, ногдуулсан эсэхийг хянан шалгаж байна. Тийм учраас Татварын тухай хууль, Ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэг холбогдох татварын хуулиудын хэрэгжилт хангагдаж байна уу гэдгийг шалгасан. Эхний зөрчил дээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд албан татвар ноогдох орлогыг хэдийд, ямар тохиолдолд хүлээн зөвшөөрөх вэ гэдэгт албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө гэж заасан. Нэхэмжлэгч компанийн хувьд ажлыг гүйцэтгэлийн хувиар үйлчилгээний орлогыг хүлээж авсан эсэх эсвэл гэрээ хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар гэж заасан байна. Энэ хуулийн заалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.4, 8.1, 12.1, 18 дахь заалтыг бид удирдлага болгож энэ холбогдох зөрчилд төлбөр ноогдуулсан.

2 дугаар асуудал нь Үнэ шилжүүлэлтийн журам буюу харилцан хамааралтай этгээд хооронд зах зээлийн үнээс хэт бага үнээр шилжүүлсэн. Нийт 132 айлын орон сууцаас нийт 38 айлын орон сууцны борлуулалтын үнэлгээ нь харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо зах зээлийн үнээс хэт бага үнээр буюу 1,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулалтын гэрээгээр орон сууц худалдан борлуулсан байна. Үнэ шилжилтийн журмыг У.О************** байцаагч тайлбарлана. Албан татвар тухайн үеийн зах зээлийн үнэлгээ үнэ тарифыг үндэслэнэ. Хэрвээ харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо үнэгүй эсвэл зах зээлийн үнээс хямд үнээр буюу өндөр үнэ тарифаар хоорондоо бараа, ажил үйлчилгээ борлуулсан бол зах зээлийн үнэ ханшийг баримталж татвар ноогдуулна гэсний дагуу дээрх нөхцөл байдлыг зөрчилд авсан нь хуулийн зүйл заалтыг бид зөрчөөгүй гэж үзэж байна. Зах зээлийн үнээс хэт бага үнээр харилцан хамааралтай этгээдүүд хооронд үнэ шилжилтийн тохируулга хийсэн.” гэжээ.

3.4. Хариуцагч У.О************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Харилцан хамааралтай этгээдүүд дээр тайлбараа хэлж дуусгая. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд Татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна” гэж заасан байдаг. Энэ заалттай холбоотойгоор Татварын ерөнхий ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд үнэ шилжилтийн тохируулга хийх аргуудыг нарийн заагаад өгчихсөн байдаг. Тэр аргууд нь журмаар нарийн зохицуулагдаад явдаг. Хамгийн гол нь харилцан хамаарал этгээдүүдтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад зах зээлийн үнээс бага үнээр борлуулна гэдэг нь Татварын ерөнхий хууль дээр тодорхойлсон бодит бус үнэ хэрэглэсэн гэдэгт хамаарна. Харилцан хамааралтай этгээдүүд болох н.О**************, н.У**************, н.Г************** нар нь ************** ХХК-ийн хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлууд байдаг. н.Г******* нь “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулаад 1,000,000 төгрөгөөр орон сууц авах эрх бүхий хүн болсон байдаг. Энийг Татварын ерөнхий хуулийн 27.10-д заасан “харилцан хамааралтай этгээд” гэдэгт хамааруулж тооцсон. Тэгээд хөрөнгө оруулалт гэдэг нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хөрөнгө оруулалт гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, бас санхүүгийн тайланд тусгасан биет болон биет биет бус хөрөнгийг хэлнэ” гэж заасан байдаг. Гэтэл ************** ХХК-ийн санхүүгийн тайлан дээр энэ хөрөнгө оруулалтын бүртгэл огт байхгүй, урт хугацааны өр төлбөрийн бүртгэл байдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын өгөөжийг бүртгэх ёстой гэтэл энэ бүртгэл огт байдаггүй. Дээрээс нь харилцан хамааралтай этгээдүүдэд борлуулчихсан гэж тайлбарлаж байгаа боловч татварын бүртгэлийн нэгдсэн системд харилцан хамааралтай этгээдүүд буюу хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарлаад байгаа хүмүүстээ шууд ибаримт шивээд өгөх ёстой гэтэл тийм бүртгэл бас байдаггүй. Тэгэхээр энэ нь хөрөнгө оруулалтын бүртгэл биш гэж үзэж байна.

Үнэ шилжилтийн тохируулга хийхдээ журам дээр заасан нарийн төвөгтэй хяналт шалгалтад орно гэж нэхэмжлэгч ярьж байна. Гэтэл үнэ шилжилтийн тохируулга хийсэн шалгалт болгон нарийн төвөгтэй хяналт шалгалтад ордоггүй, тухайн хяналт шалгалт нь энгийн хяналт шалгалт байсан. Хэрвээ үнэхээр тийм нарийн төвөгтэй хяналт шалгалтыг бид 2 эрх хэмжээгээ хэтрүүлээд хийсэн бол Нийслэлийн Маргаан таслах зөвлөл дээр бид 2-ыг буруутгах байсан. Бид 2 эрх хэмжээгээ хэтрүүлээгүй гэдгийг хэлье. Үнэ шилжилтийн тохируулгыг хийхдээ журам дээр заасны дагуу харьцуулагдах байдлын шинжилгээ, интерквартилын аргаар бодит бус үнэ хэрэглэсэн гэдэг нь нотлогдчихож байна. Үнэ шилжилтийн тохируулга хийх замаар татварын магадлалыг тодорхойлохдоо журам дээр заасны дагуу бүгдийг нь харьцуулж үзсэн. Харьцуулагдах байдлын шинжилгээг хийхдээ эхлээд харьцуулагдах зүйлээ эхлээд сонгох ёстой. Энэ орон сууц нь 2020 онд ашиглалтад орсон учраас тухайн үед тухайн байрнаас зарагдсан байртай харьцуулагдах байдлын шинжилгээг хийх харьцуулагдах зүйлээр сонгосон. Харьцуулагдах зүйлээр яг тухайн онд ашиглалтад орсон тухайн байрны м.кв-ыг харилцан хамааралгүй этгээдүүдэд борлуулсан м.кв-ын үнийг харьцуулагдах зүйлээ болгон сонгож эдгээр тооцооллыг хийсэн. Энэ тооцооллыг Маргаан таслах зөвлөлийн магадлагч байцаагч шалгаж үзээд зөрчилгүй байна гэсэн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. 2021 онд бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого дутуу тайлагнасан гэх 5,751,803,705.46 төгрөгийн зөрчлийн тухайд:

1.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс “ерөнхий гүйцэтгэгч “**************” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 19/04/11-14 тоот гэрээний болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний төлбөрт 183.17 м2 талбай бүхий 2 орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээний болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдэд заагдсан зарим ажил, тухайлбал 26А барилгын цонх, гадна фасадны ажлууд чанарын шаардлага хангаагүйгээс оршин суугчдаас гомдол гарч уг ажлыг дахин чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд дээрх 2 орон сууцыг “**************” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгөх боломжгүй байгааг татварын байцаагч нар анхаараагүй” гэх агуулгаар маргасан.

 1.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно", 7.4 дэх хэсэгт "Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно" гээд, 7.4.1 дэх заалтад "Үйл ажиллагааны орлого" гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно” гээд, 8.1.1 дэх заалтад “Бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого" гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө” гээд, 12.1.3 дахь заалтад "үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар", 12.2 дахь хэсэгт "Албан татвар төлөгч бараа, ажил, үйлчилгээ солилцсон тохиолдолд бараа, ажил үйлчилгээг хүлээн авсан өдрөөр албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрнө”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 9.1.1, 11.1.1, 11.1.4- т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдлыг хасаж тухайн жилийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно", 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна" гэж тус тус зохицуулжээ.

1.3. Татварын улсын байцаагч нар Улаанбаатар хот, ************** дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 132 айлын “**************” цогцолбор хотхоны 26А орон сууцны зориулалттай барилгын ерөнхий гүйцэтгэгч “************** ХХК-тай байгуулсан гэрээний ажлын хөлсөнд шилжүүлэн борлуулсан 702, 1602 тоот орон сууцны нийт 882,546,363.63 төгрөгийн орлогын дүнгээс 709,743,785.64 төгрөгийн өртгийг хасаж хариуцлага ногдуулжээ.

1.4. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь “**************” ХХК-тай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19/04/11-14 дугаартай гэрээгээр[5] Улаанбаатар хот, ************** дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 132 айлын "**************" цогцолбор хотхоны 26А орон сууцны зориулалттай барилгын ерөнхий гүйцэтгэгч 26А орон сууцны гадна фасад /хөөсөн полистрол/-ын ажил гүйцэтгэхээр тохиролцсон болох нь маргаангүй байна.

1.5. Харин тус гэрээний “Дөрөв. Гэрээт ажлын хөлс, санхүүжилтийн үе шат” гэх хэсгийн “Төлбөр хийгдэх нөхцөл” гэх баганад “1. Гэрээт ажлын материал болон ажлын хөлсний зардлыг 100 хувь бартераар төлнө” гэсэн атлаа “2. Бартерт ************** цогцолбор барилгын 26Г орон сууцыг засалгүй /дотор шугам сүлжээ, шалны тэгшилгээ орсон/ 1 м.кв-ыг 1 395 000 /нэг сая гурван зуун ерэн таван мянган төгрөгөөр тооцож өгнө” гэсэн тохиролцоо хийснээс үзвэл, энэхүү тохиролцоо нь нөхөн ногдуулалтын актад хамаарч буй 26А орон сууцад бус, зөвхөн 26Г орон сууцанд хамаарч байгаа мэт ойлгогдох боловч хавтаст хэрэгт авагдсан "************** дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дунд төвөгшилтэй ангиллын зоорьтой 16 давхар, агуулах 3, авто машины зогсоол 16, үйлчилгээтэй талбай 3, 132 айлын хүчин чадал бүхий "Парк гарден” цогцолбор хотхоны орон сууцны зориулалттай барилга байгууламжид Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/**** дугаар захирамж шийдвэрээр байгуулагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн БА-043/2020 дугаартай дүгнэлтээр[6] улсын комисс 26А орон сууцыг хүлээн авсан байх тул талуудын хооронд байгуулсан Ерөнхий гэрээний дагуу ажил гүйцэтгэгдсэн болох нь тогтоогдож байна.

1.6. Мөн хавтаст хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа №22/08/08-01 тоот тооцоо нийлсэн актыг[7] үзэхэд, талуудын хооронд байгуулсан Ерөнхий гэрээ болон түүний нэмэлт гэрээнүүдтэй холбоотойгоор 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацааны өр төлбөрийн тооцоонд нэхэмжлэгч компаниас “**************” ХХК-д 1 540 791 188.00 төгрөгөөс гадна маргаж буй нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчилд хамаарах 702 тоот болон 1602 тоот орон сууцыг тус тус шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдлоо.

1.7. Нэгэнт орон сууцыг улсын комисс хүлээн авсан, мөн нэхэмжлэгчээс “**************” ХХК-д орон сууцуудыг шилжүүлэн өгсөн байх тул энэ нь хууль зүйн агуулгаараа тухайн барилгыг бүрэн ашиглалтад оруулсан гэж үзэх үндэслэлийг бүрдүүлэх бөгөөд энэ агуулгаараа нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан “Тооцооны үлдэгдлийн баталгаагаар ************** компани нь 26А, 26Б, 26В, 26Г байрнуудын доголдолтой ажлуудыг тохиролцсон хугацаанд засаж сайжруулах ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд гүйцэтгээгүй тохиолдолд нийт 1,085,651,000 төгрөгийн үнэ бүхий ************** дүүргийн ** дугаар хороо, ************** 17013, ************** өргөн чөлөө, гудамжны Б4 блокны 26А байрны 702 тоот, 1602 тоот орон сууц, дээр нь 108, 109 тоот 2 ширхэг авто зогсоол, нэг ширхэг агуулахыг ************** ХХК үл маргах журмаар буцаан шилжүүлэх болно гэж тохиролцсон” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.  

1.8. Тиймээс нөхөн ногдуулалтын актаар 26А блок орон сууцны 702 тоот 183.17 м2 талбайтай 512,876,000.00 төгрөгийн дүнтэй 1 ш орон сууц, 1602 тоот 457,925,000.00 төгрөгийн дүнтэй 1 ш орон сууц, нийт 970,801,000.00 төгрөгийн НӨАТ-гүй дүнгээр 882,546,363.63 төгрөгийн дүнтэй 2 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгсөн /шилжүүлсэн/ гэж дүгнэн зөрчилд тооцсон нь үндэслэлтэй байна.

1.9 Мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Тус компани 2014 оноос уг төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж хөрөнгө оруулалт идэвхтэй хайж эхэлсэн бөгөөд 2015-2018 онуудад 4 иргэнтэй хөрөнгө оруулалтын гэрээ хийж төсөлд анхны хөрөнгө оруулалт оруулсных нь хувьд уг төслийн орон сууцуудаас хөрөнгө оруулсан дүнд дотор засалгүйгээр 1 м.кв-ыг 1 сая төгрөгөөр үнэлж шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу төслийн эхний байрнаас (ямар нэгэн засалгүйгээр) 2020 онд нийт 38 орон сууцыг эдгээр 4 иргэнд дээрх үнэлгээгээр тооцон шилжүүлэн өгсөн ...” гэх агуулгаар маргасан.

1.10. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна.” гэж заажээ.

1.11. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч татварын улсын байцаагч нар “... хөрөнгө оруулалтын гэрээгээр компанийн үүсгэн байгуулагч, харилцан хамаарал бүхий этгээдүүдэд зах зээлийн үнээс хямд үнэ тарифаар буюу бодит бус үнэ хэрэглэж борлуулсан 38 орон сууцны борлуулалтын үнэлгээнд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д зааснаар үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар орлогыг тодорхойлж дутуу тайлагнасан 4,869,257,341.83 төгрөгийн дүнгээс 3,915,856,754.30 төгрөгийн өртгийн хасаж хариуцлага ногдуулсан” гэж тайлбарласан.

1.12. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас судлан үзэхэд тогтоогдсон үйл баримтуудыг дурдвал, нэхэмжлэгч нь 2017 оноос ************** дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 блок барилга, оффис, авто зогсоол бүхий ************** хотхоныг барьж эхэлсэн. Татварын хяналт шалгалтын хамрах хугацаанд эхний барилга буюу 26А байрыг барьж дуусган ашиглалтад оруулсан байна.

1.13. Дээрх орон сууцаас 3049 м.кв талбайтай 38 айлын орон сууцыг харилцан хамааралтай этгээдүүд болох Б.О**************, Н.У**************, Б.Г************** нарт 1 м.кв талбайг 1,000,000.00 төгрөгөөр үнэлэн хөрөнгө оруулалтын гэрээгээр[8] шилжүүлэн борлуулалтад тусгаж тайлагнасан байна.

1.14. Б.Г************** “Тайм констракшн” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар ажилладаг[9], үлдсэн 70 хувийг "**************” ХХК эзэмшдэг[10] бөгөөд Б.О**************, Н.У************** нар тус компанийн хувьцаа эзэмшигчид нь татварын бүртгэл мэдээллийн санд хадгалагдсан, нэхэмжлэгч компанийн төслийг эхлүүлэхээр хөрөнгө оруулалт хайж эхэлсэн гэх 2014 оноос хойш "**************” ХХК-ийн Санхүү төрийн сангийн хэлтэст баталгаажуулсан санхүүгийн тайланд хөрөнгө оруулалтын бүртгэл бүртгэгдээгүй бөгөөд нэр бүхий иргэдтэй байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэх гэрээний тохиролцооны агуулгыг үзвэл орон сууц захиалгаар бариулах гэрээний агуулгатай, энэ талаар нэхэмжлэгч тал үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

1.15. Түүнчлэн 2017 онд 1,7 тэрбум төгрөгийн урт хугацаат өр төлбөр бүртгэгдсэн, 2018-2020 онуудад дээрх 3 иргэн нийт 4,366,100,000.00 төгрөгийг "**************” ХХК-д бэлэн мөнгөөр зээлүүлсэн байх бөгөөд 4004 кодтой урт хугацаат өр төлбөр дансанд бүртгэгджээ.

1.16. Татварын улсын байцаагч нар компанийн үүсгэн байгуулагч, харилцан хамаарал бүхий этгээдүүдэд зах зээлийн үнээс хямд үнэ тарифаар борлуулсан 38 орон сууцны борлуулалтын үнэлгээнд үнэ шилжилтийн тохируулга хийхдээ харьцуулагдах бие даасан үнийн аргыг ашиглан, харьцуулагдах байдлын шинжилгээг хийж, 2020 онд буюу тухайн 38 байртай ойролцоо хугацаанд, уг 26А байрыг харилцан хамааралгүй этгээдүүдэд борлуулсан 86 байрны м.кв-ын борлуулалтын үнэлгээг харилцан хамааралтай этгээдэд борлуулсан байрнуудын м.кв-ын борлуулалтын үнэлгээтэй харьцуулах нь харьцуулалтын түвшин хамгийн өндөр гэж үзжээ.

1.17. Улмаар татварын улсын байцаагч нараас “харилцан хамааралтай этгээдэд борлуулсан 3049 м.кв талбайтай 38 байрны үнэ шилжилтийн тохируулгыг м.кв тутамд 1,756,701.57 төгрөгөөр хийж, нийт 5,356,183,076.02 төгрөг, цэвэр дүнгээр 4,869,257,341.83 төгрөгийн дүнг тодорхойлсон, 2020 оны тайлангаас борлуулалтын орлогод эзлэх өртгийг тооцоолоход 80,42 хувь байсан тул тайлагнаагүй орлогод ногдох өртгийг хувийн жингээр нь тооцож 3,915,856,754.30 төгрөг гэж тодорхойлсон, дээрх тооцооллуудыг хийхдээ Татварын ерөнхий хууль, Сангийн сайдын 2019 оны 12 сарын 31-ний 308 дугаар тушаалаар батлагдсан "Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журам"-ыг мөрдлөг болгон ажилласан” гэж тайлбарласныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 1.18. Учир нь, гэрээний үнэ, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тайлагнасан борлуулалтын орлого, магадалгааны явцад ирүүлсэн зардлын баримт зэргийг үнэн зөвийг тодорхойлох боломжгүй буюу бодит бус үнийг хэрэглэсэн, жишиг үнийн аргыг хэрэглэснээр борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлж, түүнтэй уялдан гарсан зардлыг тооцоолсон гэж үзэх үндэслэлтэй байна.

1.19. Иймд дээрх үндэслэлүүдээр татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актаар 5,751,803,705.47 төгрөгийн зөрчилд 112,620,316.55 төгрөгийн нөхөн татвар, 45,048,12662 торгууль, 16,005,599.38 алданги, нийт 173,674,042.55 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Маргаж буй нөхөн ногдуулалтын актаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох зөрчлийг тогтоосон тухайд:

2.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:” гээд, 7.1.1 дэх заалтад “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ" гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна:” гээд, 8.1.1 дэх заалтад “бараа, ажил үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд", 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт "Дараах тохиолдолд албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно:" гээд, 9.2.2 дахь заалтад "бараа, ажил, үйлчилгээг харилцан солилцсон", 9.2.3 дахь заалтад "Харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл зах зээлийн үнээс хямд буюу өндөр үнэ, тарифаар хоорондоо бараа, ажил, үйлчилгээ борлуулсан” гэж тус тус зохицуулжээ.

2.2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбар зэргээс дүгнэн үзэхэд, нэхэмжлэгч нь нэгэнт борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж тооцоогүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд маргаж буй нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар тайлагнаж төлөөгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.

2.3. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй 5,751,803,705.46 зөрчилд 575,180,370.54 төгрөгийн нөхөн татвар, 230,072,148.21 төгрөгийн торгууль, нийт 805,252,518.75 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гурав. 2020 онд 536,674,500.09 төгрөг, 2021 онд 437,604,927.27 төгрөг, нийт 974,279,427.36 төгрөгийн баталгаат засварын нөөцийг борлуулалтын орлогын 5 хувиар байгуулж, борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулж тооцон албан татвар ногдох орлогыг бууруулсан гэх зөрчлийн тухайд:

3.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.” гээд, 13.1.1 дэх заалтад “Тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх;”, 13.1.2 дахь заалтад “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй" гээд, 16.1.1 дэх заалтад “Энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал” гэж гэж тус тус зохицуулжээ.

3.2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дурдсан Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 410 тоот тушаалаар баталсан "Барилгын гэрээний орлого ба зардлын нягтлан бодох бүртгэлийн стандарт"-ын 1 дүгээр хэсгийн 1.4-т[11] “Энэхүү стандартаар барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн татварын тооцоолол, бүртгэл, тайлагналын асуудлыг зохицуулахгүй" гэж заажээ.

3.3. Түүнчлэн "Барилгын гэрээний орлого ба зардлын нягтлан бодох бүртгэлийн стандарт"-д “Нөөц гэж цаг хугацаа эсвэл дүнгийн хувьд тодорхой бус өр төлбөрийг хэлнэ”, 6.4.2-д "Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж гэрээт ажлыг дуусгавар болгосон тайлант хугацааны эцэст гэрээт ажилтай холбоотой ирээдүйн үүрэг хариуцлагыг дараах нөхцөлд нөөцөөр хүлээн зөвшөөрнө. a) "Аж ахуйн нэгж нь өнгөрсөн үйл явдлын үр дүнд өнөөгийн үүрэг хариуцлага (хуулийн дагуу эсвэл үүсмэл) хүлээсэн бол", б) “Үүрэг хариуцлагын төлбөрийг барагдуулахад эдийн засгийн өгөөж бүхий нөөцийн урсгал гадагшлах магадлалтай болсон бол", в) "үүрэг хариуцлагын дүнг найдвартай тооцоолох боломжтой бол", 6.4.3-д "Хэрэв дээрх нөхцөл хангагдаагүй бол барилгын гэрээт ажил холбоотойгоор нөөцийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тусгасан байна.

3.4. Дээрх стандартаас дүгнэхэд болзошгүй өр төлбөрийн нөөц үүсгэж өртөг зардалд бүртгэх талаарх зохицуулалт нь зөвхөн барилгын ажил гүйцэтгэгчид хамаарахаар байна.

3.5. Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулах ажил гүйцэтгэх гэрээ”-ээс[12] харвал, нэхэмжлэгч “**************” ХХК нь барилгын ажлын гүйцэтгэгч бус, харин захиалагч болох нь тогтоогдож байх тул дээрх стандартын дагуу өр төлбөрийн нөөц үүсгэх этгээдэд хамаарахааргүй байна.

3.6. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.7. Харин маргаж буй нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 4 дэх зөрчил буюу “нэмэгдсэн өртгийн албан татварын 2019 оны тайланд 2,147,856.90 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулсан худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасаж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэх зөрчлийн эсрэг нэхэмжлэгч анхнаасаа Татварын маргаан таслах зөвлөлд маргаагүй, түүнчлэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч нэгэн адил ямар нэг үндэслэл, тайлбар хэлээгүй тул энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсэг, 7.4.1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.1.3 дахь заалт,  13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 13.1.1, 13.1.2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 16.1.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2, 20 дугаар зүйлийн 20.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 7.1.1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 9.2.2, 9.2.3 дахь заалт, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “**************” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн НА-************** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 


[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 9 дэх тал

[2] 1Хх 166 дахь тал

[3] 1Хх 16-18 дахь тал

[4] 1Хх 10-15 дахь тал

[5] 1Хх 29 дэх талын арын нүүр

[6] 1Хх 79 дэх тал

[7] 1хх 101 дэх тал

[8] 1Хх 38-45 дахь тал

[9] 1Хх 9 дэх талын арын нүүр

[10] 1Хх 71 дэх тал

[11] 1Хх 142 дахь талын арын нүүр

[12] 1Хх 28-32 дахь тал