Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/1075

 

 

 

 

 

   2022         11               10                                      2022/ДШМ/1075          

                                                                                                           

Б.Н-д холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Солонго,

шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,

хохирогч Ж.У-ийн өмгөөлөгч Д.Очирваань,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/680 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2105011511105 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ын Н-, Улаанбаатар хотод 1975 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 0 тоотод оршин суух  бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар:00000000 /,

Б.Н- нь 2021 оны 03 дугаар сарын 08, 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрүүдэд олон нийтэд буюу Хичээвэл чаднаа гэх нэртэй фэйсбүүкт Ж.У-ийн зурагтай, Гавьяат У- тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй 21 настай дүүг ээж аав нь 3 сарын зайтай нас барж амьдралын хүнд үед нь 12 жилийн турш өмчлөн эзэмшиж байсан сууцанд нь шунахайрч залуу нөхөр Х-таа Есүсийн сүмийн оффис болгож өгсөн байна гэсэн илт худал мэдээлэл тараасан,

үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хужаа У-, хулгайч нотариатыг шалгаж эхлэв, хоолойгоо хэрчүүлж үхсэн хулгайч авгайн охин шт гэсэн гарчигтай илт худал мэдээлэл тараасан,

 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дүүгийн байрыг залилсан гэмт хэргийн төлбөрт гавьяат У- Хаан банкны 5030303424 тоот данснаасаа төлсөн эсэх гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Гавьяат У-ийг өөрийн нөхөр болон Х-, дүү нь болох Н нар бүлэглэн санаатайгаар хууль бус гэрээ байгуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэний 10 наснаасаа эхлэн 12 жилийн турш өмчлөн эзэмшиж байсан орон гэрийг ээж нь нас барангуут Есүсийн сүмийн оффис болгон ашиглан 60,000,000 төгрөгийн хохирол учруулан завшсан гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Жаргалтай дуулж байгаам байхдаа тайзан дээр аз жаргалтай байж чаддаггүй муу? Уйлах гээд байгаа юм уу? Ямар ч байсан эзэмшиж байгаа чинь харагдаж байна гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр У-, Х- 2 дуучид USA-д нэвтрэх эрхгүй хөөгдсөн гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Гавьяат У- хөгжлийн бэрхшээлтэй охины орон гэрийг залилан авч эзэмшсэн гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дүү бид 2 азтай, У- дүүгээс минь залилж авж Х-т мөн У-ийн дүү Н пастер нар эзэмшиж байсан байрны гэрээг баталсан хүн нь нотариат биш байсан нь илэрч үйлдэл дээрээ баригдсан Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгах ажиллагаа эхэлсэн гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ...5 сарын 22-нд ирнэ гээд энэ Гавьяатын TV-ээр ард түмний өмнө мэдэгдэл хийсэн гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Байрны эзэн болсон хүн уг байранд орох эрхтэй болдог, тэгээд Х-, У- нар дүүгийн маань орон гэрт сүмийн үйл ажиллагаа явуулсанг баталж нотлох зургийг цагдаад өгч шалгуулна гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Гавьяат дуучин Ж-ийн У- хударгагүй худ вэ... сугадаж видеонд мөнхрүүлсэн өвгөнөө гавьяат дуучин гуай талийгаач болохоос 20 хоногийн өмнө саажилттай бага охин үр хүүхдийнх нь орон гэрийг сүмийн байр болгон эзэмшихээр залилж байдаг гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хужаа нарын удам болсон та нараас би айхгүй шүү чаддаг юм бол ээжийнхээ дээшээ 3 үеийн намтрыг нисэхийн урдах архиваас гаргаад хүн дээрэлхэж сураарай, ээж нь 1 шил архи харамлаад үхлийн муугаар үхсэн нь төмөр замын цагдаагийн архивт байгаа шүү гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “TV-гээр ард түмний өмнө худал ярьж суухаа больж үз.... ой гутмаар харагдаж байна... гэсэн илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр энэнтэй 2018 онд Уулзья аа яагаад саажилттай дүүгийн маань байрыг танай сүмийнхэн эзэмшив гэхэд зугтаад явсан хүн гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ж У- саажилттай орон гэрийг залилан эзэмшиж 7 жил эдгээр хүмүүс хэрэглэсэн нотлох баримтын зургаас өөрсдийгөө харчихаарай Энэ төлөхгүй эцсийн хүртэл гүрийхээр шийджээ Хайртай дүүгийн /Н\ эхнэрийн нэр дээр уг байрны гэрчилгээ нь байсан гээд TV-гээр У- бэртэйгээ хамт хулгай хийснээ илчилчихсэн, хужаа дээрээ худалч юм чи гэсэн гарчигтай илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ж У- хужаа У-, хулгайч нотариатыг шалгаж эхлэв... хоолойгоо хэрчүүлж үхсэн хужаа авгайн охин шдээ... гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Амьдрал гэж тохиол тохуурхалаар дүүрэн юм даа амийг нь аврахаар асарч суусан нэгэн байхад албин чөтгөр шиг эд хөрөнгөд нь үхэнгүүт нь шунан халдсан алдарт дуучин гэгдэх нэгэн байх юм даа гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Бөөлжлөө юун байр Ж У-, Хужаа У- хулгайч нотариатыг шалгаж эхлэв гэсэн гарчигтай илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Нүүргүй пастер Н пастер нэрээр алдаршсан хүн байр хулгайлан эзэмшиж байсандаа бантаад фэйсбүүк ээ устгасан, У- гавьяат... баримтын дагуу хулгайч пастерынхаа хам хэрэгтнээр татагдах болж байна даа, шорон руу бэрээ түлхээд ард нь цэвэр үлдэхээр шийдэж гавьяат дуучин соёлын тэргүүний ажилтан жүжигчин 2 гэсэн гарчигтай илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гавьяат У- хулгайлсан байран дотроо сууж байгаа нотлох баримтын зургаа хар гэсэн гарчигтай хүний нэр төр, алдар хүндэд илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 06 дугаар сарын 01-ний хүүхдийн баярын урд өдөр гавьяат гуай нэр төрд халдсан гэж 5 шарын цагдаад өргөдөл өгсөн юм байна гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 07 дугаар сарын 30-ны 60,000,000-н байрыг цуг завшиж хууль бус гэрээгээр эзэн мэт  жил эзэмшиж явсан нөхөр Х- нь пастер, У- магтан дууч байтлаа тэдэнд үнэн гэж алга, бөөлжлөө юун байр, ёстой мэдэхгүй гэж гавьяат дуучин У- жүжигчин, пастер Х- нар Монголын ард түмэнд мэдэгдэл хийсэн гэсэн гарчигтай илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бэрийнхээ нэр дээр залилсан байраа эзэмшиж байснаа буу халаад сууж байна, залилж эзэмшсэн байран дотроо сууж буй зурган дээр, эгчийнх нь нас барсан охин гэж саажилттай амьд охиныг үхсэн мэт доромжилж монгол даяар зарласан муу хар шуламс гуай гэсэн гарчигтай илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Пастер болно гээд Х-, библийн сургалт явуулах байр хэрэгтэй болсон. Энэ гэмт хэрэг үүссэн. У- ашигтай байрлалд нь шунаж бэрийнхээ нэр дээр орон сууцыг хууль бус гэрээ батлуулан эзэмшиж эхэлсэн. Хохирогч нь саажилттай ХБИ.. ээж аав нь 3 сарын зайтай нас барсан өв залгамжлагч уг байрны орон сууцны хууль ёсны өмчлөгч эзэн байсан... нотлох баримттай тул зоригтойгоор би постуудаа тавьдаг, хулгайлсан байран дотроо У-, Х- нар мөн сууж буй бүлэг хүмүүс гэсэн гарчигтай илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Бэрээ шорон руу түлхээд 3 хүүхдийг нь өнчрүүлэхээр шийдэж дээ энэ хар малгайт, үхэж байна хорт хавдраар энэ хүн залилсан 1,500,000 төлөөч ээ гавьяат У- ээ гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

Хичээвэл чадна гэх нэртэй фэйсбүүкт 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Жанчигийн У-, Жанчигийн Наранцогт нар миний дүү Нинжээгээс уучлалт гуйж орон гэрийн буцааж өг гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2018 онд гавьяат У-тэй уулзья гэсэн зугтаад явсан.... надад гомдолтой гээд цагдаад өргөдөл өгч гэнэ ашгүй 1 юм уулзах боллоо доо гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Саажилттай дүүг минь залилан хохироож орон гэрийг нь ашиглан 7 жил эзэн мэт эзэмшиж явсан шинэ дуу христын сүм шинэ давалгаа сүмийн гишүүдийг эрүүгийн хэрэгт гэрчээр татуулна, хариуцагчаар татагдах ёстой гавьяат У-, пастер Х- нар юун байр ёстой мэдэхгүй бөөлжлөө гэсэн шигээ дарвалзаж телевизээр мэдэгдэл хийснийг бүгд харсан гэсэн гарчигтай хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

Хичээвэл чаднаа гэх нэртэй фэйсбүүкт Ж.У-, Н нарын зургийг оруулан 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ж У- шинэ дуу Х- пастер гавьяат дуучин У-ийн нөхөр шинэ давалгаа Н-ын сүм, гавьяатын төрсөн дүү пастер мөнгө өгсөн хулгайчаасаа олж ав гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 2018 оны 06 дугаар сарын 14-нд миний дүүг миний эсрэг ашигласан гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Нотлох видео баримт саажилттай өнчин дүүгийн маань орон гэрийг залилан 7 жил эзэн мэт эзэмшсэн 2 хар шаар үхэх өдөр хүртлээ халхын ард түмнийг хуурч телевиз хэсээд солиорч явах юм уу??, үхсэний нүүр үнс, амьдын нүүр алт гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сүмдээ суулгаж өнчин охины байр орон гэрийг залилсан гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Н-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангйин 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Н-ыг үргэлжилсэн үйлдлээр хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н-д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлээр ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Үүнд:

  1. 2022 оны 04 дүгээр сарын 29-нд Солонго прокурор “Яллах дүгнэлт ав, авахгүй бол батлан даалтыг цуцалж, хорино” гэж сүрдүүлсэн. Гомдол гаргагч Ж.У- мөрдөн байцаалтад очихгүй, цагдаагийн байгууллагаар явахгүй хэмээн уг хавтаст хэрэг хаагдсан. Гэтэл мөрдөн байцаах ажиллагааг огт явуулахгүйгээр яллах дүгнэлт үйлджээ. 2021 оны 10 дугаар сарын 22-ний өдөр Өршөөлийн хуулиар хаагдсан.
  2. Хохирогч Ж.У- 500,000,000 нэхсэн байх үүнийг огт хараагүй байна гэж хэргийг буцаасан. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хурал дээр өмгөөлөгч О-с шүүгч “Энэ юун мөнгө вэ?” гэж асуухад “2021 оны 05 дугаар сард Карентин шоуны үеэр фэйсбүүк мэдээллүүд гарсан тул санхүүгийн хохирол хүлээсэн” гэж хариулсан. Энэ нь надад хамааралгүй байхад карентин шоуны гэрээний мөнгөөр хэргийг буцаалгасан байна. Ж.У-ийн өргөдөл гомдлыг хүчингүйд тооцож надад оноосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
  3. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дэслэгч Д над руу огт утасдаагүй хэмээн Ж.У- гүтгэж байна. Дэлгэрмаа нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлийг дуусгаж хэргийг хаах санал хяналтын прокрурор Солонгод гаргасан. Уг хэргийг Д болон С нар шалгах хуудсыг дэд хурандаа Г удаа дараа гарын үсгээ зурж шалгахыг үүрэг даалгавар болгосон байтал хавтаснаас нь ч явуулаагүй, хариу  ирээгүй, юу ч шалгаагүй, гомдол гаргагч нь өөрөө ч ирээгүй, байцаалт өгөлгүй цагдаагийн байгууллагад очоогүй юм. Мөн Д дахин утасдахад “Бие муу байна, очихгүй” гэж цааргалсан учраас шалгаагүй.
  4. Д, Г нар Ж.У-ийн ураг, төрлийн лавлагааг шалгаагүй. Хужаа ээжтэй хэмээн гүтгэсэн хэмээн надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлээр ял оноож байгааг би эсэргүүцэж байна.
  5. Д, Г нар “Баянгол дүүрэг, 0 тоот байрууд 2018 оноос хойш, хэн хэний эзэмшилд байгааг түүхчилсэн лавлагааг яаралтай шалгах” гэснийг бас явуулаагүй, огт шалгаагүй. “Хохирогч гэх Ж.У- хууль бусаар эзэмшиж байсан 5 жил сүмийн ажиллагаанд орон сууцыг хууль ёсоор худалдан авсан татвар төлсөн, мөнгийн төлөөд авсан шүү” хэмээн 3 удаа телевизээр ард түмэндээ хандан худал мэдээлэл хийсэн. “CD-г 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хурал дээр өгсөн. Бичсэн зүйлийг Золбоо болон тэнд байсан 7 хүн бүгд сонссон. Гэтэл хэргээ шалгуулахаас У- удаа дараа зугтаж, шүүх хуралд оролцоно гэсэн атлаа ирээгүй.
  6. Түүний монгол ээжийг хятад хүн хэмээн гүтгэсэн гэж ял авч байгаа тул давж заалдаж байна. Хариуг нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүсч байна, шийдэж өгнө үү. Ах дүүс нь бүгд өөр овог илэрсэн хариу ирсэн. Иймд түүний хятад ээжийг шалгаж 3 үеийг монгол хүн байсан бол би авсан ялыг хүлээн зөвшөөрнө. Хөгжлийн бэрхшээлтэй дүүг санаатай бүлэглэн хохироосон, нотлох баримт хангалттай өгсөн тул Ж.У- надаас нэр төр нэхэх эрхгүй. Гэрч Б.Н ор сураггүй алга болсон. Шүүх хурлын дараа утас руу нь мессеж бичээд 5 сарын өмнө дугаар нь өөр хүнийх болсныг мэдсэн. Иймд Ж.У- гутаагдсан ... гэж байгаа бол нэр төрөө өөрийн бэр Б.Н-с нэхнэ үү. Д, С нар хэргээ шалгаагүй, хятад ээжтэй эсэхийг ч тогтоогоогүй атал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял шийтгэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг буцаан шалгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж оролцсон. Б.Н- нь байраа залилуулсантай холбоотой постуудыг нийтэлсэн. Постын бусад мэдээллүүд илт худал, хужаа У- гэсэн хэсэгт нь эрүүгийн хариуцлага хүлээсэн гэж ойлгож байгаа. Давж заалдах гомдолд хохирогчийн 4 үеийн намтрыг шалгаагүй атал гэм буруутайд тооцсон гэсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, олон өвчнөөр өвчилсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эсвэл давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд цагаатгаж өгнө үү. Хэрэв шүүх бүрэлдэхүүнд цагаатгах үндэслэлгүй гэж үзвэл анхан шатны шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон ялыг багасгаж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч байрыг залилаагүй. Хохирогчийн төрсөн дүү Наранцогттой Н-ы төрсөн эгч Н гэр бүл болсон. Н-, Н, Н, Н нарын хооронд хөрөнгийн маргаан үүссэн. Үүнтэй холбогдуулан Ж.У-ийн олонд танигдсан нэрийг ашиглаж асуудлыг шийднэ гэсэн зорилготой байгаа. Байрыг залилсан талаар Н- иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй дүүгийн орон сууцыг өмчлөх, эзэмших эрхийг Ж.У- авч байгаагүй. Н- Ж.У-ийг “хужаа У-” гэж өөрийн фейсбүүк хаягаар пост оруулж, түүнийгээ олон гишүүнтэй грүппүүдэд түгээдэг. Карентин 14 гэдэг нэвтрүүлгээр Монголчууд энэ асуудлаас болж 2 талцсан. Энэ гэмт хэргээс болж миний үйлчлүүлэгчид дуучин гэдэг талаасаа хор уршиг ихээр учирч байгаа. Зарим байгууллагууд миний үйлчлүүлэгчтэй хийсэн гэрээ хэлцлээ цуцалж байна. Бидний зүгээс давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах агуулгын хүрээнд нэг саналтай байгаа. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Н-оос “Та энэ шүүх хуралдааны дараа Ж.У-ийн талаар дахин ийм мэдээлэл түгээх үү” гэхэд Н-оос “Түгээнэ” гэж хариулсан. Анхан шатны шүүх хуралдааны дараа шүүгдэгч Б.Н- 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс “Эзэнгүй хоосон” гэсэн хаяг нээж, талийгаач Н-гийн зургийг, энэ хэргийн материалд авагдсан зургийн хамт, хохирогчийн өмнөх гэрлэлтийн байдалтай холбоотой мэдээлэл болон Х-ын гэрийн хаягийг нийтэд мэдээлж эхэлсэн. Энэ үйлдлээ 7-8 хоног үргэлжлүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс энэ үйлдлээ зогсоохыг шүүгдэгчийн өмгөөлөгчид мэдэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байгаа. Энэ дагуу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахгүй бол гэмт хэрэг зогсохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон. Шүүгдэгч хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан гэж тайлбарлаж байна.  Хэдийгээр гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн ч хохирогч Ж.У- хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй, танилцаагүй байсан. Үүний дараа дээд шатны прокурорт гомдол гаргаж хэргийг сэргээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгаа. Шүүгдэгч Б.Н- Улсын бүртгэлийн ерөнхий газраас хохирогч Ж.У-ийн 4 үеийн лавлагааг авах ёстой гэжээ. Прокурорын зүгээс энэ ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгч, хохирогчийг хужаа гэж олон нийтэд түгээсэн. Хужаа гэдэг үндэс угсаа байхгүй. Хохирогчийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь хэрэгт авагдсан бөгөөд Монгол Улсын иргэн, Монгол Улсын гавьяат дуучин, нэр хүндтэй хүн байна. Шүүгдэгч өөрийн ах дүүсийн хоорондын эд хөрөнгийн маргаандаа хохирогчийн нэр хүндийг барьж, олон нийтийн анхаарлыг татаж байна. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ үйлдлээ огт зогсоогоогүй бөгөөд мөрдөгч Дэлгэрмаа Харилцаа холбоо зохицуулах хороонд албан бичиг явуулж байж “Хичээвэл чадна” гэсэн цахим хаягийг нь устгуулсан. Байр залилсан тухай асуудалд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон. Мөн шүүгдэгч Б.Н- нотариатч Амгаланг Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулахад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол гарсан. Иймд шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргээс үзэхэд, шүүгдэгч Б.Н- нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 33 удаагийн үйлдлээр фэйсбүүкийн “Хичээвэл чаднаа” гэсэн хаягаар Ж.У-ийн зурагтай “Гавьяат У- тархины саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй 21 настай дүүг ээж, аав нь 3 сарын зайтай нас барж амьдралын хүнд үед нь 12 жилийн турш өмчлөн эзэмшиж байсан сууцанд нь шунахайрч, залуу нөхөр Х-таа Есүсийн сүмийн оффис болгож өгсөн байна... Хужаа У-” гэх зэрэг агуулга бүхий илт худал мэдээлэл нийтэлж, олон нийтэд тараасан болох нь:

хохирогч Ж.У-ийн “... 2021 оны 03 дугаар сарын 07-ны орой Ням-Осор гэх эмэгтэй залгаад “...Эгчээ таны тухай аймар муухай мэдээлэл манай дүү Н- тавьсан байна, одоо яана, та биеэ бариараа, уучлаарай...” гэсэн... маргааш өглөө нь фэйсбүүк ороход “Хичээвэл чаднаа” гэсэн хаягнаас миний зургийг оруулаад “...гавъяат У- хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг орон байрнаас нь хөөж гаргаад байрыг нь залилж авсан, одоо тэр охин нь хогийн цэг дээр гарчихсан хүнд хүчиндүүлээд явж байна...” гэсэн байсан. Би Н-тай ярихад “Харин манай дүү Н- таны нэрийг барьж бидэнтэй шүүхдэнэ гээд байгаа юм аа... тэгээд фэйсбүүкт ийм хуурамч зар оруулаад байгаа юм” гэсэн... Н “Уучлаарай эгчээ, энэ Н-ы яриад байгаа байрны асуудалд та ямар ч хамааралгүй, манай дүү наад байрыг чинь авах гээд таны нэрийг бариад худлаа хэлээд байгаа юм...” гэсэн. Н-ы тавьсан зарын доор Н “...У- эгч ямар ч хамааралгүй шүү, Н- саажилттай хүүхдийн байрыг өөрөө авах гээд ингээд хуурамч зар бичээд байгаа юм...” гэж бичсэн байсан. Тэгтэл Н- ах дүү нартаа “Би гавъяатын нэрийг барьж та нарыг гүтгээд 2,000,000 төгрөгөөр торгуулаад болно. Тэгээд оронд нь наад хүүхдийн чинь байрыг шүүхээр заргалдаад авна” гэсэн байгаа юм. Гэхдээ энэ байрны асуудалд би ямар ч хамааралгүй. Н- зөвхөн миний гаръяатын нэрийг ашиглаж, фэйсбүүкт хандалт авах гэж ийм зүйл хийж, мөн удам судар эцэг, эхийн минь нэр төрийг сэвтүүлэх пост байнга оруулж намайг дарамтанд байлгаж байна... Одоо Н-ы оруулсан зар фэйсбүүк цахим сүлжээнд хэтэрхий их тархсан байгаа... Н-ы төрсөн эгч На нь миний төрсөн дүү Н-тын эхнэр бөгөөд Н-, Н, Н нар нь миний худууд юм. Н-ы төрсөн эгч Н-гийн охиныг Н гэдэг. 2012 оны 12 сард Н нас барж, охин Н нь үлдээд асран хамгаалагчаар нь Н тогтоогдсон. Одоо Н, Н нар нэг байранд хамт амьдарч байгаа...” /1-р хх 67-68/,

гэрч Б.Н-ын “... Миний төрсөн дүү Н- цахим сүлжээгээр дамжуулан манай худ болох гавъяат жүжигчин У-ийг гутаан доромжилсон утгатай зар байршуулж гүтгэсэн. Энэ нь манай хадмуудын болоод миний ах дүү нарын нэр хүндэд халдаж амьдралын эмзэг сэдвийг хөндөж байна. Миний хамгийн том эгчийн охин болох төрөлхийн тархины саажилттай Н-гийн нэрийг ашиглаж цахим сүлжээнд У-ийг гүтгэсэн зар оруулж хүмүүсийн анхаарлыг татсан. Энэ учир шалтгаан нь хөгжлийн бэрхшээлтэй Н-гийн амьдарч байгаа орон байрыг авах зорилготой. У- эгчийн нэрийг оруулсан нь би 2013 оны 04 сард өөрийн том эгч Н-ийн орон сууцыг 60,000,000 төгрөгөөр дүү Н-оос худалдан авсан. Тухайн үед Н-гийн ээж Н- нас барсан байсан тул би байрны мөнгийг нь төлсөн ч ордероо шилжүүлж авалгүй байж байсан юм. 2014 онд шилжүүлэх гэтэл эзэмшиж байсан хүн нь нас барсан тул манай ээж хамт очиж гарын үсэг зураад байраа шилжүүлэн авсан. Тухайн үед манай дүү Н- Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад 2017 оны сүүлээр ирсэн. Ирээд хөгжлийн бэрхшээлтэй Н-гийн амьдарч байгаа байран дээр маргаан үүсгэж 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Иргэний хэргийн шүүхээр дүү Н орж уг байрны маргаан эцэслэн шийдвэрлэгдэсэн. Тэгээд 2018 оны шүүх хурлаас хойш чимээгүй байж байгаад 2021 оны 03 сарын эхээр гэнэт фэйсбүүкт У- эгчийн зургийг байршуулан “...энэ эмэгтэй манай хөгжлийн бэрхшээлтэй дүүгийн байр сууцыг нь авсан, эднийхэн тэр чигээрээ хужаа хүмүүс...” гэсэн маш олон зарыг “Хичээвэл чаднаа” гэсэн фэйсбүүкээс оруулсан байсан. 2018 онд болсон Н-гийн байрны асуудлыг сөхөж дүү Н-ыг өмнө гүтгэж байгаад худлаа гүтгэлэг болох нь тогтоогдож хэрэг нь хаагдсан. Гэтэл 2021 онд энэ асуудлыг манай бэр эгч болох У-тэй хамааруулан нэр хүндийг нь ашиглаж хандалт авах зорилгоор цахим сүлжээнд ор үндэсгүй хуурамч зар оруулж байгаа юм...” /1-р хх 80-81/,

гэрч Б.Н-ын “... 2012 онд манай хамгийн том эгч Н өвчний улмаас нас бараад хөгжлийн бэрхшээлтэй охин Н-гийн асран хамгаалагчаар манай ээж Т томилогдож байсан. Манай эцэг, эх нас барсны дараа би 2015 онд дүү Н-гийн асран хамгаалагчаар томилогдсон. Тухайн үед Н- хөл муутай сайн алхаж чадахгүй байсан болохоор Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 11-218 тоот байрыг Н эзэмшиж байгаад Н-той Баянгол дүүргийн 000  тоот байртай сольсон юм. Уг байр нь анх Н- бид хоёрын нэр дээр байсан  тул Н-гийн 1 давхарын байртай сольсон. Гэтэл Н- Солонгосоос ирээд намайг байр залилсан гэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Байрнуудын маргаанд эгч, дүү нар болох Н, Н, Н- бид нар дуудагдаж шүүхээр байрны маргаан хэрэгсэхгүй болсон. Н-д байрууд ямар ч хамааралгүй болох нь тогтоогдсон... 2021 оны 01 дүгээр сараас эхлэн Н- өөрийнхөө “Хичээвэл чаднаа” гэсэн фэйсбүүк хаягнаас дуучин У- хөгжлийн бэрхшээлтэй иргэний орон байрыг залилан авсан гэсэн мэдээллийг цацаад эхэлсэн. У- гэх хүний дүү Н манай дүү Н гэрлэсэн болохоор У-ийг оролцуулсан худал мэдээлэл тараагаад эхэлсэн. 2, 3 сар олон нийтийн цахим сүлжээгээр У- хөгжлийн бэрхшээлтэй иргэний байрыг залилсан гэсэн мэдээлэл цацагдснаас хойш Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах холбооноос над руу холбогдож Н-гийн амьдарч байгаа байранд ирж шалгаад Н-ы яриад байгаа асуудлыг худал байна гэдгийг мэдээд явсан...” /1-р хх 83-84/ гэсэн мэдүүлгүүд,

“Нэг ч хүнийг ардаа орхихгүй, Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны” НҮТББ-ийн 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21/31 дүгээр албан бичиг /1-р хх 145/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /1-р хх 147/, хохирогч Ж.У-ийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол /1-р хх 26-28/, “Хичээлвэл чаднаа” нэртэй цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 40-60/, Zuv.mn сайтын нэвтрүүлгийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р х 110-113/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол гэмт хэрэгт тооцож, ял шийтгэхээр заажээ.

Шүүгдэгч Б.Н- нь цахим орчинд хохирогч Ж.У-ийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байрыг залилж авсан гэсэн агуулга бүхий мэдээллийг байршуулж олон нийтэд түгээжээ. Олон нийтэд хүрсэн мэдээллийн агуулга нь хүний нэр төр, алдар хүндийг унагасан, ялгаварлан гадуурхсан шинжтэйгээс гадна илт худал болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул уг үйлдэл худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн шүүгдэгч Б.Н-ы төрсөн эгч, дүүс болох гэрч Б.Н, Б.Н нарын мэдүүлэг болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, иргэний шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлахад хохирогч Ж.У- нь хөгжлийн бэрхшээлтэй Х.Н-гийн үл хөдлөх хөрөнгө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцсон, саад хийсэн, өөртөө шилжүүлэн авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Н-ын хүний нэр төр, алдал хүндэд халдсан илт худал мэдээлэл олон нийтэд тараасан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор, мөрдөгч нар шаардлага эс биелүүлбэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна гэж шүүгдэгчийг айлган сүрдүүлсэн буюу эрүү шүүлт тулгасан нөхцөл байдал хэрэгт тогтоогдсонгүй.

Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1817 дугаар прокурорын тогтоолоор шүүгдэгч Б.Н-ы үйлдлийг худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хор уршиг учруулаагүй гэж үзэн гэмт хэрэгт тооцохгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. Прокурорын энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хохирогч Ж.У- дээд шатны прокурорт гомдол гаргасныг үндэслэн Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан 1817 прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн гомдлыг үргэлжлүүлэн шалгахаар шийдвэрлэсэн. Эдгээр мөрдөн шалгах ажиллагаануудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил гараагүй байна.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд хамгийн сүүлийн үйлдэл 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төгссөн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

 Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Б.Н-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Давж заалдсан гомдлын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох, дахин шалгах үндэслэл тогтоогдоогүй, шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-ы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08ы өдрийн 2022/ШЦТ/680 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ        

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН