| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03640/и |
| Дугаар | 184/ШШ2024/03089 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2024/03089
2023 06 03 184/ШШ2024/03089
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хорооо, Чингисийн өргөн чөлөө ТВ5 байр, 7 давхарт байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, эмээлт, оргил худалдааны төвийн баруун талд Элбэг дэлгүүр дотор ******* ХХК /рд:*******/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 608,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Эмээлт, Оргил худалдааны төвийн баруун талд, Элбэг хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай байгууллагын харилцагч билээ.
******* ХХК-ийн Элбэг хүнсний дэлгүүр нь манай байгууллагаас
- 2023.12.15-ны өдөр 478,200 төгрөгийн үнийн дүнтэй Nexpod загварын электрон тамхи
- 2024.01,08-ны өдөр 79,700 төгрөгийн үнийн дүнтэй Nexpod загварын электрон тамхи, нийт 557,900 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан боловч худалдан авсан барааны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсан бөгөөд 2024.04.05-ны өдөр №24/05 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулан төлөхөөр болсон. Гэвч гэрээгээр тохирсон хугацаа болоход төлөх ёстой төлбөрийг төлөөгүй тул гэрээний болоход төлөх ёстой төлбөрийг төлөөгүй тул гэрээ дугаар зүйлийн 5.1-т заасныг үндэслэн шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр хандаж байна.
******* ХХК нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний дагуу 2024.04.15-ны өдөр төлөх ёстой байсан боловч буюу 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 18 хоног төлбөр төлөлт хийгээгүй 18 хоног хугацаа хэтэрсний алданги хоногийн 0,5 хувиар бодоход 9 хувь болж байгаа ба мөнгөн дүнгээр 50,211 төгрөг болж байгаа нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Хариуцагчаас компанид төлөх шаардлага төгрөг, алданги 50,211 төгрөг, нийт 608,111 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК-д холбогдуулан 608,111 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Уг төлбөрийг ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 608,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ ...хариуцагч ******* ХХК нь 608,111 төгрөгийг төлж барагдуулсан... гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Шүүх нэхэмжлэгч ******* ХХК нь 608,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба нэхэмжлэгч талаас хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан гэх үндэслэл зааж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.
Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 608,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг 18,893 төгрөгөөс 9,494 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 9,494 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН