| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03640/и |
| Дугаар | 184/ШШ2024/03155 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03155
2024 06 05 184/ШШ2024/03155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 34Б байр, 124 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, өнөр хороолол, 12а байр, 11 тоот хаягт оршин суух, Жаран овогт Саранбаатарын Дөлгөөн /рд:ХД87050673/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулнаа, хариуцагч С.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Солонгын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулнаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* овогтой ******* миний бие Саранбаатарын Дөлгөөнтэй 2006 онд танилцаж 2010 онд гэр бүл болж бидний дундаас 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.Эмүжин, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Мөнхжин нар төрсөн. 2010 оны 9 сард Сонгинохайрхан дүүргийн 14 хороо 12а 11 тоотод гэр бүл болж хамтран амьдраад хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2021 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдрах хугацаанд 2 хүүхэд маань миний асрамжид өссөн. С.Дөлгөөн нь хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй. Иймд С.Дөлгөөнөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн дэмжиж оролцож байна. Ц.*******, С.Дөлгөөн нар нь 2021 оны 03 сард зан ааш, хоорондын харилцаанд зөрчилдөөн үүсч таарч тохирохгүй, ойлголцохгүй болсон учраас тусдаа амьдран эргэж нийлээгүй. Тэр үеэс Ц.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Д.Эмүжин, Д.Мөнхжинг бие даан өсгөж хүмүүжүүлж ирсэн. Хүүхэд томрохын хэрээр хэрэгцээ шаардлага ихсэж, өсгөн хүмүүжүүлэхэд хүндрэлтэй байна. Эцэг С.Дөлгөөн энэ хугацаанд үр хүүхдээ санхүүгийн болон асаргааны халамж хайр хүүхдүүддээ үзүүлээгүй. Шүүхээр зохих шаардлагыг биелүүлж тэтгэмжийг тогтоож хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэв.
Хариуцагч С.Дөлгөөн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Он саруудын хувьд тодорхой санахгүй байна. 2019 онд нэхэмжлэгч намайг хаяад явсан. 2021 оноос хойш хайр халамж үзүүлээгүй санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй гэдэг нь ор үндэсгүй худал зүйл. Одоог хүртэл сургалтын төлбөрийг төлж багш нартай нь уулздаг, сургуульд сурах зэрэгт оролцоотой байгаа. Манай ээж, аав ч гэсэн хүү Д.Мөнхжингийн багш нартай нь уулзаж сургалтын төлбөрийг нь төлөөд зугаалгад явах мөнгийг нь хүртэл төлдөг. Багшид нь ямар хэрэгцээтэй зүйлс, тусламж дэмждэг хэрэгтэй байна тэр болгоныг дэмжиж ажилладаг. Д.Эмүжинг хэлний сургуульд хүртэл оруулсан. Би нэхэмжлэгч болон хүүхдүүдтэй байнга холбоотой байж хэрэгцээ шаардлагатай төлбөрүүдийг бүгдийг нь төлдөг. Ц.******* намайг 2 удаа хаяж явахдаа юу болсон талаар хэлдэггүй. Нэхэмжлэгч саяхан өөр хүнтэй харилцаатай болж хүүхэдтэй болсон гэсэн. Нэхэмжлэгчийн харилцаа үүсгэсэн залуу нь цагдаа тул миний ломбардад бөгжөө тавьсан талаар хүртэл яриад явдаг, миний хувийн мэдээллийг тэг цагдаагаас олж авсан байдаг. Намайг хүүхдүүдтэйгээ уулзах, харилцаа холбоотой байхад саад учруулдаг. Эцгийн үүргээ биелүүлж, хүүхдийн тэтгэлэг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин Ц.******* эцгийн үүргээ биелүүлж, эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хүсч байна. Миний хувьд үр хүүхэд гэр бүлээ бодоод эвлэрч амьдрах талаар бүхий л арга хэмжээг авсан. Энэ хүн бүх эд хөрөнгөө аваад явсан. Мөнгө төгрөг байгаа зүйлсээ өгч байхад ингэж худлаа хэлж байгаад харамсалтай байна. Бид анхнаасаа хуримаа хийхээрээ гэрлэлтээ батлуулна гээд албан ёсоор батлуулаагүй байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь С.Дөлгөөнд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Ц.*******, С.Дөлгөөн нар нь 2006 онд танилцан, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч тэд 2010 оноос гэр бүл болж хамтран амьдарч, улмаар тэдний дундаас 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин Д.Эмүжин, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүү Д.Мөнхжин нар төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 5-6-р хуудас/
Талууд дээрх үйл баримтын талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Улмаар талууд зан харилцааны улмаас таарамжгүй болж, хамтран амьдрах боломжгүй гэж үзэн 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа, энэ хугацаанд насанд хүлээгүй охин Д.Эмүжин, хүү Д.Мөнхжин нар нь эх Ц.Солонгын асрамжид гэх тайлбарыг гарган, эцэх С.Дөлгөөнөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагч С.Дөлгөөнөөс шаардах эрхтэй, хариуцагч С.Дөлгөөн нь охин Д.Эмүжин, хүү Д.Мөнхжин нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Хариуцагч С.Дөлгөөн хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг ч хүүхдийн тэтгэлгийн хэмжээ, хэрхэн төлөх талаар талууд тохиролцоогүй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.3-д эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасан тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг С.Дөлгөөнөөс 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Дөлгөөний Эмүжин, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Дөлгөөний Мөнхжин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.
Зохигчид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч талууд эвлэрч цаашид гэрлэлтээ батлуулан хамтран амьдрахад энэхүү шийдвэр саад болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Дөлгөөний Эмүжин /рд:УП11212785/, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Дөлгөөний Мөнхжин /рд:УТ13312839/ нарыг эх Ц.Солонгын асрамжид үлдээн, тэднийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Жаран овогт Саранбаатарын Дөлгөөн /рд:ХД87050673/-өөс тэтгэлэг гаргуулан тэжээн тус тус тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дөлгөөнөөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН