| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04940/и |
| Дугаар | 184/ШШ2024/03191 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03191
2024 06 05 184/ШШ2024/03191
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 39-205 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 хороолол, 39 байр, 205 тоот хаягт оршин суух, Дамчаа овогт *******ын Лхагва /рд:*******/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* миний бие 2015 онд Ж.Лхагватай танилцаж гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний амьдрах хугацаанд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү Л.Бүрэнтөгс 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр охин Л.Хулан нар төрсөн. Бид зан харилцаа таарахгүй улмаас салах болсон. Өмнө нь хамт амьдрахаар эвлэрч байсан. Одоо цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул Ж.Лхагваас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Лхагва шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би хувиараа тээвэрт явдаг. Орон сууцны зээл, цалингийн зээл төлж байгаа учир эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа. Хүүхдийн тэтгэлгийг одоогоор төлөх боломжгүй байгаа ч хүүхдүүдийнхээ бүхий л хэрэгцээг хангахыг хичээх болно. Авто ослын улмаас сүүлийн хэдэн сар ажилдаа явж чадаагүй, машинаа засварлаад гэрээсээ хол хэд хоносон нь үнэн. Наашаа цааш яваад байх мөнгө төгрөг байхгүйгээс болсон. Цаашид үр хүүхдээ бодоод гэртээ эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдрах хүсэлтэй байна. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд явсан зүйл байхгүй. Одоо машинаа засварлаад дууссан учир ажлаа хийгээд хэвийн амьдрах хүсэлтэй байна гэв.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ж.Лхагва нэхэмжлэгч Б.******* бид хоёр харилцан тохиролцож цаашид эвтэй найртай хамт амьдарна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ж.Лхагвад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ж.Лхагва нар нь гэр бүл үр хүүхдээ бодож, цаашид хамтдаа эвтэй найртай амьдарна гэж эвлэрсэн байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин талууд хэн аль нь хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаан үүссэн тохиолдолд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй болно.
Шүүх тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан боловч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Ж.*******гийн нэхэмжлэлтэй, Ж.Лхагвад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Ж.Лхагва нар нь гэр бүл үр хүүхэд цаашдын ирээдүйгээ бодож эвтэй, найртай, хэвийн амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН