Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/1108

 

 

 

 

 

   2022            11         17                                        2022/ДШМ/1108                                                                                                                       

 

 

Ж.О-т холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

хохирогч Г.Э-,

шүүгдэгч Ж.О-ийн өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/636 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.О-т холбогдох 2205008801917 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж-ын О-, Архангай аймагт 1962 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Төв аймгийн Зуун мод сумын 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регситрийн дугаар:00000000 /

Шүүгдэгч Ж.О- 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 0 тоот гэртээ согтуугаар хамтран амьдрагч Г.Э-г “Архи авч өгөхгүй бол яв” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Ж.О-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Г.Э- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хамтран амьдрагч Ж.О-ийн гэрт очсон. Маргааш өглөө нь Ж.О- “Э нэг шил архи аваад өгөөч” гэхээр нь би картаа өгсөн. Удалгүй архи, тамхи, тараг аваад ирсэн. Ж.О-тэй ойр зуурын юм яриад сууж байтал гэнэт нүүр рүү нулимж, хамарт нэг удаа мөргөөд, хажууд байсан төмөр хөлтэй, жижиг сандлаар толгой руу өчнөөн цохисон. Би баруун гараараа нүүрээ хаатал гар луу сандалаар цохиж гэмтээсэн. Ж.О- “Манай авгай чамайг ирвэл ал гэсэн. Би чамайг бүр гүйцээгээд өөрөө шоронд яваад очно” гэж хэлээд сандалаар нүдэж, үснээс зулгааж нүдсэн. Би хөл нүцгэн гэрээс гарч зугтсан. Толгойноос гарсан цус тогтохгүй байсан. Хэсэг хугацааны дараа Ж.О- гарч ирээд “Наад цус хунараа угаа” гэхээр нь би гэрт орж цусаа угаахад “Ор руу хэвт” гэж хэвтүүлээд толгой, даралтны эм өгч уулгаад хэвтүүлсэн. Миний нүүр, толгой, гар битүү хавдар болсон байсан. Хүн амьтны хажууд зодоод байдаггүй. Урьд нь ч намайг байнга зоддог байсан. Анх миний зүүн гарыг хугартал зодсон. Дараа нь олон удаа миний хавиргыг хугалж байсан. Үүнээс болж баруун уушги гэмтэн хагалгаанд орсон. Удаа дараа зодохдоо миний мөрийг мулталсан. 2019 онд зодохдоо эрүү хугалсан. Сүүлд зодоход шүүх эмнэлгийн дүгнэлтээр баруун гарын чигчий хуруу далд хугарал, баруун зулай няцрал, баруун нүдэнд цус хуралт, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, дух, баруун мөрний ар, хоёр дал, бүсэлхий баруун бугалга, шуу, сарвуу, 2-5 дугаар хуруу, зүүн бугуй цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулай, хуйх, хоёр шуу, бүсэлхий зулгаралт гэмтлүүдийг олон удаа төмөр хөлтэй сандлаар зохин гэмтэл учруулсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан. Шүүх надад төлөх төлбөргүй гэж ялыг хөнгөрүүлсэн. Миний хувьд Ж.О-т зодуулж авсан бэртэл гэмтэл болгондоо өөрөө эм, тариа авч хэрэглэж байгаа. Цаашид байнга өвчин намдаах эм хэрэглэж байна. Шүүх хэргийн нөхцөл байдлыг дүгнэхдээ гомдол, саналгүй мэтээр ойлгон шүүгдэгчид хэт хөнгөн ял оногдуулсан Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Ж.О- нь удаа дараа миний эрх чөлөө, эрүүл мэндэд халдан сүүлдээ намайг алахаар заналхийлэх болсон. Би энэ хүний дарамт шахалт, зодуурыг цаашид тэсвэрлэх хүч чадалгүй болж байна. Иймд шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр болсон үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн хувьд өөрт холбогдсон гэмт хэргийн талаар маргаан байхгүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн. Иргэний хуульд зааснаар гэм хорыг нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй үлдээсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.О- нь согтуугаар Г.Э-гийн биед санаатай халдсан үйлдэл тогтоогдсон. Цагдаагийн байгууллагын санд урьд нь зодсон талаар мэдээллүүд байдаг боловч шүүхээр гэм буруу нь тогтоогдсон асуудал байхгүй. Иймд зөвхөн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн үйл баримтад тулгуурласан. Уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон. Гэм буруугийн талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа учраас дахин ярих нь илүүц байх. Цаашид гарах эмчилгээний төлбөртэй холбоотой асуудлыг баримтад тулгуурлан төлж, барагдуулахаа илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.О- 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 0 тоот гэртээ согтуугаар хамтран амьдрагч Г.Э-гийн нүүрэнд мөргөж, сандалаар цохиж зодон баруун гарын чигчий хурууны хоёрдугаар шивнүүрийн ясны далд хугарал, баруун зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, дух, баруун мөрний ар, хоёр дал, бүсэлхий, баруун бугалга, шуу, сарвуу, 2-5 дугаар хуруу, зүүн бугуйд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйх, хоёр шуу, бүсэлхийд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Г.Э-гийн “... Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хамтран амьдрагч Ж.О-ийн гэрт эмчилгээний мөнгө авахаар очсон... Маргааш нь Ж.О- “Архи аваад өг” гэхээр нь картаа өгөхөд архи авчирсан. Урд айлын Ц ах орж ирэхээр нь би дахин архи авч өгсөн. Удалгүй Ц ахтай муудалцаад цохиод гаргасан. Би Ж.О-т хүн зодож, хөөлөө гэж маргалдахад миний нүүр рүү нулиман, хамарт нэг удаа мөргөсөн. Мөн төмөр хөлтэй эвхэгддэг жижиг сандал аваад толгой руу өчнөөн цохисон. Би баруун гараараа нүүрээ хаатал гар руу цохиж гэмтээсэн. Ж.О- “Манай авгай чамайг ирвэл ал гэсэн. Би чамайг бүр гүйцээчихээд өөрөө шоронд яваад очно” гэж хэлээд намайг сандлаар цохиж, үснээс зулгаан нүдсэн...” /хх 25-26/,

гэрч Д.Э-гийн “... ээж 2014 оноос Ж.О-тэй найзлах болсон ... Ж.О- ээжийг цохиж зодоод гэрээс гаргасан байсан. Ээж хэлэхдээ “Ж.О-  ээжийг нь гэрээсээ явуулах гэж сандлаар цохиж зодоод, толгойны ар хэсэгт нь хагарсан, хамраас нь их цус гарч, нүдний ухархай нь гэмтсэн байна” гэсэн...” /хх 42-43/,

гэрч О.М-ын “... Манай аав Ж.О- нь Г.Э- гэх хүнтэй 2015 оноос хойш хамт архи ууж, харьцах болсон бөгөөд өөрөө архи барьж манай аавын гэрт ирж уриалан дуудчихаад, ямар нэгэн асуудал гарахаар 102т дуудлага өгдөг...” /хх 45-46/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Г.Э-гийн биед баруун гарын чигчий хурууны хоёрдугаар шивнүүрийн ясны далд хугарал, баруун зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, дух, баруун мөрний ар, хоёр дал, бүсэлхий, баруун бугалга, шуу, сарвуу, 2-5 дугаар хуруу, зүүн бугуйд хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйх, хоёр шуу, бүсэлхийд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3938 тоот шинжээчийн дүгнэлт /хх 47-50/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Ж.О-, хохирогч Г.Э- нар өмнө нь хамтын амьдралтай байсан гэдгээ хэн аль нь хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ. Шүүгдэгч Ж.О- нь согтуурсан үедээ хохирогч Г.Э-г гэрээсээ хөөж зодсоны улмаас эрүүл мэндийн хүндэвтэр гэмтэл учруулсан байх ба уг үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.

Дээрх хэргийн үйл баримтыг анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Хохирогч Г.Э- нь “... Ял хөнгөдсөн, хохирол төлбөр барагдаагүй, өмнө нь удаа дараа зодож гэмтэл учруулж байсныг шүүх анхаарч үзээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийн 91-93 дугаар хуудаст 186,000 төгрөг нэхэмжилсэн, 114-115 дугаар хуудаст шүүгдэгчээс гэм хорын хохиролд 200,000 төгрөг хохирогчид төлсөн тухай баримтууд авагдсан байх тул шүүгдэгчийг баримтаар бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг шийдвэртээ заасан нь хууль ёсны, үндэслэлтэй болжээ.

Хохирогч Г.Э- “... өмнө нь удаа дараа зодож гэмтэл учруулж байсан ...” гэсэн гомдол гаргасан байх боловч хэрэгт шүүгдэгч Ж.О-ийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Г.Э-г зодсон баримтын хүрээнд анхан шатны шүүх, шүүгдэгч Ж.О-ийн гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Ж.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ба давж заалдах шатны шүүхэд ялыг хүндрүүлэх эрх хуулиар олгогдоогүй.

 Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Э-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17ы өдрийн 2022/ШЦТ/636 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

                 ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН