Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0624

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*****************” ХХК /РД: ***************** /           

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газарт тус тус холбогдох Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2717 дугаартай хариу хүргүүлэх тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын “*****************” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхийг даалгахтай холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э******** нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “*****************” ХХК  нь тус шүүхэд хандан “1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2717 дугаартай хариу хүргүүлэх тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2. Нийслэлийн Засаг даргын “*****************” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаартай захирамжаар ***************** дүүргийн 22 дугаар хорооны нутаг ****** нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ******** дугаартай тусгай зөвшөөрлийг[2] анх 3 жилийн хугацаатай "*********" ХХК-д олгосон.

2.2. Уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл ирүүлснийг хуульд заасны дагуу хянан үзэж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаар захирамжаар 2 жилээр сунгаж, хучин төгөлдөр хугацааг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр тооцож гэрчилгээ, хавсралтад тэмдэглэгээ хийж, ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд бүртгэл хийжээ.[3]

2.3. Дээрх хугацаанд Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаартай тушаалаар тусгай зөвшөөрлийг “*****************” ХХК-д шилжүүлж бүртгэсэн байна.[4]

2.4. Нэхэмжлэгч “*****************” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох зорилгоор ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдлийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №2 дугаартай албан бичгээр Нийслэлийн Байгаль орчны газарт хандсан /энэ талаарх үйл баримтад хариуцагч нар маргадаггүй болно/.

2.5. Улмаар нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2022-05 дугаартай албан бичгээр[5] Ашигт малтмал газрын тосны газарт “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар тайлан хэлэлцүүлэх тухай” хандаж, хяналтын хуудас дээр холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдаж дууссан талаар мэдэгдэж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамаарах ордын 2021 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхийг хүссэн байна.

2.6. Түүний дараа 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ********* дугаартай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт[6] гарсан.

2.7. Мөн Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаартай тушаалаар[7] нөөцийг хүлээн авч, бүртгэсэн байна.

2.8. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ********  дугаартай Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэсэн.[8]

2.9. ***************** дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******** тоот албан бичгээр[9] тус нэхэмжлэгч компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад татгалзах зүйлгүй талаар мэдэгдлийг өгсөн байна.

2.10. Нийслэлийн Байгаль очны газарт 2020, 2021, 2022 онуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ****** дугаар захирамжаар байгуулагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлийн хуралд[10] 2023 оны 11 дүгээр сард танилцуулахад, зөвлөлийн олонхын саналаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19.3-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш нөхөн бүрдүүлсэн тул шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, тухайн өргөдлүүдээс татгалзах” гэж шийдвэрлэжээ.[11]

2.11. Нэхэмжлэгчийн зүгээс “ ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг шийдвэрлэх эрх бүхий этгээд нь зөвхөн Нийслэлийн Засаг дарга юм. Өргөдөл хүлээн авч байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийслэлийн Байгаль орчны газрын дүрэм болон 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн татгалзал гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дүрэмд Нийслэлийн Байгаль орчны газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой өргөдлийг зөвхөн хүлээн аваад, бүртгэх, мэдээллийн санд хөтлөх чиг үүргүүдийг хэрэгжүүлэхээр заасан. Тодорхой зохицуулалтууд нь тус байгууллагын дүрмийн 4.1.4.1- 4.1.4.4 дэх хэсэгт байсан. Тэгэхээр Нийслэлийн Байгаль орчны газарт бие даан шийдвэр гарган, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрх хэмжээ олгогдоогүй байгаа юм. Зөвхөн хүлээж аваад Нийслэлийн Засаг даргад уламжилж шийдвэрлүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн Байгаль орчны газар хэрэгжүүлнэ. Нийслэлийг Байгаль орчны газар уг татгалзлыг өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж гаргасан, хууль бус татгалзал гэж  үзэж байна. Хэрэв Нийслэлийн Засаг дарга ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа бол холбогдох хуулиудад зааснаар заавал захирамж гаргаж шийдвэрлэх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар захирамж гаргаж шийдвэрлээгүй. Харьяа хэрэгжүүлэгч агентлагаар дамжуулж өргөдлийг шийдвэрлэх, хариу өгөх зохицуулалт дүрэм болон холбогдох хууль тогтоомжид байхгүй. Нийслэлийн Засаг дарга өнөөдрийн байдлаар албан ёсны хариу, шийдвэр зэргийг гаргаагүй учраас бид эс үйлдэхүй үзүүлж байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийслэлийн Засаг даргад зөвлөх эрх бүхий зөвлөл гэж байгуулагдсан. Зөвлөл байгуулагдсан эрх зүйн үндэслэлийг хууль тогтоомжоос судалж үзэхэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.11-д “зөвлөх эрх бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах” гэж Нийслэлийн Засаг дарга зөвлөл байгуулах эрх хэмжээг олгосон байсан. Тэгэхээр тус зөвлөл тусдаа шийдвэр гаргах эрхтэй байгууллага биш. Өөрөөр хэлбэл хуулиар тусгайлан эрх олгогдоогүй, зөвхөн зөвлөх, судлах, санал боловсруулах чиг үүрэгтэй байгууллага гэсэн үг.  Гэтэл Нийслэлийн Байгаль орчны газрын татгалзал болон Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар “зөвлөл ингэж шийдсэн учраас бид ингэж шийдсэн юм” гэдэг агуулгатай. Хууль тогтоомж нь дүрэмтэйгээ уялдахгүй, нийцэхгүй байгаа учраас татгалзал, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хуульд зааснаар аливаа захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд нийцсэн байх шаардлагатай байдаг.  Өргөдлийн материалыг бүрдэл дутуу байна гэж шийдвэр гаргах үед нэхэмжлэгч компанийн бүх материал бүрдээд оччихсон байсан үйл баримт хэргийн материалаас тодорхой харагдана. Тэгэхээр өмнө материалын бүрдэл дутуу байсан гэдэг байдлаар тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Учир нь захиргааны байгууллага дутуу материалыг хүлээн авах ажиллагааг үргэлжлүүлээд хийгээд байсан. Магадгүй хууль тогтоомжийн дагуу 15 хоногийн дотор буцаах, татгалзах захирамж гарах боломжтой байсан. Энэ тохиолдолд магадгүй нэхэмжлэгч компани “манай компаниас шалтгаалаагүй, төрийн байгууллагын удаашралтай ажиллагааны улмаас ийм зүйл боллоо” гээд эрх ашгаа хамгаалуулахаар тухайн татгалзсан захирамж, шийдвэртэй маргаад явах боломжтой байсан. Гэтэл бүх материалууд бүрдсэний дараа татгалзал гаргаж байгаа нь хууль бус байна...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.12. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Байгаль орчны газрын зүгээс “... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т "Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй", 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд 18.1.1-18.1.6-д заасан баримт бичгүүдийг хавсаргахаар тус тус заасан. "*****************" ХХК нь дээрх хуулийн заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хучин төгөлдөр хугацаандаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг /хуульд заасан өргөдөл, холбогдох хавсралт баримтуудын хамт ирүүлээгүй өөрөөр хэлбэл тус компаниас зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Nº2 дугаартай албан бичгийг ирүүлсэн/ Нийслэлийн Засаг даргад гаргаагүй байна ... Нөгөө талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн холбогдох хавсралт баримтуудын нэг болох дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь хэсэгт заасан "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр" шаардлага нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайлан, төлөвлөгөөг доор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.", 34.3-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө", 34.4-т "Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 34.3-т заасан тайланд дурдсан нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргаж барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ." гэж тус тус заасан ордын нөөц, геологи хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланд тавигдах нөхцөл шаардлагыг хангаагүй байна. Дээрх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлүүдийг зааж өгсөн ба 35.1.1 дэх хэсэгт "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" гэж заасан бөгөөд дуусгавар болгон бүртгэсэн нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10/1879 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д "Tycгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно." гаж заасны дагуу тусгай зөвшөөрлийг буцааж өгөх үүрэгтэй байсан ... Нийслэлийн Байгаль очны газарт 2020, 2021, 2022 онуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ***** дугаар захирамжаар байгуулагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлийн хуралд 2023 оны 11 дүгээр сард танилцуулахад, зөвлөлийн олонхын саналаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19.3-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш нөхөн бүрдүүлсэн тул шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй  ...” гэх зэрэг агуулгаар тайлбарласан.

              Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани анх Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаар шийдвэрээр ***************** дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн. Эзэмшиж эхэлснээсээ хойш нэг удаа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сунгуулсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаандаа хайгуулын ажил болон холбогдох бусад ажлыг хийж гүйцэтгэсний дараа 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр шинжээч томилуулах хүсэлтээ анх гаргасан. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тухайн хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд гаргасан. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хуулийн хугацааг Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай бүхий л бүрдлийг хангасан материалуудыг хавсаргаж чадаагүй. Гэхдээ энэ нөхцөл байдлаа залруулаад бүх материалыг өгсөн. Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн материалуудыг нөхөн бүрдүүлээд, хүлээн авч байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмал тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт болон тухайн дүгнэлтийг геологийн албанд бүртгэсэн талаарх 2 эрх бүхий одоо байгууллагын шийдвэрийг хавсаргаж чадаагүй учраас материалуудаа бүрэн гүйцэд өгч чадаагүй. Энэ нь дан ганц нэхэмжлэгчээс шалтгаалсан зүйл биш. Хуульд заасан хоног хугацааг хэтрүүлж шийдвэрлэсэн төрийн байгууллагын үйлдлүүдээс шалтгаалж баримтуудыг бүрэн гүйцэд,  хугацаандаа хүлээлгэж өгч чадаагүй. Гэхдээ хариуцагч байгууллага тухайн өргөдлийг шийдвэрлэхдээ манай компанийн бүхий л баримт бичиг бүрдсэн байх маягтыг бүрдүүлж авсан. Хариу өгөлгүй хүлээлгэсээр байгаад 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “...Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлөөс танай асуудлыг болон танайхтай адил төсөөтэй компаниудын асуудлыг авч шийдвэрлэлээ. Өргөдлүүдийг хугацаанд нь бүрэн гаргаж өгөөгүй учраас шийдвэрлэх, хүлээн авах боломжгүй” гэж хариу өгсөн. Бид тухайн хугацаанд өгөөгүй ч гэсэн шийдвэр гарахаас өмнө бүхий л баримтуудыг бүрдүүлээд өгчихсөн байсан. Үүнээс хойш Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар 15 хоногийн хугацаанд захиргааны байгууллага шийдвэрлээгүй. Асуудлыг шийдвэрлэнэ гэж нэхэмжлэгч компанид итгэл хүлээлгээд “танай компанийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байна” гэдэг байдлаар хүлээлгэж байсан хэр нь өргөдлийг шийдвэрлэхдээ материалын бүрдлийг бүрэн хангасан байгаа нөхцөл байдлыг тодорхойлоогүйгээс шалтгаалаад үндэслэл бүхий шийдвэр гараагүй гэж үзэж байгаа. Мөн бид Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу гомдлоо гаргасан. Нийслэлийн Засаг даргаас “танай гомдлыг шийдвэрлэж байна” гэсэн хариу өгч байсан боловч тоймтой хариу өгч шийдвэрлэсэн зүйл байхгүй. Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Байгаль орчны газраас ерөнхийдөө агуулгын хувьд адилхан тайлбарууд ирсэн. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа гол захиргааны акт 11 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдэл. Нийслэлийн Засаг дарга дангаар шийдвэр гаргаагүй байхад Нийслэлийн Байгаль орчны газраас манай өргөдлийг шийдвэрлэчихлээ гэдэг байдлаар маргаж байгаа. Учир нь Нийслэлийн Засаг даргаас 2022 онд маргаан бүхий актын үндэслэл болоод байгаа зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Тухайн зөвлөл нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар зөвхөн санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг. Ажлын хэсгийн гишүүд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нэг жил гаруй хугацаанд тухайн өргөдлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар судлаад байсан гэж ойлгосон. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тухайн зөвлөл хуралдаад, “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан өргөдөл шийдвэрлэх хугацаа өнгөрсөн учраас татгалзъя” гэж шийдвэр, тэмдэглэлдээ тусгасан байсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга тус саналыг үндэслэн ямар нэг шийдвэр гаргаагүй. Нийслэлийн Байгаль орчны газраас “Нийслэлийн Засаг дарга дээрх саналыг үндэслээд шийдэж байгаа учраас танай өргөдлийг хүлээн авахаас татгалзаж байгаа” гэдэг байдлаар тайлбарлаад байдаг. Шүүхэд ирүүлсэн хариу тайлбарууд болон 11 дүгээр сарын 6-ны өдрийн маргаан бүхий захиргааны актад Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөл шийдчихсэн учраас бид дахин танай өргөдлийг шийдвэрлэх шаардлага байхгүй гэдэг агуулга байгаа юм. Тухайн зөвлөлийг хуулиар тусгайлан эрх олгосон, эрх бүхий байгууллага гэж үзэхээргүй, өргөдлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн Засаг даргад санал, дүгнэлтээ гаргаж өгдөг. Нийслэлийн Байгаль орчны газар зөвлөлийн шийдвэрийг үндэслээд татгалзаж байгааг Нийслэлийн Засаг дарга манай өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаад байна гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргыг эс үйлдэхүй үзүүлж байна, Нийслэлийн Байгаль орчны газрын татгалзал хуульд нийцээгүй гэсэн 2 агуулгаар маргаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг шийдвэрлэх эрх бүхий этгээд нь зөвхөн Нийслэлийн Засаг дарга байгаа юм. Өргөдөл хүлээн авч байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийслэлийн Байгаль орчны газрын дүрэм болон 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн татгалзал гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дүрэмд Нийслэлийн Байгаль орчны газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой өргөдлийг зөвхөн хүлээн аваад, бүртгэх, мэдээллийн санд хөтлөх чиг үүргүүдийг хэрэгжүүлэхээр заасан. Тодорхой зохицуулалтууд нь тус байгууллагын дүрмийн 4.1.4.1- 4.1.4.4 дэх хэсэгт байсан. Тэгэхээр Нийслэлийн Байгаль орчны газарт бие даан шийдвэр гарган, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрх хэмжээ олгогдоогүй байгаа юм. Зөвхөн хүлээж аваад Нийслэлийн Засаг даргад уламжилж шийдвэрлүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн Байгаль орчны газар хэрэгжүүлнэ. Нийслэлийг Байгаль орчны газар уг татгалзлыг өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж гаргасан, хууль бус татгалзал гэж  үзэж байна. Хэрэв Нийслэлийн Засаг дарга ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа бол холбогдох хуулиудад зааснаар заавал захирамж гаргаж шийдвэрлэх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар захирамж гаргаж шийдвэрлээгүй. Харьяа хэрэгжүүлэгч агентлагаар дамжуулж өргөдлийг шийдвэрлэх, хариу өгөх зохицуулалт дүрэм болон холбогдох хууль тогтоомжид байхгүй. Нийслэлийн Засаг дарга өнөөдрийн байдлаар албан ёсны хариу, шийдвэр зэргийг гаргаагүй учраас бид эс үйлдэхүй үзүүлж байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийслэлийн Засаг даргад зөвлөх эрх бүхий зөвлөл гэж байгуулагдсан. Зөвлөл байгуулагдсан эрх зүйн үндэслэлийг хууль тогтоомжоос судалж үзэхэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.11-д “зөвлөх эрх бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах” гэж Нийслэлийн Засаг дарга зөвлөл байгуулах эрх хэмжээг олгосон байсан. Тэгэхээр тус зөвлөл тусдаа шийдвэр гаргах эрхтэй байгууллага биш. Өөрөөр хэлбэл хуулиар тусгайлан эрх олгогдоогүй, зөвхөн зөвлөх, судлах, санал боловсруулах чиг үүрэгтэй байгууллага гэсэн үг.  Гэтэл Нийслэлийн Байгаль орчны газрын татгалзал болон Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар “зөвлөл ингэж шийдсэн учраас бид ингэж шийдсэн юм” гэдэг агуулгатай. Хууль тогтоомж нь дүрэмтэйгээ уялдахгүй, нийцэхгүй байгаа учраас татгалзал, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хуульд зааснаар аливаа захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд нийцсэн байх шаардлагатай байдаг.  Өргөдлийн материалыг бүрдэл дутуу байна гэж шийдвэр гаргах үед нэхэмжлэгч компанийн бүх материал бүрдээд оччихсон байсан үйл баримт хэргийн материалаас тодорхой харагдана. Тэгэхээр өмнө материалын бүрдэл дутуу байсан гэдэг байдлаар тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Учир нь захиргааны байгууллага дутуу материалыг хүлээн авах ажиллагааг үргэлжлүүлээд хийгээд байсан. Магадгүй хууль тогтоомжийн дагуу 15 хоногийн дотор буцаах, татгалзах захирамж гарах боломжтой байсан. Энэ тохиолдолд магадгүй нэхэмжлэгч компани “манай компаниас шалтгаалаагүй, төрийн байгууллагын удаашралтай ажиллагааны улмаас ийм зүйл боллоо” гээд эрх ашгаа хамгаалуулахаар тухайн татгалзсан захирамж, шийдвэртэй маргаад явах боломжтой байсан. Гэтэл бүх материалууд бүрдсэний дараа татгалзал гаргаж байгаа нь хууль бус байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ...” гэв.

3.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******, Ж.Б*********** нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаар захирамжаар ***************** дүүргийн 22 дугаар хорооны нутаг ****** нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 3 жилийн хугацаатай “*****************” ХХК-д олгосон байна. Тус компани нь уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл ирүүлснийг хуульд заасны дагуу хянан үзэж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаар захирамжаар 2 жилээр сунгаж, хүчин төгөлдөр байх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр тооцож, гэрчилгээ, хавсралтад тэмдэглэгээ хийж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд бүртгэл хийсэн байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24 дүгээр 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын 5 өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно” гэж, мөн хуулийн 15.1.3-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2 жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах” гэж тус тус заасны дагуу эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц баялгийг ашиглах боломжийг судлан, техник, эдийн засгийн үнэлгээ хийх зорилгоор хайгуул хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нийт 5 жил байхаар хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг хариуцлага хүлээлгэсэн байна. Мөн дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “түгээмэл зохистой ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй”,  18 дугаар зүйлийн 18.1 энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд 18.1.1-ээс 18.1.6-д заасан баримт бичгүүдийг хавсаргахаар тус тус заасан. “*****************” ХХК нь дээрх хуулийн заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаандаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан өргөдөл, холбогдох хавсралт баримтуудын хамт ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл, тус компаниас зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 2 албан бичгийг ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргад гаргаагүй байна. Тус компани өргөдөл, хавсралт баримтуудыг хуулийн хугацаанд гаргаагүй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагааг явуулна”. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “уурхайн талбайн Ашигт малтмалын тухай хуулийн 24.4, 24.5-д заасан шаардлагыг хангасан байх” гэж тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан эсэхийг Нийслэлийн Засаг даргаас хянан шалгах ажиллагааг явуулах, шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм. Нөгөө талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийн холбогдох хавсралт баримтуудын нэг болох дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь хэсэгт заасан хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр, шаардлага нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайлан, төлөвлөгөөг доор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж, аймаг, нийслэлийн Засаг дарга хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ, 34.3-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө, 34.4-д төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 34.3-д заасан тайланд дурдсан нөөцийг Ашигт малтмалын улсын нэгдсэн санд бүртгэх тухай шийдвэр гаргаж, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж тус тус заасан ордын нөөц, геологи хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланд тавигдах нөхцөл, шаардлагыг хангаагүй байна. Дээрх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлүүдийг зааж өгсөн ба 35.1.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж заасан бөгөөд дуусгавар болгон бүртгэсэн нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10/1879 дугаар албан бичгээр нотлогдож байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг буцааж өгөх үүрэгтэй байсан. Нийслэлийн Байгаль орчны газарт 2020, 2021, 2022 онуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/1401 дугаар захирамжаар байгуулагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлийн хуралд 2023 оны 11 дүгээр сард танилцуулахад, зөвлөлийн олонхын саналаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш нөхөн бүрдүүлсэн тул шийдвэрлэх хууль зүйн боломжгүй талаарх мэдэгдэхийг тус газарт даалгасан байна. Иймд “*****************” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.4. Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд "*****************" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг хүргүүлж байна. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаар захирамжаар ***************** дүүргийн 22 дугаар хорооны нутаг ******* нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 16/R053 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 3 жилийн хугацаатай "**************" ХХК-д олгосон байна. Тус компани нь уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл ирүүлснийг хуульд заасны дагуу хянан үзэж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаар захирамжаар 2 жилээр сунгаж, хучин төгөлдөр хугацааг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр тооцож гэрчилгээ, хавсралтад тэмдэглэгээ хийж, ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд бүртгэл хийсэн байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д "Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно" гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах" гэж тус тус заасны дагуу эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх зорилгоор хайгуул хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нийт 5 жил байхаар хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг, хариуцлага хүлээлгэсэн байна. Мөн дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т "Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй", 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд 18.1.1-18.1.6-д заасан баримт бичгүүдийг хавсаргахаар тус тус заасан. "**************" ХХК нь дээрх хуулийн заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хучин төгөлдөр хугацаандаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг /хуульд заасан өргөдөл, холбогдох хавсралт баримтуудын хамт ирүүлээгүй өөрөөр хэлбэл тус компаниас зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Nº2 дугаартай албан бичгийг ирүүлсэн Нийслэлийн Засаг даргад гаргаагүй байна. Тус компани нь өргөдөл, хавсралт баримтуудыг хуулийн хугацаанд гаргаагүй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19.1-т "Аймаг, нийслэлийн Засаг -т дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна", мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т "Уурхайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.4, 24.5-д заасан шаардлагыг хангасан байна." гэж тус тус заасан хуулийн шаардлага хангасан эсэхийг Нийслэлийн Засаг даргаас хянан шалгах ажиллагааг явуулах, шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм. Нөгөө талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн холбогдох хавсралт баримтуудын нэг болох дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь хэсэгт заасан "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр" шаардлага нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайлан, төлөвлөгөөг доор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.", 34.3-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө", 34.4-т "Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 34.3-т заасан тайланд дурдсан нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргаж барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ." гэж тус тус заасан ордын нөөц, геологи хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланд тавигдах нөхцөл шаардлагыг хангаагүй байна. Дээрх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлүүдийг зааж өгсөн ба 35.1.1 дэх хэсэгт "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" гэж заасан бөгөөд дуусгавар болгон бүртгэсэн нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10/1879 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д "Tycгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно." гаж заасны дагуу тусгай зөвшөөрлийг буцааж өгөх үүрэгтэй байсан. Нийслэлийн Байгаль очны газарт 2020, 2021, 2022 онуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн **** дугаар захирамжаар байгуулагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлийн хуралд 2023 оны 11 дүгээр сард танилцуулахад, зөвлөлийн олонхын саналаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19.3-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш нөхөн бүрдүүлсэн тул шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд "**************" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр “Нийслэлийн Засаг даргын “**************” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах” шаардлагыг хангаж, харин “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2717 дугаартай хариу хүргүүлэх тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2717 дугаартай хариу хүргүүлэх тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2717 дугаартай хариу хүргүүлэх тухай мэдэгдлийг[12] хүчингүй болгуулахаар тодорхойлжээ.

1.2. Тус мэдэгдлийн агуулгыг үзвэл, “...түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаас танай гаргасан өргөдлийг хянаж үзээд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан өргөдөл шийдвэрлэх хугацаанд шийдвэрлэгдээгүй, мөн тухайн өргөдлийг тус хуулийн 18 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг бүрэн хангуулж өргөдлөө гаргаагүй зэрэг зөрчилтэй байх тул түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гээд, 54.1.1 дэх заалтад “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;”, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.”  гэж заасан.

1.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргаан нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхыг ойлгоно.

1.5. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг шүүх тодорхойлохдоо тухайн маргаан нь “нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх”-д дүгнэлт хийнэ.

1.6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж захиргааны актын үндсэн шинжийг хуульчлан заасан.

1.7. Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2717 дугаартай хариу хүргүүлэх тухай мэдэгдэл нь хуулийн дээр дурдсан үндсэн шинжүүдээс зохицуулалт агуулсан байх шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт биш гэж шүүх үзлээ.

1.8. Тодруулбал, аливаа захиргааны актаар хаяглагдсан этгээдэд эрх зүйн шууд үр дагавар бий болгосон буюу тухайн этгээдэд эрх үүсгэсэн, эсхүл үүрэг бий болсон зэрэг зохицуулалт агуулсан байх учиртай.

1.9. Гэтэл Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2717 дугаартай хариу хүргүүлэх тухай тоот нь тийм шинжгүй бөгөөд үндсэндээ нэхэмжлэгч компанид үйл баримтыг мэдээлсэн шинжтэй мэдэгдэл байна.

1.10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Нийслэлийн Байгаль орчны газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. “Нийслэлийн Засаг даргын “**************” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах” шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах ...” гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2.2. Тогтоогдсон үйл баримтыг авч үзвэл, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаартай захирамжаар ************** дүүргийн 22 дугаар хорооны нутаг ****** нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 16/R053 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 3 жилийн хугацаатай "******** " ХХК-д олгосон.

2.3. Уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл ирүүлснийг хуульд заасны дагуу хянан үзэж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар захирамжаар 2 жилээр сунгаж, хучин төгөлдөр хугацааг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр тооцож гэрчилгээ, хавсралтад тэмдэглэгээ хийж, ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд бүртгэл хийжээ.

2.4. Дээрх хугацаанд Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/52 дугаартай тушаалаар тусгай зөвшөөрлийг “**************” ХХК-д шилжүүлж бүртгэсэн байна.

2.5. Нэхэмжлэгч “**************” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох зорилгоор ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдлийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №2 дугаартай албан бичгээр Нийслэлийн Байгаль орчны газарт хандсан бөгөөд энэ талаарх үйл баримтад хариуцагч нар маргадаггүй болно.

2.6. Улмаар нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2022-05 дугаартай албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газарт “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар тайлан хэлэлцүүлэх тухай” хандаж, хяналтын хуудас дээр холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдаж дууссан талаар мэдэгдэж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамаарах ордын 2021 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхийг хүссэн байна.

2.7. Түүний дараа 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******** дугаартай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарч, мөн Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ****** дугаартай тушаалаар нөөцийг хүлээн авч, бүртгэсэн, түүнчлэн, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ОА-03 дугаартай Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэжээ.

2.8. Нийслэлийн Байгаль очны газарт 2020, 2021, 2022 онуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ****** дугаар захирамжаар байгуулагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлийн хуралд 2023 оны 11 дүгээр сард танилцуулахад, зөвлөлийн олонхын саналаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19.3-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш нөхөн бүрдүүлсэн тул шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, тухайн өргөдлүүдээс татгалзах” гэж шийдвэрлэжээ.

2.9. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын зүгээс “... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг шийдвэрлэх эрх бүхий этгээд нь зөвхөн Нийслэлийн Засаг дарга юм. Өргөдөл хүлээн авч байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийслэлийн Байгаль орчны газрын дүрэм болон 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн татгалзал гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дүрэмд Нийслэлийн Байгаль орчны газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой өргөдлийг зөвхөн хүлээн аваад, бүртгэх, мэдээллийн санд хөтлөх чиг үүргүүдийг хэрэгжүүлэхээр заасан. Тодорхой зохицуулалтууд нь тус байгууллагын дүрмийн 4.1.4.1- 4.1.4.4 дэх хэсэгт байсан. Тэгэхээр Нийслэлийн Байгаль орчны газарт бие даан шийдвэр гарган, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрх хэмжээ олгогдоогүй байгаа юм. Зөвхөн хүлээж аваад Нийслэлийн Засаг даргад уламжилж шийдвэрлүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн Байгаль орчны газар хэрэгжүүлнэ ...” гэх агуулгаар маргасан.

2.10. Иймд дээрх асуудлуудад шүүхээс тухайлан эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэв. Тодруулахад:

2.11. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:” гээд, 18.1.5 дахь заалтад “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна:” гэж, 19.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа доор дурдсан зүйлийг тодруулна:” гэж, 19.3 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:” гэж, 19.8 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3.1, 19.3.3, 19.4-т заасан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө.” гэж тус тус заажээ.

2.12. Хуулийн дээрх хэм хэмжээнүүдийг үзвэл, аливаа хуулийн этгээдээс түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг хуулиар тогтоосон журмын дагуу хянан үзэж шийдвэрлэх эрх хэмжээтэй этгээд нь зөвхөн аймаг, нийслэлийн Засаг дарга байхаар зохицуулжээ.

2.13. Маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэгч “**************” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан үйл баримттай хариуцагч маргадаггүй бөгөөд харин тус компанийг тухайн өргөдөлдөө хамтатган хавсаргаж өгөх ёстой байсан зарим баримт материалыг өгөөгүй нь баримт бичгийн бүрдэл дутуу гэх үндэслэлд хамаарна гэж маргадаг.

2.14. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараас судлан үзэхэд, нэхэмжлэгч компанийн гаргасан өргөдөлд Нийслэлийн Засаг дарга хариу өгөөгүй, харин түүний өмнөөс Нийслэлийн Байгаль орчны газрын дарга 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2717 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь дээр дурдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудад нийцээгүй байна.

2.15. Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно.” гэж заасан.

2.16. Хуулийн дээрх хэм хэмжээний агуулга, зорилго нь аливаа нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг дур зоргоороо бус, зөвхөн хуульд заасан тохиолдолд бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.

2.17. Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ***** дугаартай захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн Байгаль орчны газрын дүрэм”-ийн[13] 4.1.4-д “газар, газрын хэвлийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр:” Нийслэлийн Байгаль орчны газрын хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулахдаа 4.1.4.2-4.1.4.4-д[14] түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, шилжүүлэх, сунгах харилцаанд тус газрын хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан байх боловч тэдгээр эрх хэмжээний агуулгаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын өмнөөс түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, эсхүл татгалзахтай холбоотой шийдвэр гаргах эрх хэмжээг олгоогүй байна.

2.18. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс тайлбарласан “Нийслэлийн Байгаль орчны газар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзах талаар шийдвэр гаргах эрх хэмжээгүй, энэ эрх зөвхөн Нийслэлийн Засаг даргад олгогдсон” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй.

2.19. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь хуулийн этгээдээс гаргасан өргөдлийг шийдвэрлэх үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж шүүх үзлээ.

2.20. Тиймээс хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч компанийн гаргасан өргөдлийг шийдвэрлэж, хариу өгөх талаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх учиртай.

2.21. Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг “... тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан өргөдөл шийдвэрлэх хугацаанд шийдвэрлэгдээгүй, мөн тухайн өргөдлийг тус хуулийн 18 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг бүрэн хангуулж өргөдлөө гаргаагүй ...” гэх агуулгаар буруутгадаг.

2.22. Гэтэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан “... өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ ...” гэх хуулийн зохицуулалт нь хариуцагчид чиглэсэн буюу хариуцагчийн хэрэгжүүлэх ёстой чиг үүрэг байхад нэхэмжлэгчийг ийнхүү буруутгасан нь ойлгомжгүй.

2.23. Мөн хуульд заасан баримт материалын бүрдэл болох 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, мөн Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаартай тушаалаар нөөцийг хүлээн авч, бүртгэсэн бүртгэл, түүнчлэн, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ зэргийг гаргуулахад нэхэмжлэгчийн зүгээс шууд шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас цаг хугацаа алдаж, удааширсан нөхцөл байдлыг хариуцагч анхаарах шаардлагатай байжээ.

2.24. Түүнчлэн хариуцагч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан хугацааг баримтлалгүйгээр хожим нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах чиг үүрэг бүхий зөвлөл”-ийг байгуулж, улмаар тус зөвлөл нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан атлаа 2021, 2022 онуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн этгээдүүдийн өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан өргөдөл шийдвэрлэх хугацаа нь өнгөрсөн гэж татгалзаж байгаа нь ойлгомжгүй буюу зөрчилтэй байна.

2.25. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын “**************” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.26. Шүүхийн энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хангаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан агуулгатай биш бөгөөд харин хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөхдөө шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт дурдсан асуудлуудыг нягтлан үзвэл зохино.

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:

3.1. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****** шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн боловч тус хүсэлтэд дурдсан шалтгаан нь /Ж.Б******** ээлжийн амралттай гэх/ өөрт нь шууд хамааралгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан биш, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б********* шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З********* байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн байна.

3.2. Иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж заасны дагуу тэднийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг, 54.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс Нийслэлийн Байгаль орчны газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2717 дугаар “Хариу хүргүүлэх тухай”  мэдэгдлийг хууль болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 18.1.5 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3, 19.8, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын “**************” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах” шаардлагыг хангаж, “**************” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийнх 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35 100 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 2 дахь тал

[2] Хх 51 дэх тал

[3] Хх 53 дахь тал

[4] Хх 52 дахь тал

[5] Хх 65 дахь тал

[6] Хх 39-44 дэх тал

[7] Хх 38 дахь тал

[8] Хх 45-48 дахь тал

[9] Хх 49 дэх тал

[10] Хх 55-56 дахь тал

[11] Хх 58-60 дахь тал

[12] Хх 19 дэх тал

[13] Хх 137-143 дахь тал

[14] Хх 139 дэх тал