Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0867

 

 

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0867

Улаанбаатар хот

Ц.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ц.М-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 23 дугаар зүйлийн 23.8, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаар захирамжийн хүчингүй болгож, Ц.М-ын урьд эрхэлж байсан Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3906885 /гурван сая есөн зуун зургаан мянга найман зуун наян тав/ төгрөгийг Ховд аймгийн Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:

Нэгт. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар уг хуулийн үйлчлэл хамаарах төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.М нь захиргааны шийдвэр гаргах, гэрээ байгуулахын өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг гаргах үүрэгтэй.

Энэ нь Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ц-ын М-ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан Авилгатай тэмцэх газрын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/9495 дугаар албан бичигт: ... нэр дэвшигч Ц.М-ын эхнэр Д.Б, төрсөн дүү Ц.М нар нь тус сургуульд багшаар ажилладаг тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж байх, мөн хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай ... гэснээр батлагдана.

Үүнийг давхар батлах Авлигатай тэмцэх газрын 2015 оны 10 дугаар сарын 22, Авлигатай тэмцэх газрын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зөвлөмжүүд хэрэгт авагдсан болно.

Иймдээ ч нэхэмжлэгч Ц.М нь Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/14, А/15 дугаар тушаалуудаар хамаарал бүхий этгээд Д.Б, Ц.М нарт ур чадварын нэмэгдэл олгохоосоо өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн, зөрчил үүссэн тухай мэдэгдлээ аймгийн Засаг даргад гаргаж, зөвшөөрөл авсан байдаг.

Иймд байхад анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: ... нэхэмжлэгч Ц.М нь сургуулийнхаа захирлын хувьд хамаарал бүхий этгээддээ цалин хөлс, мөнгөн урамшил олгохдоо ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг гаргах шаардлагагүй ... гэж бодит байдалд үл нийцэх дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ.

Нийтийн албан тушаалтан хамаарал бүхий этгээддээ цалин хөлс, мөнгөн урамшил олгоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй тул мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж ажиллах үүрэгтэй талаар заалт тусгагдсан байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болсон анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үүссэн тохиолдолд зохицуулах гэсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байна.

Хоёрт: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”.

Нэхэмжлэгч Ц.М нь Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хамаарал бүхий этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахаас өмнө ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдэж, тайлбарлаагүй.

 Гэтэл анхан шатны шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан хориглолтыг хамаарал бүхий этгээдийг шинээр ажилд авах, гэрээ байгуулах тохиолдолд хамаарна гэж хуулийг буруу /агуулгыг явцууруулж/ тайлбарлан хэрэглэлээ.

Гуравт. Аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/256 дугаар захирамжаар ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргах үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч Ц.М-д албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 10 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

Уг сахилгын шийтгэл нэхэмжлэгч Ц.М хүлээн зөвшөөрч, шүүхэд гомдол гаргаагүйгээс үзэхэд хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргах, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулахын өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг бичгээр гаргах үүрэгтэй гэдгээ бүрэн ойлгож, мэдэж байсныг харуулна.

Ийм байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.М-ын урьд ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл үүргээ биелүүлээгүй үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй.

Дөрөвт: Нэхэмжлэгч Ц.М нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн аваад гаргасан тайлбар, шүүхэд хандсан нэхэмжлэлийн өргөдөл, анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэрэгтээ гаргасан сахилгын зөрчлөө хүлээн зөвшөөрч, маргаагүй байдаг.

Ийм байхад анхан шатны шүүх сахилгын зөрчил гаргаж, түүндээ тохирсон сахилгын шийтгэл хүлээсэн нэхэмжлэгч Ц.М-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасантай нийцэхгүй байна.

Сахилгын зөрчил гаргасан бол хариуцлага хүлээх нь зарчим тул Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.М-ын Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.М-аас “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/41 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчаас “ ... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчиж, хамаарал бүхий этгээд Ц.М, Д.Б нартай холбогдох удаа дараагийн шийдвэр гаргах, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг нийтийн албанаас халжээ.    

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон улирлын мөнгөн урамшууллыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/239 “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”, 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/299 дүгээр тушаал “Ерөнхий боловсролын сургуулийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл”-ийг баримтлан сургуулийн багш, ажилчдад улирал тус бүр олгох, ур чадварын нэмэгдлийн тухайд, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д зааснаар захирал нь “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах ...” үүрэгтэй байна.

Түүнчлэн Ц.М-д мэргэжлийн зэрэг олгосон тушаал нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаал “Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.9-д зааснаар аймгийн Боловсролын газраас “Тэргүүлэх” зэрэг олгосны дагуу шийдвэрлэжээ. Мөн нэхэмжлэгчийг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дөргөн сумын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж эхлэхээс өмнө хамаарал бүхий этгээдүүд болох эхнэр Д.Б болон дүү Ц.М нар нь тус сургуульд багшаар ажиллаж байсан нь нотлогдсон байх тул “... хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа ... томилох эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын “шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан хориглолтыг хамаарал бүхий этгээдийг шинээр ажилд авах, гэрээ байгуулах тохиолдолд хамаарна гэж хуулийг явцууруулан хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь Ц.М-ын тохиолдолд 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тус сургуульд ажиллаж, хөдөлмөрийн гэрээг өмнө нь байгуулсан байх бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээ нь анх ажилд авч буйтай адил үр дагавар үүсгэхгүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй талаар өмнө нь Авилгатай тэмцэх газраас дүгнэлт гарсан байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөлүүдийг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч, “нэхэмжлэгч бүх багш нарт түүний дотор өөрийн эхнэр, төрсөн дүү нарт мөнгөн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, мэргэжлийн зэрэг, ээлжийн амралт олгосон зэрэг үйлдэл нь ... ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй байх тул мэдэгдэл гаргахыг шаардахгүй байна” гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан тохиолдол үүссэн үед эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл гаргах бөгөөд эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.5.1, 8.7-д зааснаар шийдвэрлэх ёстой байна.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт нь албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдтэй холбогдох үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай зохицуулалт бол мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь зохицуулалт нь албан тушаалтан хамаарал бүхий этгээдтэй холбоотой үйл ажиллагаа явуулахдаа ашиг сонирхлыг зөрчилгүй гэдгээ мэдэгдэх тухай зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргаагүй, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.М хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Энэ тохиолдолд хамаарал бүхий этгээд Д.Б, Ц.М нарт холбогдох тухайлсан, хувийн ашиг сонирхолтой шийдвэр гаргаагүй, сургуулийн нийт багш ажилчдад холбогдох шийдвэрт нь хамаарал бүхий этгээдүүд хамрагдсан байна. Гэтэл захиргаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-ийг хэрэглэж нийтийн албанаас халах шийдвэр гаргасан нь буруу байна. Учир нь Ц.М-ын хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн учир мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар шийдвэрлэх ёстой байжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, тогтоох хэсэгт маргаан бүхий актын дугаарыг алдаатай бичсэнийг залруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Б/42” гэснийг “Б/41” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ