Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 30

 

         Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

        Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй, 

        Хариуцагч: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Сонгуулийн хороонд холбогдох, 

      Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн У.Гансүх, Б.Ганчимэг нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сумын Сонгуулийн хороонд даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хөлөнбуйр сумын Ардчилсан намын дарга Б.Урантогос, түүний өмгөөлөгч Ө.Батболд, хариуцагч Хөлөнбуйр сумын Сонгуулийн хорооны дарга У.Гантогос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч, Хөлөнбуйр сумын Ардчилсан намын дарга Б.Урантогос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөлөнбуйр сумын Ардчилсан намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн У.Гансүхийн нэр дэвшигчийн материалыг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу бүрдүүлж сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Сумын Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасан “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй...” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль бус юм. У.Гансүх нь Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн шаардлагыг бүрэн хангасан ба өөрийн хүсэлтээр нэр дэвшихийг зөвшөөрсний дагуу сумын Ардчилсан намын хорооны хурлаар нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан. Мөн тус намаас нэр дэвшүүлсэн Хөлөнбуйр сумын Төрийн банкны тооцооны төвийн захирал Б.Ганчимэгийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Б.Ганчимэгийн одоо эрхэлж буй албан тушаал нь Монгол Улсын иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт зааснаар сумын Төрийн банкны тооцооны төв нь хуулийн этгээдийн эрхгүй юм. Сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг гаргахдаа Сонгуулийн тухай хуулинд заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлийг хуулийн дагуу гаргаагүй хуулийг ноцтой зөрчсөн байна.

       Иймд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн У.Гансүх, Б.Ганчимэг нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэв.

        Хариуцагч, Хөлөнбуйр сумын Сонгуулийн хорооны дарга У.Гантогос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хөлөнбуйр сумын Ардчилсан намаас нэр дэвшиж бичиг баримтаа ирүүлсэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш У.Гансүх нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагт миний бие орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дэвшүүлсэн нэрээ хувийн шалтгаанаар татаж авах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу сумын Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж хуралдааны олонхийн саналаар нэрийг нь бүртгэх шаардлагагүй гэж үзсэн. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.12-т нэр дэвшигчээр бүртгүүлсэн бол нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзах эрхгүй гэж заасан байдаг. Тус Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг бүртгээгүй байсан учраас тухайн нэр дэвшигчийн өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь татаж, бүртгэж авалгүй Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана гэсэн заалтыг үндэслэн Ардчилсан намаас нэр дэвшигч У.Гансүхийг бүртгэх шаардлагагүй гэж үзсэн. ...У.Гансүх нэр дэвшигчээр бүртгүүлээгүй байхдаа нэрээ татах хүсэлтээ гаргасан учраас уг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна.

       Сумын Төрийн банкны тооцооны төвийн захирал Б.Ганчимэг нь сумын Ардчилсан намаас нэр дэвшиж бичиг баримтаа ирүүлсэн. Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нягтлан шалгаж материалыг хүлээн авахад Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар байхгүй байсан. Сумын Сонгуулийн хороо хуулийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж нэр дэвшигчдийн бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн Б.Ганчимэгийг нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг хангаагүй гэдэг шалтгаанаар Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь заалтыг үндэслэн бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. ...Сумын Төрийн банкны тооцооны төвийн захирал Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээд биш гэдгийг харуулах бичиг баримт байвал сумын Сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэж авахад болохгүй зүйл байхгүй гэдгийг амаар хэлсэн. Гэтэл тийм зүйлээ авчраагүй байж шүүхэд өгсөн байна. Шүүх дээр ирээд хэргийн материал танилцаад Б.Ганчимэгийг нэр дэвшиж болох юм байна гэдгийг ойлголоо гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Ардчилсан намаас тус шүүхэд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  “Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн У.Гансүх, Б.Ганчимэг нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сумын Сонгуулийн хороонд даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

      Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Ардчилсан намаас тус намаас нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д заасан хугацаанд сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн байна.

        Тус сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор  2016 оны Орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр бичиг баримтаа ирүүлсэн У.Гансүх нь хувийн шалтгаанаар нэр дэвшихээс татгалзаж өргөдөл гаргасан тул бүртгэх шаардлагагүй, Ардчилсан намаас нэр дэвшигч сумын Төрийн банкны эрхлэгч Б.Ганчимэг нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.6 дахь шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс тус тус татгалзсан шийдвэрийг гаргажээ.

    1. Уртнасангийн Гансүх нь Хөлөнбуйр сумын Ардчилсан намаас нэр дэвшихийг зөвшөөрсөн зөвшөөрлөө 2016 оны 08 дугаар сарын 31-д гаргасан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус сумын Сонгуулийн хороонд хувийн шалтгаанаар нэрээ татаж авах тухай өргөдлөө өгсөн байна. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.12-д Нэр дэвшигчээр бүртгүүлсэн бол нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзах эрхгүй гэж заасан бөгөөд У.Гансүх нь нэр дэвшигчээр бүртгэхээс өмнө өргөдлөө гаргаж нэр дэвшихээс татгалсан нь хууль зөрчөөгүй байна. Иймд У.Гансүхийг Орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

     2. Хөлөнбуйр сумын Ардчилсан намаас нэр дэвшигч тус сумын Төрийн банкны эрхлэгч Бямбадоржийн Ганчимэгийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.6-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.6 дахь заалт бол бие даан нэр дэвшигчид тавигдах шаардлагатай холбоотой заалт юм.

      Харин Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д намаас нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хуулчилсан байх бөгөөд дээрхи хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д ”төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар”-ыг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр заажээ.

       Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан бөгөөд Төрийн банк бол 100 хувь төрийн өмчийн оролцоотой бөгөөд түүний салбар нэгж болох сумын Төрийн банкны салбар нь хуулийн этгээдийн эрхгүй юм. Иймд Б.Ганчимэг нь ажлаас чөлөөлөгдөх шаардлагагүй бөгөөд сумын сонгуулийн хорооноос Б.Ганчимэгийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалсан нь үндэслэлгүй хууль зөрчсөн байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 157.2.7,  157.9, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Сонгуулийн хороонд холбогдох, нэхэмжлэгч Хөлөнбуйр сумын Ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын У.Гансүхэд холбогдох 1 дэх заалтыг хэвээр үлдээж, Б.Ганчимэгд холбогдох 2 дахь заалтыг хүчингүй болгож, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Б.Ганчимэгийг Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Сонгуулийн хорооноос 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Ардчилсан намд олгосугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.АМАРЖАРГАЛ