Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2017/01097

 

                                                                  Д.Ундармаагийн нэхэмжлэлтэй                                                                                                                                            иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03669 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1399 дүгээр магадлалтай,

Д.Ундармаагийн нэхэмжлэлтэй,

           “Монголын цахилгаан холбоо” ХК-д холбогдох        

     Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, замын зардал 462 700 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 300 000 төгрөг  тус тус гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагчийн төлөөлөгч Т.Батмагнайгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн        

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргаар ажиллаж байгаад “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнайгийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Х/306 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдлөө. Ажил олгогч нь өөрийн санаачлагаар шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтууд, хөдөлмөрийн гэрээний 1.9, 1.10, 6.2.1 дэх заалтуудыг үндэслэсэн байна. Өмнө нь мөн ажил олгогч эрх мэдлээ хэтрүүлэн, хууль бусаар ажлаас удаа дараа чөлөөлж, шүүхийн шийдвэрээр эргүүлэн тогтоогдож байсан. Энэ удаа бас л ажил олгогч нь хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад дураараа аашилж, эрх мэдлийн давуутай байдлаа ашиглаж, үүрэгт ажлаас минь үндэслэлгүйгээр чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг маш ноцтойгоор зөрчиж байна. Би хууль бусаар чөлөөлөгдсөн хэдий ч үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс ажилдаа эгүүлэн тогтоолгох шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл цалинд 5 045 887 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн урьд нь үндэслэлгүйгээр халагдаж 2 удаа шүүхээр шийдвэрлүүлж байх үед Мөрөн-Улаанбаатар-Мөрөн хооронд явахад гарсан зардлыг нэхэмжилнэ. Үүнд: 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болон 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус тус үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөж, шүүхээр шийдвэрлүүлэх үеийн Улаанбаатар-Мөрөн рүү ирж буцах унааны зардал 462 700 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 300 000 төгрөг, нийт 1 702 700 төгрөг нэхэмжилнэ. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ажилд томилогдсон өдөр хүртэлх цалинг мөн нэхэмжлэх ба нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.

           Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр нарын гаргасан хариу тайлбарт: “Д.Ундармаа нь "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 06 дугаар өдрийн Х/1650 тоот тушаалаар Хөвсгөл аймгийн холбооны газрын даргаар томилогдсон бөгөөд шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалин 2 029 560 төгрөгийг олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлсөн. Д.Ундармааг “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Аймгийн холбооны газрын дарга нь орон нутагт “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах, холбооны бүх төрлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, шуурхай, чанартай хүргэж байгууллагыг үр ашигтай ажиллуулж ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн гэрээ болон түүний хавсралтаар баталсан менежментийн төлөвлөгөө, орлогын төлөвлөгөө, зарлагын төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллах үндсэн үүрэгтэй. 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай болон иргэн Д.Ундармаа нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.9.1-д “талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар харилцан тохиролцсон” нөхцөл шаардлага нь энэхүү гэрээний хавсралтуудад заагдсан нөхцлүүдийг бүрэн хангаж ажиллахаар ажил олгогч ажилтан нь хүсэл зоригоо илэрхийлсэн болно. Мөн гэрээний 1.10-т “Ажилтан 3 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн салбарын үйл ажиллагааг сайжруулах, авлага барагдуулах, орлогын төлөвлөгөөг биелүүлж чадахгүй бол ажил олгогчийн зүгээс тус салбарын орон тоог хасах, цөөрүүлэх, татан буулгаж, тусгай менежментийн багийг гүйцэтгэх захирлын тушаалаар томилохыг талууд харилцан зөвшөөрлөө" гэж заасан. Гэтэл тэрээр хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлдэггүй, ажлын байран дээр ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, хэрэглэгчтэй зүй бус харьцаж, компанийн бизнесийн ба ажил хэргийн нэр хүндэд сөрөг үр дагаврыг бий болгосон нь ажиллагсад болон хэрэглэгчийн тайлбар мэдээллээр тогтоогдсон учир Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2-т "ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна" гэж заасны дагуу талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлүүд, 6.2.1-д гэрээгээр хүлээсэн аль нэг үүрэг, хавсралтад заагдсан үзүүлэлтүүдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, салбарын санхүүгийн үзүүлэлтүүд буурсан тохиолдолд гэрээг шууд цуцлах үндэслэл болно гэдгийг нэрлэн заасан болно. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ажлаас чөлөөлөх тогтоол гарахаас өмнө заргалдаж байх үеийн онгоцны болон өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилж байгаа. Энэ нь одоогийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй юм. Бид 2 629 560 төгрөг буюу цалинг нь өгөөд 20 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Д.Ундармаа нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 170 хэрэглэгчийг төлбөрөө төлөөд гэрээгээ цуцалсан байдлаар авлагыг хааж, гэрээг цуцлахыг ахлах нягтлан бодогчдоо үүрэг болгож, авлагыг хааж гэрээг цуцалсан байдаг. Хэрэглэгчээ олж амьдрах гэж байгаа бизнесийн байгууллагад шууд 170 хэрэглэгчийг хассан нь хохирол учруулсан. Өөрөө яагаад хассан үндэслэлээ хэлдэггүй. Ерөнхийдөө энэ нь байгууллагын бизнесийн сахилга батыг зөрчсөн үйлдэл юм. Д.Ундармаа нь 2 удаа халагдаж 2 удаа орж ирдэг. Д.Ундармаа нь халагдсан шалтгаанаа намын зөрчлөөс болж халагдсан гэж тайлбарладаг бөгөөд тэрээр хов яриад ажлаа хийдэггүй. 2015 оны 08 дугаар сарын байдлаар Хөвсгөл холбооны салбарын ажлыг дүгнэхэд бүх аймгуудаас доороосоо 3 дугаар байранд байсан бөгөөд он дуусахад дахиад ажлыг нь дүгнэхэд мөн л доороосоо 3 дугаар байранд байсан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

        Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03669 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Даваадоржийн Ундармааг Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Д.Ундармаагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 308 624 төгрөгийг хариуцагч "Монголын цахилгаан холбоо" ХК-иас гаргуулж нэхэмжлэгч Д.Ундармаад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 27 695 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар нэхэмжлэгч Д.Ундармаагийн замын зардал 462 700 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 300 000 төгрөг нийт 1 762 700 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгөөс 43 154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 27 045 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Монголын цахилгаан холбоо“ ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 179 888 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1399 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03669 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн төлөөлөгч Т.Батмагнайгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Иргэн Д.Ундармаагийн нэхэмжлэлтэй “Монголын цахилгаан холбоо” ХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, бичилт хийлгүүлэх, замын зардал 462.700 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.300.000 төгрөг гаргуулах тухай хөдөлмөрийн маргааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгч Д.Ундармааг “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Хөвсгөл аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж хөлстэй тэнцэх олговорт 10.308.624 төгрөгийг хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-иас гаргуулах 101/ШШ2016/03669 дүгээр шийдвэрт давж заалдах гомдлыг гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой... Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн боловч нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй байна...Ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох ёстой бөгөөд нэхэмжлэгч Д. Ундармааг ажлын байранд архидан согтуурсан, төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг биелүүлээгүй, санхүүгийн үзүүлэлтүүд буурсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх боловч энэ нь тогтоогдохгүй байна" гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Д.Ундармаа болон “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 20 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг маш тодорхой зааж харилцан тохиролцсон байдаг. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан нь тодорхой байгаа. Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр хавсралтад ...Менежментийн төлөвлөгөө болон үйлчилгээ борлуулалтыг нэмэгдүүлэх, одоо байгаа хэрэглэгчийн тоог бууруулахгүй байх гэсэн үндсэн үүргээ зөрчиж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 174 хэрэглэгчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, авлага барагдуулсан мэтээр харагдуулах ноцтой үйлдэл гаргасан. Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад байдаг МЦХ ХК-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үр дүнгийн биелэлтийн тайланг гаргах эрх бүхий бүтцийн нэгж юм. Ийм байхад шүүх Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дүгнэлтийг эрх бүхий биш гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.4-т заасантай нийцээгүй гэж үзэн гол нотлох баримтуудыг үнэлээгүй хэрнээ зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн холбооны газрын ахлах нягтлан бодогчийн тэмдэг бүхий 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн лавлагааг шүүх үнэлсэн атлаа дээр дурдсан компанийн эрх бүхий нэгжийн дүгнэлтийг ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хуулийн этгээд баримт гаргахдаа өөрөө баталгаажуулан шүүхэд гаргаж өгөх нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй хэмээн үнэлээгүй нь хуулийг буруу тайлбарласан гэж дүгнэхэд хүргээд байна. 2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч Д.Ундармаа нь анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш түүнийг ажилд томилсон 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 5.290.432 төгрөг авах байжээ ... гэжээ. Гэтэл “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Х/160 дугаар тушаалаар Д.Ундармааг Хөвсгөл аймгийн холбооны газрын даргаар томилж, шүүхийн шийдвэрт заасны дагуу 2.629.560 төгрөгийг ажилгүй байсан хугацааны олговорт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, бичилтийг хийлгэж, 20 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулснаар дээр дурдсан маргаантай асуудлыг нэгэнт шийдвэрлэн дуусгаж шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байгааг харахад дээр дурдсан ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд уг асуудлыг ухамсарлан шүүхийн шийдвэрт заасан 2.629.560 төгрөгийг хүлээн авч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Ундармаа нь 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацааны цалин олговрыг нэхэмжлэх эрхтэй байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хуулийг буруу хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03669 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1399 дүгээр магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн төлөөлөгч Т.Батмагнайгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Ундармаа нь хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-д холбогдуулан Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, замын зардал 462 700 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 300 000 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “…Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэрэглэгчтэй зүй бус харьцдаг, шүүхийн шийдвэрт заасан олговрыг олгосон” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ундармаа нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн харьяа Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Х/306 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн гэрээний 1.9, 1.10, 6.2.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Ажил олгогч буюу хариуцагч нь ажилтан Д.Ундармааг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласнаа баримтаар нотлоогүй тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт болон 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлүүдийг тайлбарлан, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв болжээ.

         Д.Ундармаагийн ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.1-д гэрээгээр хүлээсэн аль нэг үүрэг, хавсралтад заагдсан төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелүүлээгүй, салбарын санхүүгийн үзүүлэлтүүд буурсан тохиолдолд гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа Хөвсгөл аймгийн холбооны газарт шалгалт хийснээ хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлд хамааруулан тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй гэж үзэх бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай гаргасан хяналтын гомдол үндэслэлгүй байна.

  Нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийг гаргахаас өмнө ажлаас үндэслэлгүйгээр халагдсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд гарсан замын зардал гэж 462 700 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл муутай дүгнэлт хийсэн боловч Д.Ундармаа энэ тухай хяналтын журмаар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

    Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хоёр өөр хугацаа хамаарч байна. Анхан шатны шүүх “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Х/306 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар Д.Ундармаагийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 04 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 5 018 192 төгрөгийн олговор гаргуулсан нь зөв.

Харин Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 сарын 24-ний өдрийн 4695 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш түүнийг ажилд нь буцаан томилсон 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд “2014 оны 10 дугаар сард 187.824 төгрөг, 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сарыг дуустал нийт 5.040.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сард 62.608 төгрөг” нийт 5.290.432 төгрөг гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг зөрчсөн байх тул хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх тул  дээр дурдсан хугацааны олговрыг ажил олгогчоос нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 09 сарын 05-ны өдөр дууссан байхад энэ шаардлагаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангасан нь буруу, уг алдааг давж заалдах шатны шүүхээс илрүүлээгүй байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1399 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дахь заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03669 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “ ... 10.308.624 төгрөгийг ...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар … 5.018.192 төгрөгийг ...”, “ ... нэхэмжлэлийн шаардлагаас 27.695 төгрөгт ...” гэснийг “ ... нэхэмжлэлийн шаардлагаас 5.290.432 төгрөгт ...” гэж, 4 дэх заалтын “ ... улсын тэмдэгтийн хураамжид 179.888 төгрөг ...” гэснийг “ ... улсын тэмэгтийн хураамжид 95.240 төгрөг ...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 179.900 /нэг зуун далан есөн мянга есөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                          ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН