Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 273

 

 

 

Н.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар магадлалтай, Н.Бт холбогдох 1832000000092 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, У овогт Н.Б нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан “Согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх Н.Быг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Б.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Баас 1.335.290 төгрөг гаргуулж хохирогч Б.Од олгуулах, хохирогчийн гаргасан нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,

М.Бийн эзэмшлийн Hyundai Sonata-6 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Б гаргасан гомдолдоо: “Миний хувьд гэм буруугаа ухамсарлан хохирогчийн эмчилгээний зардлыг анхан шатны шүүх хурлаар орохдоо бүрэн төлсөн боловч хохирогч хуралд ирэхдээ нэмж 1.335.290 төгрөгийн нэхэмжлэл бүрдүүлж ирсэн. Ингээд давж заалдах шатны шүүх хурлаас өмнө 600.000 төгрөг хохирогчид өгч, хурлын дараа 700.000 төгрөг өгч, хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Дэлгүүрийн орлого гэж нэхсэн мөнгийг төлөх боломжгүйгээ илэрхийлсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгаагүй, хохирол нөхөн төлөхөө хуулийн хүрээнд албан ёсоор илэрхийлээгүй байхад анхан шатны шүүх “...хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр...” гэсэн дүгнэлт хийж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна” гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн 15 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 137 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “ Шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явснаас осол гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлджээ. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хор уршиг арилаагүй, хохирол бүрэн төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба шүүгдэгч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болохыг анхаарч үзэлгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Бын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Быг Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Билүүт” гэх газарт орших Арцат зуслангийн орчмын сайжруулсан авто зам дээр 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчим авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Toyota Prius-10 загварын “80-04” УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.7-д “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар Н.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх “Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө хуулийн хүрээнд, албан ёсоор илэрхийлээгүй байхад анхан шатны шүүх “...хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр ...” гэсэн дүгнэлт хийж, түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн гаргасан “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                   ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                                          Б.БАТЦЭРЭН   

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                                                Ч.ХОСБАЯР