| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04640/и |
| Дугаар | 184/ШШ2024/03238 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/03238
2023 06 07 184/ШШ2024/03238
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, МН тауэр 12 давхар 1207 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянгол 18 гудамж, 17 тоотод оршин суух, Тэгшжаргалын Отгончимэг /рд:ИВ68033005/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 370,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ТОтгончимэг нь ************** ББСБ ХХК-ийн GEREL цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2 2 оны 12 сарын 16-ны өдөр 104712 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. ******* цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50.000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрснөөр олголт хийгддэг зарчимтай.
Зээлдэгч Т.Отгончимэг нь 2021 оны 12 сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед 95579689 дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Т.Отгончимэгийн цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 227,070 төгрөг, нэмэгдүүлсэн хүү -3.674 төгрөг, нийт 370,744 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна.
******* ******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Т.Отгончимэгээс цахим зээлийн гэрээний үүрэгт 370,744 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.Отгончимэгээс зээлийн гэрээний үүрэгт 370,744 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 370,744 төгрөгийг ************** ББСБ ХХК-ийн хаан банк 5129073024 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Т.Отгончимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 370,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ ...хариуцагч Т.Отгончимэг нь 370,744 төгрөгийг төлж барагдуулсан... гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Шүүх нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь 370,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба нэхэмжлэгч талаас хариуцагч Т.Отгончимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан гэх үндэслэл зааж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.
Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.Отгончимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 370,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг 11,773 төгрөгөөс 5,886 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 5,886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН