Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2024/03250

 

2024 06 07 184/ШШ2024/03250

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Чин ван Чагдаржавын гудамжид байрлах, ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, зээлийн 35 гудамж, 28 тоотод оршин суух, Шувуу овогт Гантөмөрийн Лхагважанцан /рд:АХ98092311/-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 2,836,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* ******* газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн Г.Лхагважанцан нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* ******* 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Алдарыг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний нэвт гэмтэл, агуулагдахууны гадагшлалт гэмтэл, баруун хөмсөгний зовхины зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх хэргийг ******* ******* эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/1089 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Лхагважанцанг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Г.Лхагважанцангийн учруулсан 'баруун нүдний нэвт гэмтэл, агуулагдахууны гадагшлалт гэмтэл, баруун хөмсөгний зовхины зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт, цус хуралт бүхий хүнд гэмтлийн улмаас хохирогч М.Алдар нь эмнэлгийн байгууллагуудаар үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах зардлууд гарсан байна. Үүнд: Нийслэлийн түргэн тусламжийн төв - Ойрын дуудлага 96,000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төв -Гэмтлийн яаралтай тусламж 161,000 төгрөгУлсын нэгдүгээр төв эмнэлэг - Мэс засал 1,820,700 төгрөг, амбулаторийн үзлэг 30,000 төгрөг,

 

Баянзүрх ******* Эрүүл мэндийн төв - Амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээ 642,900 төгрөг, Евро Эрдэнэтолгой БЗД-8 - Хөнгөлөлттэй эм 86,380 төгрөг, нийт 2,836,980 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гэж заасан.Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан төлбөрийг ялгаж, тогтоох боломжгүй, гагцхүү хууль хяналтын байгууллага шалгаж, шийдвэрлэсэн хэргийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан эсэхийг тогтоох боломжтой.

Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины auW сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Г.Лхагважанцанд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02/1296 дугаартай албан бичгээр тус ******* *******т хандан " .гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах тухай хүсэлтийг ирүүлсэн. Иймд дээрх хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэм буруутай этгээдүүдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна. Иймд Г.Лхагважанцанаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 2,836,980 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Гантөмөрийн Лхагважанцан миний бие ******* ******* ******* газраас ирсэн 2,836,980 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 3 сарын дотор төлж барагдуулна. Үүнд 2024 оны 7 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгэр сард 836,980 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Г.Лхагважанцанд холбогдуулан гэм хорын хохиролд 2,836,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ******* газрын нэхэмжлэлийн шаардлага 2,836,980 төгрөгийг хариуцагч Г.Лхагважанцан нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгэр сард 836,980 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн байна.

 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй, Г.Лхагважанцанд холбогдох гэм хорын хохиролд 2,836,980 төгрөг гаргуулах иргэний хэрэгт зохигч эвлэрч, хариуцагч Г.Лхагважанцан нь 2,836,980 төгрөгийг 2024 оны 7 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сард 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгэр сард 836,980 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 30,171 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН