| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04640/и |
| Дугаар | 184/ШШ2024/03334 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/03334
2024 06 12 184/ШШ2024/03334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Шанд 7, 62а тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ийн хүсэлттэй
Ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* овогт *******гийн ******* миний бие Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатарын Мод боловсруулах зоргодосын хавтангийн үйлдвэрийн хүлээн авах дамжлагад операторчноор 1986 оны 07 дугаар сарын 15-аас ажиллаж эхэлсэн. Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн намайг ажлаас 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлсөн. Хөдөлмөрийн дэвэрт ажилд орсон тушаал бичигдсэн мөн ажлаас чөлөөлөх тушаал бичигдсэн боловч баталгаажуулах тамгыг нь арын хуудсанд нь дарсан байна. Архиваас бичиг баримтаа шүүлгэхэд ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна. Иймд Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатарын Мод боловсруулах зоргодосын хавтангийн үйлдвэрийн хүлээн авах дамжлагад хүлээн авах операторчноор 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын модны үйлдвэр 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр зоргодосын хавтангийн үйлдвэрт хүлээн авагчаар ажилд орсон. 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байгаа үйлдвэр дампуурч ажлаас гарсан. 8 жил 1 сар 25 хоног ажилласан гээд хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгээд баталгаажуулсан байгаа боловч тамгыг буруу газар ард талд нь дарсан. Нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 01 сарын 01-ний өдөр гэж бичсэн байгаа. Үүнийг оруулаад тооцвол 8 жил 5 сар болж байгаа юм. Нийгмийн даатгал дээр очиход 8 жил 5 сараар орохгүй гэсэн. Хөдөлмөрийн дэвтэр дээр 8 жил 1 сар 25 хоног гэсэн байна. Нийгмийн даатгал дээр очиход ажилласан жилээ шүүхээр орж тогтоолгож ирээрэй гэсэн. Би 8 сард ажиллаад ажлаасаа гарч байсан юм. Сэлэнгэ аймгийн архиваас шүүлгээд гарч ирсэн баримтуудаа шүүхэд өгсөн байгаа. Би улсаас 1990-2000 онуудад ажилласан хугацааг нөхөн тооцож өгөхөд авч чадаагүй учраас энэ хугацаа ажилласан жилд орж тооцогдохгүй байгаа гэв
Нэхэмжлэгчээс П.*******эс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Байнгын оршин суугаа хаягийн лавлагаа, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 774 дугаар Үндэсний төв архивын тодорхойлолт, 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 354219 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1986 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаар Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны Ажилд авах тухай тушаал, 1990 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны эхчүүдэд цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай тушаал, 1991 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай Үйлдвэр худалдааны ой мод нэгтгэлийн Сүхбаатар хотын МБК-ын зоргодосон хавтангийн үйлдвэрийн даргын тэтгэмж олгох тухай тушаал, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 415 дугаар Нийслэлийн Архивын газрын тодорхойлолт, гэрч Д.Энхсайханы мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал-ыг тогтоохоор заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч П.******* нь 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатад зоргодосын хавтангийн операторчноор ажиллаж байсан болох нь 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 354219 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар түүний бичилтүүд, 1986 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаар Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны Ажилд авах тухай тушаалын ...1. ...32 хүнийг хувиарласан завод цехүүдэд дурьдсан өдрүүдээс эхлэн үндсэн ажилтнаар авч ажиллуулсугай..., хавсралтын 19-д *******гийн ******* 1968, ДСП хүлээн авах оператор, 15/VII хийснээр гэх бичилт, 1990 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны эхчүүдэд цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай тушаал, 1991 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай Үйлдвэр худалдааны ой мод нэгтгэлийн Сүхбаатар хотын МБК-ын зоргодосон хавтангийн үйлдвэрийн даргын тэтгэмж олгох тухай тушаал, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 415 дугаар Нийслэлийн Архивын газрын тодорхойлолт, гэрч Д.Энхсайханы мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч П.******* нь 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатад зоргодосын хавтангийн операторчноор ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ийг 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатад зоргодосын хавтангийн операторчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН