Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/03351

 

2024 06 12 184/ШШ2024/03351

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мянганы барилга 5 давхарт байрлах, ******* *******р ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 013 дугаар цэргийн ангийн ард байрлах, Сант******* ******* ХХК /рд:5585627/-д холбогдох

55,746,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* *******р ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* *******р ******* ХХК (цаашид Компани гэх) нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Монгол газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл-ийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Уг төслийн хүрээнд замын ажил гүйцэтгэх зорилгоор Сант******* ******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан 9799-УЛ дугаартай, САТ.АР755 маркийн асфальт дэвсэгчийг операторын хамтаар, 2022 оны 08 сарын 22-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатайгаар, 1 сарын 66,000,000 төгрөгийн үнээр түрээслэхээр харилцан тохиролцсон.

Талууд гэрээний төлбөрт урьдчилаад 55,000,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээ дуусгавар болсны дараа төлөхөөр тохиролцсон. Улмаар Компани нь 2022 оны 08 сарын 17-ны өдөр 5,000,000 (таван сая), 2022 оны 08 сарын 19-ний өдөр 50,000,000 (тавин сая) төгрөгийг тус тус Сантбаян ******* ХХК-ийн дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн.

Харин Сант******* ******* ХХК нь асфальт дэвсэгчийг 2022 оны 08 сарын 27-ны өдөр ажлын талбайд авч ирсэн боловч ердөө 3 хоногийн дараагаас үйл ажиллагаа нь доголдож, замын ажлыг гүйцэтгэж чадахааргүй болсон. Иймд талууд асфальт дэвсэгч эвдэрснээр гэрээ хэрэгжих боломжгүй талаар санал нэгдэн, 2022 оны 09 сарын 13-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж, асфальт дэвсэгчийг Сант******* ******* ХХК-нд буцаан хүлээлгэн өгсөн.

Ийнхүү Сант******* ******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний харилцаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсонтой холбогдуулан Компани нь замын ажлыг захиалагчтай тохирсон хугацаанд хийж гүйцэтгэхэд хүндрэл учирч, богино хугацаанд ижил төрлийн тоног төхөөрөмж хайж олох, өөр этгээдээр ажлыг гүйцэтгүүлэх зэргээр багагүй хохирол амсахад хүрсэн.

Компанийн зүгээс Сант******* ******* ХХК-аас гэрээний харилцаа дуусгавар болсонтой холбогдуулан 55,000,000 (тавин таван сая) төгрөгийг буцаан гаргуулах, эсвэл Компанийн хэрэгжүүлж буй өөр төсөл дээр ажиллуулах байдлаар төлбөр тооцоог барагдуулахыг санал болгон удаа дараа холбогдсоор ирсэн ч огт хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрч байна.

Түүнчлэн Компани нь 2022 оны 09 сарын 13-ны өдөр асфальт дэвсэгчийг ажлын талбайгаас буцаах үед шаардлагатай түлш болох 200 литр түлшний зардалд нийт 746,000 (долоон зуун дөчин зургаан мянга) төгрөгийг төлсөн. Энэ зардлыг Сант******* ******* ХХК нь гэрээний төлбөрийг буцаан төлөх үедээ нэмж төлөхөөр харилцан тохиролцсон болно.

Иймд Сантбаян ******* ХХК-аас түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 55,000,000 (тавин таван сая) төгрөг, түрээсийн зүйлийг буцаахад төлсөн түлшний зардал 746,000 төгрөг буюу нийт 55,746,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* *******р ******* ХХК-ийн төлөөлөгч М.Насанбат, Сантбаян Бэрх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон нар харилцан тохиролцож Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* *******р ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Сантбаян Бэрх ХХК-д холбогдох иргэний хэрэгт дараах нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд хариуцагч Сантбаян ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 48,406,451 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь үлдэх 7,339,549 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч 48,406,451 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 18,406,451 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Хариуцагч гэрээнд заасан хуваарийн дагаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авч, хуваар үл харгалзан үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь гаргуулна гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* *******р ******* ХХК нь хариуцагч Сантбаян Бэрх ХХК-д холбогдуулан 55,746,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* *******р ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 55,746,000 төгрөгийн 7,339,548 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Сантбаян ******* ХХК нь 48,406,451 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 18,406,451 төгрөгөөр төлж, гэрээнд заасан хуваарийн дагаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авч, хуваарь үл харгалзан үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн байна.

 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан боловч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* *******р ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сантбаян Бэрх ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч ******* *******р ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 55,746,000 төгрөгийн 7,339,548 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Сантбаян ******* ХХК нь үлдэх 48,406,451 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 18,406,451 төгрөгөөр төлж, гэрээнд заасан хуваарийн дагаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авч, хуваарь үл харгалзан үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 436,680 төгрөгөөс 218,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 199,991 төгрөгийг, хариуцагчаас 199,991 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН