Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/03361

 

2024 06 12 184/ШШ2024/03361

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Өнөр хороолол, 27 байр, 32 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 40 дүгээр хороо, 32 гудамж, 39а тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,

 

6,690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралданд гаргасан тайлбартаа: Миний бие О.******* Н.*******тай 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 6,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Миний бие Н.*******т 2022 оны 03 сараас 04 сарын 15-ны хооронд 4,490,000 төгрөгийг шилжүүлж зээлүүлсэн. Гэхдээ тухайн үед бид аман гэрээгээр хүүтэй гэж ярилцсан. Бичгийн гэрээ байгуулаагүй, тэр хугацаанаас хойш нэг ч төгрөг өгөөгүй. Маш олон удаа шалтаг ярьж байсан. Үүнээс хойш жилийн хугацаа өнгөрсөн. Тийм учраас би Н.*******ыг залилангийн шинжтэй үйлдэл байна гэж үзээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас миний өргөдөл гомдлыг хянаж үзээд эрүүгийн хэрэг биш байна бид 2-ыг гэрээгээ хийгээд ирээрэй гэсэн саналыг Н.*******т тавьсан гэж ойлгож байна. Н.******* над дээр ирээд гэрээ хийе гэсэн. Гэрээ хийх явцад нотариат дээр очоод би хариуцагчаас 2-уулаа гэрээгээ байгуулахдаа хүүтэй зээлийн гэрээ байгуулна биз дээ гэж асуусан. Тэгье гэж хэлсний үндсэн дээр 6,000,000 төгрөгийн үнийн дүн дээр 3 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй гэж байгуулсан. Сард хэдэн төгрөг гэсэн графикийн дагуу гэрээ байгуулсан боловч тогтоосон хугацаанд нэг ч төгрөг төлөхгүй явсаар байгаад түүнээс хойш дахин жилийн хугацаа өнгөрсөн. Гэрээний дагуу хариуцагчаас мөнгө нэхэмжилсэн. Гэрээний дагуу 6,000,000 төгрөг, сарын 2 хувийн хүү, алданги 0.5 хувь гэсэн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах явцад нотариатын гэрээ дээр энэ нь хэн нэгний дарамт шахалтын дагуу биш гэх заалт байдаг. Түүнийг баримтлахыг илүүд үзсэн. Эхлээд нийт 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хүлээ зөвшөөрөхгүй байсан учраас нэхэмжлэлийн шаардлага тодруулж багасгасан дүн болох 6,690,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Энэ дүн нь нийт шилжүүлэн өгсөн 4,490,000 төгрөг, алданги 2,200,000 төгрөгөөр тооцон нийт 6,690,000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Анх мөнгө зээлж аман гэрээ байгуулахад нэг сарын хугацаатай байгаагүй. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр анх мөнгө авснаас хойш 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр буцааж төлж барагдуулахаар хугацаа тогтоосон. Яагаад гэвэл 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зарсан гэж байгаа машины тал мөнгө нь орж ирэх ёстой байсан. Н.*******ыг зүгээр байхад нь би очоод мөнгө зээлсэн мэтээр ярьж байна. Би миний машиныг зарж өгөөд надаас мөнгө зээлээч ээ гэж хүчээр хэлсэн мэтээр ярьж байхыг ойлгохгүй байна. Хариуцагч надаас мөнгө зээлж болох уу гэсний үндсэн дээр би энэ машиныг зарж борлуулаад энэ мөнгөнөөс зээлж болно гэсэн. Би тухайн үед байр захиалах гэж байгаа талаар Н.*******т хэлж байсан, сайн мэдэж байгаа. Байр авахад мөнгө хэрэгтэй учраас машинаа зарж борлуулах гэж байгаагаа ч хэлсэн. Өмнө нь тэр машиныг таньдаг хүнээр нь янзлуулаад явж байхад зарж борлуулах яриа болж би зарахгүй гэж хэлж байсан. Мөнгөний хэрэгтэй байсан учраас байрны захиалгын урьдчилгаа мөнгө шаардлагатай байсан болохоор машинаа Н.*******аар заруулсан. 4 сард би байраа захиалах шаардлагатай тул мөнгө хэрэгтэй гэхэд өнөө маргааш гэж явсаар байгаад мөнгийг өгөөгүй. Хөнгөлөлттэй нөхцөлтэй байр захиалах ёстой байсан ч мөнгөө өгөөгүйн улмаас хөнгөлөлттэй нөхцөлд орж чадахгүй илүү мөнгө төлөх шаардлагатай болох байсан учраас хүнээс хадгаламжийг нь цуцлуулж хүүтэй мөнгө зээлж захиалгаа өгсөн. Тэр хугацаанд Н.*******аас маш олон удаа шаардлага тавьсан. Энэ хүүтэй зээлж байгаа шүү гэж хэлэхэд би хүүтэй нь эргүүлж төлнө гэсэг тайлбарыг өгдөг байсан. Миний өгсөн мэдүүлэгт 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөнгийг буцааж өгөөгүй хэрнээ 04 дүгээр сарын 10-ны өдөр надаас 680,000 төгрөг дахин авсан. Яагаад тус мөнгийг надаас нэмж авсан бэ гэвэл эхнэрийнхээ зээлийг хаах гэсэн юм аа мэдэгдэхгүйгээр хүнээс өдрийн хүүтэй мөнгийг яг одоо зээлж авах гээд байна гэж хэлж байсан. Ийм маягаар худал ярьдаг байсан. Тухайн үед миний мэдэхээр 3-4 машин авч зарсан. Манай ажлын гадаа ирж зарах гэж байгаа машинтайгаа ирж уулзсан. Хугацаа явуулсаар байсан. Сүүлдээ над руу надад би чамд бүх зүйлээ тайлбарлах шаардлага байхгүй гэж уурлаж байсан. Тийм учраас миний хувьд Н.*******ыг залилангийн шинж чанартай гэж үзээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Цагдаагийн байгууллагаас шалгавал хариуцагчийг эрүүгийн хэрэг үүсгэж ял авах гэж байна гэхээр нь гэрээ байгуулаад иргэний журмаар явсан нь Н.*******т ашигтай гэж үзэж санал тавьсан. Гэрээний хувийг прокурор болон байцаагч нь аваад ирвэл хэрэг хаагдана гэсэн бол хариуцагч гэрээний хувийг аваачиж өгөх ёстой ч өгөөгүй гэдгээ ярьж байна.

Анх 2,500,000 төгрөгөөр нэг удаа, 500,000 төгрөгөөр 2 удаа, 680,000 төгрөгөөр нэг удаа дансаар тус тус шилжүүлсэн. 230,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нийт 4,490,000 төгрөг болсон. Бэлнээр өгсөн мөнгө өөр зориулалтай байсан. Машины торгууль зэргийг зохицуулна гэж хэлээд авсан боловч зохицуулж чадаагүй. Тухайн машин 10,000,000 төгрөг зарагдсан байлаа гэхэд худалдаж авсан 9,500,000 төгрөгийг надад өгсөн. Үлдсэн 500,000 төгрөгийг торгууль бусад зүйлд зарцуулагдана гээд хассан. Автомашин худалдаж аваад 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд буцааж өгнө гэсэн. Би 680,000 төгрөгийн тухайд мөнгөө өгөхгүй байсан ч хариуцагч зээл дараад зээл аваад миний мөнгийг өгнө гэж хэлээд нэмж мөнгө авсан. 80,000 төгрөгийн тухайд хариуцагч гадуур явж байгаад машин мөргөлдчихлөө цагдаагийн хэлтэст байна, хохирлоо барагдуулна гэж хэлээд авсан. Бүх мөнгийг эргүүлээд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр буцаан төлж барагдуулна гэж тохиролцсон боловч өгөөгүй. Бид нотариат дээр хамт сууж байгаад 6,000,000 төгрөгийн гэрээ хийсэн, нотариатч мөнгийг хэзээ өгөх юм, ямар хугацаатай, ямар хүүтэй талаар асууж хэлж байсан. Энэ гэрээ мөнгө авснаас хойш 1 жилийн дараа байгуулагдаж байгаа гэрээ учраас тэр хугацааны хүүг тооцоод 6,000,000 төгрөг гэж тохиролцсон. Гэрээ хийгээд гарч ирсний дараа миний машинд цуг сууж байгаад мөрдөн байцаагчтай ярьсан. Гэхдээ ярихдаа бид 2 гэрээ хийсэн. Одоо нэг хувийг яах талаар асууж ярьсан. Тэгэхэд ажил дээр гэрээний хувийг аваад ирээрэй гэсэн. Тэр мөрдөгч, прокурорын би танихгүй, ямар нэгэн хамаарал байхгүй. Бид 6,0 сая гэж тохиролцоод 2023 оны 7 сарын 09-ний өдөр хүртэл 3 сарын дотор төлөхөөр тохиролцож, энэ хугацаанд хүү тооцож, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон. Хариуцагч тэр үед зөвшөөрөөд гарын үсгээ зурсан учраас миний бие нийт өгсөн 4,490,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцож 2,200,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Хариуцагчаас уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд гэрт нь очоод хүүтэй мөнгө зээлээрэй гэж хэлсэн зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг дээр аман гэрээ хүүгүй 10 хоногийн дотор буцаан гаргуулна гэсэн байдаг. Мөнгө зээлэх асуудал нь нэхэмжлэгчид машин байна машин авах гэтэл мөнгө дутаад байна, хадам аавын өгсөн машиныг намайг зарж борлуулаад өгвөл би чамд мөнгө зээлнэ гэсэн. Түүнээс огт зүгээр байхад нь гэрт нь очоод мөнгө зээлээд өгөөрэй гэсэн зүйл байхгүй. Зээлийн гэрээний тухайд гаднын нөлөөгүй, дарам шахалтгүй гэж байна. Миний утасны дуудлагаас харвал нотариат болон мөрдөгч рүү залгасан зэрэг нь гарч ирнэ. Байцаагчийн хэлснээр О.*******ын ярьж байгаа зээлийн гэрээг байгуулж нэг хувийг нь аваад ирээрэй, тэгвэл хэрэг асуудалгүй болж шийдвэрлэгдэнэ гэсэн. Нотариат дээр очоод О.******* надад 6,000,000 төгрөгийн гэрээ хий гэж байна. Яах талаар асуусан. Миний авсан мөнгө биш гэтэл шаардлагын дагуу гэрээгээ байгуулаад нэг хувийг нь аваад ир гэсэн. Гэрээний хувийг үндэслэн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байцаагч прокурорт саналаа өгөөд прокуророос 2023 оны 03 сарын 30-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон байгааг Прокурорын тогтоолоос өнөөдөр харлаа. Хаагдсан байсан асуудлын хүрээнд түүнээс хойш над руу залгаж, гэрээ байгуулахыг санал болгосон нь дарамт шахалт гэж ойлгож байна. Хэрэв хэрэг хаагдсан байсан бол би нэхэмжлэгчтэй 6,000,000 төгрөгийн гэрээг байгуулах шаардлага байхгүй, тухайн үед би гэрээ хийхгүй бол над дээр эрүү үүснэ, гэрээгээ байгуулаад ирвэл хэрэг хаагдана гэсэн 2 алхам байсан. Тийм болохоор гэрээг байгуулсан. Анх 4,490,000 төгрөгийг сарын хугацаанд төлнө гэж ярьсан ч түүнээс хойш хүнд хулхидуулсан. Дараа нь Наран фүүдс ХХК-д хүргэлтийн жолоочоор ажилд ороод сар бүр 300,000 төгрөгөөр төлж барагдуулж дуусгая гэтэл тийм зүйл байхгүй хүнээс мөнгө зээлсэн тул нэг дор авах болно гэсэн тайлбараас үүдэлтэй. Бичсэн чатууд хэрэгт хавсаргасан байсан. Цагдаагийн байгууллагаар шалгуулж шалгуулсны эцэст нэхэмжлэгч өөрийн хүссэнээр гэрээ хийсэн гэж ойлгож байна. Түүнээс биш нэхэмжлэгчийн мөнгийг төлөхгүй гэж хэлээгүй. Сар бүр төлж барагдуулахаа илэрхийлсэн. 4,490,000 төгрөгийг төлөхөөр тохирвол графикаа гаргаад гэрээгээ байгуулаад явах болно. Хүлээн зөвшөөрөхгүй бол шат шатны байгууллагад хандах болно. Нотариат дээр гэрээ байгуулахаар очихдоо гэрээг уншаагүй. Асуудлаасаа хурдан салахыг хүссэн. Нотариат орохын өмнө цагдаа руу залгаж ярихад нэхэмжлэгч ийм санал тавилаа миний авсан үнийн дүнд хүрэхгүй байна гэдгээ хэлсэн. Энэ гэрээг байгуулбал асуудал дуусгавар болно гэсэн учраас дарамталж гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч гэрээ нь надад ашигтай гэж байна, надад ашигтай санал тавьсан бол яагаад хэргийг хаасны дараа нотариатын гэрээ байгуулаад ирээрэй гэсэн бэ тухайн үед шалгаж үзээд эрүүгийн хэрэг биш иргэний хэрэг гэж үндэслэн хэргийг хаасан гэж бодож байна. Гэрээ хийх газарт нь очиход нэхэмжлэгч надад 6,000,000 төгрөгийн санал тавьсан. Тухайн үед би цагдаа руу залгаад асуухад зөвшөөрөөд гэрээ байгуулаад нотариатын нэг хувийг аваад ирээрэй гэсэн. Тухайн нотариатыг гэрээ байгуулахаас өмнө 10 хоногийн өмнө хэргийг хаасан байсан. Ямар учраас хэрэг маргаан шийдвэрлэгдсэн талаар надад хэлээгүй юм бэ. Цагдаа болон прокурорыг шалгуулаад явж болно. Хууль дүрмээр явсан бол яагаад дарамт үүсгэсэн бэ нотлох баримтыг үндэслээд хэргийг хаах эсэх талаар шийдвэрлэх биш үү нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад өгсөн нь мөрдөн байцаагч болон прокурорт асуудал байна. Хэрвээ хэрэг хаагдсан бол надтай байцаагч холбогдоод гэрээний нэг хувиа авч ирээрэй гээд байх шаардлага байхгүй байсан. Хэргийг хаасны дараа яагаад надад нөлөө үзүүлж гэрээ байгуулсан бэ. Би нэхэмжлэгчтэй нэг байранд өссөн. Хүн амьдрал дээр гарч гэр бүлтэй болохоор ухаан суудаг. Өмнө нь янз бүрийн асуудалд орооцолдож байсан тул үүнээс болоод гэр бүлээ зовоох болов уу гэж бодсон. Байцаагч 6,000,000 төгрөг гэж шууд хэдээгүй ч гэрээ байгуулаад ирвэл хэргийг хаана гэсэн. Хүү, алдангийг надаас асуугаагүй, хэлж тайлбарлаж өгөөгүй, би тухайн үед хэргээ дуусгахыг хүсэж байсан. Нотариат дээр 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохирсон. Анх нэхэмжлэгчээс зээлж авсан 4,490,000 төгрөгийг төлж барагдуулна гэж ойлгосон.

Миний бие 2023 оны 05 дугаар сарын 24-25-ны өдөр гэмтэл согог үндэсний төвд нурууны хагалгаанд орсон. Диск мултраад баруун тал мэдээгүй болсон. 2-3 сарын хугацаанд ажил хийхгүй гэртээ байсан. Би 4,490,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг төлбөрийг сар сард хувааж хугацаа тохиролцож төлж болно. Нэхэмжлэгч сарын төлөлтийг хэт өндөр тавьж өгдөг учраас төлж чадахгүй гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:

 

Нэхэмжлэгчээс О.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа, 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1298 дугаар Зээлийн гэрээ, голомт банкны дансны хуулга, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ХААН банкны шилжүүлгийн мэдээллүүд, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2205 дугаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол зэрэг баримтыг гаргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Н.*******т холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилж хариуцагчаас 6,690,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн багасгасан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс талуудад хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар дуусгавар болгох талаар тайлбарлан өгч талуудад эвлэрэн хэлэлцэх боломжоор хангасан боловч хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байгаа учир хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Н.*******т 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр 2 удаа, 2,500,000 төгрөгөөр 1 удаа, нийт 3 удаагийн гүйлгээгээр 3,500,000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 80,000 төгрөгөөр, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 680,000 төгрөгөөр тус тус шилжүүлж, нийт 4,260,000 төгрөгийг дансаар, бэлнээр 230,000 төгрөгийг хүлээлгэн өгч нийт 4,490,000 төгрөгийг зээлсэн байна. Хариуцагч 4,490,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч, уг дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Дээрх үйл баримтын талаар талууд маргадаггүй тул тогтоогдсон гэж үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болж, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлсэн 4,490,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй тул гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон 2,200,000 төгрөгийг алдангид гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч алдангийг эс зөвшөөрч ...цагдаагийн байгууллагад өргөдөл өгөн шалгуулах явцдаа мөрдөн байцаагч, прокуророор дарамтлуулж, шахалтад оруулж байж, 6,000,000 төгрөгийг хүүтэйгээр зээлсэн мэтээр гэрээ байгуулан гарын үсэг зуруулсан, хүү, алданги тооцохоор тохиролцоогүй... гэж тайлбарлан эс зөвшөөрч маргаж байна.

Зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж болох бөгөөд гагцхүү хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагатай.

Талууд 4,490,000 төгрөгийг хүүгүйгээр 1 сарын хугацаатай зээлэхээр амаар хэлэлцэн тохиролцсон боловч тохирсон хугацаанд хариуцагч Н.******* төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байна.

Хариуцагч Н.******* зээлийн гэрээний үүргээ биелүүлж 4,490,000 төгрөгийг төлөөгүй шалтгаанаа ...ажилд ороод бага багаар төлөх гэтэл бөөнд нь авна гэсэн, тэгээд ажлаасаа гарсан, нуруу өвдөөд хагалгаанд орж хэвтэрт байсан, эрүүл мэндийн шалтгаанаар ажил эрхлэх боломжгүй тул төлж чадаагүй... гэж тайлбарладаг ч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул нотолж чадахгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Н.*******ыг зээлийн төлбөрөө эргүүлэн төлөхийг шаардсан боловч төлөхгүй байсан тул 2023 оны 3 сард цагдаагийн байгууллагад түүнийг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр өргөдөл гомдол гарган шалгуулсан гэх тайлбарыг хэн аль нь гаргадаг.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2205 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд дурдсанаар нэхэмжлэгч О.******* нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэст хандан гомдол мэдээлэл гаргасныг шалгаад 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гарган, мөн өдрөө Прокурорын газарт хүргүүлснийг прокуророос хянаад иргэд хоорондын эд хөрөнгийн маргаантай, иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байх тул гэх үндэслэл зааж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Уг прокурорын тогтоолд О.******* ...нийт 4,490,000 төгрөгийн хохирол учирсан... гэж, хариуцагч Н.******* ...4,650,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлд авсан... гэх тайлбар, мэдүүлгийг гаргасан байна.

Дээрх байдлаас дүгнэн үзвэл талуудын хооронд 4,490,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулагдсан, уг мөнгөн хөрөнгийг хариуцагч эргүүлэн төлөөгүй байгаа талаар талууд маргахгүй байна.

Улмаар талуудын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1298 дугаар Зээлийн гэрээ байгуулагдсан байна. Уг зээлийн гэрээгээр 6,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай 2 хувийн хүүтэйгээр зээлүүлж, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Зээлийн 1298 тоот гэрээгээр талууд хэн аль нь 6,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй боловч өмнөх зээлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн 4,490,000 төгрөгийг эргүүлэн хэрхэн төлөх талаар харилцан тохиролцож тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Талууд хэн аль нь уг зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн байна.

Хариуцагч гэрээг байгуулахад мөрдөн байцаагчаас утсаар ...хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан цаг хугацаанаас хойш над руу О.*******ын хэлсэн дүнгээр гэрээгээ байгуулаад аваад ирвэл хэргийг чинь хаана... гэж шахалт дарамт үзүүлж байгуулсан тул зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргадаг.

 

Хариуцагчийн тайлбарт дурдагдсан 6,000,000 төгрөгийн гэрээ хэлцэл байгуулахыг хэрэг бүртгэгч, прокуророос шахсан, дарамталсан, хууль бус үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Талууд зээлийн гэрээг нотариат дээр хамтдаа очиж байгуулсан гэх тайлбарыг хэн аль нь гаргадаг бөгөөд гэрээг байгуулах, гарын үсэг зурах зэрэгт дээрх албан тушаалтан оролцсон, нөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн эдгээр тайлбар татгалзал нотлогдохгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.*******ын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл гомдлыг шалган шийдвэрлэсэн албан тушаалтнууд болох мөрдөгч, хяналт прокурорыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан ба тэдгээр албан тушаалтнуудаас талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүч хэрэглэж, дарамталж байгуулсан гэдгийг нотлуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Н.******* нь дээрх албан тушаалтнууд нь ажил үүргээ гүйцэтгэх явцад гаргасан шийдвэр, хууль бус үйлдлийн талаар тухайн байгууллага, харьяалах дээд албан тушаалтан холбогдох байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй боловч энэ талаар гомдол гаргаагүй. Эдгээр хүмүүсийг гэрчээр оролцуулснаар хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзэн хүсэлтийг хангаагүй болно.

 

Хариуцагч Н.******* 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1298 дугаартай зээлийн гэрээгээр тохиролцсон хүү, алдангийг мэдээгүй, ийм зүйл тохиролцоогүй гэж байгаа ч уг гэрээний нөхцөлтэй бүрэн танилцах, гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээг хүлээн зөвшөөрөхгүй бол гарын үсэг зурахаас татгалзах эрх нь нээлттэй байсан байна.

Нэхэмжлэгч О.******* нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч Н.******* нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүү, алдангийг төлөх үүргийг тус тус хүлээж гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 281 дүгээр 281.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан 1298 тоот зээлийн гэрээгээр талууд хэн аль нь 6,0 сая төгрөгийг хүлээлгэн өгч, хүлээн аваагүй болохоо зөвшөөрдөг бөгөөд энэ гэрээ нь 2022 оны 3 дугаар сарын 25-28-ны өдөр шилжүүлэн өгсөн 4,490,000 төгрөгийн зээлэхээр тохиролцсон амаар байгуулсан хэлцлийн дагуу шилжүүлсэн мөнгөн дүнгээс тооцон эргүүлэн төлөх нөхцөлийг тохиролцсон буюу гэрээний хугацааг сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан ба талуудын байгуулсан зээлийн гэрээ хуулийн шаардлагад нийцэж байх тул нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацааны хүү шаардах эрхтэй ч нэхэмжлэгч зээлийн хүүг нэхэмжлээгүй болно.

Нэхэмжлэгч анхны амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 4,490,000 төгрөгөөр тооцон зээлийн үндсэн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч тал алданги төлөхөөр тохиролцоогүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч зээлийн гэрээний 3.7-д зааснаар талууд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байгаа боловч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз буюу алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй гэж заасны дагуу зээлдэгч Н.******* нь зээлийн төлбөрөөс төлөлт хийгдээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан 4,490,000 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 2,200,000 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй байна.

 

Иймд талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Н.*******аас 6,690,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан бол хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 121,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Н.*******аас 6,690,000 /зургаан сая зургаан зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 121,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН