Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/1109

 

 

 

 

 

   2022            11         17                                           2022/ДШМ/1109                                                                                                                   

З Ю Зд холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

шүүгдэгч БНХАУ-ын иргэн З Ю Згийн өмгөөлөгч С.Батцэрэн,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1486 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч З Ю Згийн өмгөөлөгч С.Батцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн З Ю Зд холбогдох 2202000000321 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З Ю З,  Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 1975 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, Монгол Улсад эрүүгийн  хариуцлага хүлээж байгаагүй. /гадаад паспортын дугаар:0000000 /

Шүүгдэгч З Ю З нь өөрийн хамтран ажилладаг - ХХК-ийн нэрээр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах үйлдвэрт баяжуулсан жоншны баяжмалыг галт тэргээр түргэн шуурхай тээвэрлүүлэх ашиг сонирхлын үүднээс - ХК-ийн харьяа - өртөөний дарга Б.Т-т түүний танил З.А-аар дамжуулан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд П.Н-ын дансаар 32,000,000, Д.О-ийн дансаар 13,350,000, С.Н-ийн дансаар 136,150,000 төгрөг, нийт 181,500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: З Ю Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдлоо. Тодруулбал “-” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ гэмт хэргийг үйлдсэн байж болох нөхцөл байдал шүүгдэгч З Ю З, гэрч Б.Б /2-р хх 168-169/, гэрч Д.Л /2-р хх 50, 184/, гэрч Ж.О /2-р хх 48-49/, гэрч С.Н /2-р хх 187-188/, гэрч П.Н /2-р хх 189-191/ зэргээс харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө үйлдэх гэмт хэргийн хувьд хахууль өгөгч этгээд нь заавал тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан байхын шаардахгүй.

Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 42 дугаартай прокурорын тогтоолоор шүүгдэгч З Ю Зд холбогдох хэргийг тусгаарласан байна. Энэ нөхцөл байдал нь шүүхээс хэргийг бодит байдал, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон эсэхийг хянан шийдвэрлэхэд эргэлзээ үүсгэхийн зэрэгцээ Эрүүгийн хуулийн үндсэн зарчмуудад саад учруулахаар байна ... хэргийг прокурорт буцаахтай холбогдуулан дараах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгэх нь зүйтэй. Үүнд:

  1. Шүүгдэгч З Ю З Монгол Улсад анх орж ирсэн өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл олгогдсон визний зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл, гадаад иргэний бүртгэл, виз болон оршин суух зөвшөөрөл хүсэхдээ хавсаргаж өгсөн хүсэлт, албан тоот, баримт бичиг, олгосон зөвшөөрлийг хэрэгт хавсаргах,  
  2. Гэрч С.Нг, Б.Э, Б.Б, Д.Л, Ж.О, П.Н нарын гэмт хэрэг гарахад оролцсон үйлдэл оролцоо, санаа сэдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох,
  3. Улсын бүртгэлийн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас “-” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай эсэх, гадаадын иргэний байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ бүртгэгдсэн эсэхийг албан тоотоор мэдээлэл авч холбогдох материалыг хэрэгт хавсаргах,
  4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах...” гэсэн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч З Ю Зд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч З Ю Згийн өмгөөлөгч С.Батцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэж заасан нөхцөл байдал тогтоогдлоо” гэж хэт ерөнхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл хуулийн аль хэсэг нь хангагдаагүй болохыг тодорхой заалгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүх нөхцөл бүрэн хангагдсан. Миний үйлчүүлэгч нь Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Чойр өртөөний дарга Б.Т-т З.А-аар дамжуулан 181,500,000 төгрөгийн хахууль өгсөн болох нь нотлогдон тогтоогдсон төдийгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхээс нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Миний үйлчүүлэгч З Ю Зд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 42 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасныг үндэслэж, эрүүгийн 2103002230005 дугаартай хэргээс тусгаарлан 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Харин хахууль авсан болон дамжуулан өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэх яллагдагч нарт холбогдох эрүүгийн 2103002230005 дугаартай хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг ажиллагаа дуусаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дуусаагүй хэрэгт тодорхой ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн.

            Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ гэмт хэргийг үйлдсэн байж болох нөхцөл байдал тогтоогдлоо гэж үзжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ" гэжээ. Дээрх хуулийн агуулгаас үзвэл тухайн гэмт хэргийн субьект нь зөвхөн хуулийн этгээд байна. Хэдийгээр миний үйлчлүүлэгч -” ХХК-д техник, тоног төхөөрөмж нийлүүлж, хамтран ажиллаж байсан боловч тухайн компанийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш төдийгүй уг компаниас ашиг хүртдэггүй болох нь хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Харин миний үйлчүүлэгч нь өөрийн нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн мөнгийг гаргаж авах зорилгоор дээрх гэмт хэргийг үйлдсэн. Түүнчлэн миний үйлчлүүлэгч зүрхний титэм судасны нарийсал өвчнөөр өвдөж, оношлогдсон, үүний улмаас зүрхний хэм алдагдах, даралт ихэсдэг. Мөн дээрээс нь арьсны үлд өвчнөөр өвчилж, хөмөг нь хуурч унах, биеэр нь юм туурах, том том гөвдрүү үүсэх зэргээр эрүүл мэнд, сэтгэл санааны байдал хүнд байгаа тул өөрийн эх орондоо очиж зүрхний стент тавиулах мэс засал яаралтай хийлгэх, нарийвчилсан шинжилгээ, оношилгоо хийлгэх шаардлагатай байгааг анхаарч үзэхийг хүсье. Иймд дээрх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон тул хэрэгт прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг дүгнэхийг хүсэж байна. Учир нь, анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар З Ю З нь “-” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан биш, тус компанийн ашиг сонирхлын үүднээс З.А, Б.Т- нарт хахууль өгөөгүй. “-” ХХК-д өөрийн хөрөнгө оруулсан мөнгийг гаргах үүднээс дээрх хууль бус үйлдлийг хийсэн үйл баримт хэрэгт авагдсан учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгчийн захирамжид хууль зүйн дүгнэлт өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар З Ю Зд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

З Ю З нь - ХХК-ийн жоншны баяжмалыг төмөр замаар түргэн шуурхай тээвэрлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс З.А-аар дамжуулан - өртөөний дарга Б.Т-т 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 181,500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр хуульчилсан.

Гэтэл хахууль өгөх үндэслэл, шалтгаан болсон жоншний баяжмалыг төмөр замаар түргэн шуурхай тээвэрлэх нь хэний ашиг сонирхолд нийцэж байгааг, хахууль өгсөн мөнгө хэний өмч болохыг шалгаж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Түүнчлэн хахууль өгөх гэмт хэргийг хахууль авах гэмт хэргээс тусгаарласан нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ, гадаадын иргэн З Ю З Монгол Улсад хуулийн дагуу оршин суусан эсэх болон “-” ХХК-ийн хөрөнгө оруулалтын асуудлыг шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэл бүхий байна.

Харин гэрч С.Н, Б.Э, Б.Б, Д.Л, Ж.О П.Н нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгахыг даалгасан нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр сууринаас хандах зарчмыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжийн 3 дахь заалтыг хэрэгсэхгүй болгож, бусад заалт хэсгээр хэргийг шалгах шаардлагатай.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28ы өдрийн 1486 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

   ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

               ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН