Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/03427

 

2024 06 14 184/ШШ2024/03427

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч В.Амартүвшин, шүүгч Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 2 дугаар байр, 160 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 2 дугаар байр, 10 дугаар орц, 328 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /рд:*******/-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн 35-74УЕО улсын дугаартай AQUA P-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 2 дугаар байрны 5 орцны гаднах талбай дээр зогсож байхад 2024 оны 3 дугаар сарын 05-ны өглөө 9 цагийн орчимд 54-79 УЕС улсын дугаартай Приүс-20 маркийн автомашины эзэн Б.******* орон сууцны дундах замаар хурдтай давхиж ярьж байгаад машины минь баруун хойд талаас нь мөргөж аваар хийсэн. Машинд гарсан хохирол дурдахад машины баруун хойд гупер баруун хойд талын доторх агаарын хоолой зэрэг нь бут цохигдож хагарч бутарсан бөгөөд кузовын баруун хойд тал нь тэр чигтээ чихэгдсэн байдалтай байсан. Бид ярилцаж тохиролцож үнэлгээний газарч очсон боловч үнэлгээгээр тогтоогдож 800,000 төгрөгийн төлбөрийг төлөхгүй гэж маргаан үүсгэн нэг ч төгрөгийн төлбөр төлөхгүйгээр өнөөдрийг хүрсэн. Иймд цагдаагийн байгууллагын гаргасан болон хөрөнгийн үнэлгээний газрын баримт бичгийг үндэслэн хохирлын буруутай эзэн Б.*******гээр машины үнэлгээний төлбөр гарсан 800,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээнд гаргасан 60,000 төгрөг нийт 860,000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

Уг нь бид анхнаасаа ярьж тохиролцоод эвлэрэх боломж байсан ч энэ хүүхдийн ээж аав нь гарч ирээд намайг янз бүрээр доромжилж, мөнгө өгөхгүй гэсэн юм. Уг нь өөрөө зөвшөөрөөд бага багаар төлсөн бол болох байсан юм. Намайг хөгшин настай хүнийг дээрэлхэж, хэл амаар доромжилж, хүндлэлгүй харьцсанд гомдолтой байгаа юм. Өөрөө эгчээ ийм байна тийм байна гээд үнэн учраа хэлсэн бол болох байтал тэгээгүй. Би өөрөө автомашинаа 600,000 төгрөгөөр гупер аваад ажлын хөлс 60,000 төгрөг өгөөд засуулсан. Үнэлгээ хийлгэсэн гээд нийт 860,000 төгрөгийн хохирлоо гаргуулмаар байгаа ч энэ хүүг өрөвдөөд, харж үзээд цаашид худлаа хэлэхгүй төлбөрөө хугацаандаа төлөөрэй гээд одоо 700,000 төгрөг дээр эвлэрэхэд татгалзах зүйлгүй. Харин төлбөрөө янз бүрийн шалтаг хэлэхгүй 3 хуваагаад төлж байхаар эвлэрч байна гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.*******н Aqua 10 маркийн тээврийн хэрэгслийг 2 байрны голын халтиргаатай зам дээр халтираад араас нь мөргөн хойд гуперийг гэмтээсэн нь үнэн болно. Нэхэмжлэгч Л.*******н нэхэмжилж буюу нийт 860,000 төгрөг нь миний учруулсан хохирлоос 2 дахин илүү үнэ байгаа тул миний бие тус төлбөрийг төлмөөргүй байна. Aqua 10 маркийн автомашины хойд гупер нь одоогийн зах зээлийн үнэ нь дунджаар 350,000 төгрөг байгаа бөгөөд засвар буюу 50,000 төгрөг болно. Тиймээс миний бие гүперийг 350,000 төгрөг, ажлын хөлс 50,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ 60,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

Би энэ эгчтэй ярилцаж үзсэн, би гуперийг нь өөрөө худалдаж аваад солиулаад будгийг нь хийлгээд өгье. Эсхүл засварын газраар хийлгээд өгье гэхэд мөнгөө өг гэж хэлсэн учраас чадаагүй. Одоо энэ нэхэмжилж байгаа мөнгөнөөс 600,000 төгрөгийг л төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг бөөнд нь 1 дор өгч чадахгүй, сар сард 100,000 төгрөгөөр төлөх боломжтой. Нэхэмжлэгчтэй ярилцаад бид 700,000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр тохиролцож байна гэв.

 

Зохигчид шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Миний бие Л.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 860,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн үнийн дүнгээс 160,000 төгрөгөөр багасгаж 700,000 төгрөгт эвлэхээр тохиролцож байна. Үүнд хариуцагч Б.******* нь 700,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Төлбөрийг ХААН банк 5166331732 тоот дансанд хийнэ гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн ба шүүх хуралдаанд талууд эвлэрлийн гэрээний дагуу хэрэг маргаанаа дуусгавар болгох хүсэлтийг хэн аль нь гаргаж байна. Талууд уг гэрээгээр нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 860,000 төгрөгөөс 160,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 700,000 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн байна.

 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид шүүхийн тогтоол сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Л.*******н нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 860,000 төгрөгийн 160,000 төгрөгөөс татгалзан багасгаж, хариуцагч Б.******* нь үлдэх 700,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 25,190 төгрөгөөс 12,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 10,675 төгрөгийг, хариуцагчаас 10,675 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүхийн тогтоолд зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН