Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/03481

 

2024 06 17 184/ШШ2024/03481

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит 50-8 тоотод оршин суух, ******* овогт Баттулгын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, 13 гудамж, 64б тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /рд:*******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.******* нь Б.******* надаас 20,000,000 төгрөгийн төлбөртэй байсан. 2023 оны 12 дугаар сард эвлэрүүлэн зуучлагчид хандаж 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр захирамж гаргуулсан. Ийнхүү төлбөрөө төлнө гэж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр надтай холбогдоод дахин мөнгө хүүтэй зээлүүлээч эхнэрийнхээ нэр дээрх хашааг ахынхаа нэр дээрх газрыг барьцаал болгон өгье гэхэд нь би боломжгүй гэж хэлсэн. Ингээд 16,17-нд дахин холбогдоод найз Ариунболдтойгоо ирж уулзаад Бид 2 ашиг сайн авах ажил ярьчихсан материалаа аваад эхлүүлэх хэрэгтэй байн. Энэ ажлыг хийчхээд 03 дугаар сарын 30-ны өгөх нийт төлбөрөө хугацаанаасаа өмнө төлөх боломжтой болно. Ахдаа тусалснаараа тусал л даа гээд шалгаагаад гуйгаад байсан. Би хүнд мөнгө зээлүүлэх боломжгүй байгаа батлахгүй болсон гэхэд Ариунболдын ахынхаа приүс 20 машиныг чиний нэр дээр шилжүүлье төлөхгүй бол машиныг хураалгахад гомдолгүй гэж гуйгаад байсан. Би хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалсан зээл аваад машиныг нэр дээр шилжүүлэхээр автын төвд очин 13-94 УН улсын дугаартай машины татвар торгуульд 444,280 төлөөд гэрчилгээг шилжүүлэх гэхэд авто оношилгоонд ороогүй байгаа тул болохгүй гээд Ариунболд, ******* нар нь өнөө маргаашдаа багтаагаад шилжүүлчихнэ. Өнөөдөртөө багтаагаад гэрээгээ хийж ажлаа ярихгүй бол сайхан боломжийг алдах гээд байна гэж шалан гуйсаар Ариунболд голомт банкны данс руу 200,000 төгрөг *******ын хүү Билгүүдэйн данс руу 4,255,000 төгрөгийг бэлнээр 100,000 төгрөгийг нийт 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй авч цаад хугацаа 3 дугаар сарын 30-нд төлнө гэж тохиролцсон. Хугацаа болоход огт төлбөр төлөөгүй 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхэж заавал шүүх хуулийн байгууллагад хандмааргүй байна гэж хэлсэн ярьсандаа зохицуулж болгоорой гээд боломж өгөөд байхад хүний итгэл сэтгэлийг үл ойшоож хэлсэн тохирсондоо болгохгүй хуурч залилан авснаа төлөхгүй байгаад гомдолтой байна. Иймд дээрх мөнгийг банкнаас зээл авч өгсөн учир би хохиролтой байгаа. Иймд иргэний хуулийн дагуу хүний эд мөнгийг хэлсэн хугацаандаа төлөөгүй учир алдангийн мөнгө 50 хувь 2,500,000 төгрөг, үндсэн үндсэн мөнгө 5,000,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.*******ын нэхэмжлэлтэй 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би уг зээлийг найз Ариунболдын хамт хүүтэй мөнгө зээлж байсан. Найз Ариунболдтой ажил эхлүүлсэн боловч амжилтгүй болсон учир хугацаандаа төлж чадаагүй. Иймд Б.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох 7,500,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан 7,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага 7,500,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн уг тайлбартай танилцаад түүний тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нь 7,500,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 134,950 төгрөгөөс 67,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 67,475 төгрөгийг, хариуцагчаас 67,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН