Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Ганзориг |
Хэргийн индекс | 128/2024/0404/З |
Дугаар | 128/ШШ2024/0591 |
Огноо | 2024-07-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0591
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: А нөхөрлөл /РД:/,
Хариуцагч: Оюуны өмчийн газрын Улсын байцаагч Г.Г*******д холбогдох,
Маргааны төрөл: 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагч Г.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гомдлын шаардлага:
1.1.А нөхөрлөлөөс Оюуны өмчийн газрын Улсын байцаагч Г.Гн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Н ******* ХХК-иас Манай барааны компани нь Бараа, үйлчилгээний олон улсын ангиллын 1-45 хүртэлх ангилал бүхий, 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн анхдагч огноотой, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй N барааны тэмдгийн эзэмшигч бөгөөд тус барааны тэмдгээрээ олон нийтэд танигдаж, зах зээлд өөрийн нэр хүнд, үнэт зүйлийг бий болгох замаар бизнес үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл А нөхөрлөл нь аймгийн суманд N нэрээр зочид буудал үйл ажиллагаа явуулж байх ба тус барааны тэмдгийг манай компанийн зөвшөөрөлгүй ашиглаж байна. ....Иймд А-ийн дээрх үйлдэл ...зөрчлийн шинжтэй байх тул уг зөрчлийг таслан зогсоох зорилгоор зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл буюу N барааны тэмдгийг хурааж, хуульд заасан хариуцлага хүлээлгэж өгнө үү гэх гомдлыг 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргаж, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулжээ.
2.2.Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар А нөхөрлөл /РД:/ нь Барааны тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.3.Гомдол гаргагч А нөхөрлөлөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэлдээ: ...Оюуны өмчийн газрын Улсын байцаагч Г.Г******* нь 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөр огноолсон ******* дугаартай шийтгэлийн хуудсаар аймгийн сумын А нөхөрлөл зочид буудлын үйл ажиллагаанд зөвшөөрөлгүйгээр барааны тэмдгийг ашиглаж хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулсан тул Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гурван сая төгрөгөөр торгох шийтгэлийн арга хэмжээ авчээ. Үүнийг хэрэгжүүлэхээр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Б А нөхөрлөлийн дарга Т.Шг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ирж уулз гэж дуудсаны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр уулзахад танай Нөхөрлөлийг Оюуны өмчийн газраас гурван сая төгрөгөөр торгосон материал манай байгууллагад ирсэн учир та торгуулийн мөнгөө тушаа, эс тушаавал зохих арга хэмжээг заана гэх мэтээр харилцахад нь яагаад торгуулийн арга хэмжээг хэн гэж хүн авсан талаар тодруулж мэдэхэд дээр дурдсан асуудал гарч ирсэн болно. Шийдвэр гүйцэтгэлээс шийтгэлийн хуудсыг хуулбарлан авч танилцаад огт үндэслэлгүй торгуулийн арга хэмжээ байна гэж ойлгосон. Учир нь аймаг сум багт байрлалтай одоогоос 8 сарын өмнө охин Н-ийн нэрээр нэрлэсэн зочид буудлыг тухайн үед зочид буудлын үйлчилгээний ажилтан хэнийг нь хэлээгүй ба манай зочид буудлын нэрийг өөрчил гээд аймгаас шаардаад байна гэж хэлэхээр нь 0,I 2 латин үсгийг нь авсан бөгөөд одоо гэсэн нэртэй байгаа. Шийтгэлийн хуудсанд А нөхөрлөл зөвшөөрөлгүйгээр N барааны тэмдэгт ашиглаж байна гэдэг нь үндэслэлгүй бөгөөд тухайн зочид буудал иргэн Т.Шгийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг ба торгуулийн арга хэмжээ авсан талаар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Б.Бэс мэдсэн. А нөхөрлөлд N барааны тэмдэгтийн талаар шалгаж байгаа болон арга хэмжээ авсан талаар огт мэдэгдээгүй, тэгээд ч нөхөрлөлтэй тухайн зочид буудал хамааралгүй учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргахад 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан байна, Т.Шгийн гарын үсэг нь эргэлзээтэй гэж шүүх үзээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийг зөвтгөж дахин 2024 оны 4 дүгээр сард тус шүүхэд шинээр нэхэмжлэл гаргасан. Шүүгч 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар захирамжаар Т.Ш нь А нөхөрлөлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болохоо нотолсон баримтаа шүүхэд ирүүл гэсний дагуу аймгийн Улсын бүртгэлийн газраас А" нөхөрлөлийн нэг гишүүнтэй Т.Ш лавлагааг авч нэхэмжлэлийг тодорхой болгон гаргаж байна. Иймд Оюуны өмчийн газрын хяналт шалгалтын улсын байцаагч Г.Гн А нөхөрлөлийг торгосон 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөр огноолсон ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оюуны өмчийн газрын улсын байцаагч 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар А нөхөрлөлийн үйл ажиллагаанд зөвшөөрөлгүйгээр Н барааны тэмдэгтийг авсан гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар 3,000,000 төгрөгөөр торгосон. Зөрчлийн хэрэг шийдвэрлэж байгаа бол зөрчлийн хариуцагч тал зөрчил гаргагч талд мэдэгдэж тайлбар авч, ямар арга хэмжээ авсан талаараа мэдэгдэх ёстой. Гэтэл энэ талаар огт мэдэгдээгүй байсныг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Б А" нөхөрлөлийн дарга Т.Шг дуудаж 3,000,000 төгрөгөөр Оюуны өмчийн газраас торгосон байна тус торгуулийг төлөөрэй гэдгийг мэдээд эхэндээ нэхэмжлэлээ иргэнээрээ гаргасан дараа нь энийгээ залруулж нөхөрлөлийг эрх ашгийг хөндөж байна, 3,000,000 сая төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Н барааны тэмдэгтийг авсан зочид буудлын барилга нь иргэн Т.Ш гэдэг хүнийх юм. Улмаар торгуулж байгаа аж ахуйн нэгж А нөхөрлөл болж байна. Үнэхээр торгох шаардлагатай байсан бол зочид буудал иргэн Т.Шгийн өмчлөлийнх тул Т.Шг зохих хуулийн дагуу торгох ёстой байсан гэж маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Т.Шг байхгүй байх хооронд нэг эмэгтэй манай зочид буудлыг нэрээ өөрчил гэж шаардаад байна гэж хэлэхэд нь чи өөрөө нэрийг өөрчил, заавал намайг тус газраа дуудаж авчрах ямар хэрэгтэй вэ гэж ажилтантай яриад ажилтан үсгийг нь буулгаад өөрчилсөн.
Түүнчлэн шүүхэд иргэн Т.Шг дуудаагүй аж ахуйн нэгжийг дуудсан гэдэг. Аж ахуйн нэгжийн захирал нь Т.Ш байна. Аж ахуйн нэгжид шийтгэлийн хуудас, мэдэгдэх хуудас явуулсан ч иргэн Т.Шд очно. Гэрийн хаяг, аж ахуйн нэгжийн хаяг хоёр өөр байгаа. Т.Шд иргэн, эсвэл захирлаар шийтгэлийн хуудас ирээгүй учраас нэхэмжлэлдээ 2024 оны 01 дүгээр сарын 16-нд мэдсэн гэж бичсэн. Б.Б гэдэг хүн Т.Шгийн гарын үсэг зурсан байдлыг мэдэхгүй. Манай ажилтан миний өмнөөс гарын үсэг зурсан бол надад өгөх ёстой гэж нэхэмжлэгч хэлсэн. Гарын үсгийг харахаар шууд Т.Ш гэж бичсэн байдаг. Т.Ш өөрөө гарын үсгээ байнга татаж зурдаг. Иймд гардаж аваагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 300.000 төгрөгөөр торгосон бол өгөх байсан гэдэг. Аж ахуйн нэгжийг торгож байгаа бол аж ахуйн нэгжид гомдол гаргах эрхийг нь нээлттэй олгох байсан. Гэтэл гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй. Хоёрдугаарт, хариуцагч зочид буудлыг очиж шалгахад сум, нэгдүгээр багт байрладаг гэж илт худлаа ярьж байна. Зочид буудал нь аймгийн сумд байдаг. А нөхөрлөлийн хаягийг сум, нэгдүгээр баг гэж хэлээд байгаа боловч энэ хаягт байдаггүй. Нэхэмжлэлд хаягаа тодорхой бичсэн. Харин Т.Шгийн гэрийн хаяг сум, нэгдүгээр багт байдаг нь үнэн. Нөгөө талаар зөрчил шалган шийдвэрлэж байгаа бол нэгэнт зөрчлийг нь арилгачхаад байхад 3,000,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
3.3.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оюуны өмчийн газарт Н******* ХХК-иас 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй N барааны тэмдгийг А нөхөрлөл зөвшөөрөлгүй зочид буудлын үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байна гэх бүртгэлийн дугаартай гомдлыг гаргасан. Н******* ХХК-иас гаргасан гомдлын дагуу 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Оюуны өмчийн газрын аж үйлдвэрийн өмчийн мэдээллийн сан дахь https://publish.ipom.mn сайтаар орж цахим орчинд үзлэг хийхэд гомдолд дурдсан ******* улсын бүртгэлийн дугаартай N барааны тэмдгийг бараа үйлчилгээний 1-45 хүртэлх ангилал тус бүрд 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн анхдагч огноотой Н******* ХХК нь эзэмшиж байсан. Үүнээс Бараа, үйлчилгээний олон улсын ангиллын 43 дугаар ангилалд Зочид буудлын үйлчилгээ хамгаалагдаж байна. Тухайн барааны тэмдгийн эрх эзэмшигч нь Н******* ХХК тул цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газарт бүртгүүлэн дугаар авсан.
Тухайн гомдол, зөрчлийн хэрэгтэй танилцах, хууль ёсны төлөөлөгчөө томилон ирүүлэхийг холбогдогч А нөхөрлөлд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуудах хуудсыг хаягаар хүргүүлсэн боловч ирээгүй, Улмаар гомдолд дурдсан дугаараар А нөхөрлөлийн захирал Т.Штай холбогдож, гомдлын агуулга, эрх үүргийг танилцуулж, хууль ёсны төлөөлөгч томилон ирүүлэхийг түүнд удаа дараа мэдэгдсэн ч хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүй, удаа дараа А нөхөрлөлд эрх бүхий албан тушаалтны хугацаатай дуудах хуудсыг хүргүүлсэн ч ирээгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1. зүйлийн 6.14-т оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр тусгайлан хуульчилсан. Мөн холбогдогч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, оролцогчид нөлөөлөхгүй байх үүрэгтэй. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг, 3.1.7-д барааны тэмдэг эзэмшигч гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг; ойлгоно гэж заасан. Тус хуулийн 13 дугаар зүйлд 13.1.1-д барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн, 13.1.2-д барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн, 13.1.3-д барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн, 13.1,4-д барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол барааны тэмдгийг ашигласанд тооцно гэж хуульчилсан.
Зөрчлийн хэргийн холбогдогч А нөхөрлөл нь Н******* ХХК-ийн эрхийн хамгаалалт хийлгэсэн N барааны тэмдгийг өөрийн зочид буудлын хаягт шууд хуулбарлан ашигласан үйлдэл нь гомдол гаргагчийн гомдолд хавсаргасан N хаягтай зочид буудлын зураг болон Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Ц*******ийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр аймаг дахь гомдолд дурдсан хаягт байрлах N зочид буудалд очиж, тус зочид буудлын ажилтай н.Мыг хөндлөнгийн гэрчээр оролцуулан хийсэн үзлэгээр 'N барааны тэмдгийг зочид буудлын хаяг, үйлчилгээнд ашигласан нөхцөл тогтоогдсон.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6. зүйлд зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа нийт 58 хүртэл хоногийн хугацаанд шалгаж шийдвэрлэхээр хуульчилсан байдаг бөгөөд тухайн хугацаа таслалдах, зогсоох боломжгүй, хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд Нийслэлийн прокуророос сунгаж өгсөн өдийн сүүлийн хугацаа хүртэл холбогдогчийг хүлээж ирээгүй тул шийдвэрээ гаргасан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуульд заасан үндэслэл тогтоогдсон тул А нөхөрлөлд торгох шийтгэл оногдуулсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд Энэ хуулийн 1. зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх, хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд Н******* ХХК-ийн Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй N барааны тэмдгийг А нөхөрлөл нь зочид буудлын үйл ажиллагаанд зөвшөөрөлгүй ашиглаж байгаа үйлдлийг олж тогтоон, зочид буудлын N хаягийг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор буулгах, үйл ажиллагаанд цаашид ашиглахгүй байхыг А нөхөрлөлд даалгаж даалгавар бичсэн нь хуульд заасан үйл ажиллагаа болно.
Улмаар эрх бүхий албан тушаалтнаас А нөхөрлөл хуульд заасан хугацаанд торгууль болон зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ аваагүй, мөн шийтгэлийн хуудас гардаж авснаас хойш 30 хоногтоо багтаан шүүхэд хандаагүй тул 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нь А нөхөрлөл /РД:/, аймаг, сум, 1-р баг, 1, Утас: /-д холбогдох дугаартай зөрчлийн хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нь А нөхөрлөлд Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай албан даалгавар бичсэнийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тул шийтгэлийг баталгаажуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх шийдвэр гаргуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхэд хүсэлт гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай захирамж гарган тухайн өдрийн ******* дугаар гүйцэтгэх хуудсаар аймаг дах Шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсыг хүргүүлсэн болно.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 9-д Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан хүсэлтийг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичнэ. гэж, тус зүйлийн 10-т Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй гэж заасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн, гүйцэтгэх хуудас бичигдсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг.Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэх зөрчлийн тухайд:
Оюуны өмчийн газарт Н******* ХХК-иас 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй N барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглаж, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна гэх гомдол гаргасныг тус газрын хяналт шалгалтын улсын байцаагч Г.Г******* хүлээн авч, А нөхөрлөлд холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дугаартай зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд 3.000.000/гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтай байна.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг, 3.1.7-д барааны тэмдэг эзэмшигч гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно, 12 дугаар зүйлийн 12.1-д Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж тус тус зохицуулжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэсэн илэрхийллийг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авснаар тухайн барааны тэмдэг эзэмшигчид уг барааны тэмдэгтийг эзэмших онцгой эрх үүснэ.
Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн мэдээллийн санд хийсэн үзлэгээр Н******* ХХК улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн N******* барааны тэмдгийг бараа үйлчилгээний 1-45 (43 дугаар ангилалд зочид буудлын үйлчилгээ хамаарна) хүртэлх ангилал тус бүрд 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл эзэмшигч болох нь тогтоогдож байна.
Улмаар Н******* ХХК N******* барааны тэмдгийг эзэмшигчийн хувьд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх/12.3.1/, бусдад ашиглуулах/12.3.2/, бусдад шилжүүлэх/12.3.3/, бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах/12.3.4/, бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах/12.3.5/ онцгой эрхийг эдэлнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц*******ийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн суманд байрлах N зочид буудлын гадна хийсэн үзлэгээр А нөхөрлөл өөрийн зочид буудлын үйл ажиллагаанд N барааны тэмдэгтийг хэрэглэсэн буюу Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар ашиглаж байсан болох нь тогтоогдож байна.
Тодруулбал, хариуцагчийн 2023 оны 0 сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хайлтын системд хийсэн үзлэгээр А нөхөрлөл нь зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр авснаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зочид буудлын үйл ажиллагааг иргэн Т.Шгийн нэр дээр эрхэлж байсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд 2023 оны 0 сарын 22-ны өдрийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 4572 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулсан баримт бичиг болохоос Т.Шг иргэний хувиар зочид буудлын үйл ажиллагаа эрхэлж байсныг нотлох баримт болохгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан 300.000 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрнө гэх тайлбараас үзвэл гомдол гаргагч А нөхөрлөл нь N******* барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж, зөрчил үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна.
Хоёр.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаар зөрчлийн холбогдогчийг дуудан ирүүлж болно, 2-т Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно гэж эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэгт холбогдогчийг дуудан ирүүлэх ажиллагааг зохицуулжээ.
Хэрэгт авагдсан 2023 оны 0 сарын 18-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны дуудах хуудаст холбогдогч А ЗБХГ нөхөрлөлийн захирал Т.Штай дугаар утсаар холбогдож, мэдүүлэг өгөх талаар дуудсан талаар тэмдэглэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг үйл баримтыг шүүх хуралдааны явцад үгүйсгээгүй, харин хүлээн зөвшөөрсөн тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй гэж дүгнэх боломжгүй.
Учир нь, зөрчилд холбогдогч нь шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас А ЗБХГ нөхөрлөлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд ямар зөрчилд холбогдсон талаар мэдэгдэж, дуудан ирүүлэх үндэслэлийг танилцуулсан, энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан холбогдогчийн эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
Иймд хариуцагч Оюуны өмчийн газрын Улсын байцаагч Г.Гн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг шаардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.4, 12.3.5, 13 дугаар зүйлийн 13.1.1, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан А нөхөрлөлөөс гаргасан Оюуны өмчийн газрын Улсын байцаагч Г.Гн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 4 зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ