Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Ч.Алтансүх,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Л.Ононбаяр,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж А.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж С.Б-д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725011409 дугаартай хэргийг 2017 оны 12 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.А, 1979 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер, эрх зүйч  мэргэжилтэй, “Отгонтэнгэрийн өвөр” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 52-39 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Б, 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэв журам хамгаалах газрын харуулын цагдаа ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 2-62-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч А.А нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны харуулын пост дээр Цагдаагийн ерөнхий газрын харьяа Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын Дипломат байгууллагын хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Батжаргалыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь “шалгуулах гэсэн хүнийг шалгасангүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг цохиж, улмаар харилцан зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,

-Шүүгдэгч С.Б нь  нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны харуулын постны хажууд А.Анхбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруусан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр нэг ойрын дотны 2 ахтайгаа уулзаад нэг газар суугаад архи уусан, тэгээд нэг ахыгаа гэрт нь хүргэж өгөөд эргээд иртэл нэг Өвөрмонгол залуу 2 эмэгтэйгийн хамт бид гуравын тооцоон дээр тооцоо нэмсэн байсан. Тэгэхээр нь би ингэж болохгүй гэж хэлтэл надад тэр хүн цагдаагийн Чтон үзүүлсэн бөгөөд би хараад хуурамч гэдгийг нь мэдээд шалгуулна гэтэл яваад өгсөн. Би хойноос нь яваад Хөдөө аж ахуйн яамны урд талын явган хүний гарцаар гараад Вьетнам элчингийн тэнд тухайн хүмүүстэй муудалцаад цагдаагийн постны цагдааг дуудаад гараад ирэхээр нь би энэ хүнийг шалгаад өг энэ хүн хуурамч бичиг баримт үзүүлээд байна гэж хэлсэн. Тэр цагдаа чадахгүй гэсэн, тэгээд тэр цагдаа надтай муудалцаад байсан нөгөө хүнийг явуулчихаар нь би тэр цагдаатай жоохон ам зөрөөд барьцалдаж аваад давхралдаж унасан. Тэрнээс болж Батжаргалын биед гэмтэл учирсан байх, Шинжээчийн дүгнэлт буруу байна, миний зүйл анги буруу байна. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Батжаргалд гомдол саналгүй, ба түүний хохиролд нийт 1.600.000 төгрөгийг нөхөн төлсөн” гэв.

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 4-р сарын 20-нд ажлаа хийгээд постон дээрээ сууж байтал цонх хүчтэй нүдэхээр нь гараад хартал энэ Анхбаяр гэдэг залуу өөр нэг хүнтэй маргалдаж байсан. Батжаргал энэ хүнийг шалгуулмаар байна гэхээр нь би 102 дуудаад өгье гээд Анхбаярыг чи хүн амьтан зүгээр явуул гэж хэлтэл өөдөөс уурлаад надтай маргалдаж эхэлсэн. Би нөгөө хүнийг нь таксинд суулгаж явуулаад эргээд явж байтал намайг араас дуудаад цохиод зугтаасан. Тэгэхээр нь араас очоод барьж аваад цагдаа дуудсан, би гомдолтой байна, Өнөөдөр ингээд зогсож байгаадаа харамсаж байна. Өмгөөлөгчийн зардал, ажилгүй байсан хугацааны цалин гэж нийт 10.250.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч С.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны харуулан постон дээр харуулын үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан юм. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 цаг 30 минутын үед постон дотроо сууж байхад урд замаас 2 залуу, 2 хүүхэн ирж байсан бөгөөд манай постон дээр ирээд цонх нүдээд байсан. Тэр нүдэж байгаа цонх нь онгойдоггүй юм. Би баруун талын цонхыг онгойлгоод юу болсон бэ гэж асуухад нүдээд байсан. Тэгэхээр нь хаалгыг нь онгойлгоход А.Анхбаяр гэх намайг зодсон залуу хажуудаа нэг залуу, 2 хүүхэн зогсоочихсон, энэ залууг би шалгуулмаар байна, энэ цагдаа үнэмлэх үзүүлээд байна гэхэд нөгөө залуу нь би энэ залуутай хамаагүй, сая караокенээс гараад ирэхэд араас дагаад байгаа юм гэж хэлсэн. Хамт байсан 2 хүүхэн нь бид нар энэ хүнийг танихгүй, бид нараас салахгүй араас дагаад яваад байна. Та наад хүнээ барьж байгаач би найзыгаа аваад явчихъя гэж хэлсэн. Тэгэхэд А.Анхбаяр нөгөө залууг авж яваад би энийг шалгуулмаар байна, чи пизда энийг шалгаадхаач гэж хэлэхээр нь та хоёр Баянзүрх дүүргийн Цагдаад ханд, би цагдаа дуудаад өгье гэж хэлсэн. Тэгсэн хамт байсан 2 эмэгтэй нь найзыгаа аваад явлаа гээд таксинд суугаад яваад өгсөн. Чи яахаараа шалгадаггүй юм, пизда минь гээд над руу дайрсан. Хүн амьтан зүгээр явуулаа, одоо гэртээ хариад амарчих гэж хэлсэн. Тэгээд би поструугаа алхахад хойноос дуудаад хөөе цагдаа гэхээр нь эргээд харахад миний нүүр рүү 5-6 удаа цохиод намайг бариад авсан. Би ноцолдож байгаад тавиулсан. Тэгсэн А.Анхбаяр нь замын урагшаа гүйсэн бөгөөд би араас нь хөөгөөд очсон бөгөөд Жулъя төв рүү орсон. Би араас нь нэг давхарт байхад нь бариад авсан...Анхбаяр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг. /хх-12/,

Хохирогч А.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд тухайн үед согтууруулах ундаа уусан байснаас болсон асуудлыг сайн санахгүй бүдэг санаад байгаа юм. Харин цагдаа миний цамцаар зүүн гараараа хоолой боож баруун гараараа шанаа руу цохьсон. Хөлийн бүдүүн гуя руу, бэлэн эрхтэн рүү өшиглөсөн. Үүнээс болж миний зүүн гуя, баруун хөмсөг, зүүн хацар зэрэгт цус хураад жаахан хөхөрсөн байсан. Энэ нь С.Батжаргалын үйлдлийн улмаас С.Батжаргалын биед хүндэвтэр гэмтэл учруулсан асуудлыг ойлгож мэдсэн...” гэх мэдүүлэг. /хх-120/,

Гэрч М.Алтаншагай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад 04 цаг өнгөрч байхад Манай Номгон 55 поролтой Вьетнам элчингийн постон дээр гардаг цагдаа станцаа авахгүй байсан...Би постон дээр яваад очиход дотроо байхгүй байсан ба тэр хавиар нь хайгаад явж байхад дэд ахлагч С.Батжаргал нь Жулъя төвийн гадаа нүүр ам нь цус болчихсон, намайг зодсон хүн ийшээ орчихлоо гэж хэлсэн. Би дотогш ороод С.Батжаргалаар заалгахад уг зодсон гэх залуу караоке дотор үүдэн дээр зогсож байсан. Тэгэхээр нь би явж очоод аваад гарах гэхэд би яагаачгүй тайн цагдаа чинь өөрөө эхэлсэн гэж хэлсэн...С.Батжаргалын баруун эрүү хавдсан, зүүн хөмсөг сэтэрсэн, зүүн сарвуу нь хэсэг шалбарсан байсан. Би шүдний төв дагуулж явж үзүүлэхэд зураг авахуулах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд зураг авахуулахад эрүү нь цууралт өгсөн байсан, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх17-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэээнгийн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн №738 дугаар дүгнэлт: “С.Батжаргалын биед  эрүү ясны хугарал, тархины субарахнайдаль зайнуудад цус харвалт, зүүн нүдний зовхинд цус хуралт, шарх, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зүүн сурвууны 1, 2, 3, 4-р хурууны зулгаралт, 5 дугаар хуруунд шарх, хуйханд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. С.Батжаргалын биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт. /хх-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн №1153 дугаартай дүгнэлт:

  1. С.Батжаргалын биед эрүүний баруун булангийн хугарал, тархины аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, зүүн зовхинд цус хуралт, шарх хүзүүнд цус хуралт, зулгаралт, зүүн сарвууны 1,2,3,4-р хуруунд зулгаралт, 5 дугаар хуруунд шарх, хуйханд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл учирчээ.
  2. Эрүүний баруун булангийн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархины аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, зүүн зовхинд цус хуралт, шарх, баруун сарвууны 5-р хурууны шарх, 1 шүдний эмтрэл гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаар хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №5349 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Дээрх дүгнэлт гарах үед эрүүний баруун булангийн хугарал, тархины аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтэл нь оношлогдоогүй байжээ. Шинжээч эмч Б.Долгормаа, Н.Энхцолмон, М.Золжаргал нарын 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн №738 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт. /хх-160-161/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №5552 дугаартай дүгнэлт:

  1. А.Анхбаярын биед тархи доргилт, зүүн гуя, баруун хөмсөг, зүүн хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-101/,

Хохирогч С.Батжаргалын мэдүүлэг /хх11-12, 13/, гэрч Ц.Отгонхишигийн мэдүүлэг /хх-14/, гэрч Г.Билэгсайханы мэдүүлэг /хх-15/, гэрч М.Алтаншагайн мэдүүлэг /хх17-18/, шинжээчийн ¹5349 дугаартай дүгнэлт /хх-22/, шинжээчийн ¹738 дугаартай дүгнэлт /хх26-27/, сэжигтэн А.Анхбаярын мэдүүлэг /хх33-35/, яллагдагч А.Анхбаярын мэдүүлэг /хх37-38/, өвчний түүх /хх46-56/, А.Анхбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх58-60/, яллагдагч А.Анхбаярын мэдүүлэг /хх78-80/, хохирогч С.Батжаргалын мэдүүлэг /хх81-82/, гэрч Х.Азжаргалын мэдүүлэг /хх84-85/, шинжээчийн ¹5552 дугаартай дүгнэлт /хх-101/, ажлын байрны /албан тушаалын/ тодорхойлолт /хх133-135/, шинжээчийн ¹1153 дугаартай дүгнэлт /хх160-161/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Шүүгдэгч А.А нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны харуулын пост дээр Цагдаагийн ерөнхий газрын харьяа Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын Дипломат байгууллагын хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Батжаргалыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь “шалгуулах гэсэн хүнийг шалгасангүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг цохиж, улмаар харилцан зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

С.Батжаргалын: “...Чи яахаараа шалгадаггүй юм, пизда минь гээд над руу дайрсан. Хүн амьтан зүгээр явуулаа, одоо гэртээ хариад амарчих гэж хэлсэн. Тэгээд би поструугаа алхахад хойноос дуудаад хөөе цагдаа гэхээр нь эргээд харахад миний нүүр рүү 5-6 удаа цохиод намайг бариад авсан. Би ноцолдож байгаад тавиулсан. Тэгсэн А.Анхбаяр нь замын урагшаа гүйсэн бөгөөд би араас нь хөөгөөд очсон бөгөөд Жулъя төв рүү орсон. Би араас нь нэг давхарт байхад нь бариад авсан...” гэсэн мэдүүлэг.

А.Анхбаярын: “...согтууруулах ундаа уусан байснаас болсон асуудлыг сайн санахгүй бүдэг санаад байгаа юм. Харин цагдаа миний цамцаар зүүн гараараа хоолой боож баруун гараараа шанаа руу цохисон. Хөлийн бүдүүн гуя руу, бэлэн эрхтэн рүү өшиглөсөн. Үүнээс болж миний зүүн гуя, баруун хөмсөг, зүүн хацар зэрэгт цус хураад жаахан хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

Шүүгдэгч С.Б нь  нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны харуулын постны хажууд А.Анхбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруусан болох нь:

Гэрч М.Алтаншагайн: “...С.Батжаргал нь Жулъя төвийн гадаа нүүр ам нь цус болчихсон, намайг зодсон хүн ийшээ орчихлоо гэж хэлсэн. Би дотогш ороод С.Батжаргалаар заалгахад уг зодсон гэх залуу караоке дотор үүдэн дээр зогсож байсан.Тэгэхээр нь би явж очоод аваад гарах гэхэд би яагаачгүй танай цагдаа чинь өөрөө эхэлсэн гэж хэлсэн... С.Батжаргалын баруун эрүү хавдсан, зүүн хөмсөг сэтэрсэн, зүүн сарвуу нь хэсэг шалбарсан байсан...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч А.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэмт хэрэг,

-хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг,

Шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч С.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүнгэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч С.Б-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.А нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч С.Батжаргал нь шүүгдэгч А.А-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн зардал гэж нийт 10.250.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлож ирүүлээгүй тул шүүх гэм буруутай этгээдээс гаргуулах боломжгүй, харин А.Анхбаяр нь хохирогч С.Батжаргалд 1.600.000 төгрөгийг өөрийн сайн дураар нөхөн төлсөн байна.

Хохирогч С.Батжаргал нь хохирол болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс /А.Анхбаяр/ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгч А.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан үйлдсэн гэмт хэрэг тус бүрт торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмт нэгтгэн, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. С.Б-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. А.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

-хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-г 2700 нэгж буюу 2.700*1.000=2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-г 450 нэгж буюу 450*1.000=450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн А.А-н нийт эдлэх торгох ялыг 3.150 нэгж буюу 3.150*1.000=3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож сольж болохыг сануулсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.А, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, С.Батжаргал бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. С.Батжаргал нь өөрт учирсан хохирол болон эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс /А.А/ иргэний  журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, С.Б нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР