Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0635

 

 

 

 

 

 

 

    2024          08           20                                    128/ШШ2024/0635

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: В.С*********** /РД:ФД*********** /                     

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Н.Э***********  /РД:ЦЖ*********** / нарын хооронд үүссэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У***********, гуравдагч этгээд Н.Э***********  нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1. Нэхэмжлэгч В.С***********  нь тус шүүхэд хандан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А***********  2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. *********** дүүргийн ** дугаар хороо, *********** тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-***********  дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр К.Э***********, Д.О***********, Э.Н***********, Э.Т***********  нарын 4 иргэний өмчлөлд анх удаа улсын бүртгэлд бүртгэгдсэн.[1]

2.2. К.Э***********  нь тус газрын өмчлөх эрхээ 2007 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Х.Н***********  руу худалдах, худалдан авах гэрээгээр[2], Х.Н***********  нь 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ц.П***********  руу худалдах гэрээгээр[3], Ц.П***********  нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр З.М***********  руу[4], З.М***********  нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Д.Ч***********  руу бэлэглэх гэрээгээр[5], Д.Ч***********  нь сүүлийн өмчлөгч болох В.С***********  рүү 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр худалдах гэрээгээр[6] тус тус шилжүүлжээ.

2.3. Энэ хооронд гуравдагч этгээд Н.Э***********  нь тухайн газартай холбоотойгоор захиргааны хэргийн шүүхээр маргаж явсан бөгөөд түүний нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатын 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр[7] нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай магадлалаар[8] тус шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.4. Харин Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаартай тогтоолоор[9] шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, *********** дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ***, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн К.Э***********  холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.5. Улмаар гуравдагч этгээд Н.Э***********  Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан өргөдлийн дагуу хяналтын улсын байцаагч Н.А***********  2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай дүгнэлт[10] гарч, уг дүгнэлтээр “*********** дүүргийн **** дугаар хороо, *********** тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газрын эрхийн улсын бүртгэлийн Г-***********  дугаартай В.С***********  өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох”-ыг тогтоожээ.

2.6. Мөн хяналтын улсын байцаагч Н.А***********  2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ** дугаартай “Хяналт шалгалт хийсэн тухай” мэдэгдэл[11] гарсан байна.

2.7. Түүнчлэн гуравдагч этгээд Н.Э*********** тус шүүхэд хандан Улсын дээд шүүхийн 2014 оны ***** дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2024/3880 дугаартай захирамжаар[12] ханган шийдвэрлэж,  мөн өдрийн 128/ГХ2024/0168 дугаартай гүйцэтгэх хуудсыг[13] гаргасан байна.

2.8. ***********  дүүргийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ****** дугаартай захирамжаар гуравдагч этгээд Н.Э*********** 626 м.кв газар эзэмших эрхийг олгож, *********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.[14]

2.9. Нэхэмжлэгчийн зүгээс “... Д.Ч***********  хууль ёсны өмчлөлөөс худалдах, худалдан авах гэрээгээр одоогийн өмчлөгч В.С*********** хууль ёсны өмчлөлдөө шилжүүлэн авсан шударга өмчлөгч байхад В.С*********** ийн өмчлөх эрх хүчин төгөлдөр эсэхийг тодруулахгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн эсэхийг нягтлан шалгалгүйгээр өмчлөх эрхэд нь халдсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил өнгөрсөн тул захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэхгүй. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацаа, 124.1-д хуульд өөрөөр заагаагүй бол дараах хугацаа өнгөрсөн тохиолдолд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй гэж заасан. Мөн хуулийн 124.1.1-д энэ хуулийн 6.3.1, 6.3.3, 6.3.4-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6.3.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дараах хэлбэртэй байна, 12.1.3-д тогтоол гэж тус тус заасан. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны тус тогтоол нь 2023 оны 06 дугаар сард нэхэмжлэгчийн өмчилсөн хэсгийг хүчингүй болгуулахаар өргөдөл гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Н.А***********  ***** дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт гаргаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.  

2.10. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... Хяналтын улсын байцаагчийн чиг үүргийн хувьд хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчиж хийсэн бүртгэлийг өөрийн эрх хэмжээний хүрээнд түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхтэй. Хяналтын улсын байцаагч Н.А**********  нь эрх зүйн акт буюу бүртгэл хүчингүй болгох дүгнэлтийг гаргаад улсын бүртгэлийн байгууллагын процессоор анхан шатны нэгж буюу харьяалагдах Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн нэгжид хүргүүлээд тухайн улсын бүртгэлийн нэгжийн улсын бүртгэгч нь дүгнэлтийн дагуу холбогдох ажиллагаагаа явуулах байсан. Тодруулбал, дүгнэлтийн дагуу В.С*********** гэрчилгээг хураан авч, бүртгэлийг хүчингүй болгох, мэдэгдэх чиг үүрэгтэй байсан. Энэ үйл ажиллагааг улсын бүртгэгч н.Т***********  нь гүйцэтгээгүй.  В.С***********  эрх зүйн акт гарахын өмнө сонсох ажиллагаанд дуудан оролцуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэгэнт 3 шатны шүүхийн шийдвэр гарсан учраас бүртгэлийг хүчингүй болгох нь эрх зүйн хувьд үндэслэлтэй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.11. Гуравдагч этгээд Н.Э***********  зүгээс “... Намайг газар дээр 3 жил идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй гэдэг. Би тасралтгүй явдаг. Улсын дээд шүүхийн 216 тоот тогтоол 2014 оны 10 сарын 6-ны өдөр гарсан. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан бичиг намайг нотолдог. Тус албан бичигт “3 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажилла, К.Э*********** холбогдох хэсгийг хүчингүй болго” гэж бичсэн байдаг. 10 сарын дараа би явж эхэлсэн ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О***********  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А*********** **** дугаартай “бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн агуулга нь, *********** дүүргийн **** дугаар хороо, ***********  тоот хаягт байршилтай, 700м2 талбайтай, улсын бүртгэлийн Г-***********  дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр К.Э***********, н.О***********, н.Н***********, н.Т***********  нарын 4 иргэний өмчлөлд анх удаа улсын бүртгэлд бүртгэгдсэн. К.Э*******, н.О*******, н.Н*******, н.Т***********  нараас 2007 оны 08 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр н.Н***********  өмчлөлд, н.Н***********  2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр н.П*********** өмчлөлд тус тус улсын бүртгэлд бүртгэгдэж байсан. Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай магадлалаар дээрх газрын өмчлөгчийг н.П***********  гэж дүгнэж, шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс *********** дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ***, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн К.Э***********  холбогдох хэсгийг хүчингүй болгож, өөрчилсүгэй гэж шийдвэрлэсэн. Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар тогтоол нь дээрх газрын хувийн хэрэгт авагдаагүй. н.П***********  2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр н.М***********  руу бэлэглэх гэрээгээр, н.М***********  2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр н.Ч***********  руу бэлэглэх гэрээгээр, н.Ч***********  2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр одоогийн өмчлөгч буюу нэхэмжлэгч В.С*********** худалдах, худалдан авах гэрээгээр тус тус шилжүүлж бүртгэгдсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Улсын бүртгэлийн үйл ажиллагааны 4.1.4-т заасан үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчмыг зөрчсөн. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасан дундын мэдээллийн сан дахь, энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан мэдээллийг нягтлан шалгаж, газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байхад Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн эсэхийг тодруулахгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Үүнээс үүдэн н.Ч***********  хууль ёсны өмчлөлөөс худалдах, худалдан авах гэрээгээр одоогийн өмчлөгч В.С***********  хууль ёсны өмчлөлдөө шилжүүлэн авсан шударга өмчлөгч байхад В.С***********  өмчлөх эрх хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн эсэхийг нягтлан шалгалгүйгээр өмчлөх эрхэд нь халдсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил өнгөрсөн тул захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэхгүй. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацаа, 124.1-д хуульд өөрөөр заагаагүй бол дараах хугацаа өнгөрсөн тохиолдолд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй гэж заасан. Мөн хуулийн 124.1.1-д энэ хуулийн 6.3.1, 6.3.3, 6.3.4-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6.3.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дараах хэлбэртэй байна, 12.1.3-д тогтоол гэж тус тус заасан. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны тус тогтоол нь 2023 оны 06 дугаар сард нэхэмжлэгчийн өмчилсөн хэсгийг хүчингүй болгуулахаар өргөдөл гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Н.А***********  ***** дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт гаргаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. н.Э***********  нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны **** дугаар тогтоол гарсан цагаас хойш 2023 оны 06 дугаар сар хүртэл 9 жилийн хугацаанд тухайн газрыг өөрийн эзэмшил, өмчлөлдөө шилжүүлэх идэвхтэй ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны *** дугаар тогтоол байсаар байтал түүнийг хэрэгжүүлэх хүсэл зориггүй байсан. Өмчлөх эрхээ хэрэгжүүлээгүй гэж ойлгож болно. Ийнхүү тус шийдвэрийн биелэгдэх хугацаа өнгөрсөн гэж үзэх ба захиргааны байгууллагаас дээрх шийдвэрийн биелэлтийн анх арга хэмжээ мөн адил 9 жилийн хугацаанд авагдаагүй атлаа 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийг худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөлөөс шилжүүлэн авсны дараа нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг хүчингүй болгох өргөдөл н.Э***********  гаргахад бүртгэлийг хүчингүй болгож дүгнэлт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх нь зөрчигдөж болохгүй. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Н.А*********** **** дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийн дүгнэх хэсгийн 3 дахь хэсэгт бүртгэл хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу н.Э***********, В.С*********** нарт тус тус мэдэгдэх гэж заасан байдаг. Гэтэл энэ талаар нэхэмжлэгч В.С*********** мэдэгдээгүй, тухайн дүгнэлтийг гардуулж өгөөгүй. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Н.А*********** **** дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн архиваас авч байж нэхэмжлэгчийн зүгээс анх мэдсэн. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д Газар өмчлөгч нь газар өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасны дагуу *********** дүүргийн ** дугаар хороо, *********** тоот хаягт байршилтай 700м2 газрыг В.С***********  өмчлөлдөө бүртгүүлж, улсын бүртгэлийн Г-***********  дугаартай бүртгэлтэй болсныг н.Э***********  эзэмших эрхийг үндэслэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн ***** дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүчингүй болгосон хууль бус шийдвэр гаргасан. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох үйлдлийг таслан зогсоох, 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхгүйгээр Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан байна. Үүний дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар хэлэлцэж 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга н.Д***********  2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч н.А***********  **** дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргасан. 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн *********** дугаартай гомдлын хариу ирсэн. Үүнд “таны гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье. Хэрэв та дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 хуульд өөр өөрөөр заагаагүй бол 6,7,8 дугаар зүйлд заасны дагуу бүртгэлтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүхэд хандах эрхтэй” гэж гомдлын хариуг өгсөн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана, 106.3.1-т  захиргааны акт, захиргааны гэрээ нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Н.А***********  **** дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү. Шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В.С***********  нэхэмжлэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Г-***********  дугаартай *********** дүүргийн **** дугаар хороо, хуучнаар **** дугаар хороо, *********** тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700м2 газар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын захирамжийн дагуу К.Э***********  нарын 4 иргэний өмчлөлд 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдсэн. К.Э***********  нь тус газраа 2007 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Х.Н***********  руу худалдах, худалдан авах гэрээгээр, Х.Н***********  нь 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр н.П***********  руу худалдах гэрээгээр, н.П*********** нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр н.М***********  руу, н.М*********** нь 2023-ын оны 05 дугаар сарын 31-ний өдөр н.Ч***********  руу бэлэглэх гэрээгээр, н.Ч***********  нь сүүлийн өмчлөгч болох В.С***********  рүү 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус тус шилжүүлэн бүртгэсэн бүртгэл байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд болон хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд н.П*********** нь газрыг өөрийн өмчлөлд байсан үед бүртгэл хүчингүй болсон 3 шатны шүүхийн шийдвэрийг гарсныг мэдсээр байж бусдын өмчлөлд шилжүүлсэн байдаг. Хяналтын улсын байцаагчийн чиг үүргийн хувьд хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчиж хийсэн бүртгэлийг өөрийн эрх хэмжээний хүрээнд түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхтэй. Хяналтын улсын байцаагч Н.А***********  нь эрх зүйн акт буюу бүртгэл хүчингүй болгох дүгнэлтийг гаргаад улсын бүртгэлийн байгууллагын процессоор анхан шатны нэгж буюу харьяалагдах Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн нэгжид хүргүүлээд тухайн улсын бүртгэлийн нэгжийн улсын бүртгэгч нь дүгнэлтийн дагуу холбогдох ажиллагаагаа явуулах байсан. Тодруулбал, дүгнэлтийн дагуу В.С***********  гэрчилгээг хураан авч, бүртгэлийг хүчингүй болгох, мэдэгдэх чиг үүрэгтэй байсан. Энэ үйл ажиллагааг улсын бүртгэгч н.Т***********  нь гүйцэтгээгүй.  В.С***********  эрх зүйн акт гарахын өмнө сонсох ажиллагаанд дуудан оролцуулсан. Эрх зүйн акт гарах нь тодорхой байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэгэнт 3 шатны шүүхийн шийдвэр гарсан учраас бүртгэлийг хүчингүй болгох нь эрх зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

3.3. Гуравдагч этгээд Н.Э***********  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулаад хэлье. Би 32 хуудас тайлбар гаргасан, хавтаст хэрэгт байгаа. 20 жил хохироод явж байгаа учраас бүх зүйлийг тодорхой ярьсан нь дээр гэж бодож байна. Намайг газар дээр 3 жил идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй гэдэг. Би тасралтгүй явдаг. Улсын дээд шүүхийн 216 тоот тогтоол 2014 оны 10 сарын 6-ны өдөр гарсан. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан бичиг намайг нотолдог. Тус албан бичигт “3 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажилла, К.Э***********  холбогдох хэсгийг хүчингүй болго” гэж бичсэн байдаг. 10 сарын дараа би явж эхэлсэн. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 216 тоот тогтоолоос хойш 8 сарын дараах үйл баримт. 2 дахь нь үүний дараагийн хуудаст нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гээд 2016 оны 9 сарын 8-ны өдөр гээд байдаг юм. Нэг жил 7 сарын дараа, эд нарын нэхээд байгаа 3 жил гэдэг чинь болоогүй хугацаа. Би 8 сараас хойш төрийн байгууллагуудаар ороод хариугаа аваад явж байсан. Газрын алба, авлигачин дарга нар нь авсан авлигаа хамгаалаад шийдэхгүй, ажлаа хийдэггүй. Дарга нь ажилдаа ирдэггүй. Төрийн албаны зөвлөлд бас хандсан. Эд нар хэрүүл маргаан хийгээд, би тэнд нь очиж шаардлага тавиад, дарга нь ажилдаа ирэхгүй болохоор нь би хэрүүл, зодоон хийж шкафыг нь эвдээд зөрчлийн хуулиар торгуулсан. Улмаар шүүх дээр очсон. Шүүх дээр “хулгайч нар миний хашаа байшин, өмч хөрөнгийг авч яваад, ажлаа хийдэггүй, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй” гээд Улсын дээд шүүхийн *** тоот тогтоолыг үзүүлсэн. Монголд ажлаа хийдэг төрийн алба гэж байдаггүй. Газрын алба тэр чигээрээ авлигачид. Энэ хүмүүсийн яриад байгаа зүйлс худлаа. Шүүхэд орж ирээд ярьдаг худлаа тайлбарыг олон жил сонсмооргүй байна. Би тасралтгүй 20 жил сонсож байна. Шүүхийг, шүүгчийг ингэж доромжлохоо болих хэрэгтэй. 2000 онд би Солонгост ажиллаж байхдаа бариулсан хашаа байшин шүү дээ. 2000 онд би нэг хашаа бариулсан. Гэтэл хашааг минь дотор нь 3 хуваагаад зараад байдаг. Би болиулах гэж яваад дийлдэггүй. Хашаа байшинг бариулж байх үед газрын алба гэж байгаагүй. Газрын тухай хуульд Монгол Улсын иргэн нэг удаа 0,7 га газар өмчилж авна гэсэн хуулийн заалт ч байгаагүй үе. Хашаа байшингаа бариулаад 24 жил, шүүхэд хандаад 20 жил болж байна. Энэ хугацаанд нийт 30 гаруй шүүхийн шийдвэр, захирамж гарсан. Эдгээрээс нэг нь л хууль ёсны дагуу гарсан нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн **** тоот шийдвэр юм. Тус шийдвэрээр манаачаас К.Э*********** “мөнгөө ав” гэж шийдсэн. Танай шүүхийн эмэгтэй шүүгч нар ухаан муутай, хууль мэддэггүй, хавтаст хэргээ уншаад ойлгодоггүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай байдаг, энэ шаардлагад нийцсэн нэг л шийдвэр гарсан нь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. Шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт миний хашааг зарсан манай манаачийг, К.Э***********  “мөнгөө буцааж ав” гээд заачихсан байхад шүүхийн шийдвэрийг нуун дарагдуулсан.  Энэ шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Гэтэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг нуун дарагдуулж байгаа. Намайг 3 жил яваагүй гэдэгтэй адилхан нэг жилийн дараа Улсын Их Хурлын гишүүнд очоод залилчихсан байгаа юм. “Олон жил өмчилсөн, амьдарч байгаа хашаагаа өмчилж авах дэмжлэг үзүүлнэ үү” гээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Б***********  хүсэлт гаргаад дээрх шүүхийн шийдвэрийг нуун дарагдуулсан. Улсын Их Хурлын гишүүнээр “энэ хүмүүст өг” гэсэн бичиг гаргуулчихсан байсан. Улсын Их Хурлын гишүүн хүчтэй юм уу, шүүх хүчтэй юм уу. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т гэм бурууг шүүх эцэслэнэ гээд заачихсан байгаа шүү дээ. Залилан, гэмт үйлдлүүдийг нь шүүгч нар олж харахгүй байна. Ийм байж болохгүй. Танай шүүхийн ихэнх шүүгч нар энэ үйл баримтыг ойлгодоггүй. Миний эрх ашиг 24 жил зөрчигдөөд байна шүү дээ.

н.А***********  хүчингүй болгосон дүгнэлтийг дэмжиж байгаа. н.А*********** гаргасан юм биш. Би Авлигатай тэмцэх газарт хандаж байж гаргуулсан. Н. А***********  бас шударгаар ажлаа хийчихсэн юм биш. Монголд ажил хийдэг хүн байдаггүй. Бүгд ажилгүй, хулгайч шиг байж байдаг. Би төрд нэг удаа ч ажиллаж үзээгүй. Би нүүрсний хулгайч биш, ЖДҮ-ийн хулгайч биш. Би цалингийн хулгайч ч биш. Яагаад гэвэл би төрөөс цалин авч байгаагүй. Би ийм шударга хүн. Эд нар бүгд худлаа ярьдаг, ажил хийдэггүй, авлигач нар шүү. К.Э*********** намайг “холбогдох бичиг баримтаа өгч газраа авъя гэж өргөдлөө өгч байгаагүй” гэж доромжилдог юм. Энэ талаар тайлбартаа бичсэн байгаа. ***********  дүүргийн Засаг дарга *********** авлига авсан хүн. Газрын албаны н.Т***********, н.О***********  гээд авлигач нарыг би халуулсан. Би Авлигатай тэмцэх газрын мөрдөгч биш шүү дээ. Тэгээд эд нар шүүхэд ичихгүй худлаа яриад байдаг. Би хамсаатан болгоод бүгдийг шалгуулж чадна. Э.М***********  авлига авсан захирамжийг та үнэлж өгөөрэй. Энэ хүмүүс 3 хуваагаад авахаас өмнө өөрийнхөө хашаа байшин, өмч хөрөнгийг авъя гээд явж байсан. Энэ нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.М***********  захирамжаар батлагдаж байна. Гэтэл К.Э***********, н.Ц***********, н.П***********  нар бүгд энэ хүнээс 14 хоногийн дараа газар эзэмших эрх авсан байна. Газрын алба өгөх ёсгүй байсан ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлон маргаж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А***********  2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтээр дараах асуудлуудыг шийдвэрлэжээ. Тодруулахад:

2. Тус дүгнэлтээр “... Бүртгэлийн дээрх нотлох баримтуудыг хянаж үзэхэд 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр газрын өмчлөгч болсон Ц.П******* нь газрын өмчлөлтэй холбоотой маргаан Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байхад өмчлөх эрхээ З.М***********  руу шилжүүлэхээр бэлэглэлийн гэрээ хийж 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн байна. Нөгөө талаар өмчлөх эрх Ц.П*********** өмчлөлд бүртгэлтэй байхад газрын анхны өмчлөгч К.Э***********  (МТ***********)-ын газар өмчлөх эрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон талаар Өмчийн харилцааны газраас 2016 оны 03 дугаар сарын 28-ны 9/1874 дугаартай албан бичиг ирүүлсэн, мөн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ***********  дугаар магадлал хувийн хэрэгт авагдсан байхад улсын бүртгэгч нь тус шийдвэрүүдийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн эсэхийг тодруулахгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Иймд *********** дүүргийн *** дугаар хороо, *********** тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газрын эрхийн улсын бүртгэлийн Г-***********  дугаартай бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй ...” гэж тогтоосон байна.

3. Улмаар “*********** дүүргийн *** дугаар хороо, ***********  тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газрын эрхийн улсын бүртгэлийн Г-***********  дугаартай В.С***********  өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох” гэж дүгнэжээ.

4. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.” гэж, 18.2 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ.” гэж, 18.7 дахь хэсэгт “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:” гээд, 18.7.1 дэх заалтад “...  бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, ...” гэж тус тус заажээ.

5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч нь улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах талаар хуулиар олгогдсон эрх хэмжээтэй байх бөгөөд энэхүү чиг үүргийнхээ хүрээнд хариуцагч улсын байцаагч Н.А***********  нь маргаан бүхий **** дугаартай дүгнэлтийг гаргасан байна.

6. Хариуцагчийн гаргасан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлт дараах үндэслэлээр хуульд нийцсэн гэж шүүх дүгнэлээ.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж заажээ.

8. Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд, *********** дүүргийн *** дугаар хороо, *********** тоот хаягт байршилтай, 700м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-***********  дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр К.Э***********, Д.О***********, Э.Н***********, Э.Т*********** нарын 4 иргэний өмчлөлд анх удаа улсын бүртгэлд бүртгэгдсэн.

9. К.Э***********  нь тус газрын өмчлөх эрхээ 2007 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Х.Н***********  руу худалдах, худалдан авах гэрээгээр, Х.Н***********  нь 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ц.П***********  руу худалдах гэрээгээр, Ц.П*********** нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр З.М***********  руу, З.М*********** нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Д.Ч***********  руу бэлэглэх гэрээгээр, Д.Ч***********  нь сүүлийн өмчлөгч болох В.С***********  рүү 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр худалдах гэрээгээр тус тус шилжүүлжээ.

10. Газрын өмчлөх эрх Х.Н***********  Ц.П*********** руу шилжсэний дараа гуравдагч этгээд Н.Э***********  нь тухайн газартай холбоотойгоор захиргааны хэргийн шүүхээр маргаж явсан бөгөөд түүний нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатын **** дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаартай шийдвэрээр[15] нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаартай магадлалаар[16] тус шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, *********** дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ***, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн К.Э***********  холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч В.С*********** өмчлөх эрх үүсэх суурь болсон *********** дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ***, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн К.Э********* холбогдох хэсгийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.

12. Тиймээс хариуцагч хяналтын улсын байцаагчаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим”-ыг хэрэгжүүлж, 6131 дугаартай дүгнэлт гаргасныг буруутгах үндэслэлгүй.

13. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “... Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил өнгөрсөн тул захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэхгүй. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацаа, 124.1-д хуульд өөрөөр заагаагүй бол дараах хугацаа өнгөрсөн тохиолдолд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй гэж заасан ...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

14. Учир нь, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим ба захиргааны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны хугацаа нь агуулга болон харилцан хамаарлын хувьд ялгаатай.

15. Тодруулбал, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим нь “хугацаагүй үйлчлэх” зарчим бол захиргааны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацаа нь шүүхийн шийдвэрийг албадлагын журмаар гүйцэтгэх харилцаанд хамаарах юм.

16. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэр, магадлал, тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон бол заавал биелэгдэх нь хугацаагүй, харин шүүхийн шийдвэрийг албадлагын журмаар гүйцэтгэх ажиллагааг үүсгэх нь хугацаатай болно.

17. Маргаан бүхий энэ тохиолдолд, хариуцагч хяналтын улсын байцаагч нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын дагуу хуулийн хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтад тулгуурлан, түүнийг хэрэгжүүлэх байдлаар захиргааны акт гаргасан байх бөгөөд харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмаар шийдвэр гаргаагүй байна.

18. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “... маргаан бүхий дүгнэлтийг нэхэмжлэгчид мэдэгдэх үүрэгтэй байтал мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй ...” гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

19. Учир нь, нэхэмжлэгч В.С***********  нь маргаан бүхий дүгнэлтийг гаргахаас өмнө сонсох ажиллагаанд оролцож тайлбар өгсөн, энэ талаар маргаан бүхий дүгнэлтэд тэмдэглэгдсэн байх тул захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг нь эдлүүлсэн, маргаан бүхий дүгнэлт гарсныг нэхэмжлэгч мэдээд шүүхэд маргах эрхээ нэгэнт хэрэгжүүлсэн байх тул хариуцагчаас шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг хэрэгжүүлж гаргасан хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлтийг мэдэгдээгүй, гардуулаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

           20. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. . Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 18.7 дахь хэсэг, 18.7.1 дэх заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.С***********  гаргасан  “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А*********** 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 162 дахь тал

[2] 1Хх 164 дэх тал

[3] 1Хх 171, 179 дэх тал

[4] 1Хх 203 дахь тал

[5] 1Хх 205 дахь тал

[6] 1Хх 209 дэх тал

[7] 1Хх 184-190 дэх тал

[8] 1Хх 191-197 дахь тал

[9] 1Хх 222-229 дэх тал

[10] 1Хх 217-220 дахь тал

[11] 1Хх 230-231 дэх тал

[12] 1Хх 66-67 дахь тал

[13] 1Хх 68-69 дэх тал

[14] 1Хх 65, 70 дахь тал

[15] 1Хх 184-190 дэх тал

[16] 1Хх 191-197 дахь тал