Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/1121

 

 

 

 

 

   2022           11           22                                        2022/ДШМ/1121          

                                                                                                           

Л.Т-т холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Л.Т-, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/699 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Т-т холбогдох 2211000000922 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Л-ын Т-, Улаанбаатар хотод 1997 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, ах, эгч, дүү нарын хамт  амьдардаг, Чингэлтэй дүүргийн 0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар:0000 /

Шүүгдэгч Л.Т- нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны шөнийн 03 цагийн үед согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 0 орцны үүдэнд Н.Д-тай Л.Б, Б.А нарыг өмөөрч маргалдан зүүн чихний доод хэсэгт 2 удаа хутгалж, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангйин 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Л.Т-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 140 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 102,000,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан куртик, ханцуйтай бор цамц, цэнхэр даавуун өмд, гутал, оймс, жинсэн өмд, улаан дотуур хувцас, хар гялгар хүрэм, саарал цамц, цагаан пүүз 1 хос, хар фудболк зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар модон иштэй хутга, тамхины иш 2 ширхэг, “Arkhi” гэсэн бичигтэй 0.75 литрийн архины шил, хөх бөглөө 2 ширхэг, “Гоё” гэсэн бичигтэй хуванцар сав зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэг: ... шийтгэх тогтоолын хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт хэсэгт “...амь хохирогч Н.Д-тай хоорондоо маргалдах явцдаа хүний биед хутга мэс хүргэхэд биед нь гэмтэл учруулах, амь насыг нь хохироох боломжтой гэдгийг мэдсэн атлаа хоромхон зуур 2 удаа хохирогчийг хутгалах үйлдлээ хийж хохирогчийн амь насыг хохироох нөхцөл байдалд зориуд хүргэсэн санаатай гэмт үйлдэлд нь улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүрэн хангагдсан, хэргийг зөв зүйлчилсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзэв...” гэжээ.

Гэрч Б.Н, Э.Э, Г.З, Б.А, Л.Б нарын мэдүүлгээр хэрэг болсон өдөр яллагдагч Л.Т-, өөрийн эгч Л.Б нь хохирогч Н.Д-тай ахуйн хүрээнд муудалцсан явдалд өс хонзон санаж, урьдчилан төлөвлөж цайны газраас хутга авч гадаа тамхилж байсан хохирогчийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогддог. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгий аргаар бусдыг алах гэмт хэргийн зүйлчлэлийн талаар Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолд “Гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг” гэж тайлбарласан. Яллагдагч Л.Т- зэвсэг, зэвсгийн чанартай зүйл болох хутга урьдчилан бэлдэж, хохирогчийг олон нийтийн газар, онц харгис хэрцгий аргаар алахаар төлөвлөж энэ үйдлийн улмаас хохирогч зовж тарчлах үр дагаврыг хүсэж, эхнэрийнх нь дэргэд амь насыг хохироосон үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т- үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Л.Т-т шүүхээс оногдуулсан хорих ялыг хүндрүүлэх үндэслэлээр гомдол гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс шийтгэх тогтоолын 14 дэх талд “... тус хэргийн улмаас хүний амь нас хохирсон ба хүний амь насыг нөхөн төлнө гэсэн ойлголт байх боломжгүй тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч Л.Т- нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 19,867,100 төгрөгийг төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус хуульчилсан байхад шүүх хохирол, хор уршгийн талаар нэгтгэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хохирогчоос хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлж, баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч төлөөгүй байхыг хор уршиг арилаагүй гэж үзэхээр хуульд зохицуулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санаа, санхүү... гэх мэт хор уршиг насан туршид нь оршдог төдийгүй, хор уршгийн гэм хорын хохирлыг арилгуулах талаар иргэний хуулинд зохицуулсан байдаг. Шүүгдэгч Л.Т-аас гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хүний амь насыг нөхөн төлөх боломжгүй бөгөөд харин шууд учирсан хохирлыг төлөх гэсэн агуулгаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг тайлбарлавал хохирогчийн баримтаар нэхэмжилсэн шууд хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээж мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэн ял оногдуулах боломжтой. Иймд шүүгдэгч Л.Т-ын гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид хохирогчийн хор уршгийг арилгах талаар хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Л.Т-т хөнгөн ял оногдуулж өгнө үү”
гэв.

Шүүгдэгч Л.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс зүйлчлэлийг хүндрүүлж өгнө үү гэж байна. Хохирогч гүрээний судсаа хутгаар зүсүүлснээс болж хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдэх явцдаа нас барсан байдаг. Олон тооны шарх гэмтэл учруулсан, гэмтлийн улмаас хохирогч тарчилсан шинж байдал тогтоогдоогүй. Иймд хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн гомдлын хувьд шүүгдэгч хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Хүний амь нас хохирсныг нөхөн төлөх ойлголт байхгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд зүйлчлэл дээр маргаж оролцсон. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж маргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Л.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргээс үзэхэд шүүгдэгч Л.Т- нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны шөнийн 03 цагийн үед согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 0 орцны үүдэнд Л.Б, Б.А нарыг өмөөрч Н.Д-тай маргалдан зүүн чихний доод хэсэгт 2 удаа хутгалж гүрээний ерөнхий тараагуур, хураагуур судаснуудын зүүн салаа, зүүн тэнэгч мэдрэлийг гэмтээсний улмаас хохирогч хурц цус алдаж нас барсан болох нь:

гэрч М.А “... шөнө таксинд явж байтал Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “-”-ын автобусны буудлын ойролцоо нүүр, гар нь цус болсон эмэгтэй “Манай нөхөр хутгалуулчихлаа, туслаач” гэсэн. Би эмэгтэйн хамт очиход байрны гадна, шатан дээр цус алдсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Хажууд нь 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан. Би тэнд байсан нэг эрэгтэйн хамт өргөөд машиныхаа хойд суудал дээр суулгатал нэг цагдаа гүйж ирээд миний машиныг жолоодсон ...” /1-р хх 27/,

гэрч Б.Н-ын “... караокед Энхтөр бид хоёр ороод сууж байтал гаднаас Д, А, Б, Б-гийн төрсөн дүү гэх нэг залуу орж ирээд бид 6 0,75 литрийн архи уусан. 00 цаг өнгөрч байхад тэндээс гараад 0,75 литрийн архи аваад Б-гийн цайны газарт очиж уусан. Д, Б нар гар утасны тоглоомноос болж маргалдсан. Би А-тай хамт гадаа тамхи татаж байхад Д явлаа гээд гараад ирсэн. Араас нь Болороогийн дүү гарч ирээд Д-т хандаж “За хөгшөөн тайвшир” гэж хэлсэн. Эргээд цайны газар руу орсон. Дотор Б, Э нартай сууж байтал гаднаас А шагайгаад “Хутгатай байна шүү дээ” гэж орилсон. Бид гурав гүйгээд гартал Д- шатан дээр, хүзүүнээс нь цус гараад хэвтэж байсан... А “Хутгатай байна шүү дээ” гэж орилохдоо Б-ийн дүүгийн нэрийг хэлээд байсан. Д- амьсгаатай, нүд нь нээлттэй, бид нартай юу ч ярихгүй, их цус алдаж байсан. Таксины жолооч ирэх үед уруул хөхөрч ямар ч ухаангүй болсон...” /1-р хх 29-30/,

гэрч Э.Т-ын “...дэд ахлагч Б.С-ын хамт үүрэг гүйцэтгэж байхад 03 цаг 01 минутанд “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 19А байрны гадна гүрээний судсаа ханасан, цус алдаад” гэх утгатай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход орцны үүдэнд цайвар өнгийн - улсын дугаартай приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 хаалга нь онгорхой, тойроод 4, 5 хүн зогсож байсан. Тэнд байсан хүмүүс “Цус алдаад үхлээ, түргэн дуудаад удаж байна” гэсэн. Автомашины зүүн тал, орцны үүд хэсгээр маш их хэмжээний цус асгарсан байдалтай, тээврийн хэрэгслийн арын суудал дээр нэг эрэгтэй доош харсан хэвтэж байсан. Би эхнэрийг нь урд талд суулгаад, хамт явсан албан хаагчийг үлдсэн хүмүүсийг бүгдийг суулгаад араас дагаад яв гээд хөдөлсөн. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн боловч жижүүр эмч нас барсан байна гэж хэлсэн. Би эмнэлэгт очоод эхнэрээс нь асуухад “Т- зүссэн” гээд орилоод байсан...” /1-р хх 32/,

   гэрч Б.С-ын “...Дуудлагын дагуу очиход хохирогч их хэмжээний цус алдсан байдалтай, хамт байсан хүмүүс нь “Туслаарай, эмч дуудаарай” гээд орилж байсан. Төмөрбаатар ах талийгаачийн эхнэрийг суулгаад өөрөө машиныг нь бариад хэргийн газарт хамгийн ойр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв рүү явсан. Би араас нь Тэс-116 чиглэлийн тээврийн хэрэгслээр үлдсэн 5 иргэнийг аваад явсан. Эмч “Цус алдсан хүн нас барсан байна” гэж хэлсэн. “Т- хутгаар зүсчихлээ” гэж автомашин дотор сууж явсан залуу ярьж байсан...” /1-р хх 34/,

гэрч Э.Э-ийн “... Б, талийгаач хоёр маргалдаад, барьцалдаж авах гээд байсан. Тэр үед манай найз охин болон талийгаачийн эхнэр хоёр тамхи татахаар гарсан. Би Б-ийг салгаж, талийгаачаас холдуулсан. Тэгтэл талийгаач эхнэрийнхээ араас гарсан. Т- текний дэргэд нилээн согтсон байдалтай зогсож байсан. Би Б-ийг тайвшруулж, юм яриад сууж байхад манай найз охин гаднаас орж ирсэн. Удалгүй талийгаачийн эхнэр А “Т, Т- хутгатай байна” гээд орилоод ороод ирсэн. Би шууд зөрөөд гартал талийгаач шатан дээр дээшээ харсан, ойр орчим нь маш их хэмжээний цус болсон хэвтэж байсан...” /1-р хх 36-37/,

гэрч Б.А-ийн “... цайны газарт 00 цагийн үед бид 6 хамтдаа дэлгүүрээс авсан 0,75 литрийн архиа хувааж уусан. Д-, Б эгчтэй цахим орчиноос болж маргалдаад байхаар нь Н бид хоёр гарч тамхи татсан. Дотор Д-ын дуу нилээн чангаад маргалдаад байх шиг болохоор нь би эргээд ортол манай нөхөр, Д-, манай нагац эгч Б-той маргалдаад нэг нэгнээ дайраад, тэр хоёрын голоор Т-, Э нар орж болиулж байсан. Би Д-т “Хамт гарч тамхи татаад тайвширчих” гээд дагуулаад гарсан. Цайны газрын ард Д-, Н бид нар тамхи татаад зогсож байтал Т- ах гарч ирсэн. Би Н-ыг орсны дараа Д-т “Чи яагаад Б эгчийг янхан гэж доромжилж байгаа юм бэ” гэхэд “Танайхан угаасаа ийм, танай Б эгч чинь янхан шүү дээ” гэж хэлээд миний цээж рүү түлхэхэд би арагшаа ухарсан. Д- дахиад над руу ойртоод ирэхээр нь би “Чи зүгээр цаашаа зайл” гэж хэлтэл хажууд зогсож байсан Т- ах бидний голоор ороод Д-ыг цайны газрын шат хэсэг рүү түлхээд “... минь чи ер нь юу гээд байгаа юм” гэсэн. Би араас нь хараад зогсож байхад Т-, Д-ын урд талаас нь баруун, зүүн гараараа тус бүр 1 удаа ээлжлэн хүзүүн тус газар нь дээрээс доош савж цохиход Д- ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй “Яаж байна ...” гэж хэлээд гараа алдлан цайны газрын шатан дээр дээш хараад унасан. Би гүйж очоод Т- ахыг араас нь татаад болиулахад баруун гартаа хутга барьсан, гар нь цус болсон байсан...” /1-р хх 39-40/,

гэрч Л.Б-ийн “... би Д-тай жижиг зүйлээс болж согтуудаа маргалдсан. А, Д-ыг аваад гарсан. Араас нь Т- гарсан. А гаднаас “Д- цус алдаад байна, Тоокоо ах хутгалчихлаа шүү дээ” гэхээр нь Э, Н бид гурав гараад очтол Д- манай цайны газрын орцны шатан дээр зүүн талын чихнээс нь цус гараад хэвтэж байсан ...” /1-р хх 42-43/,

гэрч Б.Б-ийн “... Эмнэлэг дээр жижүүр эмчээр ажиллаж байсан. 03 цаг 15 минутанд гаднаас тэргэнцэртэй, бүх бие, хувцас нь цус болсон хүнийг эргүүлийн цагдаа, сувилагчийн хамт түрсээр орж ирсэн. Үзлэгийн орон дээр шилжүүлээд үзэхэд амьсгал, зүрх судас бүрэн зогссон, нас барчихсан байсан. Талийгаачийн зүүн чихнээс цус гараад нөж болсон байсан...” /1-р хх 46/,

гэрч Г.З-гийн “... Т- шөнө залгаад, уйлаад “З эгчээ би хүн алчих шиг боллоо, хүн хутгалчихлаа” гэсэн. Би “Эгчдээ үнэнээ хэл, түргэн дуудсан уу, яасан” гэхэд “Д, Б аниатай хэрэлдээд, хараагаад, доромжлоод бас З-г зодохоор нь би ийм юм хийчих шиг боллоо” гээд уйлаад байсан...” /1-р хх 48/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Н.Д-т хүзүүний зүүн хажуу хэсэгт нэвтэрч арьс, хүзүүний урт булчин, гүрээний ерөнхий тараагуур судасны зүүн салаа, гүрээний ерөнхий хураагуур судасны зүүн салаа, зүүн тэнэгч мэдрэлийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх... бүхий гэмтэл хурц иртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн ба талийгаач энэхүү хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж цус алдалтын шоконд орж нас барсан болохыг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн 1195 тоот дүгнэлт /1-р хх 91-96/,

Шүүгдэгч Л.Т- нь хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 513 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх 86-87/,

Биологийн шинжилгээний 3527, 3526 тоот, шүүх эд судлалын шинжилгээний 1195 тоот дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2309, 2372, 5911, 2340 тоот дүгнэлтүүд /1-р хх116-119, 137-138, 168-169, 180-181/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 4-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 18-22/, шүүгдэгч Л.Т-ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Л.Т- нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн хүзүүний зүүн хажуу хэсэгт буюу амин газарт хоёр удаа хутгалсан нь тэрээр үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн шинжийг тодорхойлж байх ба энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн гүрээний хураагуур, тараагуур судас, зүүн тэнэгч мэдрэл гэмтэж хоромхон зуурт хурц цус алдаж, цус алдалтын шокоор нас барсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг агшин зуурт үргэлжлэн дууссан, хохирогчийн амин чухал газарт гэмтэл учруулсны улмаас эрхтэн тогтолцооны хямралд орж нас барсан, шүүгдэгчийн үйлдэл онц харгис шинжийг агуулаагүй, гэмт хэрэг үйлдэхдээ хутга ашигласан нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй.

Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэрэг үйлдэх санаа зорилго хэдийд үүссэнээс шалтгаалан гэнэт үүссэн санаа, урьдаас төлөвлөсөн санаа гэж ангилан үздэг бөгөөд энэ шалгуур нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн байдалд дүгнэлт хийх, зүйлчлэлийг зөв тогтооход ач холбогдолтой. Гэнэт үүссэн санаа нь гэмт хэрэг үйлдэгдэх урьдчилсан нөхцөл байдлуудаас үүсч, тэр даруй хэрэгждэг онцлогтой бол урьдаас төлөвлөсөн санаа нь гэмт хэргийг хэзээ, хаана, хэрхэн үйлдэх, ямар хүч, хэрэгсэл ашиглахаа бодож боловсруулсан байдгаараа ялгаатай. Гэнэт үүссэн санаа нь ямар нөхцөл байдал хэрхэн бий болсноос шалтгаалан зарим тохиолдолд гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болдог бол урьдаас төлөвлөсөн гэмт санаа нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй онцлогтой.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Гантулгын “... хутга урьдчилан бэлдэж, хохирогчийг олон нийтийн газар, онц харгис хэрцгий аргаар алахаар төлөвлөж, энэ үйдлийн улмаас хохирогч зовж тарчлах үр дагаврыг хүсэж, эхнэрийнх нь дэргэд амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн хор аюул зэргийг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболдын давж заалдсан гомдыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа, талийгаачийн нутаглуулах зан үйлтэй холбогдож гарсан зардлуудыг төлж барагдуулсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авч анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг 10 жил болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Т-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 78 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/699 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Л.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Шүүгдэгч Л.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т- нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ       

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН