Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0633

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “*************” ХХК /РД:*************/                   

Хариуцагч: ************* ************* *************

Хариуцагч: “П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгт 2024 онд хэрэглэгдэх эм, оношлуур эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах ажиллагаа”-ны тендер шалгаруулалтын үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “*************” ХХК /РД: *************/ нарын хооронд үүссэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, тэмдэглэлийн хэсгийг хүчингүй болгуулах, хуулийн шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох, дахин үнэлгээ хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах, тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж, дахин тендер явуулахыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч**********, Ч.У**********, Б.Б**********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н**********, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э**********, гэрч Т.О********** /цахимаар/ нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

Гомдол гаргагч “**********” ХХК-аас тус шүүхэд хандан дараах гомдлын шаардлагыг[1] гаргаж маргасан. Үүнд:

1.1. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Nº04-21 тоот Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл/дүгнэлтээс "**********" ХХК-ийн тендерийн материалыг хянаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах;

1.2. "**********" XXK-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (2005 он) 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох;

1.3. "**********" ХХК-ийн тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах;

1.4. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04-21 тоот үнэлгээний хорооны тэмдэглэл/дүгнэлтээр "**********" ХХК-ийг "хамгийн сайн" тендер ирүүлсэн гэж дүгнэн шалгаруулсныг буюу ШИЙДВЭРЛЭСЭН НЬ хэсгийг хүчингүй болгуулах;

1.5. "Төрийн худалдан авах ажиллагааны газар"-ын ПНШНУГТЭ/20240102001-21 багцын дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гомдол гаргагч “**********" ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарласан ПНШНУГТЭ/20240102001 тендер шалгаруулалтын дугаартай «П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэгт 2024 онд хэрэглэгдэх эм, оношлуур эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах" ажиллагааны "Багц-21) - Хоол боловсруулах систем нөлөөлөх эмүүд" тендерт оролцсон.

2.2. "**********" ХХК нь тус тендерийн баримт бичигт заасан тодорхой нэр төрлийн эмүүдийг нийлүүлэхээр санал болгосны дотроос FT20190327A006884 эмийн бүртгэлийн дугаартай 15 мл-ийн хэмжээтэй савлагдсан 10 г-ийн тунтай "Лактулоза" эмийг санал болгожээ.

2.3. Тендерийн үнэлгээний хороо 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдан шийдвэр гаргаж[2], Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалтад заасны дагуу чанар ба үнэлгээний харьцуулалтаар “**********” ХХК – 75 оноогоор “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарч, зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

2.4. Улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А-1/934 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг гомдол гаргагч компанид хүргүүлсэн байна.[3]

2.5.  Тус мэдэгдлийн эсрэг “**********” ХХК нь Сангийн яаманд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гомдол[4] гаргасныг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хянаж, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03/1346 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр хариу өгчээ.[5]

2.6. Тус албан бичгийн агуулгаас үзвэл, “...********** ХХК-ийн гомдолд санал болгосон эмийн тун хэмжээ нь техникийн тодорхойлолтод “60 мл” гэж зааснаас зөрүүтэй гэж тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хянан үзэхийг хүссэн байна... ********** ХХК-ийн тендерт санал болгосон “Лактулоза” эмийн тун хэмжээ 10 г /15мл/ гэсэн нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “...тун хэмжээ 60 мл” гэсэн шаардлага хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна...” гэжээ.

2.7. Гомдол гаргагчийн зүгээс “...манай компанийн тендерийг үнэлэхдээ "Лактулоза" эмийн нийлүүлэх тун хэмжээ зөрүүтэй гэж дүгнэн, татгалзсан нь үндэслэлгүй байна. Учир нь эмийн тун болон хэмжээ гэх нэр томьёо нь утга агуулгын хувьд ч мөн хэрэглэгчид үйлчлэх үх нөлөөллийн хувьд ч өөр өөр байдаг. Тодруулбал эмийн тун гэж хэмжээ нь тухайн стандарт тунг агуулсан эм хэр их эсхүл хэдий тоогоор байгааг илтгэх үзүүлэлт юм. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн (2010 он) 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "эм" гэж "...зохих тун, хэмжээгээр хэрэглэдэг бэлдмэлийг”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтад "тун, хэмжээ, тоо ширхэг" зэргээр зааж, тун болон хэмжээ, тоо ширхэг гэх нэр томьёог ялгаатай утгаар хэрэглэж байна. Монгол улсын хүний эмийн бүртгэлд "Лактулоза" эмийн тун нь 5 мл тутамд 3,335г байхаар заагдсан ба манай компаниас нийлүүлэхээр санал болгож байгаа FT20190327A006884 бүртгэлийн дугаартай "Лактулоза Лайнко" эм нь 15мл-ийн хэмжээтэй 10г-ийн тунтай буюу 5 мл тутамд 3,335г тунтай эм юм. Энэ нь ПНШНУГТЭ/20240102001-21 багцын дугаартай "Хоол боловсруулах системд нөлөөлөх эмүүд" тендерт оролцож шалгарсан "**********" ХХК-ийн нийлүүлэх "Лактулоза" эмтэй яг ижил 5 мл тутамд 3,335г-ийн тунтайг илтгэнэ. Харин Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн техникийн тодорхойлолтод "Лактулоза" эмийн тун 60 мл гэж тодорхойлсон нь зөвхөн савлагааны хэмжээг илэрхийлж байх ба манай компанийн зүгээс захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцүүлэн “Лактулоза лайнко” эмээс 4 ширхгийг нийлүүлэхээр тооцоолж "Барааны үнийн задаргаа" хэсэгт 60мл (буюу 15мл х 4) гэж илгээсэн байхад үнэлгээний хорооноос үүнийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан нь хууль бус байна...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.8. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Тендерийн үнэлгээний хорооны зүгээс “...Бид Улсын 3 дугаар төв эмнэлгээс батлагдаж ирсэн техникийн тодорхойлолтын хүрээнд тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. Техникийн тодорхойлолт савлалтын хэмжээ 60 мл байсан. Өөрөөр хэлбэл, эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн нэг эмийг 4 удаа задлаад уух уу, аль эсхүл 1 удаа задлаад уух уу гэдэг энгийн ойлголт гэсэн үг. Нийлүүлэлтийн хуваариас харахад нийлүүлэлтийн хуваариас 4 дахин бага ирээд байна. Ирүүлсэн тендерийг нь харахад бусад багцуудынхаа нийлүүлэлтийн хуваарьтай адил ирүүлсэн байсан. Энэ талаар тухайлсан тайлбар хэлээгүй. Шүүх хуралдааны үеэр хэлсэн “бид нар дүйцүүлээд өгнө” гэдэг тайлбараа нийлүүлэлтийн хуваарьт тодорхой бичиж ирүүлээгүй. Санал болгосон эмийнх нь техникийн тодорхойлолтыг харахад 15 мл эмд 10 гр ашигтай тун агуулагддаг тун хэмжээтэй эмийг 480 ширхгийг санал болгосон байсан. Өөрөөр хэлбэл 4 дахин бага тоо, хэмжээтэй эм санал болгож байна гэсэн үг...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.9. Гуравдагч этгээд “**********” ХХК-ийн зүгээс “... Манай компанийн санал болгосон Опилакс /Лактулоза/ 60 мл-ээр савлагдсан сироп учир тендерийн техникийн тодорхойлолтод тавигдсан “60 мл” гэсэн шаардлагыг бүрэн хангаж байна. Харин ********** ХХК-ийн санал болгосон Лактулоза-Лайнко эм нь 15 мл-ээр буюу техникийн тодорхойлолтод заасан “60 мл” гэсэн шаардлагаас зөрүүтэй багаар савлагаатай болохоор өвчтөн 1 дор 2-4 пакетийг нийлүүлж уухаар байгаа нь өвчтөнд хэрэглэхэд тохиромжгүй, хүндрэлтэй байдлыг үүсгэхээр байна...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна. “**********” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаар эмнэлэгт 2024 онд хэрэглэгдэх эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах тендерийн 21 дүгээр багц буюу “Хоол боловсруулах эрхтэн системд нөлөөлөх эмүүд” тендерт оролцсон боловч үнэлгээний хорооны зүгээс тун хэмжээ зөрүүтэй гэж дүгнээд манай компанийн хүргүүлсэн тендерээс татгалзсан. Үүнийг эсэргүүцэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна. 1 дүгээрт 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04-21 тоот үнэлгээний хорооны дүгнэлтээс “**********” ХХК-ийн тендерийн материалыг хянан шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, 2 дугаарт манай компанийн хүргүүлсэн тендерийг 2005 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох, 3 дугаарт мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах, 4 дүгээрт Тендерийн үнэлгээний хорооны хурлын дүгнэлтийг шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, 5 дугаарт Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан ПНШНУГТЭ/20240104001/21 багцын дугаартай тендер сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүйд тооцуулан дахин тендер сонгон шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах гэсэн 5 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлая. Үнэлгээний хорооны дүгнэлтээс манай компанийн тендерийн материалыг хянаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд, Тендерийн үнэлгээний хороо 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдан шийдвэр гаргахдаа манай компанийн нийлүүлэх Лактулоза эмийн тун хэмжээг зөрүүтэй гэж татгалзсан бөгөөд шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа “**********” ХХК-д 7200 мл хэмжээтэй Лактулоза эм нийлүүлэхээр санал болгосон нь захиалагчийн баталсан техникийн тодорхойлолтод заасан 28,800 мл хэмжээнд хүрээгүй тул хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтад заасны дагуу техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан. Мөн хариу тайлбартаа “**********” ХХК-ийн санал болгосон Лактулоза эм нь лайсмед цахим системээс шалгахад 10 гр тунтай, 15 мг савлалтын хэмжээтэй байсан. “**********” ХХК нь 15 мг савлагаатай, 10 гр тунтай, 480 ширхэг фалкон буюу нийт 7200 мл Лактулоза эм нийлүүлэхээр санал болгосон гэсэн байна. Үнийг дүгнэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан өрсөлдөөнийг тэгш байлгах, хариуцлагатай байх зарчмыг үнэлгээний хорооноос баримтлаагүй байна гэж үзэх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа юм. Тодруулбал нийт дүнгээрээ захиалагч 28,800 мл Лактулоза эм шаардлагатай гэж үзээд тендерийн баримт бичгийг боловсруулсан бөгөөд ингэхдээ савлалтын хэмжээг 60 мл байхаар тусгасан. Харин Лактулоза эмийн тунгийн хэмжээг тендерийн баримт бичигт заагаагүй. Учир нь Лактулоза эмийн тун нь Монгол Улсын хүний эмийн бүртгэлд 5 мг тутамдаа 3.335 гр байхаар заагдсан. Энэ талаар нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй дурдсан. Энэхүү тендерт шалгарсан “**********” ХХК-ийн нийлүүлэх Лактулозаэм болон “**********” ХХК-ийн нийлүүлэхээр санал болгосон Лактулозаэм адилхан 5 мг тутамдаа 3.335 гр тунтай. Дахин хэлэхэд захиалагчаас 28,800 мл хэмжээтэй Лактулозаэмийг авахаар тендерийн баримт бичгийг боловсруулсан бөгөөд “**********” ХХК-ийн зүгээс тендерийн баримт бичигт заасны дагуу нэгж бүрд 15 мл савлагаатай Лактулоза лайнко эм 4 ширхэг буюу 60 мл, нийт 480 ширхэг фалкон Лактулоза эмийг нийлүүлэхээр тендерийн барааны үнийн задаргаа хэсэгт тодорхойлон хүргүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл захиалагчид шаардлагатай 28,800 мл Лактулозаэмийг тодорхойлсон бараа нийлүүлэлтийн хуваарьт нийцүүлэн нийлүүлэхээ мэдэгдэж тендерийн материалаа хүргүүлсэн. Гэтэл үнэлгээний хорооноос 10 гр Лактулозаэмийг 28,880 ширхэг өгнө гэж бичээгүй байна, тоо хэмжээ дутуу гэж үзэж байна, 60 мл Лактулозаэм авахаар заасан байхад 10 гр тунтайг санал болгоод, 6 ширхэг 10 мл Лактулозатай өгөх эсэх нь тодорхойгүй байгаа тул тун хэмжээ зөрүүтэй байна гэж дүгнээд эмийн тун хэмжээ, тоо ширхгийн талаар алдаатай ойлгон хэрэглэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэсэн, түүний шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. “**********” ХХК-ийн нийлүүлэхээр санал болгож байгаа Лактулоза лайнко эм нь нэг пакет бүрдээ 15 мл хэмжээтэй байгаа ба үүнд агуулагдах тун нь 10 гр юм. 15 мл хэмжээтэй тул манай компаниас тендерийн баримт бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасны дагуу захиалагчийн хүсэж байгаа 60 мл хэмжээнд нь дүйцүүлээд нийлүүлэхээр тендерийн материалаараа санал болгосон. Үүнийг тендерт шалгарсан “**********” ХХК-ийн зүгээс ойлгоод хариу тайлбартаа манайхаас дөрвийг нийлүүлэхээр санал болгосон талаар хариу тайлбар ирүүлсэн байна. Зөвхөн савлалтын хувьд өөр болохоос биш манай компани Лактулоза эмийг захиалагчийн шаардлагатай хэмжээнээс дутуу нийлүүлэхээр санал болгосон зүйл огт байхгүй юм. Иймд Үнэлгээний хороо “**********” ХХК-ийн тендерийг үнэлэхдээ буруу, үндэслэлгүйгээр дүгнэсэн байх тул Үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04-21 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, “**********” ХХК-ийн захиалагчид хүргүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн тендер гэж тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1-д заасны дагуу  манай ирүүлсэн тендерт үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах нь үндэслэлтэй юм. Дээр дурдсаны дагуу манай компанийн тендерийг Үнэлгээний хорооноос үнэлсэн тохиолдолд тендер шалгаруулалтын үр дүн өөрчлөгдөх боломжтой байна. Учир нь манай компанийн санал болгож байгаа 15 мг савлагаатай Лактулозаэм нь Испани улсад үйлдвэрлэсэн, эмийн хатуу зохицуулалттай улсад бүртгэгдсэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа бөгөөд 15 мл хэмжээтэй савлагдсан нь эмчилгээний явцад сироп хэлбэртэй эмийн шилэн савандаа үлдэх, хорогдол зэргээс сэргийлэх чанар, үнэлгээний давуу талтай бүтээгдэхүүн гэж бид үзэж байна. Үнийн хувьд ч захиалагчийн шаардлагад нийцүүлээд, “**********” ХХК-аас илүү хямд үнийг санал болгосон. Лактулоза эмийн хувьд 2,284,800 төгрөгөөр нийлүүлэхээр санал болгосон бол “**********” ХХК 4,000,000 төгрөгөөр нийлүүлэхээр санал болгосон. Багцын нийт дүнгээрээ ч мөн адил манайх илүү хямд буюу манай компани нь 160,326,000 төгрөгийн үнийн саналыг хүргүүлсэн. “**********” ХХК 162,426,000 төгрөгийн үнийн саналыг хүргүүлсэн. Иймд Үнэлгээний хорооны хурлын дүгнэлтээр “**********” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, Төрийн худалдан авах ажиллагааны газарт дахин тендер явуулахыг даалгах нь бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээний хорооны хуралдааны хурлын тэмдэглэлээс үзэхэд хамгийн бага үнийн санал өгсөн буюу “**********” ХХК үнэлгээний томьёоны дагуу үнэлж үзэхэд хамгийн өндөр оноог авч шалгараад байгаа юм. Гэвч манайх хамгийн бага үнийн саналыг өгсөн. Тэгэхээр дахин тендер сонгон шалгаруулалт явуулсан тохиолдолд сайнаар үнэлэгдэх боломжтой гэж үзэж байна.

“**********” ХХК-аас ирүүлсэн хариу тайлбартай холбоотой тайлбар хэлэхэд, Тус компанийн импортлон оруулж ирдэг Опилакс гэх худалдааны нэртэй Лактулозаэмийн түүхий эдийг Австри улсаас авдаг гэж тус компанийн зүгээс тайлбарладаг. Гэхдээ лайсмед цахим системээс харахад Индонез улсад бүртгэлтэй байсан. Мөн тус эмийн түүхий эдийг Австри улсаас авдгийг нотлох ямар нэг баримт байхгүй. Нотлох боломжгүй мэдээллийг хариу тайлбартаа бичсэн байна гэж үзсэн. “**********” ХХК-ийн зүгээс манай компанийн санал болгож байгаа Лактулоза лайнко эм нь 15 мг хэмжээтэй байгаа нь тендерийн баримт бичигт заасан 60 мл гэсэн шаардлагаас зөрүүтэй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Манай компани үнийн саналаа хүргүүлэхдээ Лактулоза лайнко эмийг захиалагчийн баталсан 60 мл хэмжээнд дүйцүүлж нийлүүлэхээр тендерийн материалаа хүргүүлсэн бөгөөд эмийг хэрэглэх өвчтөн шаардлагатай тохиолдолд 2-3 эсхүл 2-4 пакетыг нэг дор хэрэглэх нь ямар нэг байдлаар уг эмийн чанар алдагдах, тун дутах зэргээр сөрөг нөлөө байхгүй. Мөн “**********” ХХК-ийн зүгээс “**********” ХХК-ийг ижил төсөөтэй бараа нийлүүлсэн туршлагад тавьсан шаардлага хангаагүй байна гэж хариу тайлбартаа ирүүлсэн байсан. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс манай компанийг үнэлсэн хэсгийг харвал “ижил төсөөтэй бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлцсэн акт, захиалагчийн тодорхойлолтоо ирүүлсэн байна, ижил төсөөтэй гэрээний туршлагууд нь шаардлага хангаж байна, маягтын дагуу нийлүүлсэн туршлага, үнийн дүнг ирүүлсэн бөгөөд гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолтууд нь тендерийн баримт бичигт заасан хэмжээнд хүрч байна” гэж дүгнэсэн байна. Иймд “**********” ХХК-ийн хариу тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

3.2. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “4 ширхэг нь “**********” ХХК-ийн санал болгосон Лактулозаэмтэй  тунгаараа тэнцэнэ гэж нэхэмжлэлдээ бичсэн байсан. Нийлүүлэлтийн хуваарьт захиалагч нийтдээ 60 мл савлагаатай 480 ширхэг Лактулозаэм авахаар тусгасан. “**********” ХХК нийлүүлэлтийн хуваариа 480 ширхгээр ирүүлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ эмийг санал болгож байгаа тохиолдолд нийлүүлэлтийн хуваарь дээрээ 4 дахин их эм ирүүлэх шаардлагатай гэсэн үг. Захиалагч буюу Улсын 3 дугаар төв эмнэлэг эмчилгээнийхээ практикт үндэслээд худалдаж авах эмийнхээ савлалтын хэмжээг тогтоодог байх. Бид Улсын 3 дугаар төв эмнэлгээс батлагдаж ирсэн техникийн тодорхойлолтын хүрээнд тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. Техникийн тодорхойлолт савлалтын хэмжээ 60 мл байсан. Өөрөөр хэлбэл, эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн нэг эмийг 4 удаа задлаад уух уу, аль эсхүл 1 удаа задлаад уух уу гэдэг энгийн ойлголт гэсэн үг. Нийлүүлэлтийн хуваариас харахад нийлүүлэлтийн хуваариас 4 дахин бага ирээд байна. Ирүүлсэн тендерийг нь харахад бусад багцуудынхаа нийлүүлэлтийн хуваарьтай адил ирүүлсэн байсан. Энэ талаар тухайлсан тайлбар хэлээгүй. Шүүх хуралдааны үеэр хэлсэн “бид нар дүйцүүлээд өгнө” гэдэг тайлбараа нийлүүлэлтийн хуваарьт тодорхой бичиж ирүүлээгүй. Санал болгосон эмийнх нь техникийн тодорхойлолтыг харахад 15 мл эмэнд 10 гр ашигтай тун агуулагддаг тун хэмжээтэй эмийг 480 ширхгийг санал болгосон байсан. Өөрөөр хэлбэл 4 дахин бага тоо, хэмжээтэй эм санал болгож байна гэсэн үг. Үүнийг нэхэмжлэгч тал өөрсдөө мэдэж байгаа. Уг тендер шалгаруулалтад хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллага буюу Сангийн яаманд “**********” ХХК гомдол гаргасан. Сангийн яамнаас уг гомдлыг хянан үзээд үндэслэлгүй байна гэж шийдвэр гаргасан. Үнэлгээний хороо болон Төрийн худалдан авах ажиллагааны газар хууль зөрчсөн, ямар нэг ойлголтын зөрүүтэй шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Худалдан авах ажиллагаа үндсэндээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль, журамд нийцэж байх ёстойгоос гадна үндсэн зарчим бас байгаа. Төр худалдан авалт хийж байгаа учраас хуулиар зохицуулж байгаа шүү дээ. Зарчмын хувьд захиалагчийн хүссэн тун хэмжээгээр савласан бүтээгдэхүүн лангуун дээр байвал тэр бүтээгдэхүүнийг авах уу, эсхүл 4 ширхгийг аваад дүйцүүлээд хэрэглэх үү гэдэг сонголтыг хийж байна гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал 4 ширхгийг өгнө гэдэг нь баримтаар 100 хувь батлагдаагүй сонголт дундаас шийдвэр гаргасан гэсэн үг. Үнэлгээний хороо болон захиалагчийн гаргасан шийдвэр хуульд бүрэн нийцэж байна. Техникийн тодорхойлолттой холбоотой заалтууд дээр ашиглах зохицуулалт байхгүй. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар барааны тэмдэг, нэр, хэлбэр, маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэж буй үйлдвэрлэгчийг тухайлан заасан тохиолдолд дүйцэхүйц гэдгийг тодорхойлно гэсэн үг. Энэ бол зөвхөн тун хэмжээ зааж байгаа учраас дүйцэхүйц гэж заах нөхцөл үүсээгүй гэсэн үг. Өнөөдөр гаргаж өгсөн лайсмед сайтын баримт дээр баганад тун хэмжээ гээд биччихсэн байдаг. Лайсмед сайтад бүртгэлийн дугаар, худалдааны нэршил, олон улсын нэршил, тун хэмжээ зэргийн мэдээлэл байдаг. Бид энэ нэршлийг нь ашигладаг.” гэв.

3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**********” ХХК-ийн нэхэмжлэлийн хүрээнд албан бичгээр тайлбараа хүргүүлсэн учраас товч тайлбарлая. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Австри улсынх гэдгийг нотлох боломжгүй гэж байна. Анх бүртгэхдээ тухайн улсын түүхий эдийг хаанаас авч, аль компани үйлдвэрлэдэг вэ гэдгийг бүртгэдэг. Импортолж байгаа улсаар нь Индонез улсынх гэж байгаа юм. Лайсмед системээс тухайн эмийн түүхий эд аль улсынх вэ, аль нь лиценз эзэмшигч вэ гэдгийг харах боломжгүй. Энэ талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын бүртгэлийн мэргэжилтэн болон албанаас нь тодруулаад өгч болно. Эмийн тунгийн талаар хэлэхэд, 4 ширхгийг нэг дор уух биш тухайн эмийг 10 гр, 5 гр хэмжээтэй уухаар хүүхдэд жор бичиж өгдөг. Хэрвээ 10 гр, 20 гр хэмжээтэйгээр уух тохиолдолд тус эмийн тун хэмжээг хэрхэн тааруулж уух талаар тайлбартаа тодорхой бичсэн.  Ижил төстэй эм, бараа нийлүүлсэн туршлагатай холбоотой тайлбарлахад, тухайн Лактулоза лайнко эм нь 2019 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан. Тендерийн бичиг баримтад сүүлийн 3 жилийн ижил төстэй эмийг нийлүүлсэн туршлага гэсэн заалт байсан. Энд 2020, 2021, 2022 онуудад Лактулоза лайнко эмийг эмнэлэгт нийлүүлсэн, ижил төстэй бараа нийлүүлсэн нь харагдахгүй байсан. Мөн тус эм нь нийт багцын үнийн саналын 1.4 хувийг эзэлж байгаа. Ганц энэ эмээс гадна бусад эмүүдээ харж Үнэлгээний хороо тайлбараа хэлсэн байх гэж бодож байна. Тиймээс “**********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

3.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн 1-р шаардлага “2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04/21 тоот үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс “**********” ХХК-ийн шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулъя” гэж байна. Хүчингүй болгох үндэслэлгүй гэж гуравдагч этгээдийн талаас үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд тендерийг хянан үзэх тухай зохицуулалт байдаг. 27 дугаар зүйлд заасан нөхцөлүүдийг нэгэн зэрэг хангасан байж шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. Үнэлэх тухай мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан байгаа. “Захиалагч 60 мл хэмжээтэйг техникийн бичиг баримтдаа тодорхойлж өгсөн. Манайх 15 мл хэмжээтэйг санал болгосон,  гэхдээ бид үржүүлнэ гэж бодсон. Гэвч бид техникийн тодорхойлолтын талаар захиалагчид ямар нэгэн асуулт, асуулга тавиагүй, энэ талаар гомдол, санал гаргаагүй. Дүйцүүлж өгнө, 4-ийг үржүүлж өгнө гэдэг тайлбарыг хийгээгүй” гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Техникийн бичиг баримтад ирүүлсэн “**********” ХХК-ийн саналд ч энэ талаарх тайлбар байхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, үнэлгээний хорооны болон хариуцагчийн тайлбар зэргээр нэхэмжлэлийн 1 дэх шаардлага үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагаар “**********” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох гэж байна. Техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг нэгэн зэрэг хангах шаардлагыг хангаагүй тохиолдолд шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Энэ нь талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн 2 дахь шаардлага хангагдах боломжгүй, үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагаар /тендерийн хууль гээд товчлоод ярьчихъя/ Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу “**********” ХХК-ийн тендерт үнэлгээ хийхийг Тендерийн хороонд даалгах гэж байна. Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлд “нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж байна. Нэгэнт тус хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэдэг нь нотлогдож байгаа учраас “шаардлага хангасан тендер гэж үзэж үнэлгээ хийхийг үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагаар “**********” ХХК-ийн тендерийг үнэлсэн Үнэлгээний хорооны шалгаруулалтыг хүчингүй болгуулъя гэсэн байна. Энэ нь нэхэмжлэлийн 2, 3 дахь шаардлагатай уялдаж байна. Нэгэнт үнэлгээний хороо хянаж үзээд шаардлагад нийцэхгүй гэдэг дүгнэлтийг гаргачихсан. Тэгэхээр дараагийн үе шат буюу үнэлэх үйл ажиллагаа явагдахгүй гэсэн үг. “**********” ХХК-ийн тендерийг үнэлэх ажиллагаа явагдахгүй учраас Тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийх ямар ч боломжгүй. Дээрх 3 нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тохиолдолд “**********” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. “**********” ХХК  захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад бүрэн нийцсэн тендерийг ирүүлсэн учраас хянаж үзээд үнэлгээ хийгээд шалгаруулсан. Түүнчлэн тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах ба чанар үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо авсан тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасан  байна. Тэгэхээр “чанар” эм, эмнэлгийн хэрэгсэл дээр зайлшгүй шаардлагатай гэдэг нь тогтоогдож байгаа юм. “**********” ХХК-ийн ижил төстэй гэрээний нийлүүлэлтийг харуулсан 3 жилийн туршлага, хавтаст хэрэгт авагдсан си ди бичлэгээр “**********” ХХК 2021, 2022, 2023 онуудын бүх нийлүүлэлтийн гэрээнүүдийг өгсөн байна. Энэ бүх гэрээнүүдээр нийлүүлж байсан Лактулоза эм нь ямар нэг сөрөг үр дагавар болон эмчилгээний идэвхгүй, чанаргүй гэсэн гомдлыг өвчтөнүүдээс, эмнэлгийн зүгээс гаргаж байгаагүй. Гэрээний үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэсэн үнэлгээнүүдтэй байгаа. Тийм учраас тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан чанарын шаардлагыг хангасан Лактулозаэмийг “**********” ХХК  санал болгосон байна. Тиймээс хамгийн сайн гэж үнэлэгдэх нэг шалгуурыг хангасан гэж үзэж байна. Нөгөөтээгүүр үнийн хувьд хоёрхон сая төгрөгийн зөрүүтэй байна. Нийт дээд үнэлгээ нь 169,000,000 төгрөг байсан. “**********” ХХК 162,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн. Энэ нь нэхэмжлэгч компанийн үнийн саналаас 2,000,000 төгрөгийн зөрүүтэй. Гэхдээ өвчтөний эмийг хэрэглэх хэмжээ, эмчийн бичиж өгөх жор, зааварт заасан тун хэмжээгээр хэрэглэх боломжтой буюу дотроо хэмжигч халбагатай эм. 15 мл хэмжээтэй эмийг 20 мл хэмжээтэйгээр уух тохиолдолд хэрхэн уух талаар асуухад нэхэмжлэгч тал хариулж чадаагүй. Энэ нь боломжгүй шүү дээ. 20 мл эм уух тохиолдолд 15 мл хэмжээтэй эмээ задлаад түүнээсээ дахин нэгийг задалж 5 мл-ийг хэрхэн хэмжиж авч уух вэ. Гэрч хэлэхдээ “60 мл хэмжээтэй, хэмжих халбагатай эмийг илүү гэж үзэж байсан” гэсэн. Энэ утгаараа өвчтөнд хэрэглэхэд хялбар бөгөөд эмчийн бичиж өгсөн тун хэмжээгээр хэрэглэхэд тохиромжтой, ямар нэг хүндрэл үүсэхээргүй байгаа учраас Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д заасан чанарын шаардлагыг хангаж байна гэж үзэж шалгаруулсан байна. Тиймээс “**********” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн 5 дахь шаардлагаар дахин сонгон шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах гэж байна. Тендер шалгаруулалт бол 2 дугаар сард явагдаж дууссан. Тендерийн гэрээг 03 дугаар сарын 12-ны өдөр “**********” ХХК, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй байгуулаад, өнөөдрийн байдлаар нийт багцын 69 хувийн гүйцэтгэл хийгдчихсэн. Лактулоза эмийг 180 одоо флаконыг нийлүүлчихсэн, 1,800,000 төгрөгийн нийлүүлэлт хийсэн байдалтай байна. Хэрвээ тендер хүчингүй болбол гарах үр дагаврыг бид хэнээс, хаанаас яаж нэхэмжлэх вэ? Хэрэглэчихсэн байгаа эмээ захиалагч манайд буцаагаад өгч чадах уу. Тендер сонгон шалгаруулалт дахин явуулахаар бол энэ асуудлыг яаж зохицуулах вэ. Энэ талаарх зохицуулалт тендерийн бичиг баримтад байгаа юу. “**********” ХХК энэ бүх хариуцлагыг үүрч чадах уу гэдэг асуултууд гарч ирж байгаа юм. Нэгэнт хууль, журмын дагуу тендерийн үнэлгээ хийгээд, шалгаруулаад, гэрээ байгуулагдаад, гэрээний дийлэнх хувь нь гүйцэтгэгдчихсэн байгаа тохиолдолд тендерийг хүчингүй болгуулаад дахин тендер зарлах ямар ч боломжгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн 5 дахь шаардлага мөн үндэслэлгүй байна. Үнэлгээний хороо ирсэн бүх тендерүүдийг хянаж үзээд, заримаас нь татгалзаад, шалгаруулалтаа явуулаад шийдвэрээ гаргасан нь хуульд болон тендерийн бичиг баримтад нийцсэн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдлын шаардлагууд, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

А. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх мөчид Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэн байх боловч уг тендер шалгаруулалт нь 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үйлчлэлийн үед зарлагдсан, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана.” гэж заасан байх тул энэ тохиолдолд шүүх 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэх болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Б. Гомдол гаргагч “**********” ХХК-аас тус шүүхэд хандаж энэхүү шүүхийн шийдвэрийн “Тодорхойлох нь” хэсгийн “Нэг”-д заасан 5 /таван/ гомдлын шаардлагыг гаргасан боловч маргааны зүйлийн гол агуулга нь үндсэндээ нэг асуудалд төвлөрсөн буюу тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан “Лактулоза” гэх эмийн тун болон хэмжээг хэрхэн ойлгох талаарх маргаан байх тул шүүх 5 гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ үндсэн асуудалд дүгнэлт өгөх замаар дараах байдлаар тайлбарлаж байна.

Нэг. Шүүхээс тогтоовол зохих үйл баримтыг дүгнэсэн тухайд:

1.1. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарласан ПНШНУГТЭ/20240102001 тендер шалгаруулалтын дугаартай «П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэгт 2024 онд хэрэглэгдэх эм, оношлуур эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах" ажиллагааны "Багц-21) - Хоол боловсруулах систем нөлөөлөх эмүүд" тендерт захиалагчаас нэр бүхий 10 төрлийн эмийг худалдан авахаар эмийн жагсаалтын санал өгчээ.[6]

1.2. Тус жагсаалтын 5-д “Эмийн нэр:Лактулоза, тун: 60 мл, хэлбэр: сироп” гэж, тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод[7] “Барааны нэр: Лактулоза, Олон улсын нэршил: Lactulose, тун: 60 мл, хэлбэр: Сироп” гэжээ.

1.3. Гомдол гаргагч “**********” ХХК-ийн санал болгосон нь “Худалдааны нэршил: Лактулоза Лайнко, тун хэмжээ: 10 г /15мл/, эмийн хэлбэр, савлалт: ууж хэрэглэх уусмал” гэжээ.[8]

1.4. Тендерт шалгарсан “**********” ХХК-ийн санал болгосон нь “Худалдааны нэршил: Opilax, тун хэмжээ: 60 мл, эмийн хэлбэр: Сироп” гэжээ.[9]

1.5. Гомдол гаргагчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... эмийн тун болон хэмжээ гэх нэр томьёо нь утга агуулгын хувьд ч, мөн хэрэглэгчид үйлчлэх үр нөлөөллийн хувьд ч өөр өөр байдаг. Тодруулбал эмийн тун гэж хэмжээ нь тухайн стандарт тунг агуулсан эм хэр их эсхүл хэдий тоогоор байгааг илтгэх үзүүлэлт юм. Монгол Улсын хуний эмийн бүртгэлд "Лактулоза" эмийн тун нь 5 мл тутамд 3,335г байхаар заагдсан ба манай компаниас нийлүүлэхээр санал болгож байгаа FT20190327A006884 бүртгэлийн дугаартай "Лактулоза Лайнко" эм нь 15мл-ийн хэмжээтэй 10г-ийн тунтай буюу 5 мл тутамд 3,335г тунтай эм юм. Энэ нь ПНШНУГТЭ/20240102001-21 багцын дугаартай "Хоол боловсруулах системд нөлөөлөх эмүүд" тендерт оролцож шалгарсан "**********" ХХК-ийн нийлүүлэх "Лактулоза" эмтэй яг ижил 5 мл тутамд 3,335г-ийн тунтайг илтгэнэ. Харин Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн техникийн тодорхойлолтод "Лактулоза" эмийн тун: 60мл гэж тодорхойлсон нь зөвхөн савлагааны хэмжээг илэрхийлж байсан ...” гэх агуулгаар маргасан.

1.6. Харин хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “захиалагчийн худалдан авахаар хүссэн Лактулозаэм нь 60 мл-ийн хэмжээтэй байхыг шаардсан” гэх агуулгаар тайлбарлажээ.

1.7. Дээрхээс үзэхэд, талуудын хооронд тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан “тун хэмжээ: 60 мл” гэсэн хэсэгт ойлголтын зөрүүтэй, түүний улмаас энэхүү маргаан үүссэн байна.

1.8. Тиймээс шүүх энэхүү ойлголтыг зайлшгүй тайлбарлах шаардлага үүсэж байх тул ийнхүү тайлбарлахдаа үг зүйн болон хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах аргуудыг хэрэглэх замаар дараах дүгнэлтийг хийж байна. Тодруулахад:

1.9. 2010 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн[10] 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "эм  гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, дархлаажуулах зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэл зүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулсан, зохих тун, хэмжээгээр хэрэглэдэг бэлдмэлийг;” гэж тодорхойлохдоо эмийн тун гэж юу болох, эмийн хэмжээ гэж юу болохыг тухайлан тодорхойлоогүй боловч эдгээр нь тусдаа ойлголт болохыг илэрхийлсэн байна.

1.10. Мөн тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Эмийн сав, баглаа боодол дээрх хаяглалт, тэмдэглэгээ нь дараахь мэдээллийг агуулсан байна:” гээд, 18.1.2 дахь заалтад “тун, хэмжээ, тоо ширхэг;” гэж тун, хэмжээ гэх ойлголтыг тусдаа байдлаар илэрхийлж хуульчилжээ.

1.11. Харин монгол хэлний үг зүйн талаас тайлбарлавал, “тун” гэж нэг удаагийн уух эмийн зохих хэмжээг ойлгохоор байна.[11]

1.12. Энэ талаар шүүх хуралдаанд гэрчээр дуудагдсан эм зүйч мэргэжилтэй, тендерийн үнэлгээний хорооны гишүүн Т.О*******ээс асуухад “Эмийн тун гэдэг нь тодорхой хэлбэрт оруулж, 1 мг эсхүл 1 мл эмэнд агуулагдаж байгаа эмийн үйлчлэгч үндсэн хэмжээг мг, мл, мкг-аар хэмжиж байгааг хэлнэ”[12] гэж тайлбарлажээ.

1.13. Харин “эмийн хэмжээ” гэдэг нь тухайн эмийн тунгийн хэмжээтэй холбоогүй буюу эмийн савлалтын хэмжээг илэрхийлэхээр байна.

1.14. Энэ талаар гэрч Т.О******* “Эмийн хэмжээ гэдэг нь тухайн эмийг хэр хэмжээг илэрхийлж буй үзүүлэлт. Савлалтын хэмжээгээрээ эмүүд ялгаатай. Савлалтын хэмжээ тунтай огт хамаагүй. Ямар ч хэмжээтэй савлаж болно” гэж тайлбарласныг эшлэн дурдах нь зүйтэй байна.[13]

1.15. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, эмийн тун гэдэг нь тухайн эмд агуулагдаж буй үйлчлэгч бодисын хэмжээ, харин эмийн хэмжээ гэдэг нь тухайн эмийн савлалтын хэмжээ байна.

1.16. Маргаан бүхий тохиолдлоос үзвэл, захиалагч нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заахдаа “Тун хэмжээ: 60 мл” гэж зааснаас талуудын хооронд ойлголтын зөрүү гарч, маргаан үүсэх учир шалтгаан болсон байна.

1.17. Гэхдээ энэ тохиолдолд шүүх маргааныг шийдвэрлэхдээ тайлбарын суурь зарчим болох “хүсэл зоригийн илэрхийллийг тодруулан тайлбарлах” аргыг баримталж шийдвэрлэх нь зүйтэй юм.

1.18. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүхээс хариуцагч буюу захиалагч болон тендерийн үнэлгээний хорооноос тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан “Тун хэмжээ: 60 мл” гэснийг хэрхэн ойлгож байсныг тодруулахад “савлалтын хэмжээг ойлгож байсан” гэх агуулгаар тайлбарласан, гэрчээр оролцсон Т.О******* мэдүүлэгдээ “Улсын гуравдугаар төв эмнэлэг 40 гр буюу 60 мл хэмжээтэй лактулоза авахаар захиалсан ... Өмнө лактулоза эм 100 мл хэмжээтэй ирдэг байсан. Сүүлд 60 мл хэмжээтэй ирдэг болсон. Бид нэг хүнд 1 эсхүл 2-г өгдөг. Энэ эм хэмжигч халбагатайгаа ирдэг. 15 мл хэмжээтэй халбагаар өдөрт 3 удаа, зарим тохиолдолд 6 удаа уухаар бичиж өгдөг” гэж тайлбарласан[14] зэргээс үзэхэд захиалагчийн хүсэл зориг бол “60 мл-ийн хэмжээтэй /савлалттай/” лактулоза эмийг худалдан авах хүсэлттэй байсан гэж үзэхээр байна.

1.19. Хавтаст хэрэгт авагдсан зурагт[15] гуравдагч этгээд “**********” ХХК-ийн санал болгосон Опилакс лактулоза эмийн савлалт нь 60 мл-ийн хэмжээтэй, шилтэй савлагаатай бол гомдол гаргагч “**********” ХХК-ийн санал болгосон Лактулоза лайнко эмийн савлалт 15 мл-ийн хэмжээтэй, пакет савлагаатай болох нь тогтоогдов.

1.20. Тиймээс энэ тохиолдолд тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын шаардлагыг ********** ХХК-ийн санал болгосон лактулоза эм хангаагүй гэж үнэлсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн тухайд:

2.1. Хариуцагчаас гаргасан маргаан бүхий 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04-21 тоот үнэлгээний хорооны дүгнэлтдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалтад заасныг баримтлан чанар ба үнэлгээний харьцуулалтаар “**********” ХХК – 75 оноогоор “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарч, зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.3 дахь хэсэгт “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.”, 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт “Шаардлагад нийцсэн тендерийг дараахь байдлаар харьцуулж үнэлнэ:”, 28.7.5 дахь заалтад “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ.” гэж тус тус заажээ.

2.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, тендерийн үнэлгээний хороо нь тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан 3 нөхцөл /үүнд техникийн тодорхойлолт хамаарч байгаа/-ийг тухайн тендерт оролцогч этгээдийн ирүүлсэн тендер хангаж байгаа эсэхийг эхэлж шалгах, тухайн шаардлагад нийцсэн гэж үзэхийн тулд эмийн хувьд чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн байх шалгуурыг тогтоохын тулд үнэлэх, эдгээр шаардлагыг хангасан бол шаардлага хангасан гэж үзэж шалгаруулах, шаардлага хангаагүй бол тендерээс татгалзахаар зохицуулсан байна.

2.4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, энэхүү шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн Нэг-д хийсэн дүгнэлтүүд зэргээс дүгнэхэд, “**********” ХХК-ийн тендерт санал болгосон “Лактулоза лайнко” эмийн тун хэмжээ 10 г /15мл/ гэсэн нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “... тун хэмжээ 60 мл” гэх савлалтын хэмжээнд тавигдсан шаардлагыг хангаагүй байх тул тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2.5. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол гаргагчийн зүгээс “Багц 21: Хоол боловсруулах системд нөлөөлөх эмүүдийг нийлүүлэх нийт үнийн санал нь "**********" ХХК-ийн хувьд 162,426,000 төгрөг байхад манай "**********" ХХК нь 160,326,000 төгрөгийн үнийн саналыг хүргүүлсэн буюу хамгийн бага унийг хүргүүлсэн” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

2.6. Учир нь, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалт бус, харин 28.7.5 дахь заалтад заасан “чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн байх шалгуур” үйлчилнэ.

2.7. Түүнчлэн гомдол гаргагч “**********” ХХК нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 9.1-д заасны дагуу захиалагчийн тодорхойлсон “тун хэмжээ: 60 мл” гэснийг хэрхэн ойлгох талаар нэмэлт тодруулга авах боломжтой, тэр эрх нь нээлттэй байхад захиалагчаас энэ талаар тодруулга аваагүй нь буруу байна.

2.8. Энэ талаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн “ ... харахад ойлгомжтой, нийтэд илэрхий бодит нөхцөл байдал байсан тул бид тодруулах шаардлагагүй гэж үзээд тодруулаагүйгээр бараа нийлүүлэлтийн хуваарь дээрээ 60 мл-т нь дүйцүүлээд хуваариа гаргаж өгсөн ...” гэх тайлбар нь үндэслэлгүй байх тул шүүх хүлээн авах боломжгүй.

2.9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй, энэ агуулгаараа гомдол гаргагч “**********” ХХК-аас гаргасан гомдлын шаардлагуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.7, 28.7.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “**********” ХХК-аас гаргасан “1. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Nº04-21 тоот Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл/дүгнэлтээс "**********" ХХК-ийн тендерийн материалыг хянаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах; 2. "T*******" XXK-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (2005 он) 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох; 3. "**********" ХХК-ийн тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах; 4. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04-21 тоот үнэлгээний хорооны тэмдэглэл/дүгнэлтээр "**********" ХХК-ийг "хамгийн сайн" тендер ирүүлсэн гэж дүгнэн шалгаруулсныг буюу ШИЙДВЭРЛЭСЭН НЬ хэсгийг хүчингүй болгуулах; 5. "Төрийн худалдан авах ажиллагааны газар"-ын ПНШНУГТЭ/20240102001-21 багцын дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 209-212 дахь тал

[2] 1Хх 149-153 дахь тал

[3] 1Хх 34 дэх тал

[4] 1Хх 35-36 дахь тал

[5] 1хх 37 дахь тал

[6] 1Хх 58 дахь тал

[7] 1Хх 34 дэх тал

[8] 1Хх 30 дахь тал

[9] 1Хх 246 дахь тал

[10] Энэ хуулийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөхөөр байна.

[11] Я.Цэвэл., Монгол хэлний товч тайлбар тол., УБ., 2021., 808 дахь тал

[12] Шүүх хуралдааны тэмдэглэлийн 7 дахь тал

[13] Мөн тэнд

[14] Шүүх хуралдааны тэмдэглэлийн 7-8 дахь тал

[15] 1Хх 248 дахь тал