Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2016/00067

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргасан Р.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.                                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч байгууллага шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 382 дугаар шийдвэрээр ******* овогт *******гийн *******өөс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж Б.Цэрэнсангид олгохоор шийдвэрлэжээ.

Тэтгэлэг төлөгч Р.******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад учруулсан, заагдсан хаягтаа байхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч олдохгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.******* нь 2015 оны 06 сараас хойш хүүхдийн тэтгэлэг төлөөгүй, одоогоор 4 сая орчим төгрөгийн тэтгэлэг төлөх ёстой.

Р.******* нь Жинст суманд оршин суух бүртгэлтэй боловч одоо оршин суухгүй, хаана байгаа нь тодорхойгүй байна. Эцэг болон ах дүү нараас нь асуухаар хаана байгаа талаар мэдэхгүй, хил явсан байх гэсэн тайлбар өгч байна.

Иймд Р.*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү? гэв.

Шүүх хуралдаанаар Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012.07.23-ны өдрийн 382 дугаар шийдвэр, Жинст сумын Засаг даргын тодорхойлолт, Жинст сумын хэсгийн төлөөлөгч М.Отгонцэрэнгийн тодорхойлолт, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 9 хуудас, Р.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Р.******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 сарын 23 ны 382 дугаар шийдвэрээр Б.Цэрэнсангид нэг хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэгдсэн байна.

Улмаар Р.******* нь 2015 оны 11 сараас хойш шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлэг төлөх үүргээ биелүүлээгүй, байнга оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Р.******* нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа талаар хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар холбогдох баримтыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.*******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон                                                                                                                                               ТОГТООХ НЬ

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баянхонгор аймгийн Жинст сумын 4-р баг Цагаан ус гэх газар оршин сууж байсан, ВН78032315 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийг эрэн сурвалжилсугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******гийн *******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Баярцэнгэл