Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 23

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 580 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Х гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н д  холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоогож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Б.Н гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Х , хариуцагч Б.Н , нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие нь Н тай 2012 онд танилцаж, 2013 онд гэр бүл болж хуримаа хийж гэрлэлтээ батлуулсан. 2013 оны 9 дүгээр сард том охин Н.Ө , 2015 онд удаах хүү Н.Х , 2018 онд бага охин Н.Б  төрсөн. 2018 оны намраас хойш нөхөр бид хоёрын дунд таарамжгүй харилцаа үүсч эхэлсэн.  Бага охин маань ярьдаггүй тийм хүүхэд байгаа. Б.Н  бага охинтойгоо уулздаггүй. Н  өөр хүнтэй амьдарч байгаа нь үнэн болж батлагдсан. Би хүүхэдтэйгээ уулзмаар байна. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж мөн эцгээс тэтгэлэг тогтоолгож өгнө үү. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёрт эд хөрнгийн маргаангүй, гэрлэлтээ цуцлуулна. Харин хүүгээ өөрийн асрамжиндаа авна. Хүүхдүүдээ өсгөх нь чи бид хоёрын үүрэг чиний байгаа байдал хэцүү шүү дээ хүүхдүүд аль тухтай байдаг газраа байх нь зөв гэж бодож байна. Би Б.Х д 5 хургатай хонь, 5 ишигтэй ямаа өгсөн. Б.Х д гэж хэлэхэд би хүүхүүдийнхээ аав, чи ч ээж нь учир ор үндэслэлгүй худлаа хэлээд хэрэггүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 580 дугаартай шийдвэрээр:

“1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Б овогт Б.Х, Б овогт Б.Н  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 09 сарын 13-ны өдөр Н.Ө , 2015 оны 11 сарын 19-ний өдөр хүү Н.Х , 2018 оны 03 сарын 01-ний өдөр охин Н.Б  нарыг эх Б.Х гийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 09 сарын 13-ны өдөр Н.Ө , 2015 оны 11 сарын 19-ний өдөр хүү Н.Х , 2018 оны 03 сарын 01-ний өдөр охин Н.Б  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Н гаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Х д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Н гаас 144478 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х д 70200 төгрөг, Төрийн санд 74278 төгрөгийг тус тус олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Азжаргалд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Н  давж заалдах гомдолдоо: “...Хүүхдүүдийн асрамжинд хариуцагч миний бие маргаантай байдаг ба хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийг хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхий тулд шинжээчээр томилуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч шаардлагагүй гэсэн үндэслэлээр томилоогүйд гомдолтой байна. Мөн шүүхээс намайг хүүхдээ асарч хамгаалж чадахгүй, малаа хардаг тул харж чадахгүй гэсэн үндэслэлээр хүүхдийн асрамжийн байдлыг нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Манайх 3 хүүхэдтэй айл бөгөөд дэнд хүү Н.Х  миний гал голомтыг залгуулах ганц хүү бөгөөд би хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч өсгөх хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Одоо хүүхдүүд маань манай эхнэрийн ээж дээр өсөж хүмүүжиж байгаа. Манай эхнэр хүүхдүүдээ харж, асардаггүй байхад намайг өсгөж чадахгүй гэж шүүх үнэлж, хүүхдийн асрамж дээр шинжээчийн дүгнэлт гаргаагүй мөртлөө хүүхдүүдээ харж чадахгүй гэж үнэлж байгаа нь хүүхдүүдийн минь хүмүүжил, өсөж торниж байгаа орчин, хэн хүүхэддээ анхаарал халамж тавьж байгаа зэргийг анхаарч үзэхгүй шийдвэрлэж байгаа нь хүүхдүүдийн минь эрх ашиг зөрчигдөж байна.

Манай эхнэрийн айл саахалтын айлууд намайг хүүхдүүдээ өөр дээрээ аваач гэдэг ба танай эхнэр чинь харахгүй тэнээд алга болчихоод байна. Хүүхдүүд чинь хэцүү байна шүү гээд байна. Ийм байхад гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын шинжээч нарын бүрэлдэхүүнийг томилж энэ талаар хүүхдүүдиийн амьдарч буй газрыг болон ээж нь хүүхдүүдээ асарч харж байгаа эсэхийг яаралтай судлуулж дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Би хүүхдүүдээ байнга хардаг, одоо ч хардаг байхад нэхэмжлэгч дандаа худлаа ярьсаар байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Х  давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Х  дунд хүү Х г авахаар Н гийн амьдарч байгаа Хангал сум руу очсон. Н  гэртээ байхгүй, машинаараа мориндоо ажил хийх гээд явсан байсан. Гэрт нь Н гийн амьдралгүй, суугаагүй гэж яриад байгаа хүүхэн нь байсан. Хүүгээ аваад ирэхэд ходоод нь  өвддөг, шүд нь өвдөж уйлдаг, гарын хуруунуудын өндөгний арьс нь хууларсан, хоол, унд иддэггүй, чихэр, жимс өгсөөр байгаад ходоодны үрэвсэлтэй дээр нь хоолонд маш муу болсон байсан. Хариуцагчийн хамт амьдарч байгаа хүүхний ээж гэж ярьж байсан. Эгч, дүү хоёроо маш их санасан байна билээ. Хариуцагч хүүхдүүдээ харж үздэг гэж яриад байна. Сүүлийн 8 сар харж үзэж, уулзалдсан юм байхгүй. Би хүүхдүүдээ ажилтай үедээ ээж дээрээ үлдээгээд явдаг. Миний ойр орчмын айл саахалтын хүмүүс хүүхдүүдээ орхиод тэнээд явдаг гэж ярьсан байна. Энэ ярьсан хүмүүсийг гэрчээр оролцуулмаар байна. Бас хариуцагчийг Бадамсүрэн гэх хүүхэнтэй хамт амьдардагийг нь мэдэх хүнийг гэрчээр оролцуулмаар байна. Хариуцагчаас болж миний хүүхдүүд болон би хохирч байна. Хүүхдээ асрах чадвартай гэж байж хүүгээ тийм байдалтай байлгаж байж яаж 3 хүүхэд харж хандаж, өсгөж чадна гэж чадаж байна вэ. Хүүхдүүдээ өөр дээрээ авна гэж байгаа нь тэтгэлгийн мөнгөнөөс зугтах гэж байгаа нэг арга. Иймээс бид хоёрын хэн нь үнэн ярьж байгааг гэрчлэх гэж оролцуулах хэрэгтэй гэж үзэж байна.   2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2 охинтойгоо уулзаагүй, утсаар ч ярьдаггүй. Хүүхдүүд нь аавыгаа их санадаг. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээч нарыг томилохыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Х  нь хариуцагч Б.Н гаас гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Н  гэрлэлтээ цуцлуулна, эд хөрөнгийн маргаан байхгүй харин хүү Н.Х г өөрийн асрамжиндаа авна гэж тайлбарласан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2013 онд гэрлэлтээ батлуулж, 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр охин Н.Ө , 2015 оны 11 дүгээр сарын19-ний өдөр хүү Н.Х , 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр охин Н.Б  нар нь төрсөн гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй зэрэг нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон  байна.

Булган аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 584 дүгээр захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэхээр 3 сарын хугацаа өгсөн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон, гэрлэгчид 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х , хариуцагч Б.Н  нарын гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн  дээр дурьдсан хуулийн зохицуулалтад нийцсэн  байна.

Харин анхан шатны шүүхээс хүүхдүүдийн асрамжийг тогтоохдоо шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын өгсөн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс, хүүхдүүд төрсөн цагаасаа эхийн асрамжинд байгаа, хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөл зэргийг харгалзан эх Б.Х гийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүх “хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөл” зэргийг харгалзан гэж дүгнэсэн атлаа гэрлэгчдийн хэн аль нь хүүхдүүдийг асрамжиндаа авч өсгөн хүмүүжүүлэхэд амьдрах орчин, хүүхдүүдийн сурч хүмүүжихэд эцэг, эхийн хэнийнх нь асрамжинд байхад илүү бололцоотой байх талаар зохих мэргэжлийн байгууллагийн дүгнэлт гаргуулаагүй нь буруу байна.

Нөгөөтэйгүүр шүүх 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1551 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасныг баримтлан “түдгэлзүүлсэн шалтгаан арилсан” гэж дүгнэсэн атлаа  түдгэлзүүлсэн ямар шалтгаан байсныг тодорхой бичээгүй нь ойлгомжгүй төдийгүй мөн хуулийн  74 1 дүгээр зүйлийн 741.10-т заасныг баримтлаагүй  нь буруу болсоныг дурдах нь зүйтэй байна.

Иймд хариуцагчийн хүүхдүүдийн асрамжийн талаар зохих эрх бүхий байгууллагаар шинжээч томилуулахаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

1. Хариуцагч Б.Н гийн давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 580 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч Б.Н гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

                                    ШҮҮГЧИД                                     Д.МӨНХӨӨ      

                                                                                          М.ХҮРЭЛБААТАР