Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/1151

 

 

 

 

 

   2022            12            06                                     2022/ДШМ/1151                                                                                                                       

 

 

В.А-д холбогдох                                                                                                                        эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч В.А-гийн өмгөөлөгч Б.Очбадар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1129 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.А-гийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн В.А-д холбогдох 2208000840606 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн В-ын А-, Дархан-Уул аймагт 1988 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, Геологийн судалгааны төвд инженер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 тоотод  оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:0000000000 /,

Шүүгдэгч В.А- нь 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, давхарт харуул хамгаалалтын ажилтан С.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, тархи доргилт, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: В.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч В.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 254,382 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.А-гаас 558,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ц-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.А-гийн өмгөөлөгч Б.Очбадар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч В.А-гийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдалд тохироогүй, шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хэрэгт цугларсан зарим нотлох баримтыг үнэлээгүй, үндэслэлгүй, зөрүүтэй дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт... шүүгдэгч В.А-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагч нараас гаргасан шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай саналыг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь шүүгдэгч В.А- нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, төлөх талаар санал санаачлага гаргаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг ч түүний орлогын хэмжээ тодорхойгүй тул түүнд торгох ял оногдуулах нь биелэгдэх боломжгүй гэж үзэв гэжээ. /7-р хуудас/

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч буй хууль зүйн үндэслэл нь шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа В.А-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдаж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн атлаа В.А-г гэм буруугийн талаар маргаж, хохирол төлөөгүй, санаачлага гаргаагүй гэж торгох ял оногдуулаагүй. Хавтаст хэргийн 86 дугаар хуудаст В.А- нь Геологи, судалгааны төвд ажилладаг, сарын 1,436,012 төгрөгийн цалин авдаг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болохыг нотолсон баримт, лавлагаа мөрдөн байцаалтын шатанд цугларч, тусгасан байхад түүний орлогыг тодорхойлох боломжгүй гэсэн. Шүүгдэгч В.А- нь бага насны 2 хүүхэдтэй, мэргэжлийнхээ дагуу ажил хөдөлмөр эрхлэж байхад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь одоо эрхэлж буй мэргэжлийн ажил, үүргээ гүйцэтгэх боломжгүйд хүргэх, цалин орлогогүй болох, цаашилбал бага насны хүүхдүүдээ тавих хараа хяналт сулрах, хүүхдүүдийн эрх зөрчигдөж болзошгүй юм. В.А-гийн хувьд гэм буруугийн хувьд маргаж байсан ч шүүхээс гэм буруутайд тооцож, төлбөл зохих хохирлыг шүүхээс тогтоосны дагуу хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно.

Иймд түүний хувийн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлсөн зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдэврлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял болгон өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах гомдолд В.А-гийн бага насны хүүхэдтэй болохыг нотлох хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хохирол төлсөн баримт, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа зэргийг хавсарган өгч байна гэв.

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч В.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ял оногдуулж өгнө үү гэж гомдол гаргаж байна. Энэ талаар прокурорын зүгээс татгалзах зүйлгүй” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар В.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, шүүгдэгч В.А- нь 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0 давхарт харуул хамгаалалтын ажилтан С.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, тархи доргилт, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч С.Ц-гийн “... Би 0 харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсэн. 2021 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 00 цаг 30 минутад дээд давхараас байгууллагын ажилтан 1 эрэгтэй, 2 эмэгтэй бууж ирсэн ба нэг эмэгтэй нь согтуу түшээд гараад явсан. Удалгүй А-, хамт ажилладаг нэг эрэгтэйн хамт буцаж орж ирэхээр нь “Албан байгууллагад битгий архи уугаад бай, хаашаа юм, заваараад” гэж хэлсэн. Тэгээд дээшээ гарахаар нь сангийн ажилтан Чулуунбаатартай хамт 4 давхарт гарч хойноос нь өрөөнд ороход А-, хоёр эрэгтэйн хамт байсан. А- “Дарвайсан авгай чинь дарвалзаад байна” гэхээр нь би явцгаа гээд уурласан. Өрөөнөөс гарахаар нь дагаад гарсан чинь гэнэт миний толгойд 2-3 удаа цохиж, нүүр рүү самардаж үсдээд авахаар нь зөрүүлээд би үсдэхэд Чулуунбаатар салгасан...” /хх 40/,

гэрч Ө.Ч-ын “... Тухайн өдөр ажилчдын хамгийн сүүлийнх нь 22 цагийн үед гарсан. Гэрээт харуул, хамгаалалтын ажилтан Ц бид хоёр ээлжтэй хонож байсан. Цэцэгмаа бид хоёр давхаруудаа шалгаад явж байтал Ц “Судалгааны нэг ажилтан хүүхэн явахгүй, архи уучихсан эргэж орж ирсэн, тэрийг явуулья” гэсэн. Би паар шалгах гээд өөр өрөө рүү ороод буцаад ирэхэд Цэцэгмаа, А- хоёр бие биенээ үснээс үсдэлцээд зогсож байхаар нь би очиж салгасан...” /хх 42/ гэсэн мэдүүлгүүд,

 хохирогч С.Ц-гийн биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохын тогтоосон шинжээчийн 303 тоот дүгнэлт /хх 44-45/, шүүгдэгч В.А-гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч В.А- нь албан үүргээ гүйцэтгэж байсан С.Ц-г зүй ёсны шаардлага тавьсны төлөө маргалдан, зодолдох явцдаа тархи доргилт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдэж, үүнийг хүсч үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, үйлдэл, хохирлын хооронд шууд шалтгаанд холбоотой байна. Түүний үйлдлийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэжээ.  

Шүүгдэгч В.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэм буруугаа хүлээн гэмшиж байгаагаас гадна тогтмол эрхэлсэн ажил, орлоготой хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадарын ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1129 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.А-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.А- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ШИНЭБАЯР       

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН