| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2211014351584 |
| Дугаар | 2022/ДШМ/1152 |
| Огноо | 2022-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | - |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/1152
2022 12 06 2022/ДШМ/1152
Д.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/1729 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батцэцэгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.М-д холбогдох 2211014351584 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ү овгийн Д-гийн М-, Улаанбаатар хотод 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, Төв аймгийн 0 оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:0000000 /,
Д.М- нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “0” дэлгүүрийн орчимд Д.А-тай “Хүүхэд чинь хөл дээр гишгэлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, гар утсаараа нүүрэн тус газар нь цохиж духанд шарх, зүүн нүдний дээд зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж, аль нэг нь хангагдаагүй бол шүүх хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан байна. Шүүгдэгч Д.М- нь прокурорын 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялаас чөлөөлөх санал гаргасныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна. Учир нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.М- нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бодитоор ойлгож, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрлөө. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэдэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэм буруугаа ухамсарлаж, ойлгосон байхыг шаардсан хууль зүйн ойлголт юм. Иймд шүүгдэгч Д.М-ын сэтгэцийн байдлыг тодорхойлохоор шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах ажиллагааг хийлгэх зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Д.М- нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 180,000 төгрөг төлсөн, иргэний хариуцагчаас нэхэмжилсэн хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсны зардал болох 209,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөөгүй байна. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардана. Шүүгдэгч нь тэрхүү хор уршгийг нөхөн төлөхөө бодитоор илэрхийлээгүй байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна. Дээрх нөхцөл байдлын улмаас уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдэрлэх боломжгүй ...” хэмээн дүгнэж хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Д.М-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Прокурор Б.Батцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгчийн захирамж үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүгдэгч Д.М- нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийн шатнаас шүүхийн хэлэлцүүлэг хүртэл үнэн зөв, тогтвортой мэдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан зөрчилд холбогдогч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хурлын бичлэг зэргээр давхар нотлогдож байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь шүүх бүрэлдэхүүнд хандаж “Би Монгол хүн, Монгол хэлтэй боловч Солонгос улсад олон жил амьдарсан тул монгол хэлээр урт өгүүлбэр, хурдан ярихад ойлгодоггүй” талаараа тайлбарласан бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгчийн асуусан асуултыг ойлгоогүй, хэд хэдэн удаа давтаж асуух, асуултад өөр байдлаар хариулах, асуултыг тайлбарлуулах зэрэг асуудал байсан боловч энэ нөхцөл байдлыг шүүгдэгчийн үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц гэж үзэх үндэслэлгүй. Учир нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.М-ын хувийн байдлыг шалгаж тогтооход сэтгэцийн өвчтэй, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадваргүй гэж эргэлзэх үндэслэл бүхий баримт цуглараагүй болно. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч уурлах, асуултад хариулахгүй байх зэргээр зохисгүй үйлдэл гаргахад шүүхийн байгууллагын үйл ажиллагаа нөлөөлсөн. Шүүгч гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр12 цаг хийхээр товлож, зарыг хэргийн оролцогч нарт мэдэгдсэн боловч товлосон цагтаа шүүх хуралдааныг явуулалгүй, мөн өдрийн 16 цагт хэргийг хянан хэлэлцсэн тул шүүгдэгч 4 цагийн турш шүүхийн байранд хурал хүлээсэндээ илтэд дургүйцсэн байдлаа үг болон үйлдлээрээ илэрхийлсэн болно.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгчийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шйидвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд хангагдсан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан, баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан тул хүсэлтийг хүлээн авч хуульд заасан эрх, хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч хор уршиг болох 209,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба энэ нөхцөл байдал нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэг зэргээр нотлогдоно. Иймд шүүгдэгч хор уршгийг нөхөн төлөхөө бодитоор илэрхийлээгүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчсөн тогтоогдоогүй байхад гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүх хуралдаанаас хэргийг прокрорт буцаах зохицуулалтыг хүчингүй болгосон байхад хэргийг прокурорт буцаасан нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгчийн 2022/ШЗ/1729 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.
Шүүгдэгч Д.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр төлсөн баримтаа авчирсан” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч Д.М-ын хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байхад шүүх хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос Д.М-ыг 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “-” дэлгүүрийн орчимд Д.А-тай “Хүүхэд чинь хөл дээр гишгэлээ” гэх шалтгаанаар маргалдан гар утсаараа нүүрэн тус газар нь цохиж духанд шарх, зүүн нүдний дээд зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх 59/, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана:” гэсний 4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;”, 4.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;”, 4.3 дахь заалтад “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх;”, 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх;”, 4.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх.” гэж тус тус заасан ба мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж тус тус заасан.
Хэргээс үзэхэд шүүгдэгч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт “Би тухайн үед хөлөө гэмтээсэн байсан. Миний хөл дээр гишгэх шиг болсон. Эргээд харахад хөдөөний хүүхэн байсан. Миний өөдөөс инээгээд байсан. Манай хүүхэд хөл дээр гишэгчихлээ, уучлаарай гэж хэлж болно доо. Гэтэл уучлалт гуйгаагүй. Хэрэв уучлалт гуйсан бол зүгээр л яваад өгөх байсан. Би яаж мэдэх юм гээд өөдөөс инээгээд байсан. Би түргэн зантай учраас тийм зүйлд дургүй хүн. Тэр үйл явдал хоромхон зуур болоод өнгөрсөн. Би хохирогчийг цохиод авсан. Хоёрын хоёр хүүхэд гаргасан эмэгтэй хүн байж “Яана аа эгчээ, уучлаарай” гэж хэлж болох байсан. Намайг тавлаад инээгээд байсан болохоор миний уур хүрээд цохиод авсан. Ямар ч хүн байсан цохино шүү дээ” гэсэн мэдүүлэг өгсөн /хх 77/ бөгөөд даргалагчаас “Уучлаарай гэж хэлээгүйн төлөө хохирогчийг цохиж болох уу” гэж асуухад “Уучлаарай, манай хүүхдүүд ийм үйлдэл гаргачихлаа гэж хэлсэн бол би өнгөрөөх байсан. Харин миний өөдөөс инээгээд тавлаад байсан. Ямар ч хүн байсан цохино шүү дээ” гэж /хх 78/, шүүх хуралдааны оролцогчдын эрх, үүргийг тайлбарлах шатанд даргалагчаас “Биеийн байдал нь хэвийн үү, сэтгэцийн хувьд хэвийн үү” гэж асуухад улсын яллагч “Хавтаст хэрэгт баримт байхгүй байгаад хэдий ч түүний эмчилгээний баримтууд дотроос тэр талаарх баримтыг үзсэн” гэж /хх 76/ тус тус хариулжээ.
Шүүгдэгч Д.М- хохирогчийн бие махбодид халдах болсон шалтгаанаа “Уучлалт гуйгаагүй, инээгээд байсан тул ямар ч хүн цохих байсан” гэж тайлбарласан ба түүний сэтгэцийн эрүүл мэндтэй холбогдох баримттай улсын яллагч танилцсан тухай тайлбар өгсөн зэрэгт дүгнэлт хийвэл шүүгдэгч холбогдсон гэмт хэрэг, зүйлчлэлийн талаар бүрэн дүүрэн ойлголттой, улмаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.6 дахь заалтын шаардлага хангагдаагүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Түүнчлэн прокурорын хяналтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар шүүгдэгч Д.М- ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байхад прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтын шаардлага хангагдсан гэж эсэргүүцэж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан хэргийг хялбаршуулан шийдвэрлэх тусгай журмын дагуу хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ердийн журмаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан тусгай журмыг баримталдаг онцлогтой тул анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/1729 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Батцэцэгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН