Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/05697

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, талд байрлах ******* ХХК /*******/

 

Хариуцагч: УБ, тоотод байрлах ******* ******* ХХК /*******/

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух овогт гийн // нарт холбогдох

 

гэрээ хүчингүйд тооцож 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу 2003,5 м.кв газрын эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэхийг даалгах тухай үндсэн

хариуцагч ******* ******* ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 63,368,095 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагч Л., хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч бөгөөд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ-г хүчингүйд тооцож 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу 2003,5 м.кв газрын эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... ******* ******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд 4007 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр эзэмшил газраа 2 хуваан Д.*******, Л. нарт тус бүр 65,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч урьдчилгаа мөнгийг Л. өөрийн дансаар авсан. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан гэрээний төлбөрт Д.*******аас 45,000,000 төгрөг авч 2003,5 м.кв газар Д.*******т шилжиж ирсэн. Эрх шилжүүлэгч ******* ******* ХХК нь Д.*******аас газрын эрх шилжсэний дараа 20,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэтэл ******* ******* ХХК нь Д.*******, Л. нарын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ хүчинтэй байхад 2003,5 м.кв газрыг Д.*******т худалдаж 45,000,000 төгрөг аваад Л. мөнгийг хэрэглэчхээд Д.*******т мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөл авалгүйгээр газрыг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Л.ы ******* ХХК-нд маргаан бүхий газрыг бүхэлд нь давхцуулж дахин худалдсан. Д.******* нь ******* ******* ХХК, Л. нарт газрын төлбөрт 45,000,000 төгрөг төлснийг талууд зөвшөөрдөг ба маргаан бүхий газрын талыг худалдан авсан ******* ХХК, Л. нараас газрын үнэ төлсөн баримт байхгүй. Д.******* нь тухайн худалдан авсан газрын эрхийг шилжингүүт үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөх хүсэлттэй байгаа ба газар шилжүүлэх гэрээг дэмжиж байна. ******* ******* ХХК-аас Д.*******, Л. нарт газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн гэрээнд Л.ын дансыг бичсэн ба 45,000,000 төгрөгийг тухайн дансанд төлсөн байх тул Л.ыг хамтран хариуцагчаар татсан. Иргэний хэрэг үүссэн учраас захиргааны шүүхэд маргаанаа түдгэлзүүлэх хүсэлт гаргахад захиргааны шүүхээс энэ маргаан нь иргэний маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэн. Иргэний хуулийн 250 дугаар зүйлд зааснаар Д.******* нь эзэмшилдээ авсан, түрүүлж гэрээ хийсэн. Мөн хуулийн 270 дугаар зүйлд зааснаар тэргүүн ээлжид худалдан авсан давуу эрхтэй этгээд бүхий Д.*******т мэдэгдэх үүрэгтэй тул хуулийн 270 дугаар зүйлийн 270.3-т зааснаар шаардлага гаргах эрхтэй. ******* ******* ХХК-аас Д.*******ийн худалдан авсан газарт Д.*******, ХХК-ийг барьсан 20,000,000 төгрөгийн үнэ бүхий бохирын цооног байгаа нь газрыг худалдан авах нэг шалтгаан болсон. Иймд ******* ******* ХХК болон ******* ХХК нарт холбогдуулан тус компаниудын хооронд хийгдсэн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өрийн газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээг хүчингүйд тооцуулах, ******* ******* ХХК болон Л. нарт холбогдуулан ******* ******* ХХК болон Д.******* нарын хооронд хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн гэрээний дагуу 2003,5 м.кв газрын эрхийг Д.*******т шилжүүлэхийг ******* ******* ХХК болон Л. нарт даалгах шаардлага гаргаж байна ... гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК, ******* ХХК, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гэрээ байгуулагдсан. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийг бүрэн барагдуулна гэж гэрээг байгуулсан. Д.******* гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэхгүй төлбөрийг шилжүүлээгүй. Тухайн газарт 5 жил үйл ажиллагаа явуулж байхдаа нэг удаа ч газрын төлбөр төлж байгаагүй. Д.*******т төлбөрөө төлөөд газар шилжүүлэх талаар удаа дараа хэлж байсан. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрөө орж байхдаа Л.ын охинтой холбогдож газрын талаар ярьсныг хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед мөнгөгүй байсан тул төлбөрөө төлж чадаагүй гэж хэлдэг. 2017 оноос хойш 5 жилийн хугацаанд газраа шилжүүлэх, үлдэгдэл төлбөрөө төлөх үйлдэл хийгээгүй. Газрын татварын мөнгийг төлөх, газрын асуудлыг нэг мөр болгохоор дараагийн хүнд газрыг худалдсан. Нэхэмжлэгчээс 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн газрын эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Тухайн гэрээ хууль ёсны дагуу хийгдсэн гэрээ, гэрээг үндэслэн газар олгосон Засаг даргын захирамж гарсан ба хууль ёсны дагуу тул хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж захиргааны шүүхээс үзсэн. ******* ******* ХХК өөрийн эзэмшилд байхгүй газрыг бусдын эзэмшилд шилжүүлэх боломжгүй. Гэрээг хууль ёсны гэж шүүх үзсэн байх тул өөр шүүх шийдвэр гаргах боломжгүй. Хоёр дахь шаардлагын хүрээнд тухайн газар хуулийн дагуу ******* ХХК эзэмшилд байгаа тул ******* ******* ХХК Д.*******т шилжүүлж өгөх боломжгүй, ийм эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

3. Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч ******* ******* ХХК нь ******* ХХК болон иргэн Д.******* нартай 2017 онд газар шилжүүлэх гэрээ хийсэн. Анх 5,000,000 төгрөг өгөөд 2017 онд төлбөрөө дуусгаад газраа шилжүүлэх байсан. Гэвч Д.******* төлбөрөө төлөхгүй, 2020 онд мөнгө биш машинаар хагас төлбөрөө төлсөн. Бид нар 20,000,000 төгрөгөө төлөөд эрх шилжүүлнэ гэж тохиролцоогүй. Төлбөрөө гүйцээгээд газрын эрхээ шилжүүлж авахыг Д.*******аас олон удаа шаардаж байсан. Д.******* хайхрамжгүй хандаж шилжүүлж аваагүй. Тухайн үед Газрын тухай хууль өөрчлөгдөж, газар шилжүүлж авахын тулд газар худалдах дуудлага худалдааны анхны үнийн дүнгээс татвар төлөх мөн газрыг 2017 оноос хойш ашиглаж байсан боловч газрын төлбөрийг төлөөгүй асуудал гарсан. Энэ талаар хэлэх гээд холбогдох гэсэн боловч Д.*******тай холбогдож чадаагүй. ******* ХХК-тай холбогдож чадсан. Үүнийг Д.******* өөрийн хариуцлагагүй үйлдэл байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Газрын төлбөртэй холбоотой асуудал газрын албанаас манай байгууллага дээр нэхэмжлэл ирж байсан. Хэн нэгэнд шилжүүлэх гэж байгаа бол татвараа төлөөд, зохих бичиг баримт бүрдүүлээд шилжүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ биелүүлээгүй тул дараагийн хүнд газрыг шилжүүлсэн. Энэ үйл явдлын талаар Д.*******т хэлэхэд шүүхэд хандана гэж байсан. Газрын эрх шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаж байгаа боловч энэ нь миний эрх хэмжээний асуудал биш юм. ******* ХХК-нд газар шилжсэн тул манай зүгээс шилжүүлэх боломжгүй гэж үзэж байна ... гэв.

 

4. Хариуцагч ******* ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... ******* ******* ХХК 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэн Д.*******тай хийсэн. 2017 оноос хойш Д.******* газрыг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан. 2022 он хүртэл 5 жилийн хугацаанд газрыг ашиглаж байсан боловч газрын татварыг төлөөгүй. Энэ 5 жилийн хугацааны түрээс гэж 60,000,000 төгрөг болон газрын төлбөрт 3,395,000 төгрөг нэхэмжилж байна. Ашиглаж байсан бол газрын төлбөрийг төлөх ёстой. Газар ашиглаж байсан төлбөрийг тухайн зах зээлийн жишиг үнээр тооцож сарын 1,000,000 төгрөг 5 жилийн нийт төлбөрийг 60,000,000 төгрөгөөр нэхэмжилж байна ... гэв.

 

5. Нэхэмжлэгч Д.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: ... Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 онд байгуулагдсан гэрээ хэрэгт авагдсан. Тухайн гэрээний 1.10-т газар эрхийг шилжүүлэн авагч уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж заасан. Энэ нөхцөлөөр гэрчилгээ гарснаас хойших төлбөрийг төлөх үүрэгтэй. Худалдаж авах болсон, эрх үүрэг бүрэн шилжээгүй байх тул түрээсийн төлбөр төлөх асуудлыг ойлгохгүй байна, төлбөрийн үүрэг байхгүй. 20,000,000 төгрөг өгөөд газрын эрхийг шилжүүлээд авчихвал тухайн газрын төлбөрийг төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. 2017 оны гэрээг хүчин төгөлдөр гэж үзээд газрын гэрчилгээ гаргаад өгвөл газрын төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. 5 жилийн дундаж гэх үнийн дүн гаргаж байгааг ойлгохгүй байна. Энэ талаар нотлох ёстой. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна ... гэв.

 

6. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022.11.16-ны өдрийн Д.*******т хүргүүлсэн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Монголын Нотариатчидын танхимын 2017 оны бүртгэлийн дэвтрийн хуулбар, Алтан сүлд ******* ХХК-ийн шинэчилсэн дүрэм, Алтан сүлд ******* ХХК-ийн 000318763 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0744 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2023/0714 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024.02.19-ний өдрийн 001/ХТ2024/0024 дугаар тогтоол.

 

7. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Нийслэл дэх Захиргаан хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.10-ны өдрийн 128/ШШ2023/0744 дугаар шийдвэр, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* ******* ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* ******* ХХК, Д.******* нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ******* ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн 000318763 дугаартай гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 02/922 тоот Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн албан бичиг, Газрын төлбөр тооцоо нийлсэн акт, Л.ы Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, 128/ШЗ2023/7846 дугаар захирамж, Л.ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга.

 

8. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2024.08.22-ны өдрийн 2/1820 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2024.08.22-ны өдрийн 2/1820 тоот албан бичиг, Хаан банкны 2024.09.18-ны өдрийн 29/10155 тоот албан бичиг, Л.ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Автотээврийн үндэсний төвийн 2024.09.23-ны өдрийн №124 тоот албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэх маягт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас захиргааны зөрчилд ногдуулах шийтгэврийн хуудас, автомашин худалдах, худалдан авах гэрээ, техникийн тодорхойлолт, итгэмжлэл, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2024.09.20-ны өдрийн 3/979 тоот албан бичиг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулж 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүйд тооцуулах, хариуцагч ******* ******* ХХК, Л. нарт холбогдуулж газрын эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж буй үндэслэлээ хариуцагч ******* ******* ХХК, ******* ХХК нараас ... Д.******* гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн ... газар эзэмших эрх шилжсэн үйлдлийг хууль ёсны болохыг өөр шүүх тогтоосон ... гэж, хариуцагч Л.аас ... гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ биелүүлээгүй тул дараагийн хүнд газрыг шилжүүлсэн ... газрын эрх шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаж байгаа боловч энэ нь миний эрх хэмжээний асуудал биш ... гэж тайлбарласан ба хариуцагч ******* ******* ХХК нь газрын төлбөрт 3,368,095 төгрөг, түрээсийн төлбөрт 60,000,000 төгрөг нийт 63,368,095 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

3. Нэхэмжлэгчээс 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүйд тооцуулах, мөн хариуцагчаас хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг шаардлага тус тус гаргасан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй харин газар эзэмших эрх шилжүүлэх болон түрээс, газрын төлбөр гаргуулах шаардлагын үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.

 

4. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022.11.16-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, ******* ******* ХХК, Д.******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн, ******* ******* ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн №000318763 дугаар гэрчилгээ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0744 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2023/0714 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024.02.19-ний өдрийн 001/ХТ2024/0024 дугаар тогтоол, талуудын гаргасан тайлбараар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

 

5.1 Хариуцагч ******* ******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/289 тоот шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байх нэгж талбарын дугаар бүхий, аж ахуйн зориулалттай 4007 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан.

 

5.2 Хариуцагч ******* ******* ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгч Д.*******тай харилцан тохиролцож, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байх нэгж талбарын дугаар бүхий, аж ахуйн зориулалттай өөрийн эзэмшлийн 4007 м.кв газраас 2003,5 м.кв-ыг нь шилжүүлэх, нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээний төлбөрт 65,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

 

5.3 Хариуцагч ******* ******* ХХК, нэхэмжлэгч Д.******* нарын хооронд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш 5 жилийн дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хариуцагч ******* ******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байх нэгж талбарын дугаар бүхий, аж ахуйн зориулалттай 4007 м.кв газар эзэмших эрхээ бүхэлд нь ******* ХХК-нд шилжүүлэх гэрээ байгуулж, талууд Газрын тухай хуульд заасан холбогдох баримт бичгийг хавсарган Сонгинохайрхан дүүргийн газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/535 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ ******* ХХК-нд шилжсэн.

 

5.4 Нэхэмжлэгч Д.*******аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан 2022 оны А/535 дугаар захирамжийн ******* ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан газрын эрх шилжүүлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг шүүх Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

6. Зохигчид хэргийн талаар тогтоогдсон дээрх үйл баримт болон нэхэмжлэгч Д.******* болон хариуцагч ******* ******* ХХК нарын хооронд гэрээ бичгээр байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчээс гэрээний дагуу төлбөрийн ихэнх хэсгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөд газрын эрхээ шилжүүлж авна гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн, газар эзэмших эрх хуулийн дагуу өөр этгээдэд шилжсэн, энэ маргааны талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр татгалзсан байна.

 

7. Нэхэмжлэгч Д.******* болон хариуцагч ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр нэг тал газар эзэмших эрх шилжүүлэх, нөгөө тал хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Талууд гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурцгаасан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх ба худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

 

8. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болсон үйл баримт нь захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтуудтай холбогдож байгаа боловч нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна гэж үзэв. Тодруулбал захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлгүй.

 

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1. Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

10. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гэрээний төлбөрт гэрээ байгуулагдах үед буюу 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 5,000,000 төгрөг бэлнээр төлж, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Э.гийн эзэмшлийн улсын дугаартай Nissan Murano маркийн автомашиныг 18,000,000 төгрөгт, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Lexus RX 300 маркийн автомашиныг 21,000,000 төгрөгт тус тус тооцож өгсөн, нийт 44,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч ******* ******* ХХК-нд төлсөн үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн гэрээ, автомашин шилжүүлсэн талаар гар бичмэл баримт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа болон гэрч Д., Э. нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон, энэ талаар хэн аль нь маргаагүй.

 

11. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний 1.2-т Дээрх газар эзэмших эрхийг 65,000,000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 5,000,000 төгрөг бэлнээр төлнө, гэрээний 1.3-т Үлдэгдэл 60,000,000 төгрөгийн төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлбөр хүлээн авагчийн ... тоот Л.ын дансанд хийнэ, мөн гэрээний 2.6 Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг энэхүү гэрээний хамт холбогдох байгууллагад бүртгүүлснээр эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болно гэж тусгасан байдлаас үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэрээний төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцсон, үүнээс өөрөөр төлбөр төлөх хугацааг тогтоогоогүй байна. Нэхэмжлэгчийн үлдэгдэл 20,000,000 төгрөг төлөөгүй шалтгааныг газар эзэмших гэрчилгээ шилжсэний дараа төлөхөөр тохиролцсон гэх тайлбар, мөн нэхэмжлэгчийн төрсөн дүү, гэрч Д.ийн ... 20 сая төгрөгийг газрын эзэмших эрх шилжсэний дараа төлөхөөр аман хэлцэл хийж үлдсэн ... утсаар ярьж байхад нь бид хоёр хамт байсан ... гэх мэдүүлэг нь хэргийн бусад баримтаар нотлогдохгүй байх ба гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй.

 

12. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж, мөн хуулийн 38.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргахаар тус тус заасан боловч гэрээний талууд болох нэхэмжлэгч Д.******* болон хариуцагч ******* ******* ХХК нь боломжит хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг эрх бүхий этгээдэд хандаж гаргаагүйгээс гадна нэхэмжлэгчээс энэ үйлдлийг бие даан хэрэгжүүлсэн, хамтран хэрэгжүүлэх шаардлагыг нөгөө талдаа тавьж байсан болох нь тогтоогдсонгүй.

 

13. Ийнхүү гэрээ байгуулснаас хойш 5 жилийн хугацаанд нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, газар эзэмших хүсэлтээ хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд гаргаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч ******* ******* ХХК гэрээнээс татгалзаж, газрын эрхийг бүхэлд нь өөр этгээдэд шилжүүлэх гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасанд нийцсэн, гэрээнээс татгалзаж болохгүй хуульд заасан тохиолдол үүсээгүй байна.

 

14. Түүнчлэн хариуцагч ******* ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ******* ХХК нь маргаан бүхий газар эзэмших эрхийг бүхэлд нь ******* ХХК-нд шилжүүлэхээр тохиролцсон. Улмаар талууд Газрын тухай хуульд заасан холбогдох баримт бичгийг хавсарган Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасан, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хүсэлтийг үндэслэн 4007 м.кв газар эзэмших эрхийг хариуцагч ******* ХХК-нд шилжүүлэх 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/535 дугаар захирамж гарсан байна.

 

15. Энэ талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0744 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2023/0714 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024.02.19-ний өдрийн 001/ХТ2024/0024 дугаар тогтоол хэрэгт нотлох баримтаар авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар зохигч ба хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй юм.

 

16. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1. Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан. Энэ тохиолдолд хариуцагч ******* ******* ХХК-ийг газар эзэмших эрхээ хэд хэдэн этгээдэд худалдсан гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч Д.*******тай байгуулсан гэрээнээс татгалзсаны үндсэн дээр дараагийн этгээд болох ******* ХХК-тай гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах, эсхүл мэдэгдэх шаардлага үүсэхгүй.

Нөгөө талаар Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тус тус зааснаар газар эзэмших эрх нь хуульд зааснаар буюу газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тодорхойлогдохоор байх тул газрыг түрүүлж эзэмшилдээ авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хариуцагч ******* ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болгох үндэслэл болж чадахгүй.

 

17. Хариуцагч ******* ******* ХХК-ийн гаргасан 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 63,368,095 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч газрыг үнэ төлбөргүйгээр ашиглаж, газрын төлбөрийг төлөөгүй гэжээ.

 

18. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөрийг бүрэн төлөөгүй нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон боловч энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.

 

19. Мөн талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаагүй байхад буюу 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Д.******* хариуцагчийн эзэмшлийн 2003,5 м.кв газарт үйл ажиллагаа явуулж, ашиглаж байсныг шударга бус эзэмшил гэж дүгнэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасны дагуу гагцхүү шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаас үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй.

Хэдийгээр талууд хожим гэрээнээс татгалзаж гэрээ байгуулахаас өмнөх байдалд үр дагаврыг харилцан буцаах үүрэг үүссэн боловч энэ нь дээр дурдсан хугацаанд нэхэмжлэгч Д.*******ийг маргаан бүхий газрыг шударга бусаар эзэмшиж байсан гэж дүгнэх үндэслэл болохгүй. Тодруулбал худалдах худалдан авах үүргийн хэлцлийн дагуу газар эзэмших эрх шилжүүлэхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байсан тул хариуцагч буюу худалдагч тал олох ёстой байсан орлого, цаашлаад түрээсийн төлбөр шаардсан нь үндэслэлгүй.

 

20. Хариуцагч ******* ******* ХХК нь газрын төлбөрт 2022 онд 6,736,190 төгрөг төлсөн байх ба энэ төлбөрийн тал хувь 3,368,095 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аас нэхэмжилснийг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө гэж зааснаар газрын төлбөр төлөх үүрэг бүхий этгээд нь газрыг хуульд зааснаар ашиглах, эзэмших эрх бүхий этгээд байна.

Маргаан бүхий газрын эрх нэхэмжлэгч Д.*******т хуульд заасан журмаар шилжээгүй, түүнийг газрыг эзэмших, ашиглах эрх бүхий этгээд гэж үзэхгүй ба газрын төлбөрийг хамтран хариуцах үүрэгтэй болох нь хэргийн баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.

 

21. Иймд шүүх нэхэмжлэгч Д.*******аас хариуцагч ******* ******* ХХК, Л., ******* ХХК нарт холбогдуулан гаргасан 2003,5 м.кв газрын эрхийг шилжүүлэхийг даалгах тухай үндсэн, хариуцагч ******* ******* ХХК-ийн гаргасан түрээсийн төлбөр, газрын төлбөрт нийт 63,368,095 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

22. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 483,000 төгрөг, хариуцагч ******* ******* ХХК-ийн төлсөн 474,800 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******аас хариуцагч ******* ******* ХХК, Л., ******* ХХК нарт холбогдуулан гаргасан 2003,5 м.кв газрын эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай үндсэн, хариуцагч ******* ******* ХХК-ийн гаргасан 63,368,095 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 483,000 төгрөг, хариуцагч ******* ******* ХХК-ийн төлсөн 474,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН