Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 183/2021/000658/и |
Дугаар | 184/ШШ2024/05557 |
Огноо | 2024-11-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2024/05557
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, байранд байрлах ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /*******/, мөн хаягт оршин суух ******* овогт *******гийн //
Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух овогт гийн // нарт холбогдох
худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 300,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн
гэрээний төлбөр 256,000,000 төгрөг буцаан гаргуулах, гэрээгээр шилжүүлж авсан экскаватор, чиргүүлт тавцанг анхны байдлаар нь буцаах тухай сөрөг нэхэмжлэлтэй
тавцант чиргүүлийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 1,800,000,000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хамтран хариуцагч Т., гуравдагч этгээд С., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.*******, Н. нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
... ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С. нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн компанийн өмчлөлийн Hyundai R800LV-7 маркийн, арлын дугаартай экскаваторыг 556,000,000 төгрөгөөр худалдахаар иргэн Н., Г.******* нартай харилцан тохиролцсон. ******* ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хөтөл номгон ББСБ ХХК-аас 150,000,000 төгрөгийн зээл авч, мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж уг экскаваторыг 250,000,000 төгрөгт тооцож барьцаанд тавьсан. Уг экскаватор нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан тул Г.*******, Н. нар нь төлбөрийг Хөтөл номгон ББСБ ХХК-нд төлж экскаваторыг чөлөөлж аваад, үлдэгдэл төлбөр 394,521,000 төгрөгийг 7 хоногийн дотор 2 хуваан төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар харилцан тохиролцсоны дагуу хариуцагч нар нь 161,479,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад төлж уг экскаваторыг ачуулан авч явж өөрсдийн өмчлөлд шилжүүлсэн. Түүний дараа 94,521,000 төгрөгийг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал С.ийн дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөр болох 300,000,000 төгрөгийг давхар шилжүүлэх байсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд худалдсан экскаваторын үлдэгдэл төлбөр 300,000,000 төгрөгийг авч чадахгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхэд хандсан. Тухайн экскаватор нь чанарын болон эрхийн ямар нэгэн доголдолгүй, энэ тухай хариуцагч нараас ямар нэгэн гомдол санал, шаардлага гаргаж байгаагүй. Иймд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан экскаватор худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 300,000,000 төгрөгийг хариуцагч Г.*******, Н. нараас гаргуулж нэхэмжлэгч компанид олгож өгнө үү, хариуцагч Т.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана, түүнд холбогдох шаардлага байхгүй ... гэв.
2. Хариуцагч Г.*******, Н., тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэгдүгээрт нэхэмжлэгч компанийн захирал гэрээ байгуулах санал гаргаад, талууд харилцан тохиролцоод 250,000,000 төгрөгөөр экскаваторыг худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулсанд маргахгүй. 300,000,000 төгрөгийг 7 хоногт хуваан өгнө гэж хэлсэн мэтээр шаардлага гаргаж өнөөдрийг хүртэл маргадаг. Энэ нь баримтаар нотлогддоггүй. Анх улсын дугаартай экскаваторыг 250,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод, нэхэмжлэгч компанийн захирал 9911-тэй дугаараа алдах гээд байна гэсэн тул 6,000,000 төгрөгийг нэмж төлөхөөр нийт 256,000,000 төгрөгөөр тохиролцож худалдан авсан. Тухайн үедээ чиргүүлт тавцанг хариуцагчид бэлэг болгож буюу 6,000,000 төгрөг аваад өгсөн. Энэ нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогддог. Худалдах худалдан авах гэрээ байгуулах үед экскаватор нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан учир зээлийн төлбөр 161,489,423 төгрөг төлж барьцаанаас суллаж авсан. Үлдэх мөнгийг С.ийн дансанд шилжүүлсэн. Талууд экскаваторыг 556,000,000 төгрөг бус 256,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь С.ийн дансны хуулгаар нийт 94,525,000 төгрөг хариуцагч Г.*******гийн тоот Хаан банкны данснаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн мөн Г.*******гийн данснаас Хөтөл номгон ББСБ ХХК-ийн дансанд экскаваторын төлбөр гэх утгатай мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдоно. Мөн талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ бүрэн бодитой баталгаажсан буюу авто тээврийн үндэсний төвд А/27 дугаартай Г.*******гийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтээр худалдах худалдан авах гэрээний үйлчлэл дуусаж төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг худалдах худалдан авах гэрээгээр амаар тохиролцоод, түүнийг хариуцагч мөнгөн хэлбэрээр төлөөд, нэхэмжлэгч зөрүүд нь тухайн эд хөрөнгийг шилжүүлэх тухай бичгийг гаргаж өгснөөр худалдах, худалдан авах гэрээ дууссан нь харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
3. Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Тавцант чиргүүл анх нүцгэн чиргүүл байсан. Дарга нараас наймаа хийсэн, аваад ир гэж хэлсний дагуу тэй утсаар яриад хаана байгааг нь зааж өгсөн тул тавцант чиргүүлийг хашаанаас нь очиж авсан. Ингээд хашаандаа авч очоод чиргүүлийг янзалсан бөгөөд янзалж байхыг С. харж байсан. Тухайн үед ковид 19 цар тахал гараад хэсэг ажиллаж чадаагүй. Дараа нь сэлбэг авч ирж угсраад чиргүүл болгож байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би энэ хэрэгт хамааралгүй, би компанийн ажилтан бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу л ажлаа хийж байсан ... гэв.
4. Хариуцагч Г.*******, Н. нараас нэхэмжлэгч ******* ХХК-нд холбогдуулан гаргасан ******* ХХК болон С. нартай амаар байгуулсан экскаватор, чиргүүлт тавцанг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 256,000,000 төгрөгөө буцаан гаргуулах, гэрээгээр шилжүүлж авсан экскаватор, чиргүүлт тавцанг анхны байдлаар нь буцаах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
... өнөөдрийн байдлаар С. болон ******* ХХК нь худалдах худалдан авах гэрээний үнийг зохиомлоор 556,000,000 төгрөг болгож худалдах худалдан авах гэрээг хийгээгүй байж өндөр үнийн дүнгээр тохирсон мэтээр цагдаагийн байгууллага болон шүүхийн байгууллагад хандаж өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч нарын зүгээс өөрсдийн шударгаар худалдаж авсан хөдлөх хөрөнгүүдийг өнөөдрийг хүртэл хугацаанд ашиглаж захиран зарцуулж чадахгүй байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Аман байдлаар худалдах худалдан авах гэрээ хийж, тухайн хөрөнгүүдийн үнийг шилжүүлэн худалдан авагчийн зүгээс өөрсдийн мэдэлдээ шилжүүлэн авсан. Харин худалдагч хөдлөх хөрөнгүүдээ шилжүүлэн өгч, худалдах худалдан авах гэрээний үндсэн зарчмыг бүрэн биелүүлсэн атал гэнэт маргаан үүсгэж өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагчийг шударгаар худалдаж авсан хөрөнгүүдээ ашиглах боломжгүй байдалд оруулж байгаа нь худалдах худалдан авах гэрээг цуцалж талуудыг анх ямар хэлбэрээр хөдлөх хөрөнгүүдийг хүлээн авсан тэр байдалдаа эргүүлэн өгөхөөс өөр аргагүй болгож байна. Иймд амаар байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хариуцагч ******* ХХК, түүний захирал хувьцаа эзэмшигч С. нараас нийт 256,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах, нэхэмжлэгч нь анх тухайн хөдлөх эд хөрөнгүүдийг ямар хэлбэр, шинжтэй хүлээн авсан тэр байдалд нь оруулах буцаан худалдагчид олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Чиргүүлийн дугуйнаас эхлэн тавцанг өргөсгөж, Монгол Улсын стандартад нийцүүлсэн. Тухайн үед тавцанг ашиглах боломжгүй, зэвд идэгдсэн байсан ба авч ирээд бүх зүйлийг шинээр хийсэн сэлбэгээ тайлж авна. Хоёрдугаарт экскаватор анх Нутгийн буян ББСБ ХХК-ийн хашаанаас ирэхдээ насосны асуудалтай байсан. Үүнийг механикч *******хүү, Т. нар гэрчийн мэдүүлэгтээ дурдсан. Экскаваторыг анхны байдалд нь буцаан оруулж өгөх ёстой ... гэв.
5. Нэхэмжлэгч ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ... Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Өгсөн, авсан анх ямар байдлаар байсныг буцаан өгөх талаарх үндэслэлгүй сөрөг шаардлага гаргасан ... сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар 250,000,000 төгрөгөөр экскаваторыг аваад 6,000,000 төгрөгөөр чиргүүлт тавцан худалдаж авсан гэж зөрүүтэй тайлбар мэдүүлгийг өгч байна. Хариуцагч тал шүүхийн ажиллагаанд анхнаасаа худал зүйлийг зохиомлоор бий болгож оролцсон нь сөрөг нэхэмжлэлээр тогтоогдож байна. Анх Г.******* сөрөг нэхэмжлэл гаргахад шүүх хүлээн авсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад С.тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж 509,180,480 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураар татгалзсан атал дахин нэг агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан, мөн 74.9-т нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бол шүүхэд дахиж тухайн агуулгаар нэхэмжлэл гаргах эрхгүй байхаар зохицуулагдсан. Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл нь тодорхой бус бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ байгуулагдсанд хариуцагч тал анхнаасаа маргаагүй. Гэрээ байгуулснаас хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсний дараа гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлд тавцант чиргүүл дурдагдаж байгаа бөгөөд үүнийг С. гэрээний зүйл болгоогүй талаар хариуцагч хэлдэг. Худалдаж авсан, бэлэг болгосон гэж зөрүүтэй тайлбар гаргадаг. С. цагдаагийн байгууллагад хандахдаа чиргүүлийг алдчихлаа гэж хандсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хариуцагч нар авч явсан үйл баримт тогтоогддог. Прокурорын байгууллагаас экскаватортой холбоотой иргэний хэрэг маргаан явагдаж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тавцант чиргүүлийн өмчлөгчөөр хариуцагч нарыг тогтоогоогүй. С. худалдаж авсан, энэ чиргүүлийн зах зээлийн үнэ нь 60,000,000 төгрөг байсныг тогтоосон. Хариуцагч нар хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш чиргүүлийг ашиглаж байсан. Энэ талаар хүсэлт гаргаж үзлэг хийлгэх явцад Т. унаж байснаа илэрхийлдэг. Битүүмжлэгдсэн ашиглахгүй байгаа гэдэг нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн гурав дахь шаардлагын хүрээнд дараах байдлаар няцааж байна. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлд зааснаар гомдлын шаардлага гарах хугацаа заагаагүй бол өмчлөх эрхийг шилжүүлж авснаас хойш 6 сарын дотор гомдол гаргах эрхтэй байсан. Энэ эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Нэхэмжлэл гаргасантай холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага анхнаасаа гаргаагүй тул гурав дахь шаардлага үндэслэлгүй. Тавцант чиргүүлд нэмэлт дугуй хийж, засаж сайжруулан, сэлбэг захиалж чиргүүл болгосон гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Хариуцагч нар экскаватор болон чиргүүлийг авсны дараа ямар засвар үйлчилгээ хийгээд, өөрчлөх нь тэдний өөрсдийнх нь асуудал юм. Энэ нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдсаныг зөвшөөрөөд засвар хийж байгаа үйл баримт байна. Энэ нь чиргүүлтэй холбоотой асуудал биш бөгөөд чиргүүлийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж нэхэмжлэгч талаас харж байна. Нэхэмжлэгч тал худалдах худалдан авах гэрээгээр тавцант чиргүүл худалдахаар тохироогүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
6. Гуравдагч этгээд С. бие даасан шаардлагадаа: ... Хариуцагч тал асуудлуудыг зохиож ярьж байна. экскаваторыг ачиж байх үед өөрийн сонссон зүйлээ мэдүүлгээр өгсөн. Хариуцагч нар айлын хашааны гадаа байсан чиргүүлийг авч аваад, дугуй хийгээд чиргүүл болгосон гэдэг. Чиргүүлийг анх худалдаж авахад надад Гаалийн ерөнхий газраас лавлагаа авч өгсөн. Гаалийн бүрдүүлэлт дээр бүтэн чиргүүл гэж бүртгэгдсэнийг чиргүүл биш байсан гэж тайлбарласан ба ашиглах гэж байсан зүйлийг битүүмжилж, ашиглуулсангүй гэдэг. Хүнээс худалдаж авсан зүйлийнхээ үнийг төлөөгүй бол ашиглах эрхгүй. 250,000,000 төгрөгөөр зарах байсан бол хариуцагч нартай орооцолдох шаардлагагүй байсан. Өөрт ашигтай бодит зүйлийн төлөө зах зээлийн ханшнаас доогуур өгөхөөр болсон. Хариуцагч нар экскаваторыг гаалиар оруулж ирдэг, чиргүүлийг олон удаа ашиглаж, ашиг олсон. Миний хувьд хулгайд алдсан зүйлээ олох зорилгоор цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд 6 сарын дараа миний алдсан чиргүүл Өнө орших мандах ХХК-ийн хашаанд байгааг цагдаагийн байгууллага олж тогтоосон. 4 жилийн хугацаанд ашиг олсон хүн нь хариуцагч ... 4 жил ашиглачхаад буцааж өгнө гэж байгаа нь үндэслэлгүй ... Миний бие арлын дугаартай, 1970 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн тавцант чиргүүлийг өмчилж, эзэмшдэг байсан. Гэвч 2020 оны 10 дугаар сард хариуцагч Н., Г.******* нар нь манай эмээгийн хашаанаас миний чиргүүлт тавцанг хулгай хийж авч явсан. Энэ байдлаа миний хариуцан үйл ажиллагааг нь явуулдаг ******* ХХК-аас худалдаж авсан УБ улсын дугаартай экскаваторыг үнэгүй дагалдаж ирсэн хэмээн худал тайлбар хэлдэг. Миний бие уг чиргүүлт тавцанг хариуцагч нарт худалдаагүй, ямар нэгэн эд хөрөнгөд дагуулж шилжүүлээгүй тул хууль бусаар эзэмшиж байгаа хэрэг бөгөөд эзэмшиж ашиглан их хэмжээний үр шимийг нь хүртсээр байна. Иймд хариуцагч нарын хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн чиргүүлт тавцанг албадан гаргуулж өгнө үү. Мөн олох ёстой байсан орлогыг нэр сарын 40,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэхүү үнэлгээ нь тухайн чиргүүлээр тээвэрлэлтийн ажил хийж гүйцэтгэхэд олдог нэг сарын бодит үнэлгээ юм. Иймд хариуцагч Г.*******, Н., Т. нараас чиргүүлт тавцанг гаргуулж, 2020 оны 12 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сарыг хүртэл нийт 45 сарын хугацаанд олох ёстой байсан орлого нийт 1,800,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.
7. Хариуцагч Г.*******, Н., Т. нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: ... Гуравдагч этгээд нь өөрийн өмчлөлийн гэх 1970 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн тавцант чиргүүлж гэж хэлж байгаа нь өөрөө үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу анх хариуцагч нарыг өөрийн өмчлөлийн засварын газар зөөвөрлөж авчрахад чиргүүлийн шинж чанарыг хангаагүй байдалтай байсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдана. Мөн дээрх тавцант чиргүүл байсан эсэх нь өөрөө нотлох баримтаар шууд нотлогдож байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад чиргүүлийн шинж чанарыг хангахгүй тус тавцангаар ямар нэгэн орлого олох үндэслэлгүй, боломжгүй зүйл юм. Мөн хариуцагч нар нь чанарын шаардлага хангаагүй, ашиглах боломжгүй тавцанг харин чиргүүл болгож засаж сэлбэсний дараа гуравдагч, нэхэмжлэгчийн яриад байгаа чиргүүл болсон юм. Иймд гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
8. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С.ийн Хаан банк дахь депозит дансны хуулга, Автотээврийн үндэсний төвийн 2021.02.02-ны өдрийн №1 тоот лавлагаа, ******* ХХК-ийн Автотээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаа, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №2020050006 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн №Ф20/20 дугаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуцийн гэрээ/, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хөтөлтномгон ББСБ ХХК-нд гаргасан баталгаа, Санхүүгийн түрээсийн зээлийн тооцоо харилцагчийн дансны хуулга, 2018.08.02-ны өдрийн №ЭТГ/18-08 Экскаватор түрээслэх гэрээ, 2020.01.05-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг.
9. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт: экскаватор, тавцант чиргүүлийн гэрэл зураг, Өнө орших маргад ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Өнө орших маргад ХХК-ийн иргэн эд төлсөн HYUNDAI 800LC-7 экскаваторын тооцоо, Хөтөлт номгон ББСБ-д төлсөн HYUNDAI 800LC-7 экскаваторын тооцоо бичгийн баримт, Хаан банкны гүйлгээний баримт, Г.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, засвар үйлчилгээний баримт, Өнө орших маргад ХХК-ийн дүрэм, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021.07.28-ны өдрийн №66 дугаар Эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021.08.12-ны өдрийн №399 дугаар Хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021.12.20-ны өдрийн 1818 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2022.02.28-ны өдрийн №299 дүгээр тогтоол Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021.12.20-ны өдрийн №1818 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2022.12.20-ны өдрийн №34 дугаар тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №20/24 дугаар Тоног төхөөрөмж, сэлбэг худалдах, худалдан авах гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Өнө орших маргад ХХК-ийн 2023 оны гаалиар орж ирсэн техникүүдийн бүртгэл, мөн оны санхүүгийн тайлангийн танилцуулга.
10. Гуравдагч этгээдээс гаргасан нотлох баримт: Тоног төхөөрөмж, сэлбэг худалдах, худалдан авах гэрээ 2020.10.01-ний №20/24 дугаар.
11. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021.07.22-ны өдрийн 1/3027 тоот албан бичиг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 210800108 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нээх мөрдөгчийн тогтоол, сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2022.04.20-ны өдрийн №04/255 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, мөн өдрийн шинжээчийн дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022.06.16-ны өдрийн №1/2904 тоот албан бичиг, 2021.01.11-ний өдрийн хэрэг бүртгэлтийн 210800108 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022.06.23-ны өдрийн Автотээврийн үндэсний төвийн №405 дугаар лавлагаа, гэрч Ч., Д., Н., Э.*******хүү, Ч. нарын мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.09.14-ний өдрийн 10/7687 тоот албан бичиг, Д.ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023.03.27-ны өдрийн №154 дугаар дүгнэлт, шинжээч Арвижих эстимейт үнэлгээ ХХК-ийн 2024.03.20-ны өдрийн №1/059 дүгнэлт, 2010 онд үйлдвэрлэгдсэн Hyundai R800LC-7 маркийн экскаватор, арлын дугаартай, 1970 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн тавцант чиргүүлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч мэдүүлэг, 2024.09.09-ний өдрийн сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-аас хариуцагч Г.*******, Н. нарт холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Т.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
2. Хариуцагч Г.*******, Н. нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний төлбөрт төлсөн 256,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээгээр шилжүүлж авсан экскаватор, чиргүүлт тавцанг анхны байдлаар нь буцаах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бол гуравдагч этгээд С. тавцант чиргүүлийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 1,800,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг хариуцагч нарт холбогдуулж гаргажээ.
3. Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг, гуравдагч этгээдийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч ******* ХХК-ийн Авто тээврийн үндэсний төвд явуулсан 2020.10.01-ний өдрийн №А-27 тоот албан бичиг, Г.*******гээс Хөтөл номгон ББСБ-д мөнгө шилжүүлсэн талаар Хаан банкны гүйлгээний баримт, Хаан банк дахь С.ийн тоот, Г.*******гийн тоот дансны хуулга, Нийслэлийн Прокурорын газрын 2022.02.28-ны өдрийн №299 дүгээр тогтоол Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021.12.20-ны өдрийн №1818 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, эрүүгийн хэрэгт С.ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Э.*******хүү, Д., Ч. нар мэдүүлэг, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Г.*******, Н. нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр аман хэлбэрээр хэлцэл хийгдэж, уг хэлцлээр нэхэмжлэгчээс Hyundai R800LC-7A маркийн, арлын дугаар, УБ улсын дугаартай экскаваторыг хариуцагч нарт шилжүүлэх, хариуцагч нар нь нэхэмжлэгчид экскаваторын үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ. Ийнхүү хөдлөх хөрөнгийг хариу төлбөртэйгөөр нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эд хөрөнгийг хүлээн авсан тал хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд аман хэлбэрээр гэрээ байгуулагдсан гэж үзэх ба худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
6. Зохигчдын хувьд гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Мөн гэрээний дагуу нэхэмжлэгч нь Hyundai R800LC-7A маркийн, арлын дугаар, УБ улсын дугаартай экскаваторыг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нараас Хөтөл номгон ББСБ-д 161,479,453 төгрөг, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.ийн дансанд 94,521,000 төгрөг нийт 256,000,000 төгрөгийг гэрээний төлбөрт тооцож төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд хэн аль нь маргаагүй.
7. Харин худалдах худалдан авах гэрээний зүйл болох экскаваторын үнийн талаар харилцан өөр тайлбар гаргаж маргасан. Тодруулбал нэхэмжлэгч нь экскаваторын үнийг 556,000,000 төгрөгөөр худалдсан гэх үндэслэлээр гэрээний үлдэгдэл төлбөр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч экскаваторын үнийг 256,000,000 төгрөгөөр тохиролцсон, үнийг бүрэн төлсөн гэх тайлбар гаргаж маргасан байна.
8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
9. Худалдах худалдан авах гэрээ нь хариу төлбөртэй хэлцлийн төрөл болохын хувьд талууд хоорондын гэрээндээ гэрээний зүйлийн үнийг тодорхойлж, хэлэлцэн тохирсон байх шаардлагатай бөгөөд ийнхүү хэлэлцэн тохирсон үнийг эд хөрөнгийг шилжүүлж байгаа талдаа төлөх үүргийг худалдан авагч тал хүлээдэг.
10. Талууд худалдах худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулж, гэрээнд үнийг шууд тусгаагүйтэй холбоотойгоор экскаваторын үнийг харилцан өөр өөрөөр тодорхойлж, маргаж байгаа боловч тэднийг гэрээний гол нөхцөлийн талаар буюу гэрээний зүйлийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхгүй тул үнэ тодорхойлох арга хэрэгсэл, талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтыг үндэслэн үнийг тогтоох нь Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасныг зөрчихгүй.
11. Худалдах худалдан авах гэрээ байгуулах цаг хугацаанд гэрээний зүйл болох экскаваторын зах зээлийн бодит үнэ цэнийг тодорхойлох зорилгоор хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу эрх бүхий этгээдийг шинжээчээр томилоход экскаваторын үнэ цэнийг шинжээч Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №ТХҮ-122/000941 дугаар дүгнэлтэд 608,988,695 төгрөг, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №154 дугаар дүгнэлтэд 344,171,800 төгрөг, шинжээч Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №1/059 дугаар дүгнэлтэд 504,776,000 төгрөг гэж тус тус тодорхойлсон байна.
12. Шинжээч Ашид билгүүн ХХК, Арвижих эстимэйт үнэлгээ ХХК нар нь дүгнэлт гаргахдаа нэхэмжлэлийн зүйлтэй ойролцоо марк, загварын экскаваторын зах зээлд зарагдаж байгаа үнэтэй харьцуулах байдлаар үнэ цэнийг тодорхойлсон боловч гэрээний зүйл болох экскаваторын бодит шинж чанар, онцлог байдал зэргийг харгалзан, зах зээлийн үнэ цэнийг тодорхойлоогүй нь учир дутагдалтай болжээ. Харин шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь дүгнэлтээ гаргахдаа тухайн экскаваторт бодит үзлэг шинжилгээ хийж, худалдан авагчаас хийсэн засвар үйлчилгээ, засан сайжруулалтын зардлыг тооцсоны үндсэн дээр зах зээлийн хандлагын аргыг ашигласан нь маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой болжээ.
13. Түүнчлэн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банк дахь С.ийн тоот, Г.*******гийн тоот дансны хуулга, Хаан банкны гүйлгээний баримтаар хариуцагч нар нь худалдах худалдан авах гэрээний төлбөрт нийт 256,000,000 төгрөг шилжүүлсэн, Авто тээврийн үндэсний төвд ******* ХХК-ийн явуулсан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №А-27 тоот албан бичиг болон худалдах худалдан авах гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуцийн гэрээ/-ний дагуу маргааны зүйл болох экскаваторыг бусдад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн байсан ба тус гэрээндээ экскаваторын тохиролцсон үнийг 250,000,000 төгрөг гэж тодорхойлсон байдал, эрүүгийн хэрэгт Н.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1818 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, гэрч Ч.гийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий талаас нь үнэлээд нэхэмжлэлийн зүйл болох Hyundai R800LC-7A маркийн, арлын дугаар, УБ улсын дугаартай экскаваторын үнийг 344,171,800 төгрөгөөр тохиролцож, худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.
14. Хариуцагч Г.*******, Н. нараас анх худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хохирол 519,181,480 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 256,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээгээр шилжүүлж авсан экскаватор, чиргүүлт тавцанг анхны байдлаар нь буцаан өгөх тухай шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч буюу худалдан авагч тал шүүхэд нэхэмжлэл гаргаснаас гэрээгээр шилжүүлж авсан экскаватор, чиргүүлт тавцанг ашиглаж, захиран зарцуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласнаас үзэхэд хариуцагч нар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах шаардлага гаргажээ.
15. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэжээ.
16. Гэтэл зохигчид худалдах худалдан авах гэрээний зүйлийн доголдлын талаар болон худалдагч талаас гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн асуудлаар маргаагүй. Өөрөөр хэлбэл худалдагч буюу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн асуудлаар маргаагүй, харин гэрээний үнэ, үнэ тодорхойлох аргын талаар маргаж, нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрөө шаардаж нэхэмжлэл гаргасан байна.
Нөгөө талаар хүчин төгөлдөр гэрээний дагуу талуудын хэн аль нь хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлсэн байх тул хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд заасан үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхгүй, түүний нэхэмжлэлийн дагуу гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцаах боломжгүй юм.
17. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.*******, Н. нараас худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 88,171,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 211,829,000 төгрөг болон хариуцагч Г.*******, Н. нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
18. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Н.ийг татан оролцуулсан боловч түүнд холбогдох шаардлага байхгүй, холбогдох нэхэмжлэлээсээ татгалзана гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-ийн захирал С. гуравдагч этгээдээр оролцсон.
Тэрээр хариуцагч Г.*******, Н., Т. нараас чиргүүлт тавцанг гаргуулж, 2020 оны 12 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сарыг хүртэл нийт 45 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 1,800,000,000 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэлээ хариуцагч нар чиргүүлт тавцанг зөвшөөрөлгүйгээр авч явж, орлого олсон гэжээ.
20. Хариуцагч Г.*******, Н. нараас экскаваторыг худалдаж авах үед чиргүүлт тавцанг хариуцагчид бэлэг болгож өгсөн гэх тайлбар гаргасан боловч энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.
21. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1818 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №66 дугаар Эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, эрүүгийн хэрэгт С.ийн хохирогчоор өгсөн ... би том тэрэгний трейллэр чиргүүлтэй юм, 2016 онд хүнээс худалдаж авч байсан ... 2020 оны 12 дугаар сарын 22-ны орой 17 цагийн орчим эмээлтэд байх хашаандаа иртэл миний чиргүүл байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ... , Н.ийн гэрчээр өгсөн ... надад чиргүүлийн шал байгаа, тэрэнтэй хамт өгнө, засаад авчихаа гэсэн ... зааж өгсөн хашааны гаднаас ачиж авсан ... , гэрч Э.*******хүүгийн ... экскаватор зөөдөг чиргүүлийн шал авсан ... захирал хэлэхдээ бэлгэнд авч байгаа гэж хэлсэн ... гэх мэдүүлэг болон гуравдагч этгээдийн ... хариуцагч нар айлын хашааны гадаа байсан чиргүүлийг авч аваад, дугуй хийгээд чиргүүл болгосон гэдэг ... миний хувьд хулгайд алдсан зүйлээ олох зорилгоор цагдаагийн байгууллагад хандсан, ингээд 6 сарын дараа миний алдсан чиргүүл Өнө орших мандах ХХК-ийн хашаанд байгааг цагдаагийн байгууллага олж тогтоосон ... гэх тайлбар зэргээс үзэхэд арлын дугаартай, шар өнгийн чиргүүлт тавцан гуравдагч этгээд С.ийн эзэмшлээс хариуцагч Г.*******, Н. нарын эзэмшилд шилжсэн үйл баримт нь тэдний хооронд байгуулагдсан ямар нэгэн гэрээ, хэлцэлд үндэслэгдсэн гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал тавцант чиргүүлтэй холбоотой талуудын хооронд хийгдсэн хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй, худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан гэх хариуцагч нарын тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд энэ талаар хэлцэл хийгдээгүйд тооцно.
22. Гуравдагч этгээдийн гаргасан олох байсан орлого 1,800,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь тухайн тавцант чиргүүлийг хариуцагч нарт шилжих хугацаанд болон өөрийн эзэмшилд байх хугацаанд гуравдагч этгээд зориулалтын дагуу ашиглаж, ашиг орлого олж байсан нь хэргийн баримтаар нотлогдож тогтоогдсонгүй. Тухайлбал хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, хэргийн оролцогчдын тайлбараар тухайн чиргүүлт тавцан нь хариуцагч нарт шилжих хугацаанд зөвхөн тавцан байдлаар, дугуйгүй байсан ба хариуцагч нар шилжүүлэн авч, засан сайжруулалт хийсний үндсэн дээр зориулалтын дагуу ашиглах боломжтой болгосон байна. Тиймээс хариуцагч нар тавцант чиргүүлийг засан сайжруулсны үндсэн дээр ашиглаж байсан нь гуравдагч этгээдийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.
23. Хариуцагч Н.ийн хувьд тавцан чиргүүлийг шилжүүлж аваагүй, хариуцагч Г.*******, Н. нарын өгсөн чиг үүргийн дагуу ачих, зөөх үйлдлийг хэрэгжүүлсэн этгээд байна.
24. Тиймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй: ... 492.1.1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу гуравдагч этгээдийн шаардлагаас хариуцагч Г.*******, Н. нарын эзэмшлээс тавцант чиргүүлийг гаргуулан авах шаардлагыг хангаж, олох байсан орлого гаргуулах тухай шаардлага болон хариуцагч Н.т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
25. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 1,728,150 төгрөг, хариуцагч Г.*******, Н. нарын төлсөн 4,262,007 төгрөг, гуравдагч этгээд 9,228,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******, Н. нараас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж нийт 669,009 төгрөг гаргуулж, үүнээс 598,009 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-нд, 70,200 төгрөгийг гуравдагч этгээд С.эд олгож шийдвэрлэв.
26. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд хувь тэнцүүлэн шүүхийн зардал буюу шинжээч ажлын хөлсөнд нэхэмжлэгч ******* ХХК-аас 211,830 төгрөг, хариуцагч Г.*******, Н. нараас 88,170 төгрөг тус тус гаргуулж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005014 тоот дансанд, хариуцагч Г.*******, Н. нараас 881,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд тус тус олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******, Н. нараас 88,171,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 211,829,000 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч Г.*******, Н. нарын 256,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээгээр шилжүүлж авсан экскаватор, чиргүүлт тавцанг анхны байдлаар нь буцаах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******, Н. нараас арлын дугаартай, шар өнгийн чиргүүлт тавцанг гаргуулж гуравдагч этгээд С.эд олгож, гуравдагч этгээдийн шаардлагаас 1,800,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 1,728,150 төгрөг, хариуцагч Г.*******, Н. нарын төлсөн 4,262,007 төгрөг, гуравдагч этгээд 9,228,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******, Н. нараас нийт 669,009 төгрөг гаргуулж, үүнээс 598,009 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-нд, 70,200 төгрөгийг гуравдагч этгээд С.эд тус тус олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхийн зардал буюу шинжээч ажлын хөлсөнд нэхэмжлэгч ******* ХХК-аас 211,830 төгрөг, хариуцагч Г.*******, Н. нараас 88,170 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005014 тоот дансанд, хариуцагч Г.*******, Н. нараас 881,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд тус тус олгосугай.
6. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН