| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2205008231328 |
| Дугаар | 2022/ДШМ/1153 |
| Огноо | 2022-12-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Сэргэлэнбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/1153
2022 12 06 2022/ДШМ/1153
Г.О-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Сэргэлэнбаатар,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 727 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2205008231328 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Г-ийн О-, Хэнтий аймагт 1998 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбооны зөвлөх мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хэнтий аймаг, 0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:000000000 /
Г.О- нь “-” ХХК-ийн нягтлан бодогч С.Э-ын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр данс андуурч шилжүүлсэн борлуулагч Ш.О-ын 01 дүгээр сарын эхний цалин болох 400,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр данс андуурч шилжүүлсэн борлуулагч Ш.О-ын 01 дүгээр сарын сүүлийн цалин болох 1,035,572.18 төгрөг, нийт 1,435,572.18 төгрөгийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г.О-ыг алдаатай гүйлгээг завших гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Хаан банк дахь Г.О-ын эзэмшлийн 0 тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласан прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.О- давж заалдах гомдолдоо: “Би орон нутагт 80 гарсан настай эмээ, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг тул 240 цаг нийтэд тустай ажил хийх ялыг эсэргүүцэж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.
Прокурор Ц.Сэргэлэнбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.О- нь алдаатай гүйлгээ завших гэмт хэрэгт үйлдсэн. Тэрээр байнгын тогтвортой орлого олдог, ажил эрхэлдэг гэх баримт хэрэгт авагдаагүй. Андуурсан гүйлгээний мөнгийг эхнэрт нь тохиолдсон зайлшгүй хэрэгцээний улмаас хэрэглэсэн гэж мэдүүлдэг. Иймд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргээс үзэхэд шүүгдэгч Г.О- нь “Од групп” ХХК-ийн нягтлан бодогч С.Э-ын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр данс андуурч шилжүүлсэн борлуулагч Ш.О-ын 01 дүгээр сарын эхний цалин болох 400,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр данс андуурч шилжүүлсэн борлуулагч Ш.О-ын 01 дүгээр сарын сүүлийн цалин болох 1,035,572.18 төгрөг, нийт 1,435,572.18 төгрөгийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан болох нь:
хохирогч С.Э-ын “... 2022 оны 01 сарын 21-ний өдөр манай байгууллага 1 дүгээр сарын эхний цалингаа олгосон бөгөөд хивэг савлагч Г.О-ын 0 данс руу борлуулагч Ш.О-ын цалин 400,000 төгрөгийг андуурч шилжүүлсэн. Тухайн үед борлуулагч Ш.О- хөдөө ажлаар явж байгаад буцаж ирээд цалин ороогүйг мэдсэн. Банкны гүйгээг шүүж үзээд Г.О-ын данс руу андуурч шилжүүлсэн байсан. Дараа нь 01 дүгээр сарын сүүлийн цалин олгохдоо Г.О-ын данс руу бас 1,035,572.18 төгрөгийг шилжүүлсэн байсан. Г.О-тай холбогдох гэсэн боловч бүртгэлтэй утас нь холбогдохгүй, гэрийн хаяг нь буруу байсан...” /хх 12-13/,
гэрч Ш.О-ын “... 2022 оны 01 дүгээр сард миний эхний цалин ороогүй байсан тул нягтлан Энхлхамаас асуухад “Банк солигдсоноос болоод өмнө нь ажиллаж байсан Г.О-ын данс руу андуурч хийсэн байна” гээд касснаас бэлнээр 400,000 төгрөг гаргаж өгсөн. 02 дугаар сарын 10-ны үеэр 01 дүгээр сарын сүүлийн цалин буухад миний дансанд цалин ороогүй. Тухайн үед цалингаа асуухад дахиад л Г.О-ын данс руу андуурагдаж хийгдсэн байна гэсэн хариу өгсөн...” /хх 18-19/ гэсэн мэдүүлгүүд,
Г.О-ын ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тухай “-” ХХК-ийн захирлын тушаалууд /хх 38, 39/, Г.О-ын Хаан банкны 0 дугаартай дансны хуулга /хх 41/, “-” ХХК-аас гаргасан Г.О-, Ш.О- нарын цалингийн задаргааны хүснэгт /хх 42-45/, “-” ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх 45/, шүүгдэгч Г.О-ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах замаар шалгаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Г.О-ыг алдаатай гүйлгээг бусдын өмч гэдгийг мэдсээр байж ашиглан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр болжээ.
Шүүгдэгч Г.О- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасан нөхцөл шүүгдэгч Г.О-т тогтоогдоогүйн гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийг байнга оршин суугаа хаягийн дагуу гүйцэтгэж, тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина” гэж заасан байх тул шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурьдсан “... орон нутагт 80 гаруй насны эмээ, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг ...” гэсэн шалтгаан нь ялыг өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.
Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.О-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзсэн тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 727 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН